• Өнөөдөр 2024-04-20

Г.Түвшинбат: Алдааг нь буруутгахгүй, өөртөө дүгнэлт хийх боломж олговол хүн зорилгодоо хүрч чаддаг

2020-08-30,   371

Хүний хийх зүйлсийг технологи хөнгөвчилж, дэлхий нийтээр улам бүр даяаршиж байна. Бид өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй гар утаснаасаа авч, хэрэгцээт зүйлсээ дэлгүүр орохгүйгээр худалдан авах боломжтой болжээ. Энэ удаад бид гар урлалын бүтээгдэхүүнийг цахим платформд төвлөрүүлэн худалдаалдаг “Гэрү” компанийг онцоллоо. Та “Гэрү” хайртай хүмүүс, найз нөхөд, зочдодоо дурсгалтай бэлэг худалдан авч, цагаа хэмнэнгээ жижиг, дунд бизнес эрхлэгчид, уран бүтээлчдийг дэмжих боломжтой. Учир нь “Гэрү” нь гар урчуудыг нэгтгэсэн цахим худалдааны суваг юм. “Гэрү” компанийг Г.Түвшинбат эхнэрийнхээ хамт үүсгэн байгуулжээ. 
 
-Цахим худалдаа гэхээр манайд гаднын улсаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг захиалан авах гэсэн хэвшмэл ойлголт тогтоод уджээ. Харин танайх Монголд үйлдвэрлэсэн, тэр тусмаа бэлэг дурсгалын зүйлсийг цахим захиалгаар хүргэдэг юм байна. Хэзээнээс үйлчилгээгээ эхлүүлсэн бэ?
-Цахим худалдаа нь интернет орчин ашиглаад, хэрэглэгч өөрөө очиж авахгүйгээр худалдан авалт хийх. Үүнд маш олон төрлийн зүйлс худалдаалдаг. Харин манайд илүү арт чиглэлийн зүйлс буюу гар урлалын бүтээлүүд байдаг. Энэ нь бэлэн үйлдвэрлэл биш. Цөөн тоогоор дахин давтагдашгүйгээр үйлдвэрлэж, хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Бид энтрепренерүүд, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэгчдийг дэмжих, тэднийг нэгтгэх зорилготой.
 
Жишээлбэл, манай уран бүтээлчид дунд 18 настай настай охин бий. Тэр зэс ашиглан янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлс хийдэг. Ээмэг, бөгж гэх мэт. Гэртээ хийсэн зүйлсээ “Гэрү”-гийн цахим хуудсанд тавьж, түүнийг нь бид захиалагчид хүргэж өгдөг. Үйлдвэрлэгчийн хувьд энэ маш том боломж. Тухайн хүн хэдэн настай, юу хийдэг нь огт сонин биш. Өөрийнхөө хөдөлмөрийг манайхаар дамжуулан үнэлэх боломжтой болж байгаа юм.
 
-Та яагаад заавал гар урлалыг онцолсон юм бэ?
-Анх энэ санааг найз охиндоо бэлэг худалдан авч өгөхдөө олсон юм. Би энгийн бэлэн зүйл худалдаж өгөхөөс илүү бүтээлч, дурсгалтай зүйл хайж байв. Олон дэлгүүрээс хайсан. Ингээд сүүлд нь Урт цагааны гудамжинд байдаг дархны газарт ороод тэр хүнд зориулсан зүүлт хийлгэхээр болсон юм. Тухайн үед дархан нь миний хэлснээр зүүлтээ хийсэн ч сэтгэлд нийцээгүй. Дараа нь бодоход тэр хүн урьд нь хийж байгаагүй зүйлээ миний хэлснээр хийсэн юм чинь аргагүй шүү дээ гэж бодогдсон. Ингээд ийм дахин давтагдашгүй зүйлсийг хийх сонирхолтой хүмүүс хэр их байдаг талаар судалж үзсэн чинь олон хүн байсан. Гэтэл ийм хүмүүс нэгтгэж чадах зүйл байхгүй байв. Нөгөө талаараа ийм давтагдашгүй зүйлсийг хэрэглэх сонирхолтой хүмүүс ч их байдаг.
 
