• Өнөөдөр 2024-04-20

Л.Оюун: Зээлийн удирдлагаа хянаж, ашиг, орлого олоход зарцуулж чадвал бид өрийн дарамтанд орохгүй

2020-10-05,   765

Саарал жагсаалтаас гарна гэдэгт би эргэлзэж байна

Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.

-Ирэх оноос төлж эхлэх бондын өрийн асуудлаа манайх эхнээс нь шийдвэрлэж байна. Нэн түрүүнд “Мазаалай” бондыг төлөх арга хэмжээгээ авлаа. Сангийн сайд энэ талаар “Мазаалай” бондоос хоёр дахин бага хүүтэй “Номад” бонд гаргалаа гэж тайлбарласан. Гэхдээ бидэнд дахиад л өр үүсэж байгаа биз дээ?

-Нэг талаасаа хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаатай ижил зүйл болж байна. Уг нь бонд гаргах гэдэг нь өр биш зээл. Бонд гаргаж байгаа бол бид  үүгээрээ бүтээн байгуулалт хийх ёстой. Тэрнээс биш өмнө нь авсан зээлээ бонд гаргаж олсон мөнгөөр төлж болохгүй. Тиймээс бонд гаргах асуудалд би шүүмжлэлтэй хандаж байна.

-Гэвч манайд үүнээс өөр арга байхгүй шүү дээ?

-Зээлээ төлөхөөс өөр аргагүй. Энэ тохиолдолд манайх арай ашигтай нөхцлөөр бонд гаргаж байгаа сайн тал байна. Тэгэхээр 2017 онд 10.0875 хувийн хүүтэй гаргаж байсан "Мазаалай" бондоос хоёр дахин бага хүүний нормтой бонд гаргаж, хүүгийн зөрүүгээс 26.5 сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болж байгаа юм байна лээ. Хэдий бид ийм ашигтай бонд гаргаж байгаа ч зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Уг нь энэ зээлж байгаа мөнгөөр бид бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж орлого олж зээлсэн энэ мөнгөө хүүтэй нь хамт  буцаагаад төлөх ёстой. Гэтэл энэ мөнгөөрөө өмнөх зээлээ төлж байгаа нь буруу юм. Манай улсын алдаа бол бондоор босгосон мөнгөнүүдийн зарцуулалт их муу байдаг. Бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийж орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ чинь л хөгжил авчирна. Бүр хөрөнгө оруулалт хийдэггүй юм бол сургууль, цэцэрлэг, зам гүүр, гэрэлтүүлэг, нийтийн тээвэр зэрэг иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулж болно. Засгийн газрын цор ганц үүрэг нь ард түмний амьдрах тав тухтай орчин, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх байдаг.

-Эхний ээлжинд Мазаалай бондын асуудлыг шийдчихлээ. Гэтэл 2024 он хүртэл Чингис, Самурай, Гэрэгэ, Хуралдай бондын өрийг төлнө. Цаашдаа энэ байдлаараа өрийг өрөөр дараад явна гэсэн үг үү. Ер нь манайх авсан бондоо зориулалтаар нь хэрэглэж чадахгүй байх нь ээ?

-“Чингис бонд”-ын мөнгийг жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан. Тэгэхээр зээл авсан газрууд нь төлнө гэсэн үг. Үүнээс гадна дэд бүтцийн ажилд нэлээд хөрөнгө зарцуулсан. Тэгэхээр төсвийн орлогоос энэ зээлийг эргүүлэн төлөх ёстой. Дэд бүтцийн ажил хийсэн бондын эргэн төлөгдөх хугацаа тухайн ажлынхаа өгөөжийг хүртээгүй байхад нэхэгдэж байгаа нь хүндрэл үүсгээд байгаа юм. “Мазаалай”-г “Номад”-аар сольсон шиг ийм жишгээр цаашид явж болохгүй. Ер нь бондоос гаргасан хөрөнгийг хэн, ямар зориулалтаар авсан тэр зориулалтаар нь хариуцаж төлмөөр байна. Дээр нь бондоос гаргасан хөрөнгөө бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулбал өрийн асуудал яригдахгүй. Улсын хөгжлийн асуудалд анхаарч болно.

-Тэгэхээр өрийн удирдлага, менежментийг сайжруулах хэрэгтэй гэсэн үг биз дээ?

-Би бонд гаргахыг өр гэж хэлэхгүй. Бонд гаргана гэдэг нь иргэд банкнаас зээл авч байгаатай адил. Банкнаас иргэд зээл авахдаа үйлдвэрлэл үйлчилгээгээ, өргөжүүлж, хөгжүүлэх зорилготой байдаг. гадны зах зээл дээрээс бондоор мөнгө босгох нь яг үүнтэй яг ижилхэн. Өр гэдэг нь зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байхыг хэлдэг. Одоохондоо манай улс өргүй, харин зээлтэй. Үүнийг ялгаж, салгаж ойлгоосой. Цаашид зээлийн удирдлагаа хянаж, зээлээ ашиг, орлого олоход зарцуулж чадвал бид өрийн дарамтанд орохгүй. Бондын мөнгөөр хийх зүйлсээ эрэмбэлэх хэрэгтэй. Ингээд хамгийн түрүүнд хийх ажлаа төлөвлөөд, аль салбарыг хөгжүүлэх вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Хөгжсөн тухайн салбараас орж ирсэн мөнгөөрөө дараагийн салбараа хөгжүүлээд явах нь зөв. Үүнийг л бид зээлийн удирдлага гэж байгаа юм. Бонд гаргаж байгаа бол заавал зориулалттай байх ёстой. Гэтэл манайх олдсон мөнгийг нь хамаагүй цацдаг. Эсвэл өмнөх өрөө төлдөг жишиг тогтчихлоо. Үүнээс салах хэрэгтэй. Бидэнд гаднаас авсан мөнгөө зориулалтаар нь ашиглаж байсан түүх байхгүй.

