• Өнөөдөр 2024-03-29

ХУЛГАЙД АЛДАГДСАН БУРХДЫН ТУХАЙ

2020-11-28,   3112

Түүх, соёлын хосгүй үнэт өв, дэлхийд нарийн хийц ураараа гайхагдсан бурхан шүтээнийг зохион байгуулалттайгаар хулгайлах, түүнийгээ хил давуулан өндөр үнээр худалддаг гэмт хэрэг сүүлийн 30 гаруй жилийн турш ар араасаа цувран гарсан. Хулгайд алдагдаж хууль бусаар Монголоос гарсан бурхад өдгөө дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлттэй байна. Бурхан цуглуулдаг хүмүүс “Монголын гайхамшигт дархчуудын ур ухаанаа шингээж хийсэн бурхан хэзээ дуудлага худалдаагаар зарагдах бол. Хэдэн сая ам.доллар байсан ч үнэ цохиод авчих юмсан” гэж шунаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийн хамгийн хурдан аргаар их хэмжээний ашиг олох боломж нь Монгол Улсын музей, сүм хийд, цөөн хэдэн хүнд хадгалагдаж байгаа бурхад юм.

Б.ЭНХБАТЫН МУЗЕЙГЭЭС ХУЛГАЙЛСАН МЯНГА ГАРУЙ ҮЗМЭРИЙН НЭГ НЬ Ч ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ

Манай хууль хяналтын байгууллага, Мэргэжлийн хяналт, соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хариуцаж байгаа мэргэжилтнүүдийн ажилдаа хайнга ханддаг, музей, сүм хийдүүдийн харуул хамгаалалт сул, хэн дуртай нь ороод л бурхан хулгайлчих боломжтой байдаг нь хэнд ч нууц биш. Үүнийг бурхан хулгайлагчид олон жилийн турш ашиглаж байна. Үүнээс болж хэдэн мянган бурхан хулгайлагдан хилээр гарч байгаа. Ингээд сүүлийн жилүүдэд бурхан хулгайлсан ноцтой хэргүүдийн талаар уншигч та бүхэнд хүргэж байна. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Банзрагчийн Энхбат гэгч хэдэн жилийн турш хосгүй үнэт үзмэрүүдийг хулгайлсан хэрэг Монгол төдийгүй дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан.

Тэрээр 2007 оноос хойш 448 төрлийн 1070 гаруй үнэт эдлэлийг хулгайлсан байдаг. Зуны улиралд музейн ажилтнууд ихэвчлэн хөдөө голцуу явдаг байсан гэдэг. Энэ үеэр сан хөмрөгийнхөө бүх түлхүүрийг эзэмшин музейгээ харж хандан хоцордог байсан юм билээ. Дөрвөн жилийн турш түүнийг хулгай хийснийг музейн захиргаа, яам тамгын албан тушаалтнуудаас нь хэн ч мэдээгүй байсан гэдэг. Дээрх мянга гаруй үзмэрийн дунд есөн лхам бурхан хилээр гарсан байна. 1998-2003 онд Америк болон Европын холбооны улсууд руу үзэсгэлэнд авч явсан эртний хүрэл бурхан зэрэг арваад бүтээл бас л алга болсон байдаг. Ийнхүү Үндэсний түүхийн музейн хосгүй үнэт үзмэрүүд ар араасаа цувран алга болсон. Цагдаа нар хэргийг илрүүлэн Б.Энхбатад долоон жилийн ял оноож байсан. Түүний хулгайлсан мянга гаруй хосгүй үнэт өв болсон үзмэрүүдийн нэг нь ч музейдээ эргэж ирээгүй юм.

