• Өнөөдөр 2024-04-20

Сарны хүүхдүүд 

2020-10-23,   2340

Эрин цагийг, маргааш, өнөөдрийг бүтээлцэж буй уран бүтээлч, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг та бүхэнтэй уулзуулах, тэдний зорилго, мөрөөдөл, үйлсийг танилцуулах “Бүтээгчийн хөрөг” буланд тавтай морилно уу.


Явж, ирж байгааг нь анзаарах аргагүй агшин хормууд. Хуруу инчдэхийн төдийд л тэс өөр төрхөд хувилчихаж чадах хүмүүс, үйл явдал, амьдрал. Үргэлжид хувьсан өөрчлөгдөгч энэ бүхнийг нэгэн хоромд тогтоон бариад ажиглах, буулгах, бүр хадгалж үлдэж болох уу? Тэр ингэж чадна. “Бүтээгчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаараар бид  тийм нэг бүтээгчтэй, баримтат гэрэл зурагчин В.Инжинааштай уулзуулж байна. 

Нэг өдөр 


... Түүний мэргэжил, хийж буй зүйл зарим талаараа минийхтэй төстэй. Хүссэн хүсээгүй ажиглана, хүмүүстэй ярилцана, тэр хэрээр өөрийгөө, бусдыг танина. Заримдаа эмзэглэнэ, баярлана. Ажил минь заримдаа миний ямар өчүүхэн гэдгийг ойлгуулдаг. Азаар олон тохиолдолд дурлах зүйл минь болдог. Хийж буй зүйлдээ дурлах, хайрлахын тухай тэр ингэж ярьсан. 
...Тэр үед би 25 настай байсан юм. “Гялбаа” сэтгүүлд ажиллаж байгаад сэтгүүл гарахаа больчихсон үе. Олон сар ажилгүй байсны дараа найзтайгаа жижигхэн студи түрээслээд жирэмсэн эмэгтэйчүүдийн зураг авдаг байлаа. Студидээ хоночихсон хүн нэг л өглөө сэрээд “Би ер энэ хүртэл юу хийж ирэв ээ” гэж өөрөөсөө асуусан. Тэр өдрийг хүртэл олон асуултыг, ерөөс бүхний хариултыг өөрөөсөө биш өрөөлөөс асууж, гадагш хандаж байсан болж таарсан л даа. Өөртэйгээ ярьсан, анх удаа өөрийнхөө дотогш хандсан, цэлсхийтэл ямар нэгэн зүйлийг ойлгочих шиг болсон  тэр өглөө шууд л камераа авч гараад хүмүүсийн зургийг дарсан юм. Өөдөөс ирж яваа хүнтэй чөлөөтэй, шууд ярилцаад л “Зургийг чинь авч болох уу” гэж асууж, гунигтай яваа хүнийг инээлгээд зургийг нь дарж чадаж байлаа. Зураг авч чадах, хийж байгаа зүйлтэйгээ нэгэн цогц байх, камертайгаа нэгдэж болохыг тэр үед мэдэрсэн гэж одоо боддог. Хайр ч юм уу, үүнтэй төстэй тийм хайрлаг мэдрэмж л дээ... Гайгүй, сайн гэж боддог зургуудаа ч тэр өдрөөс хойш л дарж эхэлсэн шиг санагддаг шүү. Гэхдээ би өөрийгөө одоо ч уран бүтээлч гэж боддоггүй, уран бүтээлч болох явц дундаа байгаа нэгэн л гэж хэлж чадна. 