Үүнээс л санаагаа олсон гэж хэлж болно. Мөн ихэнх цахим худалдаа нь дэлхий дээр байгаа брэндийн зүйлсийг авч ирж зардаг. Гэтэл манайд гаднын улсад цахимаар зардаг зүйлс байдаггүй. Хэрвээ монголчууд юу хийвэл дэлхийн зургаан тэрбум хүнд зарах боломжтой вэ гэх асуулт байсан. Бидэнд маш том давуу тал бий. Монгол эмэгтэйчүүд маш уран. Дээл оёдоггүй эмэгтэй хүн гэж байдаггүй байлаа шүү дээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн... гээд эмэгтэй хүний арван шинж гээд л тодорхойлсон байдаг. Тиймээс үүнийг олон улсад бүтээгдэхүүн болгон гаргаж болох юм байна гэх санааг давхар харсан. “Гэрү”-гийн туйлын зорилго нь бүтээлч хөгжүүлэх. Ийм төрлийн хүн дэлхийн хаана ч байж болно. Тэднийг нэгтгэх нь бидний үүрэг.
 
-Программаа өөрөө зохиосон гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юү?
-Би өөрөө программ хангамжийн мэргэжилтэй. Монголд энэ мэргэжлийг компьютер засдаг хүн гэж ойлгодог. Харин олон улсад программистуудыг бүтээгчид гэж хардаг. Тэд янз бүрийн технологийг ашиглаад богино хугацаанд асуудлыг шийдвэрлэгчид. Утсыг ашиглаад аливаа зүйлсийг технологи болгож, хүний амьдралыг хөнгөвчилж байна. Үүнийг би олж харсан. Аппликэшн хийх технологи адилхан. Харин түүнийг систем болгон хөрвүүлэх ажил бий.
 
-Гар урчуудыг нэгтгээд нэг жил болжээ. Одоогийн байдлаар хэчнээн хүн танайд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа вэ?
-Одоогоор манайд 100  гаруй уран бүтээлч байна. Дөнгөж бизнесээ туршиж байгаа нэгэн ч бий. Манайд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хүмүүсийг гурван төрөлд ангилж болно. Эхнийх нь өөрсдийн бизнес санаагаа туршиж байгаа хүмүүс. Энэ нь амжилт олж ч магадгүй, үгүй ч байж болно. Гэхдээ үүнийг турших таатай нөхцөлийг бид бүрдүүлж байгаа юм. Эхний бүтээгдэхүүнээ олноор гаргаж, дэлгүүрт зарах шаардлагагүй. Хүмүүс сонирхож байгааг эсэхийг нь мэдэх, урьдчилсан захиалга авах боломжтой гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл, өөрийн тархиндаа боловсруулсан төсөөллөө бодит зүйл болгоод амжилттай болох эсэхээ туршиж байгаа хэсэг бүлэг хүн үүнд хамаарна. Дараагийнх нь санаа нь амжилт олж, бизнесээ эхлүүлсэн хүмүүс. Тэдний асуудал арай өөр. Бүтээгдэхүүнээ олноор гаргах баг бүрдүүлж, захиалгуудаа нэмэгдүүлэх зорилготой. Сүүлийнх нь бизнес нь амжилттай болох нь батлагдсан хүмүүс. Тэднийг олон улсад бүтээгдэхүүнээ гаргах хэмжээнд хүрсэн гэж болно. Харин бүтээгдэхүүнээ илүү сайжруулах, сав баглаа боодолд анхаарах гэх мэт асуудал нь илүү нарийн болсон хүмүүс байгаа юм.
 
