• Өнөөдөр 2024-03-29

Н.Энхбаяр: Манай улс ойрын арван жилд уул уурхайгаар л амьдрана

Эдийн засагч Н.Энхбаяр Дэлхийн банканд гурван жил ажилласан. 200-2018 онд Ерөнхий сайдуудын Эдийн засгийн зөвлөх хийж байсан ажлын туршлагатай. Тэрбээр шинэ төмөр зам, нефтийн үйлдвэрийн төслийг томоохон эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн Монгол Улс саарал жагсаалтаас гарахад арилжааны банкуудын дүрмийн сангаа нэмэгдүүлсэн эх үүсвэр маргаантай байгаа нь нөлөөлж байгаа гэж үзэж байна. 

-    Та өмнө нь ярилцлага өгөх үед эдийн засгийн хэвийн гэж үзэж байсан. Гэхдээ л олон хүндрэл эдийн засагт нүүрлэсэн үе байж. Гэтэл өнөөдөр корона эдийн засгийг бүр хүндрүүллээ.
-    Манай улсын эдийн засаг уул уурхайгаас маш их хамааралтай. Уул уурхайн түүхий эдийн үнэ, гадаад зах зээлийн эрэлт манай эдийн засагт шууд нөлөөлдөг. Бидний экспорт уул уурхайгаас гадна ноолуур. Өнөөдөр Монголын эдийн засагт 2012 оноос хойших өрийн дарамт, корона хоёр таагүй нөхцөл үүсгэж  байна.

-    Яг ямар асуудал эдийн засагт тулгарч байна вэ?
-    Гадаад зах зээлийн үнэ, ханшийн хэлбэлзлэл, ковидоос үүсэлтэй хилийн хориг, төсвийн орлого ихээр тасалдсан, ирэх гурван жилд төлөгдөх ёстой бондын өр, БНХАУ-ын банкны свопын зээл гэсэн томоохон тулгамдсан асуудлуудыг шийдэх хэрэгтэй болж байна.

-    Хятадын банкны своп зээл гэж сүүлийн үед нэлээд яригдаж байна. Тодруулахгүй юу?
-    Своп гэдэг нь бид Хятадаас юань аваад түүнтэйгээ тэнцэх төгрөг байршуулах тухай ярьж байгаа юм. Гол зорилго нь Хятадаас юаны төлбөрийг ам.доллар, еврогоор бус төгрөгөөр төлбөр хийнэ.

-    Ийм хэлбэрийн санхүүгийн хэрэгсэл манайд хэр ашигтай байдаг юм бол?
-    2008 онд ам.долларын хэрэгцээ өсмөгц, төлбөрийг төрөлжүүлэх хэрэгтэй болсон. Тийм учраас ам.доллараар бус төгрөгөөр төлбөр хийх зорилгоор байгуулагдсан хэлцэл. Харамсалтай нь, өнөөдөр зээлийн томоохон эх болгож ашиглаад байна.

-    Ойрын гурван жилд төлөх том өрүүдийг яаж шийдэх вэ?
-    Улсын гадаад өр 2020 оны эхний хоёр улирлын байдлаар 30 гаруй тэрбум ам.доллар болсон. Үүний долоон тэрбум гаруй нь Засгийн газрын өр. Ирэх гурван жил Засгийн газар гурван тэрбум доллар төлөх ёстой. Энэ нь манай экспорттой харьцуулахад өндөр тоо. Тэгэхээр ирэх жилээс хугацаа хойшлуулах арга хэмжээ авахаас өөр арга байхгүй.

-    Манай улсын зэрэглэл бонд гаргах боломжтой юу?
-    2016 онд маш таагүй зэрэглэл буюу С зэрэглэл болж буурсан. Энэ нь дампууралд ойртсон гэсэн үг. Харин ОУВС-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн ачаар В зэрэглэлтэй болсон. 

-    Яагаад зэрэглэл өсөв?
-    ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд макро эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайжирсан.

-    Цаашдаа тогвортой байж чадах болов уу?
-    Буурах магадлалтай. Гадаад худалдааны эргэлт багасч, өр нэмэгдэж, экспорт буурч байгаа. Ирэх жилүүдэд төлбөрийн дарамт нэмэгдэх нь зээлжих зэрэглэлийг бууруулах шалтгаан болж магадгүй.

