• Өнөөдөр 2024-03-29

Ж.Гомбожав: 76 хүнтэй парламент гэдэг хяналтгүй төрийн тогтолцоо юм байна

2020-02-17,   980

Төрийн хар хүн гэдэг тодорхойлолт түүнд тохирно. Эрх ашгаа зөв эрэмбэлж социалист нийгмээс ардчилалд шилжих амаргүй цаг үед хариуцлагатай алба хашиж, дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймонгоос өөр бараагүй улсынхаа эдийн засгийг сэргээхийн төлөө хүчин зүтгэж явсан тэр тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ бат бөх ойлгуулах сан гэж санаагаа чилээж явдаг нэгэн. Тиймдээ ч эдийн засгийн баталгаагүй тусгаар тогтнол гэдэг хэврэг учир түшээд амин хувийн эрх ашгаа хойш тавьж, улсаа, ард түмнээ гэсэн бодлого явуулаасай гэж хүсдэг. Энэ хүн бол АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав юм. Илүүг нуршилгүй түүний яриаг хүргэе.  

-Их сургуулиа төгсөөд л та даргаар хуваарилагджээ. Энэ цагаас хойш дөрвөн ч аймгийн дарга, АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр  албан тушаалыг гавьяаныхаа амралтад гарах хүртлээ хашсан байх юм. Аймгаас аймгийн хооронд томилогдохдоо өндөр настай аавыгаа дагуулсаар явсан гэж сонсож байлаа. Тэгэхээр таны ижий, аав ямар хүмүүс байв, та хаана өсөж торнив гэдгээс ярилцлагаа эхэлмээр санагдаж байна?
-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын хүн. 1940-өөд оны эхээр хөдөөний малчин айлын гурав дахь хүү болж төрсөн. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр, ах, нэг дүүтэй. Одоо дүү маань бий. Манай аав насаараа улсын бэлтгэлийн мал тууварт явсан хүн. Тухайн үед жил бүрийн тавдугаар сарын 15-наас улсын бэлтгэлд мал авдаг байсан юм. Тэр малыг сүрэглээд 1000-1500 болгоод Сүхбаатар аймгаас Дорнодын Эрээнцавд хүргэх ажилд арваннэг, арванхоёрдугаар сар хүртэл явна. 1951-1953 онд Хойд Солонгос хэцүү байдалтай байсан. Тэр үед манай хоёр орны харилцаа сайн байсан учраас тусламж болгож, мал өгсөн юм билээ. Түүний нэг хэсгийг манай аав тууж, Манжуур хүргэж өгч байсан гэдэг. Сүүлд намайг УИХ-ын дэд дарга байхад Хойд Солонгосын Элчин сайд намайг хүлээж авч уулзаад “Монголчууд манай орныг ядуу зүдүү, дайнтай байхад олон мянган малаар тусалж байсны дээр өнчин өрөөсөн олон хүүхдийг Улаанбаатарт цэцэрлэг, сургуульд хамруулж байсан. Тэр үеийн хүүхдүүд Монгол их хайртай, элэгтэй байдаг” гэж хууч хөөрч байлаа. Манай аав 22 жил тууварт явсан. Ээж минь жирийн л нэг малчин эмэгтэй байв. Хоёр ах маань цэрэгт, сургуульд яваад би зунд ээжтэйгээ үлдэж, ажилд нь туслана.  Хөдөөний хүүхэд ямар ажил хийдэг  билээ, түүнийг хийж өссөн. Удалгүй сургуульд ч орох болсон.

-Тэр үеийн малчид хүүхдээ сургуульд сургах дургүй байсан. Таны аав, ээж энэ тал дээр цааргалж байв уу?