-Бизнесийн санаагаа олохдоо Монголд үйлдвэрлэж болох зүйлсийг дэлхийд таниулахыг зорьсон гэлээ. Ийм боломж хэр байна вэ?
-Манайд нэг бүтээгдэхүүнийг олуулаа үйлдвэрлэдэг бол олон улсад нэг төрлийн үйлчилгээний зах зээлээ булаацалдахгүйгээр зорилго нэгтгэж, илүү том зах зээлийн бий болгож байна. Америк, Европын орнуудад “А” цэгийн систем байгаа. Ихэнх улс нь нэг хэлтэй, хоорондоо төстэй соёлтой. Харин Азийн орны соёл арай өөр. Улсууд нь өөр хэл, өөр соёлтой учраас “А” цэгийн систем байхгүй. Одоогоор бид дотооддоо үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Гаднын улсаас ирсэн бүтээгдэхүүн байхгүй. Харин гаднын улсаас захиалга ирж байгаа. Бид олон улсын ачаа тээврийн хүргэлтийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнээсээ илүү хүргэлтийн зардал нь өндөр гарах гэх мэт асуудал бий. Шийдвэрлэх гарц байгаа. Мөн коронавирусийн халдвар гарсантай холбоотой ачаа тээвэрт хүндрэл гарсан. Гаднын улсаас манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна.  Дэлхийд маш том зах зээл байна гэж харж байгаа.
 
-Гарааны бизнесээ эхлүүлэхэд юуг чухалчлах ёстой юм бол. Та эхлүүлсэн бизнесээ амжилтад хүргэхэд юуг анхаарсан бэ?
-Гарааны бизнесээ эхлүүлэхэд нөлөөлдөг хэд хэдэн зүйл бий. Хамгийн түрүүнд хамтрагчаа зөв сонгох нь чухал. Зөвхөн өөрөө хийгээд яваад байх нь чухал биш. Тэгэхээр итгэл үнэмшил нь нэг чигт явж байгаа хамтрагчаа олох. Хоёрдугаарт, багаа бүрдүүлэх. Багаа зөв бүрдүүлбэл урт хугацаандаа оршин тогтнох боломжтой боломжтой гэж харсан. Үүний дараа санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Тухайн хүнд цалингаа яаж өгөх вэ зэрэг асуудал гарна. Мөнгө юунд хэрэгтэй вэ гэдэг зорилгоо тодорхойлоод хөрөнгө оруулалтыг авдаг бол бизнесээ зөв чигт явуулж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт, мөнгийг хурдтайгаар цаг хожих хэрэгсэл гэж харах хэрэгтэй.
 
Гарааны бизнес бол амьдралын хэв маяг. Үүнийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлж байж тэр нь урт хугацаанд үргэлжлэх боломжтой. Ер нь гараа бизнес эхлүүлэгчид зах зээлийнхээ нийцлийг хайгчид байдаг. Хүмүүсийн хэрэгцээ юу байна, ашиг нь хаана байна гэдгийг эрэлхийлж буй бизнесийн загвар. Иймд гарааны бизнесээ эхлүүлэгч шинэ зүйлсийг хурдан турших хэрэгтэй. Тэгэхгүй бол хугацаа явах тусам зардал нь нэмэгдэнэ. Тиймээс зах зээлийнхээ нийцлийг хурдан хайж олох нь чухал. Бид ч гэсэн зах зээлийн нийцлээ хайж байна. Хэрвээ амжилттай болж, зах зээлээ өргөжүүлэхээр бол өөр асуудлууд гарч ирнэ.
 
- “Гэрү” гэдэг нэрний утга нь юу бэ?
-Гэрээсээ үйлдвэрлэл эрхлэх гэсэн утгатай. Гэр гэдгийг зөвхөн монгол гэр гэсэн  утгаар ойлгож болохгүй. Харин өөрийнхөө хийж буй зүйлсийг хамгийн тайвнаар хийх тэр орчинг хэлнэ.
 