-    Одоогийн зэрэглэлээр бонд босгох боломжтой юу?
-    Монгол Улс дангаараа бонд гаргах боломжгүй. Өнөөдөр манай улс зайлшгүй түнш орны хөтөлбөртэй байж л бонд гаргана.

-    Манай эдийн засгийн хэтийн төлөв ямар байна?
-    Саяхан хоёр том судалгаа гарлаа. Нэг нь Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхай ба оюун ухаан” сэдэвт судалгаа. Нөгөөх нь АНУ-ын департаментаас гаргасан бүх улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны судалгаа. Энд манай улсын хөрөнгө оруулалтын орчны талаар олон муу үзүүлэлтүүд гарсан байгаа.

-    Хамгийн ноцтой нь юу байна?
-    Жишээлбэл, газрын зөвшөөрөл хэн олгоод байгаа нь мэдэгдэхгүй. Хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байна гэж үзэж байна. Засгийн газар, ашигт малтмалын газар, аймаг, сум гээд аль нь олгоод байгаа нь ойлгомжгүй. Дээр нь хууль эрх зүй нь бас ойлгоход хэцүү. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтад саад болдог хүчин зйүл олон байгаа гэж үзэж байна. Ашигт малтмалын зөвшөөрөл сүүлийн үед олгоогүй. Давхардуулан олгосон гээд хөрөнгө оруулагчдыг үргээх олон асуудлыг судалгаа харуулсан. Одоо хөрөнгөө оруулсан улсууд л үргэлжлүүлэн ажиллахаас шинээр хөрөнгө оруулахад таатай бус нөхцөлтэй гэж үзээд байгаа юм. Цаашдаа хөрөнгө оруулалт хэзээ сэргэхийг хэлэх боломж бага дэлхий дахинаар ковидын байдал хааш эргэхийг хэнч хэлж мэдэхгүй байна.

-    Саарал жагсаалтын асуудал юу болж байгаа бол?
-    СЗХ-ны даргын яриагаар бид саарал жагсаалтад байгаа. Евро бүсийн орнууд Монгол Улсад хийгдэж байгаа мөнгөн болон мөнгөн бус гэрээ хэлцлүүд. Үүнийгээ ил тод болгохыг сануулж байгаа юм. 2007 онд их долоогийн орнууд дэлхий даяар байгаа далд эдийн засгийг ил болгох, татвараас зайлсхийж байгаа мөнгийг ил тод болгох зорилт дэвшүүлсэн. Дээрх шаардлагуудыг өндөр хөгжилтэй орнууд биелүүлчихсэн. Хөгжиж байгаа орнуудыг энэ шаардлагыг биелүүлэхийг уриалж байгаа юм. Гэхдээ ганцхан Монгол Улсад сануулаад байгаа юм биш. Хөгжиж байгаа бусад олон оронд дээрх шаардлагуудыг тавьж байна.

-    Манайхан энэ шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй байгаа юм уу?
-    Бидэнд тавьж байгаа олон шаардлага байна. Жишээлбэл, нэг этгээдээс нөгөө этгээдэд хөрөнгө шилжихэд бүртгэл хийхгүй байна. Хийсэн ч ил тод биш. Тодорхой компани, банкуудын ашгийн эцсийн эзэмшигч нууц. Эдгээр байдлуудыг засах шаардлага тавьж байгаа.

-    Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үнэн үү?
-    Үнэн. Тэр асуудлыг дахин шалгах ёстой гэж үзээд байгаа юм. Манайхан цаасан дээр бичээд өгчихсөн. Гэтэл олон улсын санхүүгийн байгууллагууд зүгээр нэг бичиг, цаасанд шууд итгэхгүй. Дүрмийн санг бүрдүүлсэн мөнгө үнэхээр цэвэр мөнгө эсэхийг шалгана. Банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн эх үүсвэрээ цэвэр гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас өнөөг хүртэл шалгалт үргэлжилж байгаа гэж ойлгож байна.

-    Зээлийн хүүг бууруулна гээд Монголбанк бодлогын хүүгээ найм болголоо. Энэ зөв үү?
-    Бодлогын хүүг өнөөдөр нэг хувиар бууруулаад маргааш зээлийн хүү буурахгүй. Энд нэлээд хугацаа орно. Манйх шиг жижиг, хаалттай зах зээлтэй оронд зээлийн хүү буурахад нэлээд хугацаа орно. Зах зээл өндөр хөгжсөн оронд бодлогын хүү буурахад тэр дороо зах зээлд үйлчилж эхэлдэг. 