-1950-иад оны эхэн үе болсон учраас зарим малчин хүүхдээ эрдэм номтой болгоё гэдэг бодолтой болсон байсан. Хоёрдугаарт, манай дарьгангачуудын нэг онцлог байсан. Тэр нь айлууд олон хүүхэдтэй. Дөрвөн хүүхэдтэй айл цөөхүүлээдээ орох жишээтэй. Сүүлд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад Баяндэлгэр суманд 22 хүүхэдтэй айл байлаа. Тэгээд л бод. Нэгэнт олон хүүхэдтэй айл нэг хүүхдээ ч гэсэн сургууль соёлд явуулъя гэж боддог байсан болов уу. 1960-1970-аад оны эмч, багш, инженер дотор Сүхбаатар аймгийн сэхээтнүүд олон байсан шүү. Энэ нь хүүхдүүдээ сургуульд явуулж байсантай холбоотой байх. Би Асгатынхаа бага сургуульд дөрвөн жилд сураад үргэлжлүүлж, Баруун-Урт хотод ирж, дунд сургуулиа төгссөн. 1960 онд X ангиа төгсдөг жил аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Батхүрэл гэдэг хүн 10 гаруй хүүхэд дуудсаны нэг нь би. Тэр хүн “Та нарыг гадаадад сургуульд явуулна” гэлээ. Ингээд намайг усны инженерийн сургуульд явуулахаар болсон гэсэн. Тэр үед усны инженер гэж юу байдгийг огт мэдэхгүй шүү дээ. Ээж маань тухайн үед сумаас аймагт ирж таарсан юм. Тэгээд ээждээ хэлтэл “Ээ миний хүү тэгж усанд үйж үхээд яах вэ. Битгий яв” гэсэн. Манай нутагт гол, нуур байхгүй шүү дээ. Маргааш нь очоод нөгөө хүндээ “Би гадаад руу сургуульд явахгүй. Манай аав, ээж зөвшөөрөхгүй байна” гэлээ. Тэгтэл удалгүй дахин дуудаад “Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуульд ор” гэхээр нь зөвшөөрөөд орсон. Гэхдээ эдийн засаг гэж юу байдгийг ч мэдэхгүй. Усны инженер, эдийн засаг хоёрын аль алиныг гадарлахгүй учраас малын эмч, эсвэл зоотехникч л болъё гэж бодож байсан юм. Тухайн үед багш, эмч эсвэл малын эмч л болдог байлаа. Намар нь Эдийн засгийн дээд сургуульдаа очиж шалгалт өгсөн чинь “Тэнцлээ” гэнгүүтээ Зэлтэрийн Сангийн аж ахуй руу тариа хураалтад явуулчихдаг юм. Ингэж л оюутан болж, 1964 онд эдийн засагч-статистикч гэдэг мэргэжлээр төгссөн дөө. 

-Сургуулиа төгсөөд хаана хуваарилагдав. Эдийн засаг сонирхолтой байсан уу?

-Сонирхохгүй гээд яах вэ. Эхний нэг жил сарын 225 төгрөгийн цалинтай. Онц сурвал 30, сайн сурвал 20 хувийн нэмэгдэлтэй. Нэг жил сурсны дараа “Би яагаад онц сурч болохгүй гэж” гээд мэрийсэн. Онц сурсаар сургуулиа төгсөх жилээ аймагтаа дадлага хийдэг юм. Тэр үед ээж маань бурхан болж, аавтайгаа хоёул үлдлээ. Зун нь сургуулиа төгсөхөд намайг аймагт маань биш Дундговь аймгийн Статистикийн төв газрын даргаар томилдог юм байна. Аймаг руугаа л явна, өөр тийш явахгүй гэлээ. Манай төгсөлтөөс 20 гаруй хүүхэд төгссөний гурвыг нь Статистикийн товчооны даргаар томилж байгаа нь тэр. Аавыгаа тэр томилсон даргатай нь уулзуулах гээд очуултал халгаахгүй шинжтэй байсан гэнэ. Ингээд л аавыгаа аваад Дундговьд ажиллахаар явсан. Тэнд би зургаан жил Статистикийн товчооны дарга хийгээд таван жил нь аймгийн нэгдүгээр орлогч даргаар ажилласан. Дундговьд очоод нэг жил ажиллаж байтал Санхүүгийн хэлтэст дадлага хийхээр төгсөх курсийн охин ирсэнтэй болзож гүйсээр нэг гэрт орчихлоо. 1970 онд намайг Коммунист намын дээд сургуульд шалгалт өг гэлээ. Ингээд шалгалтад тэнцээд ЗХУ руу хоёр жил Улс төр судлалаар сураад ирсэн. Хойно байхад Элчин сайдын яаман дээр Монголоос утсаар ярья гэнэ гэхээр нь очсон чинь намын төв хорооноос н.Жадамбаа гуай яриад “Таныг Дорноговь аймгийн даргаар томилж байна” гэлээ. Тэгэхээр нь “Би говийн аймагт 10 жил ажиллалаа, дахин говь руу явмааргүй байна” гэхэд “Намайг таньд мэдэгд гэсэн болохоос саналыг тань сонс гээгүй” гээд утсаа тасалчихсан. Ингээд л Дорноговь руу томилогдсон доо. Тэнд мөн 10 жил аймгийн даргаар 1983 оны есдүгээр сар хүртэл ажиллалаа. Ингээд байж байтал Намын төв хорооноос дуудаж байна гэлээ.

