• Өнөөдөр 2024-04-25

Өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгох вэ

2021-03-30,   3392

Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох талаар сэтгэл зүйч Г.Энхжаргалантай ярилцлаа. 
 
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Энхжаргалан гэдэг. Сэтгэл судлалын магистр цолтой. 2012 оноос хойш хүүхэд, гэр бүлийн зөвлөгөө өгч, мэргэжлээрээ ажиллаж байна.
 
-Бидний урилгыг авч,эцэг, эхчүүдэд өвсөр насны хүүхдээ ойлгоход нь туслах зөвлөгөө өгөхөөр болсонд баярлалаа. Өсвөр насныхны талаар та юуг нь онцлох вэ?
-Эцэг, эхчүүд “Манай хүүхэд шилжилтийн насандаа оччихсон юм шиг байна. Урьдынхаасаа өөр болчихлоо” гэж их ярьдаг л даа. Яагаад ийм өөрчлөлт гардаг вэ гэхээр таны хүүхэд үгэнд тань ордог, танд хайртай, хэлснээр тань байдаг жаахан хүүхэд байсан бол цаг хугацааны эрхээр өсвөр насандаа ирэхдээ өөрийн гэсэн бие даасан ертөнцтэй, үзэл бодолтой, хоббитой, бие хүнийг бүтээж буй учраас танд өөр хүн болчихсон юм шиг санагдаж байгаа юм. Өөрийн бодлоо хүчтэй илэрхийлдэг, дургүй байгаагаа шууд хэлдэг  өсвөр үе буюу 11-16 нас юм.
 
Үүнийг нь ойлгож мэдэхгүйгээр  эцэг, эхчүүд хүүхдэдээ уурлаж, хатуурхаж эхэлснээр үл ойлголцол үүсдэг дээ. Гэтэл энэ бол хүүхэд өөрөө өөрийгөө бүтээж буй, бие махбодын хувьд өсөж, маш олон дааврын нөлөөгөөр сэтгэл санаа нь тогтворгүй болж байдаг эмзэг үе нь юм шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ч, тархины хөгжлийн үед томоохон өөрчлөлт явагдаж байгаа. Энэ үедээ хайр дурлал, амьдралын утга учир, үнэн шударга гэж юу вэ гэх мэтээр илүү хийсвэр зүйлс бодож, сэтгэл зүйн хувьд өөрчлөгдөж байдаг. 
 
Урьд нь гэр бүлтэйгээ байх сайхан санагддаг байсан бол одоо найзуудтайгаа байх, нийгэмд байр сууриа эзлэх, нийгмийн харилцаагаа хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө тухай ярих нь илүү сонирхолтой, чухал болчихсон хэрэг. Ямар нэгэн байдлаар найз нөхөд, анги хамт олон зэрэг нийгмийн орчинд байр суурь эзэлж, хувь хүнээ эрэлхийлж байгаа нь ийм өөрчлөлтүүдийг авчирч байгаа юм. Энэ үед нь эцэг,эхчүүд аль болох хүлээцтэй байж хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг сонсож, хуваалцах хэрэгтэй.
 
-Эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг гол алдаа нь юу байдаг вэ?
-Өсвөр насан дээрээ хүүхдүүд кино үзэж, найзуудтайгаа уулзаж, нийгмийн харилцаагаа тэлэхийг хичээдэг. Эцэг, эхчүүдхүүхдээ сайн анхаараагүй, сонсоогүйгээсээ болоод асуудал гарсны дараа анзаардаг тал бий.
 
Гэвч таны хүүхэд том болох нь ойлгомжтой, бие дааж амьдарна гэдэг нь тодорхой болохоор бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймд зөв зохион байгуулалттайгаар гэр бүлийн дүрэм тогтоох нь хүүхэдтэйгээ ойлголцох зөв арга юм. Гэр бүлийн дүрмийн дагуу хүүхэдтэйгээ ойлголцож чадах юм бол дараа дараагийн асуудлыг хамтдаа шийдэхэд маш чухал нөлөөтэй. 
 
Мөн эцэг, эхчүүд“Миний үед ийм байгаагүй” гэж их хэлдэг л дээ. Аав, ээж нь өөрсдийнхөө туулж өссөн амьдралаар хүүхдээ өсгөх ньбуруу биш ч, үүнийгээ хүүхдэдээ тулгах нь л тэдэнд таалагдахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. “Миний үед ийм байсан, чиний үед ийм байна” гэдэг ойлголтын ялгааг нь ойлгоод, ярилцвал хүүхэд ойлгож чадна шүү дээ. 
 