Бонд эргэн төлөхөд хүндрэл үүсгэдэг нэг асуудал нь валютын ханшийн өсөлт байдаг. Валютын ханш зээл авч байсан үеийнхээс өсчихөөр бид илүү мөнгө төлөх хэрэгтэй болдог. Тэгэхээр валютын ханш тогтвортой байх ёстой.

-Бондуудын өр хойшилсон ч манай эдийн засаг амаргүй байгаа. Цаашид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс бид эрсдэлийг тооцож, тодорхой арга хэмжээ авах ёстой болов уу. Цаашид хэрхэн вэ?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж хүндрэлийг эрсдэл багатай давна. Тиймээс Засгийн газар коронавирусийн эдийн засгийн нөхцөл байдлыг тооцохдоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих тал рууга анхаарах хэрэгтэй. Бүгдийг хувь хүн рүү биш. Засгийн газраас цар тахлын эсрэг арга хэмжээ авсан ч байгаа оноогүй. Иргэд рүү чиглэсэн бодлого явууллаа. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэх гэхчилэн. Аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлого явуулж, үйлдвэрлэлээ сайжруулж, борлуулалтаа нэмсэн бол эдийн засаг харьцангуй сайн байх байлаа.

-Өрийн асуудлаас гадна бидний хоолойд тулсан эдийн засгийн чухал асуудал гэвэл та юуг хэлэх вэ?

-Би дээр хэлсэн. Одоохондоо манай улс олон улсын бондын хугацааг хэтрүүлчихээгүй байна. Өөрөөр хэлбэл, бид дефолд заралчихаагүй байна. Мазаалай бондыг хугацаанд нь төлчих учраас дефолт болохгүй гэсэн үг. Манай улсын хамгийн хоолойд тулсан асуудал бол харицлагын асуудал байдаг. Хэнтэй ч хариуцлага тооцдоггүй учраас албан тушаалтнууд өөрийн эрх ашигт нийцүүлэн асуудлаа шийдэж байна.

-УИХ-ын намрын чуулган эхэллээ. Намрын чуулганаар 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийж өндөр алдагдалтай баталсан. Тэгэхээр ирэх оны төсвийг хэрхэн батлах ёстой юм бол?

-Төсөвт тодотгол хийхдээ урлаг, соёлын салбарт  нэлээд хөрөнгө оруулалт хийлээ гэж харж байна. Үүнийг бид учиргүй эсэргүүцэж болохгүй. Бид хөгжингүй орон байхын тулд соёл, урлагаа хөгжүүлэх ёстой. 2021 онд төсөв орлоготой байхын тулд татвараа бүрэн гүйцэд авах хэрэгтэй байна. Манайд татвар төлөх ёстой мөртлөө татвараа төлдөггүй аж ахуйн нэгж, иргэд, салбарынхан олон бий. Татвараас авах орлогоо бүрэн авсны дараа бүсээ чангалаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх л хэрэгтэй байна. Хүмүүс ажил орлоготой байж борлуулалт хийгдэнэ.

-Үүнээс гадна манайх Европын холбооны саарал жагсаалтад ороод жил болж байна. ФАТФ-ын төлөөлөгчид манайд ирснээр энэ жагсаалтаас гарах сүүлийн шатны шалгалт хийж буй. Сараал жагсаалтаас гарах боломж бидэнд байна уу?

-ФАТФ-аас манайд дөрвөн заалт бүхий зургаан үүрэг даалгавар өгсөн. Эдгээр даалгаврыг биелүүлж байж жагсаалтаас гарах ёстой. ФАТФ-ын төлөөлөгчид энэ асуудлуудыг хэрхэн шийдэж байгаад үнэлгээ өгөх байх. Манай улсыг мөнгө угаах боломж олгодог гэдгээр найдваргүй орны жагсаалтад оруулсан гэсэн үг. Хүн харахад манайх энэ асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ авсан мэт харагдавч үнэн хэрэгтэй тийм биш байна. Жишээлбэл, улсад их хэмжээний хохирол учруулсан өндөр албан тушаалтнууд хэдэн жил шоронд суугаад гарч ирдэг. Үүний оронд учирсан хохирлыг барагдуулах механизм байх хэрэгтэй. Энэ бүхнийг тухайн олон улсын байгууллага харах байх. Би хувьдаа мөнгө угаахтай тэмцэж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна.


Л.Оюун: Зээлийн удирдлагаа хянаж, ашиг, орлого олоход зарцуулж чадвал бид өрийн дарамтанд орохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188