-За?
-Яваад очтод Сүхбаатар аймгийн ажил тааруу яваад байна. Даргыг нь өөрчилнө. Таныг тийш томиллоо гэлээ. Тэр үед үгүй гэж хэлэх эрхгүй шүү дээ. Төрсөн нутагтаа томилогдоход аав маань “Нутагтаа очъё” гээд баярлаж байсан. Тэнд хоёр жил гаруй хугацаанд ажиллаад байж байтал Төв хорооноос Төв аймгийн Засаг даргаар томилох тушаал гарчихжээ. “Төв аймаг бол Улаанбаатарын ард талын хэсэг. Тэнд шинэ хүн тавьж турших боломж алга. Чамаас өөр ажиллах хүн алга” гэсэн дээ. Ингээд Төв аймгийн Засаг дарга боллоо. Үүний өмнө нэг зүйлийг ярихад аав маань нутагтаа ирээд долоо хоноод бурхан болсон. Ямар ч өвчин хуучгүй хүн байсан. Дорноговиас намайг явахад тэндхийнхэн намайг үдэж өгсөн. Маргааш нь шартаад хэвтэж байхад аав өглөө нь бантан хийчихсэн намайг дуудаж байсан хөнгөн шингэн биетэй хүн байв. Аавыг бурхан болоход  л би хүний сэтгэл ханана гэж байдаг юм байна гэж бодсон. Сэтгэл нь тайвширчихаар болчихдог юм шиг. Аав маань гэвш хүн байсан юм. Өвөө маань гавж хүн байв. Аав гэр бүл зохиохоосоо өмнө Өвөрмонголд 10 жил шашин номын мөр хөөж амьдарч байсан юм билээ. Тэр үед багш нь “Чи шашны замаа хөөвөл хүнд тустай хүн болох юм байна. Гэхдээ цаг цөвүүн болох нь. Амьдралаа бод” гэсэн юм билээ. Ингээд байж байтал ээжийнх нь бие муудсан гэж хэл ирээд Монголдоо ирээд хар болж, ээжтэй минь ханилсан гэсэн. 

-Аав тань танд юу гэж захиж байв. Хүүгээ олон жил дагаж явсан хэр нь нутагтаа очъё гэж нэг ч удаа хэлж байгаагүй юу?

