• Өнөөдөр 2024-04-25

А.Дэмбэрэл: “Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё, нэгтгэе” уриатай дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байна

2020-10-19,   1146

Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга, Эдийн засгийн ухааны доктор, профессор А.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Дэлхийн статистикийн өдрийг хэдэн оноос тэмдэглэж эхэлсэн байдаг юм бэ?

-НҮБ-ын Статистикийн комиссын 2010 онд болсон 41 дүгээр чуулганаар дэлхийн улс, орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, статистикийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Дэлхийн статистикийн өдрийг 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр "Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал" уриан дор, хоёр дахь удаагаа 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр "Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Энэ жилийн Дэлхийн статистикийн өдрийг ямар уриан дор тэмдэглэж байгаа вэ?

-Энэ жил НҮБ-ын Статистикийн комиссын ивээл дор Дэлхийн Статистикийн өдрийг "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё, нэгтгэе” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн статистикийн өдрийг дэлхийн хэмжээнд үндэсний статистикийн газар, бүс нутгийн болон олон улсын статистикийн байгууллагууд, түүний дотор НҮБ-ын системийн байгууллагууд, их дээд сургуулиуд хамтран тэмдэглэх юм.

-Манай улсын хувьд Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх санаачилгыг хэрхэн гаргасан бэ?

-Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг хүргүүлж, ҮСХ-ны саналыг уламжлан дэмжлэг авч, уг тогтоолын төсөлд хамтран зохиогчоор оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уг үйл ажиллагаанд хамтран зохиогчоор орох орнуудын жагсаалтад 2015 оны тавдугаар сарын 20-нд гарын үсэг зурсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол 2015 оны зургадугаар сарын 3-нд батлагдсан. Уг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны 69/282 тоот тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд аравдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дэлхийн статистикийн өдрийг 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн тухай товч тайлан, видео бичлэгийн орчуулга зэргийг тухай бүрт нь ГХЯ болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хүргүүлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгыг дэмжин Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаарх Хорооноос боловсруулсан мэдээллийг орчуулан бэлтгэж тус цахим хуудаст байршуулах арга хэмжээг авч хамтран ажилласан.

-Энэ онд Дэлхийн статистикийн өдрийг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-ҮСХ нь Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа сурталчлах, статистикийн хэрэглэгчийн мэдлэг, хэрэглээг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад статистикийн боловсрол олгох чиглэлээр арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Бид зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг Дэлхийн статистикийн өдрийн вэбсайт, Үндэсний статистикийн хорооны вэбсайтад тус бүр байршуулж, бусад улс оронтой туршлага солилцон ажиллаж байна.

-Манай улсын статистикийн байгууллагын олон улсын хамтын ажиллагааны талаар яривал?

-Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Ази, Номхон Далайн бүс нутгийн статистикийн үйл ажиллагаа, олон улсын статистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, туршлагаа хуваалцаж, тэргүүлэх байр суурьтай оролцдог. ҮСХ нь олон улсын болон бүс нутгийн статистикийн дээд хэмжээний таван бүлэг, техникийн зөвлөх 11 багт гишүүнээр амжилттай ажиллаж байна. Энэ оны наймдугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засгийн Нийгэмлэг Статистикийн хорооны  долдугаар хурлын үеэр Ази, Номхон далайн орнуудын статистикийн системийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр сонгогдсон.

-Манай улсын статистикийн байгууллагын үйл ажиллагаа олон улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавхи”-ийн үнэлгээгээр өнгөрсөн онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхийн ерөнхий дундаж оноо 91.1 болж, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр жагссан. Тодруулбал, статистикийн аргачлалаар 90 болж, 22.5 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж, 28.3 нэгжээр үнэлэгдсэн. Мөн олон улсад нэр хүнд бүхий “Open data watch” ашгийн бус байгууллага нь дэлхийн улс орнуудын албан ёсны статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээ хийдэг. Дэлхийн 183 улсын  үндэсний статистикийн байгууллагын весбайт дээрх мэдээллийг үнэлгээний 10 элементийн хүрээнд 0-100 оноогоор дүгнэдэг. Энэхүү үнэлгээгээр 2018 онд Монгол Улс нийт 100 онооноос 75.6 оноог авч, Зүүн Өмнөд Азийн бүсийн хэмжээнд нэгдүгээр байрт, дэлхийн хэмжээнд 11 дүгээр байр эзэлсэн. Одоо 2019 оны үнэлгээнд бэлтгэн ҮСХ-ны ажлын хэсэг өөрийн тархааж буй бүх мэдээллийг задаргаа бүрээр нарийвчлан судалж, ҮСХ-ны статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас  хүснэгтээр тархааж буй 736 динамик мэдээллийг цаашид 234 хүснэгтээр нэмж, аймаг, нийслэлийн түвшинд үзүүлэлтийг дэлгэрүүлж тооцох боломжийг тодорхойлсон. Арваннэгдүгээр сарын дундуур 2019 үнэлгээг тус байгууллагаас нийтэд танилцуулна.


А.Дэмбэрэл: “Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё, нэгтгэе” уриатай дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188