• Өнөөдөр 2024-04-26

Ц.Номин: Зохиолоо уншихад өөрөө ч итгэмгүй зүйл олон байсан

2019-11-12,   1155

“Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны Солонгын дүрээр үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд байгаа  залуу жүжигчин Ц.Номинтой ярилцлаа.

 -Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цэцэгдэлгэрийн Номин гэдэг. Улаанбаатарт төрж, өссөн. Зарим цахим сайтаар Дорнод аймгаас ирж кинонд тоглосон гэх ташаа мэдээлэл гарчээ. Миний хувьд 2019 оны хавар Соёл, урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Оюутан байх хугацаандаа кино, жүжгийн хэд хэдэн бүтээлд оролцож байлаа. Сургуулиа төгсөх жилээ “37-р Точка” олон ангит кинонд тоглож дүр амилуулсан нь том аз байлаа. 
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Хэн нэгэн нөлөөлөв үү?
-Миний ээж хүүхэд байхдаа “Хөгжим бүжгийн коллеж”-д шалгуулаад тэнцсэн ч суралцаж чадаагүй юм билээ. “Эрдэм номын мөр хөөсөн нь дээр” гээд урлагийн хүн болох хүслийг нь гэрийнхэн нь дэмжээгүй гэсэн. Миний хувьд багадаа нэвтрүүлэгч, хөтлөгч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Арван жилээ төгсөөд жүжигчин болох хүсэлтэйгээ ээждээ хэлтэл тун ч дуртай хүлээж авсан. Ээж минь урлагт дуртай. Тиймээс охиноо өдий хүртэл нь дэмжсэн. 
-“37-р Точка” киноноос өмнө ямар дүр бүтээж байв. Солонго таны хувьд анхны гол дүр үү?
-Хоёр дахь нь. Өмнө нь “Хайрын клуб” кинонд гол дүр бүтээсэн. Туслах дүрүүд ч нэлээд бий. Тухайлбал, “Хүний цаана”, “Манан зүсэгч”, “One night”, “Hight school” гэх мэт долоон ч кинонд оюутан байх хугацаандаа туслах дүр бүтээжээ. 

-“37-р Точка”-д тоглох санал авсан уу. Эсвэл дүрийн шалгаруулалтад орж байв уу?
-Дүрийн шалгаруулалт эхэлчихсэн байх үед нь заавал очиж шалгуулна гэж бодож байтал яг тэр өдөр нь охины минь төрсөн өдрийн баяр давхацчихсан учраас шалгуулж чадаагүй. Хугацаа нь дууссан. Тэгтэл нэг өдөр “Фантастикаас холбогдож байна. Ирээд дүрийн шалгаруулалтад ороод үз. Бид шинэ, залуу жүжигчдээ дэмжих  хүсэлтэй байна” гэж хэлсэн. Бөөн баяр, ирээд шалгуулаад тэнцсэн. Эхэндээ тэнцсэндээ итгэхгүй, Солонгын дүрд тоглохоор боллоо гээд бөөн баяр болж хэсэг явсан. Гэхдээ ямар том хариуцлага үүрч байгаагаа удалгүй мэдэрсэн. Хэд хэдэн удаагийн зураг авалтын дараагаас “Надаас болж хүмүүс ажлаа алдах ёсгүй, бүх чадлаараа хичээж дүрээ бүтээнэ” гэж өөртөө зорилго тавьсан.
-Зураг авалт яг хаана болсон бэ?
-Объектуудаа найруулагч болон кино багийнхан маш их судалж, хайсан. Батсүмбэр, Сэлэнгэ, Зүүнхараад зураг авалтаа хийсэн.
-Зохиолоо уншаад Солонгын дүрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүний санаанд багтамгүй зүйл их байсан. Анх зохиолоо уншиж байхдаа л “Хүүе, би ингэх юм уу. Ийм юм хийж болох юм байх даа” гэж гайхдаг байсан. Тэгэхдээ зохиолын дүр ямар байхаас үл шалтгаалж жүжигчин тухайн дүрээ гаргах ёстой. Солонго бол гэр бүлийн халуун, дулаан, гэгээн байдлыг бүтэн авч үлдэх  оролдлогыг үргэлж хийдэг цагаахан, эрх охин. Үнэхээр дүрээ хайрлахгүй байхын аргагүй л дээ. Бусад дүрээс илүү сэтгэл хөдлөл өндөртэй санагдсан. 
-Солонгыг дэлгэцнээ хэрхэн амилуулснаа анхны гол дүртэйгээ харьцуулж үзэв үү?
-Энэ удаад надад чадахгүй зүйл их байсан. Мөн төгсөх курс учраас дүр дээрээ хэрхэн, яаж ажиллахаа сайн мэдэхгүй байв. Солонгын хувьд их эмзэг, энхрий учраас киноны туршид нэлээд уйлдаг. Гэтэл Номин гэж хувь хүн баргийн зүйлд уйлдаггүй, хатуу. Тиймээс ойр ойрхон уйлах хэцүү байсан. Кино багийнхан, ах, эгч нараараа заалгаж, тэднээсээ суралцаж байж дүрийнхээ ард гарсан. Киноны хамгийн сүүлийн хэсгийн зураг авалтаа дуусчихаад “Бид нар ард нь гарч чадлаа” гээд суух үнэхээр сайхан байдаг юм билээ. 
-“37-р Точка”-д таны бүтээсэн  Солонго Номинтой зан чанарын хувьд төстэй юү. Эсвэл тэс өөр хүн байв уу?
-Солонго бол надаас өөр. Олон ахтай, айлын эрх хүүхэд. Ихэвчлэн уйлж туньдаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй охин. Амьдрал дээрх Номин бол тэсвэр хатуужилтай, эршүүд, аливаад ул суурьтай ханддаг. Тийм ч болохоор дүрээ бүтээх гэж их загнуулсан. Гэхдээ жүжигчин хүнд ямар ч дүр оногдож болно. Түүнийг л бүтээх хэрэгтэйг ойлгосон.  
-Зургадугаар анги гарснаас хойш үзэгчид Солонгыг дүрийнх нь хувьд их шүүмжилсэн. Тэгэхээр таны бүтээсэн дүр үзэгчдэд хэрхэн хүрснийг харж болохоор санагдсан. Анх шүүмжийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хувьд дүрийнхээ онцлог чанарыг бага зэрэг хэтрүүлсэн эсвэл дутуудуулсан зүйл байсан байх. Киногоо үзээд “Үүн дээр би  ингэхгүй яав аа” гэж харамсах үзэгдэл ч байсан. Гэлээ гээд буцааж болохгүй. Кино гарснаас хойш үзэгчид миний бүтээсэн дүр дээр сайшаалтай шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ сайнаасаа мууг нь их бодогддог юм билээ. Анх цахим хуудсууд дээрээс хүмүүсийн сэтгэгдлийг уншчихаад сэтгэлээр унадаг байлсан. Одоо ч бодохоор нулимс цийлгэнэдэг. Миний хувьд олонд танигдаж байгаа анхны гол дүр учраас эмзэг хүлээж авсан байх.  