-Би сургууль төгсөөд л өндөр цалинтай ажил хийсэн учраас цай, хоол, чихэр, үзэм гээд дутагдах гачигдах зүйлд аавд байгаагүй. Миний хань аавд маань их сайн. Намайг Коммунист намын дээд сургуульд явсан хойгуур манай аав нутаг руугаа яваагүй, бэртэйгээ ач нараа өсгөлцөөд л байж байсан. Бусад хүүхдийндээ ч очоогүй. Аав шашны өндөр боловсрол эзэмшсэн учраас үүх түүх маш сайн мэднэ. Би X анги төгссөн жил аавтайгаа хоёр шөнө, бүтэн өдөр хууч хөөрөөд дуусаагүй шүү дээ. Их гоё ярина. Харин ээж маань хурц ааштай хүн байв. Би ээжийнхээ аашийг дуурайсан. Гаднаас нь харахад амгалан, тайван юм шиг хэр нь хурц зантай. Аав маань намайг загнаж, зодох нь бүү хэл нэг удаа ч хялайж харж үзээгүй. Аав маань намайг “Манай ээжийн сүнс” гэж эрхлүүлдэг байлаа. Ээжийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйлийг би “Минийх” гэж булаацалддаг байсан гэсэн. Ээж маань бурхан болохдоо аавд “Миний өвгөн нэг л хүүхдийндээ байгаарай. Хүүхэд хүүхдийнхээрээ дамжаад, хиртэй хувцас аваад явж болохгүй шүү. Өөрийнхөө сэтгэлд таарсан хүүхдийндээ байгаарай” гэж хэлсэн байгаа юм. Манайх дөрвөн хүүхэдтэй. Аавыг байхад манай хүүхдүүд ханиад шуухинаа хүрч үзээгүй. 

-Төв аймгийн даргаар хэдэн жил ажиллав. Тэнд очиход ямар нөхцөл байдал угтаж байв даа. АИХ-ын дарга болсон үе тань юунаас эхлэлтэй юм бэ?
-Тэнд би зургаан жил ажилласан. Төв аймгийн дарга байхдаа АИХ-ын даргыг хавсарч хийдэг байсан юм. 1988-1989 оны үед аймгийн Засаг дарга нарын төлөөллийг оролцуулсан комисс байгуулахад би байсан. Тухайлбал, 1990 оны Сонгуулийн тухай хуулийг анх боловсруулах комисс байгуулахад  намайг оруулж, байсхийгээд дуудна. Улаанбаатар хотын 20 жилийн төлөвлөгөөг 1986 онд хэлэлцэхэд мөн л ажлын хэсэгт байсан. Төв аймаг 27 сумтай ч Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр байгаа шүү дээ. Тэр үед АИХ-ын хэддүгээр ч билээ чуулган болоод намайг даргаар нь сонгосон. Тухайн үед хамгийн олон буюу 430 депатуттай байсан. Би АИХ-ын 10 дахь дарга. Талийгаач н.Уртнасан 11 дэх буюу хамгийн сүүлийн дарга байсан. Бид хоёрын өмнөх АИХ-ын дарга нар мундаг хүмүүс байлаа. Төв аймгийн даргаар дөрвөн өдөр, хоёр өдөр нь Төрийн ордонд ажиллаж АИХ-ын даргын алба хашна. Төрийн ордонд 451 тоот өрөөнд гурван алба хаагчтайгаар ажиллана. 

-Тэр үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байв. АИХ-ын дарга болсны дараа тань Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн байх аа?
-Улс орон даяар дарга нарыг огцруулах кампанит ажил өрнөлөө. Үйлдвэрийн, сум, аймгийн дарга нар байсан ч солино гэх болсон. Намайг ч мөн ялгаагүй. Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар “Та хоёр давхар алба хашиж яах вэ. Төвд ажилд авъя” гэдэг юм. Тэгэхээр нь би “Аймгийн даргаас огцорсон АИХ-ын дарга байж болохгүй. Тийм учраас би аймагтаа намайг огцруулах, эсэхээр чуулган зарлая. Хэрэв огцруулахгүй бол би тэндээ үргэлжлүүлж гурван сар ажиллана шүү. Сонгогдохгүй бол АИХ-ын дарга ч хийхгүй” гэж ярьж тохирлоо. Тэр үед одоогийн “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, сэтгүүлч н.Баттөгс, Б.Дашрэнцэн нарын 10 гаруй хүн Төв аймгийн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан юм. Ингээд чуулган зарлаж, санал хураахад олонхын саналаар би Төв аймгийн даргаар сонгогдлоо. Нүүр бардам болно шүү дээ. Хажуугаар нь АИХ-ын даргын албаа хашна. Тэр үед АИХ-ын байнгын таван комисс гэж байсан. Иргэдээс санал хүсэлт их ирнэ. Гурван сар өнгөрөөд байж байтал намайг Засгийн газрын Хурал захиргааны хэлтсийн даргаар томилсон юм. АИХ-ын дарга хэвээрээ байгаа. Энэ шинэ алба орон нутгийг хариуцдаг газар. Тэр үед дэлгүүрийн лангуун дээр давс, бор гоймон хоёр л байсан. Бусад барааг картаар тоо, хэмжээтэй олгоно. 

-Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйлгүй эдийн засаг хүнд үеийг та бүхэн хэрхэн даван туулж байв даа?
-Манай хэлтэс хот хариуцсан хоёр байцаагчтай. Тэд бүгдийг хянаж, мэдээлэл бидэнд өгнө. Жишээ нь, тэр хэсэгт түлш очоогүй байна, автобус хүрч үйлчлээгүй, мах хүрэлцээгүй байсан гэх мэдээлэл авна. Энэ бүхнийг яаж таслахгүй хангах вэ гэдэгт гол бодлогоо чиглүүлсэн. Оросоос ирэх тусламж байхгүй, Хятадтай харилцаа сайжраагүй байсан үе. Бусад улс оронд ч социалист систем задарч, хэцүүхэн цаг хугацаа байсан юм. Тог цахилгаанаар таслахгүй, Улаанбаатарыг хөлдөөхгүй байх, гэр хорооллын ус түгээгүүрийн машин, нийтийн тээврийн үйлчилгээнд гол анхаарлаа төвлөрүүлж байж тэр цаг хугацааг давж гарсан. Сүүлийн үеийн хүүхдүүд мэдэхгүй байх. Тэр цаг үе маш хүнд байсан юм шүү дээ. 1990-1991 онд ОУВС, Дэлхийн банк зэрэг хамтын ажиллагааны байгууллага байгаагүй. 1991 оны сүүлчээс зарим нь донор орон гээд туслалцаа дэмжлэг үзүүлж эхэлсэн. Тэр үед Засгийн газар байгуулахад Тэргүүн шадар сайдаар Да.Ганболдыг Шадар сайдаар Д.Дорлигжавыг томилж байлаа. Тухайн үеийн МАХН дэмжиж, бодлогоор ардчиллын төлөөллийг оролцуулж байсан. Улсын бага хурлын даргаар хэнийг томилох вэ гэдэг яриа гарсан. Тэр үед би АИХ-ын дарга байсан юм. С.Зориг, Р.Гончигдорж, Ш.Гунгаадорж нарын нэр тунаж үлдсэн. Эхний санал хураалтаар Ш.Гунгаадорж гуай цөөнх болж, Р.Гончигдорж, С.Зориг үлдсэн юм. Ингээд хурал завсарлатаг АИХ-ын хэд хэдэн депутат надаас хэнийг нь дэмжих талаар асууж байна.

-Тэгэхээр нь та юу гэж хэлэв?
-Үрийн зулай үнэрлэсэн, эрхбиш Монгол юм байна Р.Гончигдоржийг нь сонгодог юм уу гэж бодож байна гэлээ. Депатутууд аймаг аймгаараа хэсэг болсон. Хэсгийн дарга нь аймгийн дарга нар байсан юм. Энэ хэсгийн ахлагч нарыг би ахалдаг. Тэд миний үгийг их дагана. Үндсэн хуулийн олон заалтыг дэмжүүлэхийн тулд П.Очирбат, Д.Бямбасүрэн хоёр депатутуудыг Их тэнгэрийн аманд дуудаж, уулзаж байсан юм. Үдээс хойш санал хураахад Р.Гончигдорж олонхын санал авч, Улсын бага хурлын дарга болж байв. 

