• Өнөөдөр 2024-04-25

Ж.Навч: Аав “Мандухай сэцэн хатан” киногоороо Монгол Улсдаа “валют” олж өгнө гэж ярьдаг байлаа

2021-07-03,   2677

         Монголын кино урлагийн “Ноён оргил” XX зууны манлай кино найруулагч, Ардын жүжигчин Д.Жигжидийн амьдрал уран бүтээлийн талаар том охин Ж.Навчаатай ярилцсаныг сэргээн хүргэе. 

Д.Жигжид найруулагч “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Үер”, “Өглөө”, “Тэмцэл”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүний төлөө”, “Жаргал даахгүйн зовлон”, “Өнөр бүл”, “Хүргэн хүү”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” зэрэг Монголын кино урлагийн өнгийг тодорхойлдог уран сайхны олон киног бүтээсэн. Тэрбээр “Зураачаас зураглаач, зураглаачаас кино найруулагч болсон аав маань амьдралынхаа хагас зуун жилийг кино урлагтай холбосон” хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Аав тань бага насныхаа талаар дурсан ярьдаг байсан уу?

- Ярина ярина. Аав маань Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд 1919 онд малчин ардын хүү болон мэндэлсэн. Тухайн үеийн хүнд, хэцүүхэн амьдралыг туулж өнгөрүүлсэн хүний нэг. Уг нь эхээсээ тавуулаа. Гэхдээ хөөрхий эмээ маань ганцаараа олон хүүхэд өсгөх боломжгүйдээ эгч, ах нарыг нь өргүүлээд, аавыг  эгчтэй өөр дээрээ өсгөсөн гэнэ лээ.  Аав маань нар, сар харагдсан гэрт, ээж, эгчтэйгээ өссөн гэдэг. Эмээ маань айлын хонь мал хариулж, хүүхдүүдээ тэжээдэг, хажуугаар нь юм оёдог, их уран байсан гэсэн. Аав  ч гэсэн хүүхэд байхаасаа хурга, ишиг хариулж, хар бор ажил хийж ээждээ тусладаг байснаа дурсдагсан.

Багаасаа л амьдралын хатуу хөтүүг мэдэрсэн учраас нэг эхлүүлсэн ажлаа дуустал хийдэг, их зарчимч хүн байсан даа. Анх 16 настайдаа Улаанбаатар хотод ирсэн байдаг. Тухайн үедээ эмээ маань хүүгээ  хот хүрээ газар явуулна гээд авдрынхаа буланд хадгалсан 50 төгрөгийг хүүдээ өгөөд, сүү өргөөд хоцорсон гэсэн. Ингээд аав хотод ирээд ээжийнхээ өгсөн мөнгөнд ерөөсөө гар хүрэхгүй байж байгаад зун нь гэртээ харихдаа гэрийн цагаан бүрээс аваад харьсан гэж ярьдаг. Бидэнд ч энэ нь маш их сургамжтай санагдсан. Намайг бага байхаас л зүгээр ер суулгадаггүй. Өөрөө  хөлсөө гожуулаад шал угаагаад, хог шүүрдэнэ. Юм сайхан угаадаг байсан. Би аав, ээжээсээ 11-үүлээ, айлын том хүүхэд учраас энэ бүхнийг нь харж байгаад  хийж сурсан даа.

“Кино миний амьдрал”  гэж олон зүйл дээр хэлсэн дээ

-Монголын кино урлагийн өнгийг тодорхойлох гол бүтээлүүд нь Д.Жигжид гуайн найруулсан кинонууд гэхэд хилсдэхгүй байх. Кино урлагтай холбогдсон түүхээсээ танд яриа  дэлгэж байв уу?