-Зураг авалтын үед киноны аль хэсэг хэцүү байв?
-Залуу жүжигчний хувьд бүх зүйл хэцүү. Тийм амар байгаагүй. Тухайлбал, Баяраа ахтай үнсэлцдэг хэсэгт их ичиж, сандарсан.

-Цаашид “Фантастик” продакшнтай хамтарч ажиллах уу? 
-Тийм ээ, бид хамтарч ажиллах таван жилийн гэрээ байгуулсан. “Фантастик”-ын ах нартайгаа хамт ажиллаж байгаадаа бахархдаг. Ах нар их зарчимч. Бие биедээ хатуу шаардлага тавьж чаддаг. Ширүүн үедээ маш ширүүн. Киноны явцад “Чи болж байна” гэж хэн нь ч нэг удаа хэлээгүй. Гэтэл хамгийн сүүлийн зураг авалт дуусаад бүгд баяраа тэмдэглээд сууж байтал найруулагч Б.Тамир ах “Миний дүү мундаг байна” гэж хэлэхэд нь маш их баярласан. Энэ ташрамд, хоёр багшдаа, мөн Баттүшиг ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. “Фантастик”-т орж ирээд хүндлэл, хариуцлага гэж юу байдаг. Цаг барих, хүнтэй хэрхэн харилцах ёстойг сурсан. Ийм мундаг багт орсондоо баяртай байдаг.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?
-Залуу хүний хувьд төлөвлөсөн зүйл бий. Өөрийгөө хөгжүүлж суралцана. 
-Жүжигчин хүнд ийм дүрд тоглохсон гэсэн нууцхан хүсэл байдаг шүү дээ. Таны хувьд бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Эсрэг дүр л бүтээмээр байна.
-Кино зураг авалтын үеэр тохиолдож байсан хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?
-Миний зураг авалтын нэг хэсгийг нисэх дээр хийсэн. Олон зурагтай байсан учраас зураг авалтын баг намайг анзаараагүй юм билээ. Орой нь очоод хартал би текстээ мартсан байсан. Ганчулуун ах над руу залгаад “Чи текстээ дутуу хэлсэн байна. Яаж байгаа юм. Дахиж зураг авна” гэж хэлээд утсаа тасалсан. Би маш их гэмшээд “Надаас болоод нэг ажлаа дахин  хийх боллоо. Намайг үнэхээр уучлаарай. Дахиж ийм алдаа гаргахгүй” гээд урт үгтэй зурвас бичээд Б.Тамир ах руу явуулж багийнхнаа барьж өгч байлаа. Учир нь Б.Тамир найруулагч яг тэр үеэр гадагшаа ажлаар явчихсан байсан. Тийм болохоор  ах нар найруулагчид хэлэлгүй  нуусан  юм билээ. Түүнийг нь би мэдэхгүй өөрөө зурвас илгээж баригдаж байлаа.


Ц.Номин: Зохиолоо уншихад өөрөө ч итгэмгүй зүйл олон байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188