-1990-1992 онд АИХ-ын депутатууд шинэ Үндсэн хуулийг батлахад амаргүй байсан гэдэг. Таныг депутатуудыг багцлах, лоббидох ажлыг сайн хийсэн гэх яриа бий. Энэ үеийн дурсамжаасаа хуваалцвал?
-21 хүний бүрэлдэхүүнтэй Депутатын хороо гэж байгуулсан юм. Энэ хороо АИХ-ын 400 гаруй депутатын Үндсэн хуулийн талаар хэлсэн үгнүүдээс алийг нь авах, авахгүй вэ гэдгийг үг үсэг, найруулгын хувьд боловсруулдаг үүрэгтэй байв. Хоёрдугаарт, намын бүлгүүд, бие даасан, залуучуудын, эмэгтэйчүүдийн, хоршоологчдын депцтатын хэсэг байсан. Тэдний саналыг энэ хороо зохицуулдаг. Манай хорооны тогтоолоор Үндсэн хуулийн эх баригч гэдгийг томилсон. Ингэхдээ Улсын бага хурлыг Б.Чимэд, АИХ-ыг Д.Лүндээжанцан төлөөлсөн. Эхийг нэр заасан хүн хариуцаж авах нь зүйтэй гэж үзсэн хэрэг л дээ. Индэр дээр гарч хамгаалдаг хүн нь Б.Чимэд байсан юм. Үндсэн хуулийн эх баригч гэхээр 1992 оны Үндсэн хуулийг зохиосон хүн гэж ойлгоод байдаг. Эх баригч, эх зохиогч гэдэг хоёр өөр ойлголт шүү дээ. Эхийг олонхоороо боловсруулж, П.Очирбат даргатай Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисс гэж байсан. Энэ төслийг Бага хурал, АИХ-аар хэлэлцэж баталсан юм. 

-Ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдлыг та юу гэж үздэг вэ. Өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж та боддог уу?

-Ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэжээ гэдэгтэй би санал нийлдэггүй. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа, цаашид ч гүйцэтгэх болно. 2019 онд 1992 оны Үндсэн хуулийн 25.7 хувийг өөрчиллөө. Тэгэхээр 70 гаруй хувь нь өөрчлөгдөөгүй үлдэж байгаа учраас үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хууль хэр зэрэг болсон бэ гэдгийг ганцхан Монголын эрдэмтэд, судлаачид дүгнэдэг юм биш. Үүнийг дэлхий нийтээр Үндсэн хууль судлаачдын судалгаагаар боломжийн сайн гэж дүгнэдэг юм билээ. Үндсэн хууль гэдэг өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг хууль биш. Үндсэн хууль гэдэг тухайн улс орны хөгжлийн чиг хандлагыг тунхаглан заасан, зарчмыг зааж байдаг. Хэдийгээр Үндсэн хуульд хоёр гурван удаа өөрчлөлт орсон ч гэсэн 1992 оны хууль үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа. Гэхдээ би 1992 оны Үндсэн хуулийг өө сэвгүй гэж хэлдэггүй. Өөрчлөх ёстой, дутуу бодсон зүйлүүд ч байсан. Үүнийг засаж залруулах нөхцөл байдал ч үүссэнийг үгүйсгэхгүй. Бид тэр үед нэг хүний удирдлагаас салах ёстой гэж 76 хүнтэй парламентын засаглалтай байхаар зааж өгсөн. Гэтэл энэ чинь хяналтгүй төрийн тогтолцоо юм байна. Үүнийг өнгөрсөн 30-аад жилийн үйл явц харууллаа. Уг нь бид хоёр танхимтай их хуралтай байх ёстой юм байна. Хууль тогтоодог хурлыг хянаж байх хэрэгтэй юм байна лээ. 1924, 1990-1992 онд ажиллаж байсан хоёр танхим их зөв байжээ. Хяналттай төрийн тогтолцоо хэрэгтэй, ингэхгүй бол 76 гишүүн өөрийн хүссэнээ хийгээд яваад байдаг хор урхагтай юм байна. Ард түмний хүсэж байгааг өөрсдөд нь таалагдахгүй бол хийдэггүй. Хоёрдугаарт, 76 гишүүн алдаа гаргаж болох юм гээд Үндсэн хуулийн цэцийг байгуулсан. Гэтэл одоо Цэц үүргээ гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ. 