-Ер нь аав ээжид л юмаа ярина уу гэхээс бид нартай тэр болгон яриад байдаггүй. Уг нь би сэтгүүлч хүн. Гэтэл ааваасаа халираад тэр бүр нарийн асууж чаддаггүй  байсан байгаа юм. Намайг радиогийн сэтгүүлч болсны дараа сурвалжилга, материалыг минь сонсоод, ихэд тоож байсан санагддаг. Аав маань Монгол кино үйлдвэрт 17, 18 настай  байхаасаа орж, амьдралынхаа 50 гаруй жилийг энэ салбарт өнгөрүүлсэн. “Ардын элч”, “Үер”, “Өглөө”, “Тэмцэл”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүний төлөө” гээд олон уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Олон баримтат киноны зураглаач, найруулагчаар ажилласан. Ер нь, кино бол аавын маань амьдралынх нь утга учир төдийгүй “кино миний амьдрал”  гэж олон зүйл дээр хэлсэн юм. Аав маань зурагтын өмнө хэвтэж байхдаа,тэр үед “Мандухай цэцэн хатан”кино дэлгэцнээ гарчихсан байсан үе л дээ...зурагтаар өөрийнх нь кино гараад л бид орж гараад л байсан санагддаг юм.

Тэгэхэд аав, “Аавыгаа юу хийж явсныг хожмын өдөр та нар мэднэ дээ” гэж хэлж билээ. Энэ үг миний сэтгэл зүрхнээс ер гардаггүй юм. Үнэхээр л аавынхаа хийсэн уран бүтээл бүхнийг өнөө үзэж суухад, бидэнд ямар үнэ цэнэтэй зүйл үлдээснийг нь мэдэрдэг. Монгол ахуй, хүн зоны амьдрал,зан заншил ...гээд сурах судлах их зүйл байдаг. Кино урлаг өөрөө алдаж болохгүй, засаж болохгүй бүтээл. Нэгэнт хийгээд олонд хүргэсэн л бол үеийн үед үзэгчдийн хүртээл болж явдаг. Бидний аавын хийсэн уран бүтээл олонд хүрч, өнөөг хүртэл үзэгчдийн талархлыг хүлээсэн хэвээр байна.

-Анх зураглаачаас ажлын гараагаа эхэлж байсан таны аав өөрийн нуугдмал авьяасаа нээж чаджээ?

-Аав багаасаа зурах авьяастай байсан гэдэг. Анх аав маань фото сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн гэсэн. Энд тэнд очоод зураг аваад л түүнийгээ сонинд өгдөг байсан юм билээ. Анхны фото зурагчин н.Сүхээ гуайн багш нь манай аав байсан юм. Тэгэхээр  анхны фото сэтгүүлчдийн нэг гэж хэлж  болно. Өөрийнх нь шавь Урлагийн гавьяат зүтгэлтэн оператор О.Уртнасан гуай “Намайг бага байхад Д.Жигжид найруулагч гэрэл зураг авдаг байлаа. Зураг авах гэж явахдаа намайг мөн ч их дагуулж явсан даа. Ингэж зураг авахыг нь харж, дагаж явсныхаа үр дүнд аппараттай танилцаж, зураг авах зүг чигээ олсон” гэж ярьдаг байж билээ. Найруулагч болохоосоо өмнө аав их олон баримтат кинонд зураглаач хийсэн. Баримтад кино түүхийг мөнхжүүлж үлдээдэг. Үүндээ ч аав их дуртай байсан юм билээ. Зөвлөлтийн кино найруулагч  Юрий Викторивч Тарич багш, оператор А.Лебедев нарын сургалтад хамрагдаж, зураглаачаар суралцсан гэдэг. Аав маань өөрөө их ажигч гярхай хүн байсан юм. Зураг авахдаа хүртэл өөр өөр өнцгөөс харж, шинэ зүйлийг эрэлхийлдэг хүн гэж нөхөд нь дурсан ярьдаг юм. Хонь нэг идээшилсэн газраараа ахиж бэлчдэггүйтэй адил зураглаач хүн байнга шинийг эрэлхийлж ажиллаж байжээ.

