• Өнөөдөр 2024-04-25

Б.Сэмжидмаа: Би 200 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байлаа

2020-10-08,   2927

Редакцаас томилолт авах бүрдээ би нэг их догдолдог юм. Тэр дундаа нутагтаа очно гэдэг тэр бүр тохиодоггүй сайхан завшаан. Галт тэрэгний цонхоор салж ядан үдсэн нутгаасаа ганзагалж ирсэн сурвалжилга, нийтлэлээ би бээр уншигчдадаа ээлж, дараатай хүргэж буй нь энэ. Энэ удаад Дорноговь аймгийн төвд “Сээмээ, Нараа найзуудын гар урлал”-ын дэлгүүрт бизнес эрхэлдэг нэгэн бүсгүйг “Бизнесийн хатагтай” буландаа урилаа.

-Сайн байна уу. Хоёулаа танилцъя?

-Сайн байна уу. Намайг Б.Сэмжидмаа гэдэг. Би Дорноговь аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн. Мөн 2010-2014 онд МУБИС-ийнБагшийн их сургуульд суралцсан. Төгсөж ирээд өөрийн сурч байсан сургуульдаа бага ангийн багшаар ажилд орж, долоо дахь жилдээ ажиллаж байна.

-Яагаад заавал орон нутагтаа ажиллах болсон бэ?

-Оюутан байхаасаа л төгссөн сургуульдаа ажиллана гэж боддог байсан. Багш болоод анхны хичээлээс эхлээд л сонин мэдрэмж төрдөг юм билээ. Тухайлбал, “Энэ хичээлийг багш ингэж зааж байсан”, “Багш нар ийм үйлдэл гаргадаг” зэрэг маш их бодол орж ирнэ. Хамгийн түрүүнд багш гэдэг хүнийг маш сайн ойлгодог юм билээ. Хүүхдүүдэд багштайгаа зөв харилцаж байгаасай гэдэг мэдрэмжийг ойлгуулахыг илүү их эрмэлздэг болсон.

-Бүсгүй хүн, гоо сайхан хоёр салшгүй холбоотой. Хэзээнээс энэ салбарт бизнес эрхлэх болсон бэ?

-Өмнө нь ажлынхаа хажуугаар онлайн дэлгүүр ажиллуулах, сургалтын төвд багшлах зэргээр юм юм л оролдож байлаа. Тэгээд “Манай аймагт байхгүй, гэхдээ олон нийтэд хэрэгтэй зүйл юу байх вэ” гэж маш их судалсан. Гар аргаар эко бүтээгдэхүүн үйлдвэрлээд тийм ч удаагүй байгаа. Анх гэрээрээ ванны бөмбөлөг, давс хийж, жил гаруй хугацаанд гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Тогтмол бүтээгдэхүүн хийгээд ирэхээр дадал суудаг юм билээ. Тухайн үед “Манай аймагт гар аргаар үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүн байдаггүй. Хичээгээд маш сайн бүтээгдэхүүн гаргаад олон нийтэд хүргэвэл ямар байх бол” гэсэн бодол орж ирсэн.

Хичээж хийгээд хэвлэхэд буцаад л бутраад уначихна

-Хамгийн анх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэцүү санагдаж байсан уу?

-Хамгийн анх үсний боолт хийж байсан. Тэгээд ванны давс, бөмбөлөгөө хүмүүст хүргэж эхэлсэн. Анх хийхэд цөөнгүй бүтэлгүйтсэн шүү. Шөнөжин нойргүй сууна. Хичээж хийгээд хэвлэхэд буцаад л бутраад уначихна. Эсвэл гоё болсон хэр нь хатсаныхаа дараа хагарчихна. Тухайн үед бүтээгдэхүүний орц, найрлага чухал юм байна шүү гэдгийг голдоо ортол ойлгосон. Харин “Чадахгүй байна, ер нь бүтэхгүй нь” гэж хэзээ ч бодож байгаагүй.