“Амьдрал бол бөмбөг... ”

Бүхнийг эхэлсэн тэр цэг рүү очих сонирхолтой. Биднийг одоо тодорхойлж болох олон зүйл чухам ямар нэгэн учрал тохиол, сэжмээр тэр цэгтэй л холбоотой байдаггүй гэж үү...
Миний бага нас жаргалтай, танхил байгаагүй. Ганцаардсан тийм л өдрүүдэд өөртэйгээ шүлэглэж ярьдаг, хөгжим сонсдог, зураг зурдаг, гитар дардаг байлаа. Тэр үед Хүүхдийг ивээх сангийн номын санд нэг зузаан ном уншиж байгаад дуусгалгүй орхичихсоноос бүх зүйл эхэлсэн юм. “Та ч Эйнштейн шиг сэтгэж чадна” гэдэг нэртэй тэр номыг үргэлжлүүлэн уншихаар иртэл гэрэл зургийн дугуйлан хичээллэх гээд хүүхдүүдийг шалгаж байхтай таарав. “Амьдрал бол бөмбөг. Түүнийг хаана байлгахыг хүсэж байна...” гэсэн үгтэй эсээ бичиж, “Гэрэл зураг миний мэргэжил болохгүй юм гэхэд том хобби болж үлдэнэ” гэж хариулаад дугуйланд тэнцлээ. Урлагийн зөвлөлийн санаачилгаар Щвейцарийн хөгжлийн агентлаг, Английн Хүүхдийг ивээх сантай хамтран явуулсан “Focus on” гэдэг хөтөлбөрт хоёр жил явсан. Тэр үед хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс одоо 4-5 нь гэрэл зурагчнаар ажиллаж байгаа. Дугуйланд хоёр жил явсны дараа, арван жилийн сургуулиа төгсөөд “Гамма” агентлагт ажиллаж эхэлсэн. Мэргэжил, туршлагын хувьд ч, хүний хувьд ч, харилцаа, ажлын  эв дүй гээд  олон зүйлийг “Гамма”-гаас, хамт олноосоо сурсан. 

Торгон агшин ангуучлахуй 


Туршлага, ур чадвар, авьяас, мэдрэмжээс  илүү ямар нэгэн үйл явдал, нөхцөл байдалд ялагдаж, хүчгүйдэж болох салбар бол баримтат гэрэл зураг гэж Сьюзан Сонтаг хэлжээ. Харин тэр ингэж ярьсан. 
Сайн зураг мянган үгийн хүчтэй гэдэг. Баримтат гэрэл зураг гэдэг ганц надаас, эсвэл дүрсээс, өөр хэн нэгнээс бүтчихдэг зүйл биш. Гэрэл сүүдэр, мэдрэмж, туршлага, тэр эгшний аз бүгд бүрэлдэн нийлж байж өөрийн гэсэн хэллэгтэй, зохиомжтой, “ярьж чадах” зураг үлдэнэ. Хэн  нэгэн мөнгө өгөхгүй байлаа ч олон цагаар камераа бариад явах, хөдөлмөрлөх, чин үнэнээсээ хүсэх үед амьдрал шагнаж байгаа мэт гоё зохилдлого таардаг. Гэхдээ гэрэл сүүдэр яг таарахыг, ямар нэгэн мөч тохиохыг удаан хүлээх ч хэрэг гарна. Заримдаа гоё агшин таарлаа гэхэд камераа тохируулаагүй яваад алдчих ч удаатай. Би нэг хэсэг камергүй байхдаа гоё агшин олж харвал зураг дарж байгаа мэтээр хуруугаараа хий дарж, дасгал хийдэг байлаа. Энэ их тус болсон санагддаг. 


Ер юмыг удаан хугацаанд хийхээр санаандгүй гэмээр, ямар нэгэн ухаан зарж тооцоололгүйгээр, зөн совингоороо мэдэрдэг болчихдог. Урьдчилан бэлдэхгүй, бас тодорхойгүй, зохиомжилж болохгүй торгон хормыг буулгах л баримтат гэрэл зургийн сүнс. Давтах боломжгүйгээрээ, түүх болон үлдээж буйгаараа цаг хугацаанд шалгарч, үнэ цэнтэй үлддэг. 
Бас хөрөг авах их сонирхолтой. Хүн ер нь камер харахаараа өөр болоод, нэг дүрд орчихдог. Зураг авахдаа тэгэхээр ярилцана, тэр дүрээс нь гарах мөчийг олж харахыг хичээнэ. Мэдээж, ярилцахгүй зураг авах үе ч гарна аа. Хүний сэтгэл хөдөлсөн, гунигтай, хөндүүртэй, шаналалтай төрх гэдэг өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Настай хүмүүсийн хөрөг үнэн, өөртөө нэг их ач холбогдол өгдөггүй, байгаагаараа бууна. Хүүхдүүд эго амбийцгүй, ямар нэгэн дүрд тоглох шаардлагагүй учир түүгээрээ л гарна. 