Аавын минь хамгийн том шагнал нь духан дээр үнсэх

-Үр хүүхдүүдээ ч гэсэн зарчимч ханддаг байв уу?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийн жинхэнэ биелэл болсон хүн л дээ. Цагийн юмыг яг л цагт нь хийдэг, их олонтой хүн байж. Биднийг өглөө их эрт босгоно. 06:00 цагт сэрээгээд л гэр орноо бүрэн цэвэрлүүлээд  авна. Наймдугаар ангид байсан байх. Нэг өглөө нойр хүрээд цагаасаа арай оройтоод босчихсон юм. Тэгсэн аав Навчаа “Тэрийг цэвэрлэ, энийг угаа” гээд болдоггүй. Хичээлээсээ хоцрох гээд байдаг. Сүүлдээ гэдэн хөдлөөд “Чадахгүй” гэж хэлээд хаалгаа чанга  хаагаад гараад явчихсан юм. Эхний цагийн завсарлагааны хонхны дуутай хамт  аавын дуу хангинах нь сонсогдлоо. Дамдиндорж багшийн анги хаана байна” гээд асууж байгаа нь сонсогдлоо. Би ч ухаан алдах шахаж өглөө хаалгаа хаяад гарснаа гэнэт санаад ангийнхаа хаалгаар гүйж гараад “Ааваа ааваа” гээд тэврээд авсан чинь аав минь, миний нүд рүү хараад үнэхээр гэмшиж байгааг минь мэдсэн бололтой “За миний охин хичээлээ тараад тоглоод байлгүй эртхэн гэртээ харина шүү” гээд духан дээр үнсчихээд яваад өгч билээ.

Аавын минь хамгийн том шагнал нь духан дээр үнсэх. Харин буруу зүйл хийвэл духан дээр нясална. Духан дээр няслахад нь гал маналзах шиг л болдогсон . Нэг няслуулсан хүн нэг алдаагаа дахин гаргана гэж байхгүй шүү дээ. Аав гэртээ ирсэн бол гэр нам гүм болно. Ширээн доогуур  ороод  номоо уншиж байсан үе ч бий. Би ээж, аавынхаа анхны хүүхэд болохоор их хүндлэл хайр дунд бага нас минь өнгөрсөн дөө. Гэрийн альбом дүүрэн миний багын зургууд байдаг байж. Кино урлаг гэдэг өөрөө их цаг наргүй ажил. Энэ их ажлын хажуугаар олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Аав бидэнд “Ээжийгээ хайрлаж яваарай. Та нарыг өсгөх гэж надаас илүү зүдэрсэн хүн ээж чинь шүү. Миний хэдэн кино хийхээс ч илүү зовсон хүн” гэж их захидаг байсан. Ээж маань сувилагч хүн л дээ. Эмнэлгийн ажилтан байсан болохоор бас цаг наргүй ажиллана. Аав гэртээ байх үедээ ээжийг их халамжилдаг байж билээ. Хувцсыг нь  угааж, хоол бэлдэж өгнө. Өөрөө ч их цэвэр, нямбай, зүгээр суудаггүй хүн байсан.

-Жигжид гуай найруулагч хүний хувьд хэр чанга хүн байсан бэ?

-Гаднаа их зарчимч, ууртай ширүүн хүн юм шиг боловч, их өрөвч нинжин сэтгэлтэй. Ядарсан зүдэрсэн хүмүүсийн төлөө төрөөс олгосон одон медиалаа зүүгээд дарга нар дээр ороод сургууль соёлыг нь хөөцөлдөж,тусламж гуйдаг байсан юм.  Ойр харьцаж үзээгүй хүмүүс бол их ууртай, ширүүн гэж харах үе бий. Энэ нь өөрийнх нь шударга зантай холбоотой юм уу даа. Буруу зүйл хийвэл дахиж алдаа гаргахгүй болтол нь хатуу анхааруулж хэлдэг  хүн. Аавыг маань киноныхон,шавь нар нь  “Жийгээ найруулагч, Жийгээ багш” гэж их хүндэтгэж дуудна. Одоо ч тэгж л ярьж байна.. Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайг шавь нар нь Жийгээ багш,  Жийгээ найруулагч хэмээн дууддаг. Тэгэхээр хойч үе маань “Ардын элчийг” хэн найруулсан бэ гэхээр Жийгээ багш л гэнэ.  Энэ нь аавыг хэлээд байна уу. Жигжидсүрэн гуайг хэлээд байна уу гэдгийг хүүхдүүд ялгахгүй шүү дээ. Үүнийг бодох л асуудал.

-Кинонд нь даган явж, ажил дээр нь очдог байсан уу?

