• Өнөөдөр 2024-04-19

Ж.Дэлгэрсайхан: Урд хөрш манайхаас нүүрс авахгүй байх ч боломжтой. Харин манайх нүүрсээ урд хөрш рүү гаргахгүй байж чадахгүй

2020-09-18,   778

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэл харьцангуй сайжирч байна. Түүхий эдийн экспорт ч нэмэгдсэн. Цаашид энэ эрчээ хадгалж, экспортоо нэмэх боломж бидэнд байна уу?
-Монгол Улсын эдийн засаг эмзэг, цөөн салбараас хамааралтай. Ялангуяа эрдсийн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай учраас бид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хүчтэй өртсөн. Цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ажлаа зөв зохион байгуулсан ч эрсдэл нь эдийн засагт туссан. Үүний илрэл нь Монгол Улсын эдийн засаг  нэгдүгээр улиралд 10.9, хоёрдугаар улиралд 9.7 хувийн уналттай гарснаас харагдаж байгаа юм.

Саяхан гарсан статистик үзүүлэлтийг харвал энэ уналтаасаа харьцангуй сэргэж байгаа дүр зураг харагдаж байна. Тухайн үед экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулах 30-40 хувийн уналттай байсан. Одоо харьцангуй сэргэж, экспорт, импортын хэмжээ 20 орчим хувийн бууралттай байна. Гадаад худалдааны эргэлт ч гэсэн нөхөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Оны төгсгөлд экспортын хэмжээг нэмж чадвал өмнө нь орж ирсэн цохилтыг саармагжуулах боломж бий.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийлээ. Өндөр алдагдалтай төсөв баталсан гэж судлаачид шүүмжилж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгох хэрэгтэй. Сангийн яамны төсөв, санхүүгийн боломж, бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ, боломжтой харьцуулахад маш их хэмжээний алдагдал болно. Мэдээж бид цар тахалтай холбоотой иргэдийн орлогыг хамгаалах,  аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зэрэгт тодорхой хөтөлбөрүүд зарласан.

Энэ хөтөлбөрийн зардал нийт дүнгээрээ зургаа орчим их наядад хүрсэн. Ялангуяа нийгмийн халамжийн чиглэлээр маш их зардал гаргасан. Энэ нь их хэмжээний төсвийн алдагдал хүлээхэд хүргэж байгаа юм. Хүнд нөхцөл байдалд зайлшгүй авах арга хэмжээ  байсан. Гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл бий. Тодруулбал, төсвийн хүрээн дэх хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардлуудыг танаж чадаагүй. Хөрөнгө оруулалтын зардлуудыг царцаах боломж байсан гэж эдийн засагчид үзэж байгаа. Би үүнтэй санал нэгдэж байна. Хоёрдугаарт, энэ зардлыг царцаахгүй, төсвөөр дамжуулж эдийн засгаа дэмжих нь гэвэл үүнийгээ илүү оновчтой байдлаар тусгах ёстой байсан.

Тухайлбал, онцгой хүлээгдэж буй эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр зоримог шийдвэр гаргаж, санхүүгийн нөөцөө энэ чиглэлд төвлөрүүлсэн нь зөв байв. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, оновчтой төсөв байхаар байлаа. Тиймээс л “Төсвийн алдагдал өндөр байна. Илүү бууруулах боломж байсан” гэх шүүмжлэлүүд гарч байгаа юм.

-Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийг 2020 онд -2.6 хувиар агшина гэсэн судалгаа гаргажээ. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа юм биш үү?
-Манай эдийн засаг оны эцсийн гүйцэтгэлээр өндөр хувиар унана гэж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалж эдийн засгийн үзүүлэлт харьцангуй өссөн. Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн хавар гаргасан судалгаагаар 1.6 орчим хувиар унана гэж таамаглаж байсан. Харин саяын судалгаагаар эдийн засгийн нөхцөлийг илүү гутранги харсан байна.

Монгол Улсын эдийн засагт цар тахлын нөхцөл байдал өнгөрсөн хавраас илүү хүндээр тусна гэсэн сануулга гэж ойлгож байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн экспортын хэмжээ, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол эрсдэл үүсэхгүй. Дээр нь манай хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хямралд бага өртсөн. Хөдөө аж ахуй, газар тариалангийн гүйцэтгэлийн үр дүн тун удахгүй гарна. Эндээс эдийн засгийн эерэг үр дүн гарна гэж найдаж байна. Манай улсын эдийн засаг оны эцэст хасах руу орох нь тодорхой. 2009 онд манай эдийн засгийн өсөлт хасах руу орж байсан. Гэхдээ 2.6 хувийн уналтад хүрэхгүй байх.