Олон хүн надаас “Чи зургийг нь авахдаа зөвшөөрөл авсан уу” гэж асуудаг. Монголд ч, дэлхийд ч нэг талдаа гараагүй маргаан. Зөвшөөрөл авах зуур сарничих агшин байна, тэгэх боломжгүй нөхцөл таарна. Гэхдээ бас үнэхээр хүний эрх зөрчөөд байгаа  ч юм шиг. Хариултыг нь олоогүй ч би зураг авсаар л байна. Брюс Гилдон гэж гэрэл зурагчин  биеэ үнэлэгчдийн зургийг их ойроос аваад шүүмжлэлд өртөж байсан юм билээ. Ийм зүйлийг харж ч чадахгүй нь гэж хүмүүс хэлэхэд тэр “Огт байхгүй зүйлийн зургийг би аваагүй. Тэр хүмүүсийн зургийг харж чадахгүй бол тэднийг хэзээ ч ойлгохгүй” гэж хариулж. Үнэхээр бүгд л гоё сайхан, аз жаргалтай, инээмсэглэсэн зураг авах албагүй. Би хээ хуаргүй, байгаагаараа, үнэн зурагт дуртай. 


Би зураг авч сурах гэж 15 жилийг зарцуулжээ. Одоо өөрийгөө үлдээх зүйл хийе гэж зорьж, нэг сэдэв барьж аваад зураг авах төсөл хийх хүсэл байна. Бас үзэсгэлэн, ном гаргах бодол бий. Хэдийгээр яруу найрагч биш ч, яруу найраг, уран зохиолд дуртай, хөгжим, зураг сонирхдог, жаахан авьяас байх шиг санагддаг. Тэр бүгд кинонд байдаг болохоор кино хийвэл гоё гэж бодно. Амьдрал гэдэг хэзээ ч дуусчихаж мэдэх хэврэг шүү дээ. 

Түмэн өнгийн нүд 


Амьдралд таарах түмэн төрх, нүдийг олж хардаг, тэр. Зүгээр нэг дурангийн цаанаас хараад өнгөрөх биш, ярилцана. Бидний олонхын маань төдийлэн алхдаггүй замаар явж, огт таарахгүй нэгэнтэй үг солих, тэдний нүд рүү харах  ямар байдаг бол? 
Би гадуур их явна. Хогийн цэг, архичид цугласан газар, хөдөө хээрээр ч явна. Зургийг нь авч байгаа тэр хүмүүс миний хувьд бүтээлийн нэг хэсэг. Гэхдээ тэд миний хувьд бас хүмүүс. Тэдний шаналан, гуниг, зовнилыг хараад эмзэглэнэ. Ингэж хэлж болох, эсэхийг мэдэхгүй ч би ярилцаж байхдаа хүмүүст ямар нэгэн байдлаар тусалсан, үгүйдээ л урам өгсөн байх гэж найддаг. 
...Нэг удаа их дэлгүүрийн урд нэг хүү шонгийн мод налчихсан, урдаа гялгар уут тавиад гуйлга гуйж байхтай таарсан юм. Хүүгийн дэргэдүүр ээж, аавтайгаа хөтлөлцсөн бас нэг хүү зөрнө. Гуйлга гуйж байгаа тэр хүүг үеийнх нь жаал эргэн харахыг, тэр үед мөнөөх хүүгийн царай хувьсхийхийг харсан. Тэр зургийг авчихаад би гэрлэн дохио асангуут зам хөндлөн гарч явлаа. Тэгснээ ингээд л явчихаж  боломгүй санагдаад би хүү дээр очив.  “Амьдрал урт, миний дүүг ямар ирээдүй хүлээж байгааг мэдэхгүй. Гэхдээ энэ байгаа чинь ард үлдэнэ, чи том болно. Чи саяны хүүхдээс илүү их юм үзэж байгаа. Гэсэн ч үүнийгээ даваад гарна шүү” гэж хэлээд 5000 төгрөг өгсөн. Надад ч бас хүнд өдрүүд, гэрээсээ явчихыг хүссэн үе байсан шүү дээ. 