-Айлын том хүүхэд гэдэг хариуцлага өндөртэй хүн шүү дээ. Ээж аавыгаа байхгүйд дүү нараа асарч тойглоно. Би кинонд нь оролцож, зурганд хамт явж байсангүй. Харин эрэгтэй дүү Ж.Биндэр, бага дүү  Ж.Баснавч хоёр маань найруулсан кинонд нь тоглож байсан юм. Ер нь аав хүүхдүүдээ тэр бүр кинондоо тоглуулаад байдаггүй. Өөрөө ч зураг авахуулдаггүй хүн. Зарим найруулагчид кинондоо гараад байх юм. Аав минь нэг удаа ч гэсэн зургандаа орж байсан ч болоосой гэж бодох юм. Амьд сэрүүн сайхан дүр нь харагдаад сайхан л санагдана даа. Аав минь,бусдын залуу цагийн сайхан дүрийг мөнхжүүлж үлдээж явсан байдаг.

-Хийсэн кинонуудаасаа алийг нь илүү үнэлдэг байсан бэ?

-“Ардын элч”,  “Хүргэн хүү” хоёртой их хайртай. “Сэтгэлд нь хүрсэн энэ  хоёр кино Монгол үндэсний ахуй амьдралыг байгаараа нь харуулсан” хэмээн дурсан ярьдаг байв. Саяхан нэг кино жүжигчнээс “Хүргэн хүү” киноны гол дүр Жамц, Аюуш хоёрыг хөдөөгийн айлд сар шахам байлгаж, хөдөөний амьдралыг судлуулж зураг авах бэлтгэлээ хийж байсан тухай сонирхолтой дурсамжийг хальт сонслоо. Яг л зан нь мөн дөө. Алив зүйлийг бага гэлгүй үнэнчээр ханддаг нь эндээс харагдаж байна. Мөн хамгийн сүүлд хийсэн “Мандухай сэцэн хатан” киногоо их үнэлдэг байжээ. Энэ киногоороо Монгол Улсдаа валют олж өгнө гэж ярьдаг байсан юм. Харамсалтай нь, бие нь муудсан гэх шалтгаанаар өөр хүнд киног нь шилжүүлсэн. Үүний дараа сэтгэл санаа нь ч гэсэн их тогтворгүй болсон юм. Кино нь гарсны дараа “Сэтгэлд хүрсэн сайхан кино болжээ” гэж хэлж байсан даа. Уран бүтээлч хүний хувьд аавын минь хамгийн сүүлийн хүсэл нь болсон кино энэ байсан.

Аав уран бүтээлчдийг хүндэтгэдэг том чанар нь зохиолчдоос ирсэн кино зохиолыг дураараа өөрчилдөггүй байсан гэсэн. Хэрвээ өөрчлөхөөр болбол зохиолчоос заавал асууж, ярилцаж байж засдаг гэж нөхөд нь ярьдаг. Манайд “Хүргэн хүү” киноны зохиолч Д.Дожоодорж гуай, “Мандухай сэцэн хатан” киноны зохиолч Ш.Нацагдорж гуай, гээд олон хүмүүс ирдэг байж. Тэгээд л хүмүүс ирэхээр биднийг гаргачихна. Аав маань зохиолчидтой төдийгүй киноныхоо арын албаныхантай хүртэл их дотно ханддаг хүн байсан юмдаг. Ямар ч хүний үгийг анхааралтай сонсоно. Бүх хүнтэй нэг л зангаараа харьцдаг гэж хамт ажиллаж байсан нөхөд нь дурсдаг юм.

-Харин та аавынхаа хийсэн киноноос аль кинонд нь дуртай вэ?

-Би аавынхаа “Хүний төлөө” гээд эмчийн дүрд МУГЖ Б.Тунгалагийн тоглосон кинонд нь их дуртай. Энэ киног дараалан гурван удаа үзэж байсан юм. Аавын олон киног дахин дахин үзээд ч уйддаггүй. Ер нь аав жүжигчидтэйгээ харилцаж байгаа харилцаа, дүрээ сонгох чадвар нь маш онцгой гэж нөхөд нь ярьдаг. “Хүний төлөө” киноны гол дүрийг сонгохдоо хүртэл аль эрт Б.Тунгалаг жүжигчнийг харчихсан байсан гэсэн. Тэгээд түүнд хандан “Чиний нүд бол яг л эмч хүний нүд шүү” гэж хэлсэн гэдэг. Тунгаа жүжигчинг  төрчихөөд удаагүй байхад нь гэр бүлтэй нь очиж уулзаад кинондоо тоглуулсан гэнэ лээ. МУГЖ Б.Тунгалаг ч аавын сэтгэлд хүртэл тоглож чадсан гэж бодож,баярлаж явдаг.