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус улсын нүүрсний хэрэглээ багасаж байгаа.  Манай улсын эдийн засгийг харгалзаж нүүрс авч буйгаа мэдэгдсэн. Тэгэхээр үүнд манайх анхаарал хандуулах шаардлагатай болов уу. Урд хөрш нүүрсний экспортоо багасгавал манай эдийн засаг дахин хүнд байдалд орно шүү дээ?
-Бид байдлыг бодитоор харах ёстой. Үүнийг үндэслэлтэй мэдээлэл гэж ойлгож байгаа. БНХАУ жилд дөрөв орчим тэрбум тонн нүүрс олборлодог. Сүүлийн жилүүдэд энэ тоо харьцангуй буурсан. Гэхдээ энэ тоо манай улсын энэ жил олборлохоор төсөөлсөн 42 сая тоннтой харьцуулахад асар их тоо.

БНХАУ өөрөө асар их нүүрсний нөөцтэй. Мөн гангын үйлдвэрлэлээ багасгаж, нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа учраас энэ мэдээлэл үндэслэлтэй гэж үзэж болно. Урд хөрш манайхаас нүүрс авахгүй байх ч боломжтой. Харин манайх нүүрсээ урд хөрш рүү гаргахгүй байж чадахгүй. Тус улсын Элчин сайд хатуу боловч үнэн үгийг хэлсэн. Дээр нь манайх нүүрсний импортын тэргүүлэх байр сууриа алдах магадлалтай байна.

-Эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч нүүрсний экспортоос шууд хамааралтай байна. Цаашид бид яах ёстой вэ?
-БНХАУ манай худалдаа эдийн засгийн том түнш хэвээр байх болно. Тиймээс бид том хөрш улстай эрдсийн талаар харилцахаас гадна өөр чиглэлд эдийн засгийн сууриа тэлэх хэрэгтэй. Ялангуяа, эрдсийн салбартаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Зэс хайлуулах, нүүрс угаах ган төмөрлөгийн үйлдвэрүүд байгуулах зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбаруудаа дараагийн шатанд гаргамаар байна. Эдийн засгийг солонгоруулах, олон тулгууртай болгоно гэж ярьж байгаа ч өнөөдөр Монгол Улсын хөгжүүлэх урт хугацааны үндэслэл бий бодлого, бэлэн төлөвлөгөө алга.

-Ирэх жил манайх бондуудын өрөө төлнө. Гэтэл манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулна гэх мэдээлэл бий. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-2016 онд манай зээлжих зэрэглэл нэлээд буурсан. Харин 2017 оноос сэргэж, өнөөдрийг хүртэл тогтвортой байгаа. Өнгөрсөн хавар бидний зээлжих зэрэглэлийг голлох агентлагууд хэвээр хадгаллаа. Нэг агентлаг төлвийг нь сөрөг болгосон. Ирэх сард голлох агентлагууд зээлжих зэрэглэлийг тодорхойлж эхэлнэ. Энэ тохиолдолд зээлжих зэрэглэл буурах хоёр том эрсдэл байна. Нэгдүгээрт, Монгол Улсын өр нэмэгдсэн. Цар тахалтай холбоотой Засгийн газрын өр нэлээд ихэссэн. Дээр нь өндөр алдагдалтай төсөв баталлаа. Тэгэхээр санхүүгийн байдал сөрөг тал руугаа явж байна гэсэн үг. Энэ нь манай зээлжих зэрэглэлийг бууруулах гол эрсдэл болно.

Зээлжих зэрэглэлийг бууруулахад төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл, өрийн хэмжээ голлох нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт, бид саарал жагсаалтаас гарч чадах эсэхээс шалтгаална. Саарал жагсаалтаас гадна манайх Европын холбооны эргэлзээтэй жагсаалтад орчихсон байгаа. Саарал жагсаалтаас аравдугаар сард гарч чадах эсэх нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төвшинд нөлөө үзүүлнэ. Зээлжих зэрэглэлийн асуудал манайд чухал. Учир нь бид дараа жил өрийг өрөөр дарах уу, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран дахин хөтөлбөр хэрэгжүүлэх үү гэх сонголтыг хийнэ.

-Манай улс саарал жагсаалтаас гарах болзлоо хангасан гэж албаныхан хэлж байгаа. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр байна. Иргэдийн сэтгэл зүйг тайвшруулах арга уу?
-Өмнө нь саарал жагсаалтад орж байсан түүхийг харвал дунджаар 18-24 сар буюу жилийн хугацаанд жагсаалтаас гарч байсан нь ховор. Бид өнгөрсөн жилийн өдийд буюу аравдугаар сард саарал жагсаалтад орж байсан. Ингээд бидэнд дөрвөн чиглэл, зургаан даалгаврыг бидэнд өгснөөс гурвыг нь хоёрдугаар сард, үлдсэнийг нь зургадугаар сард биелүүлсэн. Тэгэхээр ФАТФ-ын намрын хурлаар саарал жагсаалтаас гарах эсэх нь шийдэгдэнэ. Бид одоо гарч чадвал уг жагсаалтаас харьцангуй хурдан гарч байгаа тохиолдол болох нь.


Ж.Дэлгэрсайхан: Урд хөрш манайхаас нүүрс авахгүй байх ч боломжтой. Харин манайх нүүрсээ урд хөрш рүү гаргахгүй байж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188