-Тодруулбал?
-Цэц шүүх засаглалын хүрээнд тавих хяналтаа өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд тавьж чадаагүй. Бид ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа үүн дээр алдсан байна. Яагаад гэхээр, Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс томилдог. Аль төлөөллөөс сонгогдсон вэ гэдгээс хамаарч өөрсдийнхөө хүмүүст үйлчилдэг. Дээрээс нь Үндсэн хуулийн цэцийг шүүх гэдэг хэр нь эцсийн шийдвэр гаргадаг эрхийг нь өгөөгүй юм байна. Хяналт тавьдаг, дүгнэлт гаргадаг л байгууллага болжээ. Нөгөө талд хууль хяналтын байгууллагууд ч төрийн хяналтгүй болсон байна. Энэ байгууллагууд төрийн нэрийн өмнөөс хянаж байх ёстой. Хууль биелүүлж байна уу үгүй юу гэдэгт төрийн хяналт хэрэгтэй. Үүнд нэг танхим хяналт тавьж чаддаггүй юм байна. Намайг АИХ-ын дарга байхад ийм хяналт байсан. Нэг жишээ хэлэхэд, Засгийн газар 20 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол гарахыг мэдсэн Улс төрийн товчооны 14 хүн эхнэр хүүхдийнхээ нэр дээр банканд байсан 10 мянган төгрөгөөс дээш харилцах хадгаламжийг хугацаанаас нь өмнө салгуулчихсан. Жишээ нь, 20 мянган төгрөгийн хадгаламжтай байсан хүн 10-ыг нь өөр дээрээ, тавыг нь эхнэр, үлдсэн тавыг нь хүүгийнхээ дансанд хийсэн байгаа юм. 20 дугаар тогтоолоор 10 мянган төгрөгөөс дээш хадгаламжийн дүнг нэмэгдүүүлэхгүй, 10 хүртэл мянган төгрөгийн хадгаламжийг хоёр дахин нэмнэ гэсэн агуулгатай байсан юм. Тэр тогтоолыг Улс төрийн товчооны 14 хүн өөртөө ашигтай байдлаар хийсэн. Үүнийг мэдэнгүүт би тухайн үеийн Улсын ерөнхий прокурор н.Бахдалд хэлж шалгуулж, тэр хүмүүс ч буруугаа хүлээж байсан. Ийм хяналт тэр үед байсан. Одоо УИХ Засгийн газраа хянаж чадахаа больсон. Энэ нь 1999, 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой. Яагаад гэвэл, Засгийн газрын бүх гишүүн өнөөдөр УИХ-ын гишүүн байна. Өөрөө өөрийгөө хянаж, шалгана гэж байхгүй. 2019 оны өөрчлөлтөөр үүнийг бүрэн засаж чадсангүй. Намайг УИХ-ын дэд дарга байхад чуулганы ирц 51 хүнээс дээш ирж байж бүрддэг байсан. Үүнийг 2000 оны өөрчлөлтөөр дордуулсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр үүнийг зассан гэж байгаа ч 39 гишүүний босго л тогтоолоо. Гэтэл 39 гишүүн гэдэг 76 гишүүний 50 хувь шүү дээ. Ард түмний төлөөлөл энэ УИХ-д алга. Дарга хүн мөнгөний болоод хүн томилох эрх мэдэлтэй байх ёстой. УИХ 1992 оноос хойш боловсон хүчнийг томилдог олон эрхийг өөртөө авсан. Энэ нь завхрал үүсэх эхлэл байсан. Хууль тогтоох байгууллага хүн томилох эрхээс ангид байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь УИХ томилохоор хуульчиллаа. Энэ нь УИХ-ын мэдэлд шүүх хараат болж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо сайжруулсан биш дордуулсан олон өөрчлөлтийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн. 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмсэн, хассан гэх маргаан өнөө хэр гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болохоор тусгалаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуулиар Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөж болохгүй гэж хориглосон байдаг. Өөрчилбөл шинэ Үндсэн хуулиар өөрчлөхөөр заасан. Гэтэл суурь зарчим дээр алдсан. Ерөнхийлөгчийн, УИХ-ын эрх мэдлийг хасах, нэмэх, Засгийн газрынхныг нэмэх эрх мэдэл УИХ-д байхгүй. Гэтэл энэ жил нэмчихлээ. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг тухайн үед Үндсэн хуулийн цэц гаргасан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Г.Занданшатарт өргөн бариад үдээс хойш нь Үндсэн хуулийн цэцэд төслөө өгсөн. Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь зарчимтай бүрэн нийцсэн байвал зохино. Үндсэн хуулийн цэц энэ төслийг өргөн мэдүүлэхгүй” гэсэн хариу өгсөн байгаа юм. Тэгсэн үүнийг огт тоолгүй УИХ хэлэлцээд явчихсан. Хоёрдугаарт, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд Үндсэн хуулийн суурь зарчмын дөрөвт нь халдахаар тусгачихсан. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Цэцэд өргөдөл өгсөн, хэрэг үүсчихсэн. Нэгэнт Цэцэд хэрэг үүссэн асуудлыг УИХ хэлэлцдэггүй, хэлэлцүүлгээ зогсоодог. Гэвч ингээгүй. Шударгаар хэлбэл, Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж баталсан юм шүү дээ. 