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэддэггүй шүү дээ. Хэтэрхий эрхлүүлээд байхаар буруудчихаад байгаа юм шиг,загнаад байхаар хүүхэд нь дөлөөд яваад өгдөг.Тунг нь яаж тааруулбал зүгээр вэ?
-Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг нэг алдаа бол хүүхдээ хэт чанга барих гээд, үгүй бол хэт найзлах гээд байдаг талтай. Таалагдах гээд найз нь байя гэхээр хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хүссэнээ авахын тулд эцэг, эхээ аргалдаг нь гэм биш зан. Өсвөр насанд ч мөн адил.
 
Хэт найзархвал өөрийнхөө дураар байх занг нь дэмжээд өөгшүүлдэг талтай. Хүүхдээ хэтэрхий чанга барьчихаар бие дааж, том болж байгаагаа мэдэрч байхад нь жаахан хүүхэд шиг харилцахаар дургүй байдаг. Зарим зүйл дээр бие даах байдлыг нь хүлээн зөвшөөрөөд, сайн тохиролцох хэрэгтэй. Юуг нь хүлээн зөвшөөрөх вэ, юуг нь хүлээн зөвшөөрөхгүй вэ гэдгээ сайн тохиролцоод, тогтсон дүрмээ зөрчихгүй байвал зөрчил бага үүснэ. Зөрчил бага боласуудал бага үүснэл гэсэн үг. Тэрийг л анхаарах хэрэгтэй. 
 
-Хүүхдээ маш сайн сонсохыг сэтгэлзүйчид дуу нэгтэй зөвлөдөг?
-Яг үнэн. Хүүхдээ бүр багаас нь сонсох ёстой. Хоёр, гуравтайгаасаа хүүхдүүд хөөрхөн ярьж эхэлдэг дээ. Тэр үеэс л хүүхдээ сайн сонсоод яриулаад, өөрийнх нь үнэ цэнийг хүүхдэдээ мэдрүүлэх нь чухал. Хүүхдээ анхаарч сонссоноор хүүхэд ээж, аав, асран хамгаалагчдаа чухал хүн юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Энэхүү сонсох гэдэг дадлыг хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа хэрэгжүүлж чадвал тун сайн.
 
Учир нь өөрт нь тулгамдсан асуудлыг нь шүүмжлэлгүйгээр хүлээж авч, тохирсон арга хэмжээг нь авдаг итгэлт хүн нь ээж, аав юм байна гэсэн мэдрэмжийг багад нь төрүүлчихвэл том болсон хойноо ямар ч асуудал гарсан тантай ярилцдаг болно. Мэдээж өсвөр насан дээрээ хүүхдүүд буруу юм хийчих вий гэсэн айдас эцэг, эх бүрт байна л даа. Тэгсэн ч хүүхдэдээ хамгийн итгэлтэй хүн бол ээж, аав гэдэг мэдрэмжийг өгчихсөн байхад хүүхэд асуудал тулгарахад ээж, аавдаа л түрүүлж ханддаг. 
 
-Заримдаа хүүхэд өөрөө юу хүсээд байгаагаа мэддэггүй ч юм шиг. Ийм үед хүүхдийг яаж чиглүүлэх вэ?
-Угтаа өсвөр насны хүүхдийн сонирхол хурдан өөрчлөгдөж байгаа юм. Насанд хүрсэн хүн шиг өөрийгөө танин мэдсэн нь бага. Бид 21 насандаа юу хийж чадах вэ, юу хийж чадахгүй вэ гэдгээ мэдчихсэн байдаг. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн хүүхэд энэ үедээ өөрийн гэсэн онцлогтой бие хүнийг бүтээж буй үе. Томчуудын хувьд ч бид өсвөр насандаа алдаж, эндэж, онож л байсан. Түүнтэй нэгэн адил хүүхдийн олон төрлийн сонирхолтой байх, аливааг сонирхож, туршиж буй энэ үе бол маш чухал. Янз бүрийн зүйл туршиж үзэх нь өөрийгөө олох гэж хичээж буйн илрэл юм.
 
Хамгийн гол нь хүүхдийнхээ төрөл бүрийн сонирхлыг нь дэмжиж,үр дүнг нь ярилцдаг байгаасай. Юу сурав, юу үзэв, юу нь таалагдсан, юу нь таалагдаагүй вэ гэдэг мэдрэмжийг нь асуухнь их чухал. Мэдээж мэдрэмж, сонирхол нь өөрчлөгдөж ч болно. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг хэтэрхий оройтсон хойно нь бодож эхэлдэг. Төгсөх ангид нь л мэргэжил сонголтын талаар ярилцах нь буруу хандлага юм. Багаас нь сонирхлыг нь мэдээд, дэмжээд, чиглүүлээд явбал хүүхэд 16,17 настайдаа сонирхлоо аль хэдийн мэддэг болчихсон байдаг. Өөрийнхөө туршлага дээр ярилцаад л байх хэрэгтэй. 
 