АЛТААР ЦУТГАЖ ХИЙСЭН АЮУШ БУРХНЫГ ГУУЛИН БУРХАН БОЛГОСОН ХЭРЭГ

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуугийн музейн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн хоёр ширхэг Аюуш бурхныг сольсон хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд алтан бурхныг гуулин бурхнаар сольсон байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлсэн аж. Алтаар хийсэн Аюуш бурхан хаашаа алга болсон, хэн хулгайлсан гэдгийг цагдаа нар тогтоож чадаагүй юм. Мөн музейн сан хөмрөгт хяналт шалгалт хийдэг мэргэжилтнүүд “Музей, сүм хийдүүдэд хадгалагдаж байгаа бурхан болон бусад үзмэрт 2010 он хүртэл нарийвчилсан бүртгэл хийгээгүй. Тухайн газар л бүртгэсэн бичиг баримт байсан болохоос нэгтгэсэн зүйл байхгүй байсан. Үүнээс болж маш олон үзмэр ор сураггүй алга болсон байсан. Бурхан тахил хулгайлах, дуурайлгаж хийсэн ноцтой зөрчил их олон гарч байсан. Гэвч дуурайлгаж хийсэн бурхан болгоныг шалгаж, шинжээчээр дүгнэлт гаргуулах боломж байхгүй. Үүнээс болоод Монголын соёлын хосгүй үнэт өв болсон бурхан хэдэн мянгаараа хилийн чанадад гарч, дуудлага худалдаагаар зарагдсан байдаг” гэх мэдээллийг өгч байсан юм. 2006 оноос хойш Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн Баруун хүрээ хийд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Паньдчойнхорлин хийдээс дөрвөн удаагийн үйлдлээр 59 тооны бурхан алдагдсан хэрэг мөн л гарч байсан. Архангай аймгийн иргэн Хурц-Эрдэнэ гэх 30 настай залуу бусадтай бүлэглэж хоёр хийдээс нийтдээ 153 сая төгрөгийн бурхан эд зvйлс хулгайлсныг илрүүлж байсан. Говь-Алтай аймгийн музейд хадгалагдаж байсан хоёр метр өндөр, 200 гаруй кг жинтэй бурхныг хулгайлсан хэрэг 2011 онд гарсан. Гэмт этгээдүүд урьдаас төлөвлөн музейн цахилгааны кабелийг сүхээр цавчиж таслан манаачийг хүлж орхиод бурхныг аваад зугтаасан юм.

ЦАГААНДЭЛГЭР СУМААС АЛДАГДСАН НОГООН ДАРЬ ЭХ БУРХАН

Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байх Баруун Чойрын хийдээс 2011 онд алга болсон. Одоо болтол цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадаагүй байна. Мөн Цагаандэлгэр сумын Баруун Чойрын хийдээс өмнө нь манаач эмэгтэйг дээрэмдэж, арав гаруй бурхан хулгайлсан хэрэг гарсан. Дээрх хэрэг ч мөн илрээгүй байгаа юм. Өндөр гэгээн Занабазарын урласан алтадсан Ногоон дарь эх бурхныг 500 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Өмнө нь гурван ч удаа хулгайд алдагдаж байсан юм. 2006 оны хавар Цагаандэлгэр сумын ИТХ-ын дарга О.Батсүх анх бурхныг хулгайлсан байдаг. Нарийн арга сүвэгчлэн эртнээс төлөвлөсөн юм. ИТХ-ын дарга асан О.Батсүх бурхныг хуурамчаар БНХАУ-д хийлгэсэн байдаг. Нарийн ураар хийлгэхийн тулд 1.3 сая төгрөг төлсөн гэдэг. Хулгайлсан бурхнаа гэртээ хадгалж байгаад баригдсан байдаг. Харин хоёр дахь удаагаа хулгайлсан нутгийн гурван залуу бурхныг Соёлын нэн ховор бүтээл байгаад зогсохгүй 250 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээллийг сонсоод түүнийг хулгайлахаар зориг шулуудсан билээ. Тэд ямар нэг нарийн зохион байгуулалтгүйгээр хийд рүү очсон бөгөөд манаачаас нь гэгээн цагаан өдөр дээрэмдсэн юм. Мөн эрүүгийн ертөнцөд “Хожиндой” нэрээр алдаршсан Б.Батжаргал болон түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нар хулгайлаад баригдсан түүхтэй. Үүний дараа бурхныг хулгайлахыг завдсан “Хожиндой” хочит Батжаргал болоод хамсаатнуудыг сумын төвөөс холгүйхэн машиных нь мотор цохиод зогсож байхад нь баривчилсан гэдэг. Шүүхээс “Хожиндой” хочит Б.Батжаргалд эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар үндэслэн 17 жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин түүний хам хэрэгтэн болох “Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нарт тус тус 16 жилийн хорих ял оноожээ. Тэд Дарьтын хорих ангид хоригдож байгаа юм билээ. Ногоон дарь эх бурхныг хулгайлсан гэмт хэрэгтнүүд хилээр гаргасан гэх мэдээлэл байдаг. Өнгөрсөн жил Парист дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар зарагдсан Занабазарын хийцийн ногоон дарь эхийг 2011 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхан гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ талаар холбогдох газрууд ус балгачихсан мэт чимээгүй байсаар өнгөрөөж байсан билээ.

