• Өнөөдөр 2024-04-20

ЦАХИР СУМЫН ХОЁР ЛАМЫН ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

2016-10-04,   1046

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг ямар учраас өнөөг хүртэл насан эцэслэхдээ байсан биеэ алдалгүй байсаар буйг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Мөн бурхан шашны зүтгэлтнүүд ч тайлбарлаж чадаагүй байна. Итгэлт хамбын шарилыг амьсгал хураасны дараа хүйтэн газар байлгаж, бүх биеийг нь давсаар хучиж олон жил болгосон гэдэг.

Харин Чойжин ламын шарилыг улсын сан хөмрөгөөс 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулсан байдаг юм байна. Монголчууд эрт дээр үед ихэс дээдсийн шарилыг тусгайлсан өрөөнд бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохирыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулдаг байсан аж. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж, ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг байна. Ихэвчлэн амьсгал хураасан талийгаачийн гэдэс дотрыг авч цэвэрлэж занданшуулдаг байжээ. Цас, бороо чийг үзүүлэлгүй олон жилийн турш битүү газарт хадгалж хатаадаг байна.

Гэтэл Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарил нь уулын оройд салхи, бороо, цасыг үл ажран зуу гаруй жил болсон ч тэр янзаараа байгаа нь олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Таван цул эрхтэн нь бүтэн. Тархи нь хатаагүй хэвээрээ байсан юм байна. Цахир сумын иргэдийн хэлж буйгаар хоёр ламын занданшуулсан шарилыг хуш модоор авдар зангидан суулгаад гадуур нь мод зангидаж пүнзэрхүү дөрвөлжин байшин хийсэн гэнэ.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар Гэсэр ламын шарил ил гарчихсан үс, сахал нь хийсдэг байсан гэх мэдээлэл байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нутгийн иргэдийн нууцаар шүтдэг хоёр ламын шарилыг хүмүүс устгаж үгүй хийх гэж оролдож байжээ.

Гэвч нутгийнхан занданшуулсан шарилын гадуур углуурга гаргаж хийсэн модон пүнзийг гадуур бүхэлд нь чулуугаар далдалж орхисон байна. Ингээд 1937 оноос хойш өнгөрсөн жил хүртэл нэг ч хүн хоёр ламын занданшуулсан шарилд хүрээгүй юм аж.

“МАНАЙ НУТГИЙН АРД ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ БАЙДАГ ЮМ” ГЭВ

Ингээд өнгөрсөн жилээс хос оршил буюу чулуун бунхан барьжээ. Аграмба Равсалын Санжайжавын шарилыг хулгана мэрэх гэж оролдсон ором байсан гэнэ. Түүнээс өөр ямар ч сэв байхгүй байж. Харин Гэсэр багшийн шарил анх хадгалагдаж байсан хэвээрээ байгаа гэсэн. Энэ талаар болон нутгийн иргэд хэрхэн шүтдэг талаар Цахир сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Өлзийбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба, Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг яагаад Содномдаржаа уулын оройд залсан байдаг юм бэ?

-Хоёр багшийн шарилыг Халх төдийгүй, Түвд жагарын орноо нэр нь алдаршсан их маарамба Лүнирэг Дандар занданшуулсан гэж нутгийнхан ярьдаг. Өвгөн Гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамцын гарын долоон шавийн хоёр нь Аграмба Равсалын Санжайжав, их маарамба Лүнирэг Дандар байсан юм билээ. Их маарамба Лүнирэг Дандар маарамба нь Дорно дахины анагаах ухааныг төгс эзэмшсэн хүн байсан төдийгүй, хоёр ч ном гаргасан байдаг. Түүний бичсэн ном одоо хүртэл уламжлалт анагаах ухааны суурь болон ашиглагдаж байгаа. Яагаад Содномдаржаа ууланд хоёр багшийн шарил байдаг талаар манай нутгийн настай хүмүүс ингэж ярьдаг. Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдахь гурван оньсны дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим өөрийн гарын шавь эрдэм номтой аграмба Санжайжав ламтныг ойролцоо бунхалсан байдаг. Гэсэр лам нутаг ус, ард иргэдээ аюулт өвчин, халдлагаас хамгаалж насан үүрдийн энэ газарт оршин байгаа юм. Чойжамц хамба эрдэм шинжилгээний хурлын үеэр “Энэ агуу их шүтээнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан нь Цахир сумын иргэдийн ач буян” гэж хэлж байсан. Манай нутгийнхан хоёр багшийн шарилыг хүүхдээс чихэр нууж байгаа юм шиг сайн хадгалж хамгаалж байсан байдаг. Хүүхэд байхад биднийг холоос мөргүүлээд л аваад явдаг болохоос ойр аваачиж байгаагүй шүү.