Хийж байгаа зүйлээсээ таашаал авах л хамгийн сайхан мэдрэмж. Одоо бие дааж 15 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Хүн хичээж, хөдөлмөрлөвөл болдог юм байна гэж өөртөө урам өгч ажилладаг. Бүтээгдэхүүний төрөл нэмэгдээд ирэхээр ганцаараа ачааллаа дийлэхээ больдог юм билээ. Олон хүн бүтээгдэхүүн захиалчихна, хийж амжихгүй үедээ уучлалт гуйгаад хугацааг нь хойшлуулдаг байсан.

Нэгэнт захиалга авч байгаа бол миний ачаалалтай ажилладаг, цаг зав багатай нь хэрэглэгчдэд хамаагүй учир найзтайгаа хамтарч эхэлсэн. Бараа бүтээгдэхүүнээ хэлсэн цагтаа хийж өгөх гэсэн эрмэлзлэл юм уу даа.

Эко бүтээгдэхүүнээ гэрээр хийдэг байхад “Хэзээ дэлгүүртэй болох вэ” гэдэг асуулт маш олон ирсэн

-Тогтмол хэрэглэгчтэй болж чадсан болохоор бүтээгдэхүүний нэр, төрлөө нэмсэн байх нь ээ?

-Бүтээгдэхүүнийг маань санаанд оромгүй олон хүн худалдаж авсан.“Хүмүүст хүрч чадах болов уу, манай аймгийнхан эко бүтээгдэхүүн хэрэглэх болов уу” гэдэг эргэлээг маань бут цохисон гэж болно. Төсөөлж ч байгаагүйгээр маш богино хугацаанд зарагдсан болохоор урамшиж, илүү олон, чанартай сайн бүтээгдэхүүн гаргахыг хүссэн. Одоо аймгийнхаа хэмжээнд танигдсан гэж болно. Эко бүтээгдэхүүнээ гэрээр хийдэг байхад “Хэзээ дэлгүүртээ болох вэ” гэдэг асуулт маш их ирсэн.

-Хэрэглэгчийн хүсэлтээр дэлгүүрээ нээжээ. Өөрийнхөө төсөөллөөр тохижуулаад анхны үйлчлүүлэгчээ авч байх тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчид томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа харагддаг. Миний хувьд өөртөө байсан мөнгөн дээрээ найзаасаа 100 мянган төгрөг нэмж зээлээд материал татсан. Нэг үгээр хэлбэл би 200 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байлаа. Хүмүүст анх бүтээгдэхүүнээ хүргэх үед ам сайтай байсан. Нөхөр маань цагдаагийн албан хаагч болохоор надад олдох нь ховор (инээв). Өөрийгөө ч танихаа байтлаа догдолж, гараа зүсэх үедээ зүсэж, толгойгоо цохихдоо цохиж найзтайгаа хоёулахнаа дэлгүүрээ тохижуулж байлаа. Өөрсдийн гараар бүхнийг бүтээх сайхан ч “Ийм жижигхэн дэлгүүрт хүн орж ирэх болов уу” гэсэн айдастай байсан. Ажиллаж эхэлснээс сарын дараа гэхэд өмнөхөөсөө хэд дахин олон хэрэглэгчтэй болсон байсан. Ер нь дэлгүүр нээснээс хойш хүмүүс ирж, үйлчлүүлэх нь ихэссэн. Дийлэнх нь гадаадын болон Улаанбаатар хотоос авсан бүтээгдэхүүнтэйгээ харьцуулж үздэг юм билээ. Манайх үнийн хувьд бусдаасаа хямд, орон нутагтаа үйлдвэрлэсэн болохоор хүмүүс их дэмжих болсон. Сүүлийн үед сумдаас хүртэл захиалга ирж байгаа. Хэрэглэгчийн сэтгэгдэл сайн байж, урам өгөхийн хэрээр хариуцлага нэмэгддэг юм шиг санагддаг. Одоогоор манай бүтээгдэхүүнд ирсэн гомдол, ямар нэгэн сөрөг сэтгэгдэл байхгүй болохоор “Болж байна шүү” гээд итгэл дүүрэн ажиллаж байна даа.

-Дорноговьд шинэ брэнд бий боллоо гэдэг мэдээ аль хэдийнэ хуучирчээ. Шинэ брэндээ яагаад өөрийн нэрээр нэрлэх болсон бэ?