“ЭРДЭНЭ ЗУУ”, ТОСОНЦЭНГЭЛ СУМААС БУРХАН ХУЛГАЙД АЛДАГДАВ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэнэ зуу” хийдийн музейд хулгай орж соёлын хосгүй үнэт өв болох долоон бурхан алдагдсан хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэх ах, дүү нар үйлдсэн болох нь тогтоогдсон юм. XVIII зууны дунд үеийн долоон бурхан хулгайд алдагдсан юм. Хулгайлагдсан долоон бурхан хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан алдагдсан. Энэ гурван бурхан нь хосгүй үнэт өвд багтдаг. Мөн зэс хөөмөл, алт шармал 850 гр жинтэй Майдар, 2.2 кг зэс хөөмөл Майдар, хоёр кг жинтэй зэс хөөмөл, алтан шармал Майдар, гууль цутгамал, алт шармал, 765 гр жинтэй Манзушир бурхан хулгайлагдсан юм. Дүйнхор бурхан нь 32.6 см урттай, 20.7 см өргөн, 40.5 см өндөртэй. Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат нар хулгайлсан бурхдыг “Урд хөршийн Хөх хотод аваачин өндөр үнээр худалдах гэж байсан” хэмээн мэдүүлсэн билээ. Мөн Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг гарч байсан. 1994 онд төрсөн (22 настай) Б гэгч хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон юм. Доржшүгдэний таван цутгамал бурхан, Гүрэм дормын судар болон Арван хангалын судар тус бүр нэгийг хулгайлсан билээ. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Дамчолин хийдээс нутгийн иргэдийн олон зуун жил шүтэж ирсэн “Хар морьт сахиус” алдагдсан хэрэг гарсан. Энэхүү сахиус 1750-иад онд Төвдөөс залж авчирсан түүхийн үнэт өв аж. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Энэхүү хулгайн гэмт хэргийг Хөвсгөл аймгийн иргэн “А”,“Б” нар үйлдсэнийг тогтоож, алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Түүхийн хосгүй үнэт эдлэл хадгалагдаж байгаа Дамчолин хийд дохиолол хамгаалалтгүй байсны улмаас энэ хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байдаг.

СОЛОНГОСЫН ИРГЭН ЗУРГААН АЙЛААС БУРХАН ХУЛГАЙЛААД БАРИГДАВ

Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт дэвсгэр Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт хулгай орсон хэрэг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Гэмт хэрэгтнүүд Нүхтийн аманд байрлах “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын гэрээс 14 см өндөртэй Занабазарын хийцийн “Жанрайсиг” бурхан, 14 см өндөртэй “Бурхан” багш, очиртой мөнгөн хонх, 15 сая төгрөг бэлнээр, 28 нэр төрлийн алтан эдлэл хулгайлсан бөгөөд нийт хохирлын хэмжээ нэг тэрбум 400 сая төгрөг эд зүйлс хулгайлжээ. Т.Хүрэлжанжин гэгч этгээд БНСУ-ын иргэн Бак Жун Хёонг (Bak Jong Yeo­ng) гэх 46 настай эрэгтэйтэй хамтран хулгай хийснийг нь цагдаагийн байгууллага шалгаж, тогтоосон. Гэмт хэрэгтнүүд зургаан удаагийн үйлдлээр Л.Чинбат, Л.Гүндалай, С.Оргил, Б.Отгонбаярын гэрээс бурхан хулгайлсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, зураач Ц.Саранцацралт, “Алтжин”-ийн эзэн Г.Алтан, “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын нэрс, хаягийг тодорхойлж, хулгай хийхээр төлөвлөж байсан нь тогтоогдоод байгаа юм. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.