-Таныг 2001 онд Цахир сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Тарвагатайн нуруунд их гал түймэр гараад Содномдаржаа ууланд тулж ирээд унтарсан гэж ярьдаг юм байна лээ?

-Манай нутагт 2001 оны хавар маш өргөн хүрээг хамарсан түймэр Завхан аймгаас орж ирсэн юм. Хөвсгөл аймгийн Жаргалант, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын газар нутгийг хамарсан түймэр гарсан. Олон аймгийн Онцгой байдлын алба хаагчид жирийн иргэдтэй нийлж унтраах гэж оролдсон. Тэгтэл унтрааж чадахгүй байсаар алдчихсан. Ингээд арай гэж Содномдаржаа ууланд хүрч ирсэн. Хоёр багшийн шүтээн шатчихсан юм биш байгаа гэж бодоод ирж байгаа юм. Тэгсэн түймэр хоёр багшийн занданшуулсан шарил байгаа хөшөөнөөс ердөө хоёр метр хүрэхгүй зайд унтарсан байсан. Түймэр унтрах ямар ч боломж байхгүй, салхитай өдөр байсан юм. Мөн тэр хавьд битүү өвс ургачихсан. Тэгтэл яг хоёр багшийн бунхан байгаа газарт ирээд л соруулаад унтарсан байсан. Бид ч яах арга байхгүй эрдэм чадалтай болохоор галыг унтраасан байна даа гэж ярилцаад буцсан. Хэдийгээр шинжлэх ухаан талаас өөрөөр харагдах боловч “Манай нутгийн ард иргэдийн муу болгоныг дарж байдаг юм байна даа” гэж үргэлж бодож, шүтэж явдаг. Тэр түймэр орсон бол модонд гал авалцаад л шүтээн шатах байсан байх.-Цахир сумаас есөн хутагт төрөн гарсан байдаг байх аа?

-Тийм ээ. Манай нутаг есөн хутагтын эх өлгий газар. Хамбын гэгээний гурван ч хойд дүр Цахир сумаас тодорсон байдаг. Ялгасан гэгээний хоёр дүр, Сэнгээ хувилгаан, Өвгөн гэсэр лам, аграмба Равсалын Санжайжав, Лүнирэг Дандар маарамба гэсэн есөн хувилгаан төрсөн байдаг. Мөн ЗХУ-аас Монгол орны ард түмнийг судалж, Монголын оюун ухааны төв нь Цахир сум юм байна гэсэн судалгаа, дүгнэлт хүртэл хийсэн байдаг. Хоёр багшийн занданшуулсан шарил байгаа газрын хажууханд байх Хөх нуурын дээд эхэнд төрсөн хүн болгон сүүлийн жилүүдэд дандаа УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн болж байгаа. Зөвхөн нэг уулын аманд төрсөн хүмүүс л аймгийн удирдах албан тушаал хашиж, төрийн сайд болж байна шүү дээ гэв.