-    Бодлогын хүү түргэн хэрэгждэг улс орны жишээ байна уу?
-    Вьетнам Улс байж болно. Энэ улсад хэрэв бодлогын хүү буурвал 3-4 сарын хугацаанд зах зээлд мэдрэгдэнэ. Энэ улсын эдийн засаг нь төрөлжсөн манайх шиг дан уул уурхайгаас хараат биш. Тэнд олон салбартай учраас бодлогын хүү буурмагц бүх салбарт үйлчилж эхэлнэ. Харин манайд Монголбанк хүүгээ яаж ч бууруулсан дэлхийн зах зээлд уул уурхайн үнэ унахад л хэнч зээл авахаа болино. Бодлогын хүү буурсаны үр дүн ч гарахгүй. Хүү буураад, зээл нэмэгдлээ гээд эдийн засаг шууд сэргэхгүй. Ялангуяа өнөөгийн ковидын нөхцөл эдийн засгийн үйл ажиллагааг боомилоод байгаа нөхцөлд бодлогын хүүний бууралт зах зээлд удаан нөлөөлнө.

-    Оросын эдийн засагч монголчууд шинэ төмөр зам, нефтийн үйлдвэрийн эрсдлийг сайн тооцоогүй гэж бичсэн байсан. Үнэхээр эрсдэл байгаа болов уу?
-    Шинэ төмөр замыг дотоодын компаниуд хямдаар барьж байгаа тухай ярьж байна. Бүрэн зураглал, ТЭЦҮ нь гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Ямар өртөгөөр баригдаад хэдий хугацаанд, ямар хэмжээний юм зөөж ямар ашиг орлоготой байх нь тодорхой бус. Ямарч байсан ил тод бус байгаа юм.

-    Хоёр дахь зах зээлд түүхий эдээ гаргах боломж гэж үзээд байгаа шүү дээ.
-    Зарим нэг улстөрчдийн яриа шүү дээ. Далайн боомтоор гаргана гэж ярьж байна. Яаж гэдэг нь сонин.  

-    Яагаад?
-    Сайншандаас далайн боомт руу тээх төмөр зам хаана байна. Хэрэв Сайншандаас далайн боомт руу тээнэ гэвэл Дорнод руу төмөр зам тавих асуудал яригдана. Дахиад их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Бас их хугацаа шаардана. Алтанбулагаар тээнэ гэвэл өнөөгийн байгаа ачаалал дээр тийм их ачаалал нэмэх ямарч боломж байхгүй. Дээр нь Алтанблугаар тээж далайн боомт хүргэхэд ямар өртөгтэй болох тооцооо алга. Энэ нь өөрөө эрсдэл байхгүй юу.

-    Газрын тосны үйлдвэрт ямар эрсдэл байна?
-    Бас л том эрсдэл дагуулж байгаа. Одоо яригдаж байгаа нь газрын тосны үйлдвэрийн тухай л асуудал. Гэтэл түүхий эдийн ханган нийлүүлэлтийн тухай юу ч яригдахгүй байна. Газрын тосны үйлдвэр гэдэг бол ажиллаад эхлэх юм бол тасралтгүй түүхий эдээр хангагдаж байх ёстой. Гэтэл энэ талаар ямар нэгэн зүйл яригдахгүй байна. Тамсагаас түүхий эдээ авах тухай яригдаад байна. Гэтэл түүхий эдийн тээвэрлэлт, өртөг зардал ямар байх нь тодорхойгүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээл яаж хүргэх нь тодорхой бус. Манайд шатахуун зөөх төмөр замын тээврийн хэрэгсэл байхгүй. Энэ бүхний тооцоог би л лав олж үзээгүй.

-    Манай нефтийн компаниуд шатахуун оруулдаг биз дээ?
-    Тэд Оросын тээврийн торхнуудыг түрээслэдэг.

-    Ойрын хугацаанд манай эдийн засагт нааштай үзүүлэлт байна уу?
-    Эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай.

-    Уул уурхайгаас өөр ашиг олж байгаа, монголчуудыг тэжээж байгаа зүйл байхгүй байна шүү дээ.
-    Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаанд уул уурхайгаар л амьдрана. 
 


Н.Энхбаяр: Манай улс ойрын арван жилд уул уурхайгаар л амьдрана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188