• Өнөөдөр 2024-03-28

О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

2021-11-25,   2119

           Арваннэгдүгээр сарын 19-ний өглөө нийслэлд нэвсийтэл цас орсон байлаа. Нийслэлчүүдийн ажилдаа гарахаас өмнө зам, талбайн цас, мөсийг цэмбийтэл цэвэрлэхээр ТҮК-ийн ажилчид эртлэн босож, хүрз, шүүрээ барьсаар ажилдаа гарчээ. Харин тэдний хоёр нь хогийн машины пункер дотор суугаад, авто зам руу гараараа давс цацаж байсан юм. Техник хөгжсөн XXI зуунд автозамын халтиргаатай улаан гараараа тэмцэж байгаа тэдний энэ дүр зураг нийслэлчүүдэд таалагдаагүй учраас цахим орчинд ихээхэн шүүмжлүүлсээр энэ долоо хоногийг барж байна. Гэхдээ нийслэлчүүд гараараа давс цацсан тэднийг биш харин ажилчиддаа ийм харгис ханддаг, тохижилт үйлчилгээний салбарыг ийм арчаагүй байлгаж байгаа нийслэл болон хот тохижилтийн газрын удирдлагуудыг шүүмжилсэн юм. 


         Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа энэхүү зургийн эзэд буюу хогийн машины пункерээр давс цацаж явсан ТҮК-ийн хоёр ажилчинтай уулзаж, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан О.Дөлгөөн бөгөөд арваннэгдүгээр сарын 19-ний баасан гарагийн цас орсон өглөө Саппорогийн арын автозам дээр давс цацах үүрэг авсан нь энэ аж. Ингэхдээ тус дүүргийн хот тохижилтын газрын дарга нь шууд "Гараараа давс цац" гэж даалгавар өгөөгүй ч "Автозам дээрх цасыг ямар нэг аргаар цэвэрлэж, халтиргаагүй болго" гэдэг хатуу даалгавар өгсөн нь гэнэ. Гэхдээ ингэж үүрэгдэх мөртөө зориулалтын машин, техник, багаж хэрэгсэл гаргаж өгөөгүй байна. Ингээд тэд удирдлагынхаа даалгаврыг биелүүлэх ёстой, хоёрдож иргэдийг ажилдаа явахаас өмнө халтиргааг бага ч атугай арилгах ёстой гэдэг агуулгаар хогийн машиныхаа пункерт давс ачиж, гараараа цацаж явсан гэдгээ хэлж байлаа. 

-НАДАД АЖИЛ МИНЬ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ-

Түүний хувьд СХД-ийн тохижилт үйлчилгээний  газарт ажилд ороод хэдхэн сар болж байгаа бөгөөд эзэмшсэн мэргэжилгүйн улмаас цалин өндөртэй гэж тус газрыг сонгожээ. Тэрбээр “Тэр өглөө цас их орсон байсан учраас халтиргаа их байсан. Бидний араас машинууд ар араасаа эгнээд явж байсан учраас хаа хамаагүй хүрздэж шидээд байх боломжгүй байсан л даа. Тэгээд хамт ажиллаж байсан хүнтэйгээ ярилцаад, гараараа цацахаар шийдсэн юм. Хамгийн гол нь бид үүргийнхээ дагуу л ажилласан. Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй. Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар удирдлагынхаа өгсөн үүрэг даалгавраа л биелүүлэх ёстой гэж бодсон.  Бусад хүнд эд хөрөнгө нь чухал шиг надад ажил минь чухал” гэж ярив.