-Зарим эцэг, эх хүүхдүүдээ “Би чиний төлөө ажиллаж байна” гээд хүүхдэдээ гэмтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Хүүхэд өөрийг нь ойлгох ёстой юм шиг харьцдаг. Энэ хэр оновчтой вэ?
-Тийм шүү. “Би та нарыг тэжээхийн тулд өдөр, шөнөгүй зүтгэж байхад чи миний хариуг ингэж барьж байгаа юм уу”,“Чи илүү хичээсэнгүй” гэх хандлага гаргадаг л даа. Яг үнэндээ тэр хүүхэд өөрийнхөө хэмжээнд хорвоог таньж л яваа бяцхан зүрх, бяцхан тархи шүү дээ. Хүүхдэд чиглүүлэг хэрэгтэй. Томчуудад дарга нь ямарваа үүрэг даалгаврыг яаж хийх нь мэдэгдэхгүй ажил өгчихвөл “Яаж хийх вэ”гэж тархиа гашилгадаг даа.
 
Яг түүнтэй адил хүүхдүүд ч гэсэн дотроо олон бодол тээн яваа нэгэн зүрх гэж хүлээж авах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхэд ээж, аавдаа доторх бодол, хүслээ нээж хэлж чадахгүй төөрөлдөөд л явж байгаа. Ийм төөрөгдөл удах, учир нь олдохгүй болохоор хүүхэд сэтгэлээр унаж, стрессдэж, эсвэл тулгарсан асуудлаа даван туулж чадахгүй болчихдог. Хүүхдэд юм бүхнийг даван гарах чадвар байхгүй шүү дээ. Хүүхэд ч бас алдана,эвгүй байдалд орно, дээрэлхүүлнэ, муу сурна, хичээлээ хийхгүй байсаар ангийнхнаасаа хоцорно, хэтэрхий нэг зүйлд хамааралтай болох ч магадлалтай. Энэ болгонд эцэг, эхчүүд анзааргатай байх хэрэгтэй. 
 
-Хүүхэд сэтгэл гутралд орсныг яаж мэдэх вэ? 
-Хэд хэдэн шинж тэмдгээс харагдана. Маш их унтах, эсвэл огт унтахгүй байх, хар дарж зүүдлэх, сургуульдаа явахаас татгалзах, сургууль дээрээ очоод ууртай ирэх, хоол идэхгүй байх гээд хэвийн хийдэг байсан зүйлүүддээ дургүйлхэх, урьдынхаасаа өөр болсон ажиглагдаж байвал ярилцах хэрэгтэй. Хүүхэд тань эхний удаа үгүй гэж магадгүй. Тэгсэн ч шантрахгүйгээр санаа тавьж, ярилцахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлдэг байх хэрэгтэй.
 
- Их тэвчээртэй байх хэрэгтэй байх?
-Маш их тэвчээртэй байх шаардлагатай. 
 
-Зарим эцэг, эх хүүхэдтэйгээ барагтай л харилцдаггүй байснаа нэг л өдөр гэнэт ойртож, ярилцах гэхээр арай нялуун ч юм уу, эсвэл жаахан оройтчихсон гээд халгадаг байж мэднэ?
-Эцэг, эхийн хайр хэзээ ч хоцорно, оройтно гэж байхгүй ээ. Хүүхэдтэйгээ харилцаж байж л та илүү ойрхон байна. Оройтчихлоо гэж битгий бодоорой. Ямар ч үед хүмүүс үйл ажиллагаагаар буюу хамтдаа ямар нэгэн зүйл хийснээр хоорондоо илүү холбогддог л доо. Хүүхэдтэйгээ цуг салхинд алхах, аав нар нь хүүтэйгээ сагс тоглох эсвэл дугуй унангаа ярилцах зэрэг хүүхдийн дуртай зүйлийг хамт хийнгээ ойртох боломж бий.
 
