• Өнөөдөр 2024-04-26

Н.Энхбаяр: Хятад Австралиас нүүрс авахаа зогсоох нь манай улсад эерэгээр нөлөөлөхгүй

2020-10-14,   1179

БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг хамгийн том тоглогч нь Австрали Улс. Гэтэл 2011 онд тус улсын төмөр зам үерийн усанд автаж, түүхий эдийн нийлүүлэлт зогсож байсан түүхтэй. Энэ нь БНХАУ-ын нүүрс импортын хоёр дахь орон болох манай улсад экспортоо нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн юм. Тэгвэл Хятадын эрх баригчид эрчим хүчний төрийн өмчит компаниуддаа Австралиас нүүрс авахаа зогсоох тухай чиглэл өгсөн гэх мэдээлэл гараад байгаа. Уг шийдвэр эцэслэн батлагдаагүй боловч хэрэгжвэл манай улсын нүүрсний үнэ, экспортод хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Хятадын компаниудад Австралиас нүүрс авахыг зогсоох чиглэл өгчээ. Энэ нь манай улсын эдийн засаг, нүүрсний экспорт, үнэд ямар нөлөө үзүүлэх бол?

-Австралийн эх сурвалжууд энэ шийдвэрийн талаар судалж, Хятадын талд тодруулахаар хүсэлт тавьсан байна лээ. Хоёр компанид чиглэл өгсний нэг нь хойд мужийн, нөгөө нь өмнөд бүсийн гангийн үйлдвэр. Түүнээс хилийн боомтод хориг тавьсан шийдвэр гараагүй. Энэ шийдвэр эдийн засгийн агуулгатай гэхээсээ илүү улс төрийн шинжтэй. Мөн энэ сарын сүүлчээр Хятадын коммунист намын төв хорооны их хурал болно. Тэр үеэр ирэх таван жилийнхээ зорилт, төлөвлөгөөг хэлэлцэх гэж байгаа.

Уг төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний зорилт нэлээн өндөр тавигдсан. Шинжээчид, олон улсын байгууллагын судлаачид ч  Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний зорилт өндөр тавигдана гэсэн судалгаа гаргасан байна билээ. Тэгэхээр Хятадын нүүрсний хэрэглээ цаашид улам багасах болов уу гэсэн таамагтай байгаа. Австралиас нүүрс авахаа зогсоох тухай энэ шийдвэр манай улсад эерэг нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл олон компанид өгсөн чиглэл биш. Мөн энэ шийдвэр нь түр хугацааны шинж чанартай. Тэгэхээр манай улсын нүүрсний үнэд нөлөө үзүүлэхгүй гэсэн үг.

-Ер нь манай улсын нүүрсний үнэ, экспортын хэмжээ хэдийгээр өсөх магадлалтай гэж та таамаглаж байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудийн эдийн засаг сэргээгүйгээс болоод үйлдвэрлэл болон анхдагч түүхий эдийн хэрэглээ бага байна. 2021 оны эхний хагас жилд дэлхий зах зээл дэх түүхий эдийн хэрэглээ өсөх талаар яригдах болов уу.  Тэр өсөлт БНХАУ-ын гангийн борлуулалт зэрэгт эерэгээр нөлөөлж, манайхаас коксжих нүүрс авах хүртэл ирэх оны дөрөвдүгээр улирлаас наашгүй. Өөрөөр хэлбэл,  2021 оны эхний хагас жил хүртэл манай улсын нүүрсний үнэ, экспорт өсөх тухай яригдахгүй гэсэн үг.

-Эрсдэл нь юу байх вэ?

-Хамгийн эхэнд “Ковид-19” цар тахлын асуудал байна. Халдвар улам өсөж, оны эцэст дэлхий даяарх нийт тохиолдол 50 сая хүрэх гэж байна. Ирэх оны долдугаар сарын 1 гэхэд 70 сая хүрэх магадлалтай байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин  одоог хүртэл гараагүй. Вакцин гаргах тухай ярьж байгаа улсууд хамгийн наад хугацаа гэхэд Герман дөрвөдүгээр сард, ОХУ тавдугаар сард, Япон Улс долдугаар сард иргэдээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Тэгэхээр олон сая хүнтэй улс орнуудад вакцин очтолоо удна. Тиймээс халдварын тархалт ирэх оны өдийг хүртэл эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлсээр л байна. Хоёрдугаарт, улс, орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурал зөвлөгөөнүүд манай улсад нөлөө үзүүлнэ. Ирэх оны гуравдугаар сард Хятад Улс хоёр их хурлаар 2021-2025 оныхоо төлөвлөгөөг батална. Мөн ирэх дөрөвдүгээр сард ОУВС, Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн тойм танилцуулна. Тэр үеэр эдийн засгийн томоохон шийдвэрүүд тодорхой болно.

-Цаашид тулгарах сорилтуудыг манай улс эрсдэл багатай, ухаалгаар шийдэх гарц, гаргалгаа нь юу байх вэ. Эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Манай улс дунд хугацааны бодлогоо зөв төлөвлөж чадахгүй байна. Тэгэхээр богино хугацаанд бидний хийж чадах зүйл юу вэ гэвэл, төсвийн алдагдлаа бууруулах, өр үүсгэхгүй байхыг л зорилгоо болгох ёстой. Улсын төсөвт  42 сая тонн нүүрс экспортолно гэж баталлаа гээд Хятадын нүүрсний хэрэглээ багасаж байгаа үед өөр худалдаж авах улс байхгүй болно. Оросууд ганц килограммыг ч авахгүй.

Манайх ганцхан зах зээлтэй учраас тэрийгээ гуйхаас өөр арга байхгүй. Ийм нөхцөлд экспортын хэмжээгээ өндрөөр батлах ямар ч шаардлагагүй. Харин нүүрснээс олох орлогоо зөв тооцоолж, түүнийгээ зөв зарцуулж, өр үүсгэхгүй байх л боломж бий. Мөн Тавантолгой, Гашуунсухайт боомтын ажлаа хурдан дуусгах ёстой. Энэ жил боомтоо шинэчилнэ гээд юу ч хийж чадаагүй. Дан ганц шинэчлэлтэд анхаарах биш, төмөр замын хүчин чадлаа сайжруулах ёстой.


Н.Энхбаяр: Хятад Австралиас нүүрс авахаа зогсоох нь манай улсад эерэгээр нөлөөлөхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 11:25:52
    МОНГОЛ: ХММ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188