    Тэрбээр ийн өгүүлэхдээ олон нийтийн сүлжээний шүүмжлэлээс болсон уу, бухимдалтай байгаа нь ярианых нь өнгөнөөс илт байсан. Хэдийгээр тэр гараараа зам руу давс цацах  нь халтиргааг арилгах үүргээ биелүүлэх сонголт байсан гэж тайлбарласан боловч үнэн хэрэгтээ үүрэг гэхээс илүү ажилгүй болохоос айсан нь ярианаас нь мэдрэгдэж байлаа. Учир нь бид анх О.Дөлгөөнтэй уулзах хүсэлтээ тус дүүргийн тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Баттулгад хэлэхэд, “Манай ажилчид арван жилийн л мэдлэгтэй. Буруу зөрүү зүйл ярьж мэднэ. Бид яриа өгүүлэхгүй” гэсэн хариултыг хэлж байсан юм. Гуйсны эцэст зөвшөөрүүлж, О.Дөлгөөнөөс ярилцлага авах болоход дарга нь цөм тойрон зогсоод “Манай ажилтнаас хамаагүй асуулт асуух хэрэггүй. Маргааш ажилдаа ирэхээ больчихно” хэмээн "даапаалж" байсныг нуулгүй хэлэх нь зүйтэй болов уу. Амьдралын эрхээр багаасаа ажлын талбарт гарч сургуульд сурч, мэргэжил эзэмшиж чадаагүй. Арга ядахдаа, арай цалин өндөр гэсэн тохижилт үйлчилгээний газар ажиллахаар орсон нь О.Дөлгөөний буруу биш. Ерөөс үүргээр далайлгаж, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, тэгсэн мөртлөө "Манай энэ боловсролгүй" хэмээн доромжилж, даруухнаар нь далимдуулж "дээрэлхэх" хандлагатай тус дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын удирдагчдын буруу л энд бий. 

-Б.БАТТУЛГА: ӨӨРСДӨӨ ГАРААРАА ДАВС ЦАЦАХААР ШИЙДСЭН БАЙСАН-

Бид тухайн энэ асуудалтай холбоотойгоор  тус дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Баттулгын тайлбар авав. Тэрбээр “Манай Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар хог тээвэр, зам талбай, ногоон байгууламж гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 254 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тухайн өдөр цас орж, халтиргаа гулгаанаас үүдсэн  замын ачаалал их байсан. Тэгэхэд Саппорогийн ард талд ажиллахаар хувиарлагдсан ажилчид зам өгсүүр хэсэгт  гараараа давс цацахаар шийдсэн юм билээ. Гэхдээ 100 хан метр газарт л гараараа цацсаныг хажуугаар нь өнгөрч явсан машины хүмүүс зургийг нь авч цахим орчинд тавьсан байна лээ. Тэр өдөр бүх л зам халтиргаа, гулгаатай, бидний хувьд хүнд өдөр байсан. Манай ажилчид нэг иргэн ч болов битгий халтираасай гэж ажилласан. Түүнээс биш бид хөдөлмөрийн хууль зөрчсөн, ажилчныхаа аюулгүй байдлыг алдсан зүйл байхгүй. Угаас манайд цасаа өөрөө автоматаар засаад явдаг ганцхан машин бий. Бусад нь заавал ачигч нар нь хүрзээр цацах зориулалттай байдаг. Ер нь зориулалтын техник давсыг оновчтой газар нь цацаж чаддагүй болохоор ажилчид маань заавал  машинаа дагаж явж, давсаа цацдаг" гэлээ. Уншигч та түүний хариултаас ажилчдадаа хэчнээн хэнэггүй, хариуцлагагүй ханддагийг нь анзаарсан байх. Эцсээ хүртэл өөрсдийгөө хамгаалж, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа ажилчдадаа буруу өгч, өөрсдийгөө огт гэм буруугүй мэтээр ярьж сууна. 