-“Өглөө”, “Тэмцэл”, “Үер”, “Хүний мөр” зэрэг олон түүхэн кино хийсэн байдаг. Кинондоо хэрхэн төвлөрч ажилладаг байв?

-Өөрөө их амьдралын ухаантай, зохиолчидтойгоо нарийн сайн харилцаж чаддаг хүн байсан. Ер нь, түүхэн кинонуудаа уран бүтээлийнхээ оргил үе дээр найруулсан байдаг. Тухайн үедээ өөрийгөө мэдэрч чадсан юм болов уу гэж бодож байна. Аав минь ширээний ард удаан суугаад ном уншаад байдаггүй байсан хэр нь шөнийн нэг хоёр цаг хүртэл юм бодоод л хэвтчихдэг байсан. Одоо бодоход киногоо л бодож байсан юм шиг байна. Нөхдийнх нь хэлдгээр киногоо кадр кадраар л хараад хэвтэж байсан болов уу гэж боддог. Кино зохиолоо өөрөө ч уншдаггүй, хүнээр нэг уншуулаад л тогтоочихдог, их ой тогтоолт сайтай, хамт ажиллаж байсан нөхөд нь  гайхдаг байсан.

 -Аавынхаа мэргэжлийг өвөлж авсан хүн танай гэр бүлд бий юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Биндэр дүү маань 1993 онд  “Орчлон фильм” компанийг үүсгэн байгуулж, аавынхаа мэргэжлийг залгамжлуулж, олон сайхан кино бүтээсэн. Харамсалтай нь, дүү минь хийж бүтээх насан дээрээ өвчний улмаас бурхны оронд явчихсанд харамсаад харамсаад барашгүй. Аав уул нь Биндэрийгээ  багаас нь кино урлагт бэлдсэн юм. Дүү минь их сайхан өндөр нуруутай, аппарат өргөөд явах бие бялдар сайтай, ухаалаг хүүхэд байсан. Аавыг минь  залгамжлах хүүхдүүд байна. Удам залгах кино зураглаач Жигжидийн Отгонбиндэр, Биндэрийн том хүү НТВ телевизийн оператор Б.Бадрал, Багабиндэрийн хөвгүүд Бат-Энэрэл, Мандуул гээд байна.

-Та яагаад сэтгүүлч мэргэжлээр ажиллах болов?

-Би анх монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй байлаа. Багшийн хөдөлмөр их хүнд санагддаг байж. Ингээд аавдаа “Би ер багшаар ажиллаж чадахгүй юм байна” гэдгээ хэлсэн. Тэгсэн аав минь “Теле кино үйлдвэр”-т найруулагчийн туслахаар ажилд оруулсан юм. Кино урлагийн чиглэлээр суралцаж байгаагүй, нарийн мэргэжил байсан болохоор би энэ ажилдаа удаагүй. Ингээд “МОНЦАМЭ”  агентлагт сурвалжлагчаар ажиллах болсон. Олон сайн хүмүүсийн дунд сэтгүүлчээр ажиллах зам мөр минь тавигдсан юм. Би хүүхдийн редакцад орж ажиллах сонирхолтой байлаа. Тухайн үед аав минь надад “Хүүхэд хүн шүүмж хэлдэггүй юм. Хүүхдийн сэтгүүлч болох хэцүү шүү” гэж билээ.


Ж.Навч: Аав “Мандухай сэцэн хатан” киногоороо Монгол Улсдаа “валют” олж өгнө гэж ярьдаг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-04 15:39:28
    иргэн: хувь хүн талаасаа бид хоёр төдийгүй жийгээгийн манай хоёр гэр бүлээрээ дотно байсан .одоо ч хэвээрээ.Жийгээ маань маш их хөөцөлдаж байж тэр хүнд үeд зөвшөөрүүлээд ажилаа эхэлчихсэн байсан Мандухай хатан киног нь хэсэг хүмүүс булаагаад авчихсан хэдий ч өдийг хүртэл ганц үг дугардаггүй нь харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 20:15:23
    Оогоо: Мандухайг дуусгаагүй гэдэг билүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188