-Бизнес эхлүүлэхэд хамгийн чухал нь багаа бүрдүүлэх гэлээ. Та багаа хэрхэн бүрдүүлсэн юм бол?
-Бид технологийн шийдлийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг учир олон хүн шаардлагагүй. Манай багт одоо таван хүн бий. Хэрэглэгч, үйлдвэрлэгчийг холбож байгаа учраас бидний технологи шинээр бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа хүмүүст нээлттэй, үр дүнг мэдрэхэд амархан, үйлчлүүлэгчид ойлгомжтой байх ёстой. Бидний зүгээс бүтээлч залуусыг яаж нэгтгэх вэ, хэрхэн хэрэглэгчдэд уран бүтээлчдийнхээ бүтээлийг хүргэх вэ гэдэгт илүү төвлөрч ажиллаж байна.
 
Мөн хэрэглэгч “Гэрү“ рүү ямар давтамжтай орж байна, залуучууд илүү сонирхож байгаа бол хүүхэд болон дунд, ахмад насны хүмүүст мэдээлэл хүргэх вэ зэрэг судалгаа, ажиглалтын зүйлсийг хийдэг. Манай үйлчлүүлэгчдийн олонх нь залуучууд байдаг. Илүү технологид суурилсан, мобайл аппликэшн ашигладаг учраас тэр. Цаашид бүх насныхныг хамруулах талаар анхаарч ажиллаж байна.
 
-Бүтээгдэхүүнээ зарахын тулд “Гэрү”-д хэрхэн нэгдэх вэ. Ямар нэгэн шалгуур бий юү?
-Бүх хүнд нээлттэй. “Гэрү”-гийн албан ёсны цахим хаяг болон гар утасны аппликэшн ашиглан нэвтэрч нэгдэнэ. Бид тодорхой шалгуур тавьдаг.  Тодруулбал, хийж байгаа зүйл нь бүтээлч байж чадаж байгаа эсэхийг, хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн хүргэх үү гэдгийг нь шалгадаг. Гар урлалыг сонирхож хийдэг хүмүүс олон болж байна. Тэд хобби болгон эхлүүлээд бизнес болгох нь ч бий.
 
-Харин хэрэглэгчид яаж хандах вэ?
-”Гэрү”-г олж болох гурван янзын суваг бий. Гар утасныхаа PlayStore болон App Store”-с Geru гэж хайгаад гар утсандаа аппликэшн суулгана. Мөн Geru.mn цахим хаягаар, мэдээлэл авч болно. Манай цахим хаягаар үйлдвэрлэгчид гурван төрлийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн худалдаалж байна. Нэгдүгээрт, бэлэг дурсгалын, хоёрдугаарт, амьдралын хэв маягтаа ашигладаг буюу гоёл чимэглэл, гуравдугаарт, гэрээ тохижуулах зүйлс буюу бидний нэрлэж заншсанаар сувинер зэрэг байдаг.
 
-Гарааны бизнесээ эхлүүлэх гэж буй залууст хандаж зөвлөгөө өгөхгүй юү?
-Бизнесээ эхлүүлэхтэй зэрэгцээд маш их үүрэг хариуцлага хүлээнэ. Баг хамт олон, харилцагч зэрэг олон хүний асуудлыг шийдвэрлэдэг болно. Асуудлаа зөв шийдвэрлэж, багтайгаа ажиллах нь чухал. Бүх ачааллаа өөрт төвлөрүүлэх шаардлагагүй. Эрх мэдлийг хуваарилж чаддаг байх хэрэгтэй. Юу хийхийг нь чиглүүлээд асуудлыг шийдэх эрх мэдлийг нь тухайн хүндээ олгож байвал зүгээр.
 
Би чадахгүй зүйлээ хийлгэх гэж баг бүрдүүлж байгаа шүү дээ. Жишээлбэл, би маркетингийн мэдлэггүй байж, яаж хийхийг нь заагаад байх утгагүй. Харин тухайн хүн алдаа гаргавал асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй. Алдаа гаргасныг нь буруутгахгй, өөр өөртөө дүгнэлт хийх боломжийг нь олговол хүн зоилгодоо хүрч чаддаг.

Г.Түвшинбат: Алдааг нь буруутгахгүй, өөртөө дүгнэлт хийх боломж олговол хүн зорилгодоо хүрч чаддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188