Цахир сумын иргэдийн дунд Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц Аграмба Равсалын Санжайжав нарын эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, хүрд эрих, цөгц зэрэг нь хадгалагдаж байдаг юм билээ. Цахир сумынхан “Хэдхэн жилийн дараа Содномдаржаа уул бурхан шашны эргэл мөргөлийн газар болно. Монголд битгий хэл дэлхийд хоёр багшийнх шиг бүрэн бүтэн биеэрээ байгаа занданшуулсан шарил олдохгүй. Номд бүрэн гэгээрч бурхан болсон хүн л ингэж чулуу шиг занданшиж үлддэг юм гэнэ лээ” гээд л ярьж байна лээ.

Т.ГАЛБААТАР: ХОЁР БАГШИЙГ ЖИЛД НЭГ УДАА ГАДААЛУУЛЖ СҮСЭГТЭН ОЛОНД МӨРГҮҮЛЖ БАЙХААР ЯРИЛЦАЖ БАЙГАА=

Цахир сумын Засаг дарга Т.Галбаатартай Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын шарил байгаа Содномдаржаа ууланд сүсэгтэн олонд зориулж ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаар ярилцлаа.-Хоёр ламын шарил байгаа газарт ямар нэгэн бүтээн байгуулалт бий болгох уу. Сүсэгтэн олон их ирдэг болсон байна лээ?

-Өнгөрсөн жилээс хоёр гэгээнтэн багшийн байгаа газарт очиж мөргөх хүмүүсийн тоо өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдсэн. Одоогоор томоохон ажлууд хийгдээгүй байна. Засгийн газрын хөрөнгөөр бунхан оршил барьсан байгаа. Ямар ч байсан хүн хулгайлж авч явахааргүй болсон. Цахир сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс тусгай хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын ажилтнуудтай болсон. Нийтийн хүртээл болгох, аялал жуучлал хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл бий. Эхний ээлжинд нутгийн зөвлөл, нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, хэрэгжүүлэхээр ярьж байна. Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарахгүй бол сум дангаараа томоохон бүтээн байгуулалт хийж чадахгүй. Ойрын хугацаанд их бүтээн байгуулалтын ажил эхлэх байх. Орон нутгийн захиргаа 51 хувийг эзэмшиж, иргэд 49 хувийг эзэмшдэг хувьцаатай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна манай нутгийн зарим иргэн өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлээд явж байна лээ. Гэхдээ сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс хоёр гэгээнтний энэ үйлсийг аж ахуйн нэгж, компанийн мэдэлд өгөх сонирхолгүй байгаа.

-Хувийн компани өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг гаргаж байж илүү хөгжиж, танай сум аялал жуулчлалын бүс болох юм биш үү?

-Төр засгаас хөрөнгө мөнгө гаргаад бунхан барьчихсан асуудлыг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх нь Цахир сумын мэдлийн асуудал. Мөн Монгол Улсын соёлын биет өв. Үүнийг хамгаалах, хариуцах эзэн нь орон нутгийн захиргаа гэж хуульд заачихсан байдаг. Бид хоёр багшийг жилд нэг удаа гадаалуулж, сүсэгтэн олонд мөргүүлж байхаар ярилцаж байгаа. Хүмүүс Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав гэгээнтнүүдийг ойроос харж, мөргөж залбирах биз” гэв.

Бунхан барьж байгаа нь. 2015 он.

Архангай аймгийн Цахир суманд хийсэн сурвалжлагаа дуусгаад нийслэл хотын зүг хөдөлсөн юм. Жаргаж буй нарны туяанд буйдхан сумын төвийн хэдэн барилга тод харагдах ажээ. Засмал зам тавигдсанаас хойш нутгийн иргэд хашаа, байшингаа өөрчилж эхэлжээ.

Мөн цагаан идээ боловсруулдаг үйлдвэрүүдэд нутгийн малчид сарлагийн сүүгээ худалдаж байх гэрээ байгуулж, ашиг олохоор болсон гэсэн.


ЦАХИР СУМЫН ХОЁР ЛАМЫН ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188