-Таныг АИХ, УИХ-д байх үеийн гишүүдийг одоогийнхтой харьцуулбал оюун санаа, сэтгэлээний хувьд тэс өөр болжээ гэх шүүмжлэл нийгэмд байдаг. 1996 оноос хойш эрх ашгийн эрэмбэ алдагдсан ч гэх нь ч бий. Асуудал юундаа байна?
-1990 оны АИХ-ын депутатууд албан тушаалын хэнээ тусаагүй, эдийн засгийн элдэв сонирхолгүй хүмүүс байсан. 1992 оны анхны парламентын гишүүд салбар бүрийн шилдэг сэхээтнүүд байв. Тэнд оюун ухааны охь уурхай болсон олон хүн байлаа. Тэр үед одоогийнх шиг булхай, луйвар байгаагүй. 1992 оны УИХ шиг бүрэлдэхүүнтэй парламент ойрын 30 жилд гарсангүй. Оюуны чадамж, сэтгэлгээний хувьд яриад байна шүү. УИХ-ын чанар жил ирэх тусам доройтойж байна. Одоо бол улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд л оршин тогтнож байна.

-Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?
-Сонгуулийн үр дүнгээр л өөрчилнө. Үүнийг шийдэх хүмүүс ард түмэн. Сонгогчдод эрх хязгаарлагдмал байгаа. Сонгуулийн тухай хуулийг эрх баригчид хийж байгаа цагт өөрсдөдөө ашигтай байдал руу л явна. Тэд яаж сонгогдох вэ гэдгээ бодсон заалтууд л олон байна. Монголын бүх ард түмнийг төлөөлсөн хуралдай хийх хэрэгтэй. Ийм боломж бүрэн дүүрэн бий. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Өнөөдөр ард түмэн өөрийнхөө мэдлийг улс төрийн намд алдчихсан. 

-Улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдэл барьж буй нөхцөлд таны сая ярьсан зүйл тань боломжгүй юм биш үү. Нөгөөтэйгүүр оюун санаа, сэтгэлгээний хувьд тэлсэн, боловсрол, мэдлэгтэй хүнийг сонгоё гэхээр мөнгөтэй байх шаардлага нэн түрүүнд тавигдаж байна. Намууд ч хандив, дэнчин гэдэг зүйл нэхдэг болж?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг намын даргын эрх мэдлийг нэмсэн. Намын дарга Ерөнхий сайд байхаар зааж өглөө. Ерөнхий сайд өөрийнхөө намын хүмүүсийг сайдаар, агентлагийн дарга, сум, хорооны даргаар томилно. Тэгэхээр Ерөнхий сайд ажил олгогч болж байна. УИХ дээр илээр санал хураана гэсэн. Энэ нь шударга бус байдлыг бий болгож байна. Ийм гажуудлыг тухайн улс оронд ард түмэн засдаг. Нэгэнт Үндсэн хуульд засгийн эрх ард түмний бүх эрх мэдэл байна гэсэн учраас энэ дагуу л явах ёстой. Ингэж байж хууль бус зүйлийг засахгүй бол шударга бус байдал хүчээ авна.  


Ж.Гомбожав: 76 хүнтэй парламент гэдэг хяналтгүй төрийн тогтолцоо юм байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188