• Өнөөдөр 2024-04-26

Г.Шийлэгдамбатай, “Эрдэнэт”-тэй, төмөр замтай гурван сар

2018-06-18,   578

            Хууль, хяналтынханд зав чөлөө өгдөггүй гэмт хэргүүд ар араасаа гарсаар байгаа. Тэдгээрээс 2018 он гарснаас хойш гарсан олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийг онцлон хүргэе. Үүний хамгийн эхэнд сүүлийн жилүүдэд ялангуяа он гарснаас хойш ард иргэд төдийгүй Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн, томоохон банкуудыг хөдөлгөөнд оруулаад буй “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэрэг нэрлэгдэх учиртай.

“Эрдэнэт” үйлдвэрийн ээдрээ

“Эрдэнэт” үйлдвэрийг хэсэг бүлэг хүн тухайн үеийн Засгийн газартайгаа нийлээд гаднын банкинд барьцаалсан эсвэл хэдхэн хүн хуурамч бичиг баримт үйлдээд хэнд ч мэдэгдэхгүйгээр Монголын саалийн үнээг харийн банкинд барьцаалан их хэмжээний валют зээлсэн гэх хэрэг сүүлийн үед хэвлэлийнхний гол сэдэв болж байна. Гэхдээ хууль хяналтынхан хэн гэгч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих шийдвэрийг гаргалцсаныг хараахан тогтоож чадаагүй байна. Зээл хүссэн болоод баталгаа гаргасан гэрээ, бичиг баримтад гарын үсэг зурсан, оролцсон этгээдүүд өөрийгөө өмгөөлөхдөө ээлж дараалан хэвлэлээр өөр нэгнийгээ илчилж буй дүр зураг л хөвөрч байна. Энэ бүхнээс одоогоор бидэнд мэдэгдэж буй ганц үнэн нь “Стандарт” банкинд бид 95.3 сая ам.доллар төлөхөөс өөр аргагүй шүүхийн шийвэрийг Засгийн газар хүлээж авсан.

Уг хэрэгтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна. Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж буйг эх сурвалж мэдээлж буй. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй аж. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна.

 

72 настай олон улсын тоймч есөн жилийн ял сонсов

 

Өнгөрсөн оны сүүлчээр олныг сэрдхийлгэсэн нэгэн хэрэг гарсан нь сэтгүүлч, олон улсын тоймч, 72 настай Б.Дашзэвэг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдож, цагдан сэргийлэх арга хэмжээ авахуулсан явдал байсан юм. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард түүнд хамаарах хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

 

Г.Шийлэгдамбад 4.6 жил хорих ял оноов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр боллоо. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.1 жил хорих ялаар шийтгэжээ. Харин Г.Ганчимэгийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг нэг жил хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Даваасүрэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих, Э.Гантулгад нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жил хасч, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг  2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан  хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8  жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасч, 4.6 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.      

13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон этгээдүүдийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Баянзүрх дүүргийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан 19-20 насны Д.Жавхлан, Э.Амарболд нарыг саатуулан, шалгасан бөгөөд  тэдэнд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тэдэнд хамаарах хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч талийгаачийн ар гэрийнхэн давж заалдсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зочид буудалд 21 нас хүрээгүй хүнийг нэвтрүүлж, согтууруулах ундаагаар үйлчилж, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн хэмээн үзэж, “Очир” төвийн зочид буудлын эздийг хуулийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа "Энэ хэргийн зүйлчлэлийн асуудал, Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцлийг эргэж хараач гэдэг хүсэлтийг бид удаа дараа прокурорт тавьж байсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс энэ асуудлыг эргэн харж, бодитой харах нь зүйтэй гэж шийдэж байгаад бид баяртай байна" гэв.

АТГ но-той албан тушаалтан, цагдаагийн албан хаагчдыг нэрлэв

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 15 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлснээ мэдээлсэн юм. Заримаас нь дурдвал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахууль авсан хэрэгт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Д.Бат-Эрдэнэ нь тасгийн дарга болон дотоод хяналтын албандаа танилцуулалгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Я.Алдар, К.Баатарчулуун нартай үгсэн тохирч бусдаас авлига авч, нэр бүхий ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэж найман иргэний мэдээллийг шивж оруулан, 2016-2017 онуудад 40 сая төгрөгийн хохирлыг аж ахуйн нэгж, байгууллагуудад учруулсан, 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр хилийн боомтоор 96-94 ДГА дугаартай автомашинаар 76 кг үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлснийг Дорноговь аймгийн Сайншанд сумын гаалийн байцаагч Ц.Ариунболд нь буцаан олгож давуу байдал бий болгосон, “Их хаадын цуваа” ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нь хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж буй орон сууцыг хөнгөлөлтөд хамрагдах эрхгүй иргэдэд худалдаалж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, нийслэлийн хөрөнгөөс үндэслэлгүйгээр зарцуулсан, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга Ж.Алтансүх нь бусдаас хахууль авсан, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын  дэд дарга, дэд хурандаа  Д.Цогтгэрэл нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэсэн хэргүүдийг шалгаж байгаа юм байна.