Энэ бол цас орсон өглөө "Ямар ч аргаар хамаагүй автозамуудыг цасгүй болго" гэдэг үүрэг өгчихөөд өөрсдөө дулаахан өрөөндөө тухалж суудаг дүүргийн тохижилтын газрын удирдлагуудын бодит байдал. Өнөөдөр "ажилгүй болох вий" гэж айсан Хот тохижилт үйлчилгээний ажилчид хогийн машинд суучихсан улаан гараараа зам руу давс цацаж байгаагаа "Бидний үүрэг" гэж ойлгоод чимээгүйхэн ажлаа хийцгээж байна.  Харин маргааш тэд мөн ямар амь эрсэдсэн үүргийг хүлээх бол...


О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 01:38:23
    Aa: Za medkv yumda bolowsrolgvi hvmvvs zondoo bdag bi mednee medhiin deedeer medne vneniig helhed ene kompan hen gegch henii kanpan bolhiig sain medkv l bna ajilchdaa bol hvn gej vzdeggvi za yamarwaa 1g vil ajil bollo gehed ulsiih za ajilchidiin esergvvtsel bollo gehed huwiih bolchidog yas yuman deeree tsalin sain bishee zarim ni irees toonoo gvitseeh gej ogloo har vvreer garan za ter heden tergiig vzeerei selbeg oldkvi ee hetsv hangamj muu 10d jil ajilsan ajilchda harj vzsen yumgvi idej uuh ni ilvv kanpan daa odo tsalin gej hestv de tsalin awhiin tuld ogloo 6.7gej garna oroi 9.10 gej buun da medleg bolowsrol bhgvi bicheg vseg medkv hvmvvsiig shulan da hoorhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-26 10:26:16
    Фан: МАН-ын махан толгойлсон мангайсан нүүртэй дарга нарын байж байгаа бодит байдал энэ юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 13:41:51
    Эмгэнэл: Нээрээ Сонгинохайрхан чинь шилдэг дүүрэг болоод байсан шүү. Хог ачдаг машинд пресснийх нь доор амьд хүн суугаад гараараа давс бодис цацаж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаагүй гэж хэлж яаж чадаж байаа аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 13:23:16
    Зочин: МАН 26 жил төр барилаа Тэгэхэд монгол эр хүнийг хогийн машинд хийгээд давс цацуулж байдаг Эр хүний хийморь лундаа гэж байдгийм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 12:53:24
    монгол : ажлыг сэтгэлээсээ хийхэд юугаар хийх нь хамаагүй яадахдаа ганц удаа 100м газрын цас арилгаж үзээд попорж бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 12:22:40
    Зочин: ҮҮрэг өгсөн ажлаа хийсэн байна гэхдээ бид аль хэдийн орчин үеийн техник техниологтой болох хугацаа өнгөрсөн шүү дээ Давс цацдаг орчин үеийн машин авчих сэтгэлгээ байхгүй байгаа удирдлагын арчаагүй идэж ууж ханаж цадахаа мэдэхгүй өөрсдийн нь арчаагүй байдлын нэг илэрхийлэл юм үүнд ажилтан ямар ч буруугүй байгаа техникээ л ашигласан байна өөр яах юм.Орчин үеийн техник байгаад ингээд давс цацаад явсан бол харин ярих юмтай байсан байх шүү ........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 10:55:55
    Bb: Ene 2 t hudulmuriin baatar ugmuur um daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 10:15:45
    сумбузар: хотод ийм машин байхгүй бараг эвлүүлэг гээд байсан Сумьяабазарын шилдэг дүүрэг иймэрхүүл байндаа хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 09:39:07
    Зочин: Арай юм биш үү. Ингэж ажилла гэж үүрэг өгсөн дарга нь өөрөө автомашин дээрх хогийн бункертээ суугаад давсаа цац даа. Хүнийг ийм нөхцөлд ажиллуулна гэдэг арай л байна, хэддүгээр зуун бэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 09:20:36
    Иргэн: Баттулга гэдэг чинь одоогийн усан толгойт дарга царайтуудын нэг л юм байна. Ярьсан үгийг нь уншихаар өөрийн эрхгүй ой гутах юм. Новшийн төр!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188