Ерөөс Монгол, Улаанбаатар минь гэрэл зурагчинд их “мөлжүүртэй” орон зай. Энд бүх шашин байна, тэглээ гээд бид шашнаас болж маргаж тэмцдэггүй. Австрали ч юм уу, өөр оронд байхгүй арвин түүхтэй. Бод л доо, өглөө бүр цайны сүүгээ өргөж байгаа ээжийг өөр хаана олж харах вэ? Улаанбаатар ч адил. Түмэн өнгө, ээдрээ, ер бусын гэмээр тохиолыг хаа сайгүй олж харж болох хот. Энд баячуудын хот, ядуусын хот гээд хоёр, эсвэл түүнээс ч олон хот  байгаа юм шиг. Монгол хүмүүс ч гэсэн ерөнхийлөх юмгүй, өөр өөр төрхтэй, гоо үзэсгэлэнтэй. 

Оноолт 


Бидний хүссэн, сонгосноор болоогүй, бүр анхнаасаа өгөгдсөн тэр зүйлс бол бидний хамгийн анхны шалгалт. Хувь тавилангийн энэ оноолтыг хэрхэн давж гарах, давж гараад ямар үлдэх гэдэг хожмын олон өдрийн өнгийг тодорхойлох болов уу. 
Бидний сонгож, шийдээгүй оноолтууд гэж бий. Бид аав, ээжийгээ, эх орноо сонгоогүй. Энэ оноолтоос ирсэн ээдрээ нугачаа, хүнд хэцүү зүйлүүд надад ч тохиолдож байсан. Гэхдээ энэ оноолтыг би хүлээн зөвшөөрч, эвлэрч чаддаг болжээ.  Одоо бол үнэн голоосоо хэн нэгнийг үзэн ядах, эсвэл өөрийн төсөөллөөс жийрхэхээс өөрөөр ямар нэгэн зүйлээс айх мэдрэмж надад бараг үгүй. Санаандгүй хэн нэгнийг шүүчихэж магадгүй, гэхдээ хэзээ ч чичлэхгүй. Манай нэг найз сэтгэл гутралд ороод, түүнийгээ давж гарсны дараа “дархлаатай” болчихлоо гэж билээ. Хэрэв тийм зүйл байдаг бол надад бас байгаа. Ер нь би өөртөө тусалж чаддаг, хүнд хэцүү зүйлийг ч давж гарна гэдгээ мэддэг хүн байх. Бас анхны мэдрэмжинд их итгэдэг. Хүмүүс нэг уулзаад, үг солиод, гаднаас нь хараад хүнийг танихгүй л гэдэг. Гэтэл зүрх мэддэг гэдэг шиг таатай, таагүй, цаанаасаа орж ирдэг, тунгаах боломжгүй мэдрэмж байдаг шүү дээ. 
Энэ амьдрал маш олон өнгөтэй, олон талтай, үүтгэлтэй. Хүмүүс олон янзын итгэл үнэмшилтэй, түүндээ үнэнч, зарим нь тийм биш. Сайн, муугийн туйлыг мэддэг ч яг дунд нь, хэлбийж туйлшрахгүй зогсох надад таалагддаг. 
“Багадаа би их мөрөөддөг байсан. Бүр алгаа хөлөртөл, нойроо үргэтэл мөрөөднө. Сарны хүүхдүүд гэж шөнө унтдаггүй, цаг үргэлж мөрөөддөг гэж уншиж байсан юм. Өөрийгөө сарны хүүхэд юм болов уу гэж боддог байлаа. Одоо бол тэгж мөрөөдөхөө бараг л  больсон” гэж тэр ярьсан. Сарны хүүхдүүдийн мөрөөдөл хаачдаг бол?


Сарны хүүхдүүд 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188