Хар тамхи хилээр оруулж ирдэг бүлэг этгээдүүдийг саатуулав

 

Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох IСЕ буюу мөсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуупдаг байсан этгээдүүдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид илрүүлэн эд мөрийн баримттай дайчлан баривчиллаа. Уг илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн албаны нохдыг ашиглажээ. Уг хэрэгт Монгол Улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарын хоёр этгээдийг Эрүүгийн хуулийн 20. 7.2-т зааснаар саатуулан шалгаж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас одоогоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилпагаа явуулж байгаа аж.

 

Германд эхнэрээ хөнөөсөн монгол залууд бүх насаар нь хорих ял оноолоо

ХБНГУ-ын хэвлэлүүдээр “Лайпциг хотын дүүргийн шүүх 43 настай Марий С, 40 настай Ани Б нарын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн, 39 настай Д.Довчинд бүх насаар нь хорих ял оноолоо” хэмээн мэдээллээ. Гэмт этгээд хохирогч бүсгүйчүүдийг боомилж, улмаар мөчилж хөнөөсөн гэгдэж буй юм. Хэргийн талаар эргэн сануулбал, Германы хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-нд Д.Довчинг Лайпциг хотын Линденау дүүрэгт орших Деммерингийн гудамжин дахь гэрээс нь баривчилжээ. Энэ үеэр гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд Д.Довчин 40 настай Ани, Португалийн иргэн Марий нарын амийг хөнөөснөө хүлээсэн байдаг. 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон байна. Нуурын эргээр аялж явсан явган аялагчид Марийн биеийн хэсгийг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлжээ. Д.Довчин 43 настай Португалийн иргэн Марийн амь насыг хөнөөгөөд, цогцсыг гялгар уутанд хийж, усанд хаясан нь тогтоогдсон байна. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд ХБНГУ-ын иргэн, 40 настай Ани гэх эмэгтэй гэнэт алга болжээ. Хохирогчийн ээж хувийн мөрдөгч хөлслөн, гэмт этгээдийн мөрөөр орсон байна. Мөрдлөгийн эцэст Д.Довчинг бүсгүйн үхэлд холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Бүсгүй хоёр настай охинтой, сүй тавьсан, хуримаа хийх гэж байсан аж. Гэмт этгээд талийгаач бүсгүйн цогцсыг өөрийн амьдардаг гудамжны ойролцоо нуусан байсныг хууль, хяналтынхан илрүүлсэн байна.

Шийдэгддэггүй хэрэг буюу 36 дахь шүүх хурлаа хүлээж буй “Ноён уул”

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурал 35 дахь удаагаа хойшилж, Монголын шүүхийн түүхэнд хамгийн олон удаа хойшилсноороо рекорд тогтоож магадгүй болоод байгаа.

Энэ талаар тодруулбал, Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсноос хойш ийн 35 дахь удаагаа хойшилж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд ялалт байгуулан “Сентеррагоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдаж байсан. Хамгийн сүүлийн буюу 34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт тавьснаар хойшилсон. Харин энэ сарын 5-нд товлосон шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь “Гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснээр хойшилсон байна.

Төмөр замд нийлүүлсэн вагоны хэрэг

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байранд энэ сарын 1-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэгжлэг хийсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулбал, УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон түүнд хамааралтай хэд хэдэн албан тушаалтныг АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм байна. Тодруулбал, УБТЗ ОХУ-аас тус бүр нь нь 620 000 рублийн үнэтэй хойд хөршид ашиглалтаас гарсан вагон оруулж ирэх гэрээ хийжээ. Гэрээг 2017 оны есдүгээр сарын 20-нд “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титоватай байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд эхний ээлжийн 200 вагон манай улсад ирж, засвар үйлчилгээг хийжээ. Гол нь уг 200 вагон нь Зам тээврийн сайдын тушаалыг зөрчсөн бөгөөд нийлүүлэгч нь ОХУ-ын биш Доминиканы оффшор бүст бүртгэлтэй байгууллага аж. Улмаар  ОХУ-аас шууд авч болох байтал гадаадын байгууллагаар дамжуулсан, ашиглалтын хугацаа нь дууссан вагон оруулж ирж байгаа нь түүнийг мөнгө завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж үзэх шалтгаан болж, АТГ-аас шалгаж байгаа юм байна. Түүнчлэн түүнд 2017 оны есдүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арван нэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай эрүүгийн хоёр ч хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 

М.Энхсайхныг АТГ-аас шалгаж эхлэв үү

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулиан байлаа. Албаныхан энэ талаар “Элчин сайд М.Энхсайхан нь 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг Авлигатай тэмцэх газар сэргээн шалгаж эхэлсэн байж болзошгүй. Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудуулсан гэх мэдээлэл байгаа” гэсэн юм. Түүнийг буруутгах гол зүйл нь “Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа-Худаг-Гашуун-Сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчиж, Төрийн нууцад хамаарах баримт бичгүүдийг гадаадын хүмүүст танилцуулан гэрээний төсөл бэлтгүүлсэн байдал нь болж буйг эх сурвалжууд дурдаж буй юм.

 

 


Г.Шийлэгдамбатай, “Эрдэнэт”-тэй, төмөр замтай гурван сар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188