Ээж нар охидтойгоо цуг үсээ засуулах, хамт кофе уудаг ч юмуу, хумсаа янзлуулж, дэлгүүр хэсэнгээ ч ярилцаж болно.Гэхдээ дуртай зүйлийг нь худалдаж авч өгчихөөд сэтгэлийг нь засаж байна гэж бодож болохгүй. Гол нь ярилцах нөхцөл үүсгэх хэрэгтэй.Бүр учир нь олдохгүй байвал тэврээд үнсэх чхамгийн сайхан мэдрэмж төрүүлэх зөв арга. Өндөр том хүүхэд л харагдаад байгаа ч дотроо жаахан хэвээрээ гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
 
Тэврүүлэх, үнсүүлэх, магтуулах хэрэгцээ байж л байгаа. Шаардлагатай үгийг нь хэлж, ямар их бахархаж, хайрладгаа үгээрээ, үйлдлээрээ мэдрүүлэх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа ширээнийхээ ард хүүхэдтэйгээ хоол идээд юу болоод байгаа,ямар тусламж хэрэгтэй байгаа талаар нь ярилцаж болно шүү дээ. 
 
-Эцэг, эхчүүдэд тулгамддаг өөр нэг асуудал нь хүүхдээ бусадтай үерхэх тал дээр хаалттай ханддаг юм шиг?
-Монголчууд энэ асуудалд илүү хүндэтгэлтэй ханддаг гэх үү дээ. Аль болох хайртай, гэр бүл болох хүнтэйгээ л дотно харилцаанд орно гэсэн ойлголттой. Энэ буруу биш л дээ. Гэхдээ дээр хэлсэнчлэн таны хүүхэд том болно, бэлгийн  харилцаанд орно, өөрийн гэсэн хосыг олно. Иймээс та хүүхдээ үүнд бэлтгэж 10-11 настай байхаас нь эхлээд бэлгийн боловсрол олгох хэрэгтэй. Эрэгтэй хүүхдийн биеийн хөгжил яаж явагддаг юм, охин хүүхдэд ямар өөрчлөлт гардаг,энэ бол жам ёсны зүйл гэдгийг тайлбарлах учиртай.
 
Бүгд туулаад гардаг зүйл болохоор ичих хэрэггүй, санаа зовох ёсгүй зүйл гэж сайн ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээс том хүн рүү шилжиж байгаа үе гэдгийг нь сайхан тайлбарлаад өгөх хэрэгтэй. Өөрийнхөө үгээр тайлбарлаад өгөхөд л болно. Аав, ээж нар маань юу гэж хэлэхээ хүнээс асуух гээд, номноос унших гээд байдаг. Мэдээж болно л доо. Гэхдээ таны хүүхдийг танаас илүү сайн мэдэх хүн байхгүй учраас яаж хэлбэл зөв гэдгийг л бодох хэрэгтэй. Хосын харилцаанд орох нь тодорхой учраас эртнээс хүүхдээ зөв мэдээллээр хангах ёстой юм. Үнэхээр хэрхэх учраа олохгүй бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болно. Охидын эмч, хүүхдийн эмч дээр дагуулаад очсон ч болно шүү дээ. 
 
-Манай уншигчдад зориулж, хамгийн чухал гэж боддог зөвлөгөөгөө өгч болох уу?
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогийг хүлээн зөвшөөрөөрэй. Бүх зүйлд өөрийнхөө хүссэнээр байлгах гэж бүү зүтгээрэй.Магадгүй таны хүүхэд танаас өөр үзэл, хандлагатайбайж болно. Тэрийг нь бүү шүүмжилж, буруутгаарай. Ялангуяа өсвөр насны хүүхдэд чухал байгаа зүйлийг нь гоочилж, үл хүндэтгэх байдал гаргахгүй байх хэрэгтэй.
 
Насанд хүрсэн хүнтэй адил “Надад туслах гэж хэлж байна” гэж ойлгох чадвар бага байдаг учраас хүүхэд шууд хүлээж аваад эмзэглэх нь түгээмэл. Хүүхдээ шүүмжилж буруутгах гэж битгий яараарай. Аль болох ойлгох гэж хичээгээрэй. Би чиний хамгийн сайн найз, туслагч чинь шүү гэдгийг ойлгуулсан цагт асуудлаа хамт шийддэг, хамгийн итгэлтэй хүн нь болно гэсэн үг. 
 
Мөн өсвөр үед шийдвэрлэх чухал алхам бол мэргэжил сонголт байдаг. Энэ бол тухайн хүүхдийн авьяас, чадвар, ур ухаан дээр  суурилж бий болдог зүйл. Мэргэжил сонголтыг нь төгсөх ангид нь сонгож, битгий хожимдуулаарай. Эцэг, эхчүүд маань хүүхдээ аль болох эртнээс юунд дуртай юунд сонирхолтойг нь мэдэж, сорьж, сайн ярилцаж, анзаардаг байгаасай гэж зөвлөх байна. Мөн мэргэжлийн хүнд хандан мэргэжил сонголт, авъяас чадварынх нь талаар зөвлөгөө авах нь зүйтэй.

Өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгох вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188