НОГООН ДАРЬ ЭХ 4.3 САЯ АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДСАН ТҮҮХ БУЮУ МОНГОЛ БУРХАД ДУУДЛАГАХУДАЛДААГААР ӨНДӨР ҮНЭД ХҮРСЭН НЬ

Энэ мэт бурхан хулгайлсан хэргүүд ар араасаа цувран гараад байна. Манай улсын иргэдийг гар хөлөө болгосон, хил гаалиар хууль бусаар гаргадаг хэдэн улс дамжсан гэмт хэргийн томоохон бүлэглэл бий болоод байгааг эх сурвалж онцолж байлаа. Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурхныг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй юм. Тус компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш “Sotheby’s”-худалдаагаар “Занабазар сургууль” гэсэн тодотголтой 5-6 бурхан зарагджээ. Уржигдар Парис хотноо зарагдсан Ногоон дарь эхийн 30.7 см өндөртэй, хүрэл цутгамлыг “Sotheby’s” компанийнхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу болсон гэж тайлбарлажээ. 2013 оны есдүгээр сард “Sotheby’s”-аар Занабазарын хийцийн Буддагийн алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. БНХАУ-ын нийслэл дэх Бээжингийн олон улсын зочид буудал (Beijing international hotel)-д энэ сарын 12-нд манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох Занабазар бурхныг дуудлагаар худалдлаа. Бид энэ дуудлага худалдаа болохоос өмнө буюу энэ сарын 4-ний дугаартаа “Тус улсын http://english.cguardian.com/ цахим хуудсанд мэдээлснээр энэ дуудлага худалдаанд 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан анхдугаар Богд Занабазар бурхныг оруулан худалдахаар товлосон” гэдгийг мэдээлсэн билээ. Бурхныг худалдахаас найм хоногийн өмнө ийнхүү ард түмэн, төр засаг, БСШУСЯ-ныханд мэдээлэл хүргэсэн ч хятадууд 73 сая 25 мянган юаниар борлууллаа. Америк долларт шилжүүлбэл 11 сая 410 мянга, төгрөгт шилжүүлбэл 26 тэрбум 289 саяар зарагджээ. Ингэж л Монголын дахин давтагдашгүй сор болсон соёлын хосгүй үнэт өв бүтээлүүд дэлхийн зах зээл дээр зарагдаж байна.

ОХУ-ын соёлын нийслэл гэгдэх Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд Монголын соёлын сор болсон хэдэн мянган үзмэр хадгалаастай байгаа. Хэдэн метр өндөр Жанрайсиг бурхан гээд л шашны олон зуун эд зүйл тэр дундаа Монголын агуу бүтээлүүд болох бурхдыг гэрээгээр авч явсан байдаг. 50 жилийн хугацаатайгаар Эрмитажийн музейд үзмэрт байршуулаад эргүүлэн өгнө гэсэн гэрээн дор ачигдсан сод бүтээлүүд дахин ирээгүй байдаг. Музейд байршуулаад эргүүлэн олгох хоёр улсын нууц гэрээг манай улсын нэгэн түүхч саяхан олсон байна лээ.

 

ХУЛГАЙД АЛДАГДСАН БУРХДЫН ТУХАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 08:42:06
    зочин: богд зонхов 5см өндөр 3см өргөнтэй хүзүүнд зүүдэг мөнгөн гуутай алтанбурхан хүрд цөгц гээд үлэмж эд зүйлээ алдсан цагдаа олох сонирхол байдаггүй бараг хулгайчтай холбоотой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-05 08:15:35
    Иргэн: Хуулиа чангалах хэрэгтэй л дээ. Хулгайч хулгай хийсэн ч,гадагшаа гардаг нүх нь хаалттай бол учиртай. Манайх тийм биш,гааль гэдэг юмаар чинь мэдэгдсэн нь энэ байх,мэдэгдээгүй хэдэн арав сараараа гарч байгаа юм чинь. Гаалийнхан бүгд авилгад идэгдсэн...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 09:45:15
    мөн: Новшын оросуудаас үзмэрүүдээ түргэн авах хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188