-Эхлээд “Seegii’s hand made” гэж нэрлэсэн. Миний хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээс гарч байгаа болохоор өөрийнхөө нэрээр нээсэн юм. Найзтайгаа хамтарч хийдэг болсноос хойш “SNF’shand made” буюу “Сээмээ, Нараа найзуудын гар урлал” болгож өөрчилсөн. 

-Одоо гаргаж байгаа бүтээгдэхүүндээ сэтгэл ханачихсан юм биш биз?

-Яалаа гэж дээ. Өдөр бүр шинэ санаа хайж, сайн бүтээгдэхүүний эрэлд гардаг. Саяхнаас давсан урлал сонирхож эхэлсэн. Нэгэнтээ л эко бүтээгдэхүүн хийж байгаа учир давсаар сувинер хийх технологид суралцаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Бүрэн, төгс болсон цагтаа худалдаанд гаргана даа.

-Аливаа бүтээгдэхүүнийхээ орц, найрлагад ордог түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-Манай аймагт давс байдаггүй болохоор ихэвчлэн Увс аймгаас давсаа авчирдаг. Ер нь хүнсэнд хэргэлэж болдог түүхий эдээр бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ утгаараа хүний биед ямар нэгэн харшил өгдөггүй. Мөн хэрэглэж буй бүх түүхий эд маань шинжилгээний бичигтэй байдгаараа давуу талтай. Хүмүүс өвдөж эхлэхээрээ төрөл бүрийн антибиотик хэрэглэдэг. Гэтэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Жишээлбэл, манай хүүхэд сүүлийн нэг жил хамрын ханиад ч хүрээгүй. Тогтмол ванны давсанд оруулж, сүүн дүрлэгэнд хөлийг нь дүрдэг учир аливаа өвчинд өртөх эрсдэл бага болсон.

-Та олны хүүхдийг сургах ажлаа орхигдуулаад байгаа юм биш биз. Бүтээгдэхүүнээ хийхэд өдөрт хэдэн цаг зарцуулдаг вэ?

-Миний эзэмшсэн мэргэжил багш болохоор би хэзээ ч хувийн эрх ашиг, хөрөнгө орлогыг эн тэргүүнд тавьж үзээгүй. Бизнесээ зөвхөн чөлөөт цагаараа хийдэг. Хүн ажлаа яв цав төлөвлөж, өөртөө цаг гаргахгүй бол хэнд ч зав гарахгүй шүү дээ. Би өөртөө өглөө цаг гаргадаг. Учир нь бие сэргэг, бодол саруул байдаг болохоор орой ажилласнаас хэд дахин хурдан ажиллаж чаддаг.


Б.Сэмжидмаа: Би 200 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 23:34:41
    Urnaa: Nzdaa ulam ih amjilt husiyee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 20:37:56
    Oyundari: Mundag shuu. Amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 17:06:31
    нямка: ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. улам олон нэр төрлийн эко бүтээгдэхүүнтэй болж биднийгээ баярлуулж бгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 16:41:18
    Zaya: Mundag saichin bvsgvi dee ilvv ix amjilt xvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 14:13:09
    Одмаа: Найздаа амжилт хүсье. . Цаашдын ажилд нь ажлын амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 13:27:56
    Мөөнөө: Найздаа амжилт хүсье мундаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 13:06:27
    Даримаа: Хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсье. Та 2р бахархаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 12:55:59
    Э. Цэрмаа: Миний найз өшөө илүүг чаднаа чи минь мундаг шүү юм багасаа эхлэх тусмаа амттай байдаг. чамаараа хаа ч бахархаж явдаг шүү найз минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 12:49:02
    Сүнжээ: Залуу үеийн төлөөлөл болсон эрч хүчтэй, мундаг бүсгүйдээ ажлын өндөр амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 12:45:30
    энхцэцэг : Амжилт хүсье баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:54:07
    Энхчимэг: Мундаг хөдөлмөрч бүсгүй шүү амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:43:33
    Золжаргал: Үнэхэнр мундаг хөдөлмөрч бүсгүй шүү. Ажлын амжилт. Өшөө олон шинэ шинэ бүтэгдэхүүнээ орон нутагтаа түгээгээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:37:30
    Б.Амгалансуурь: Яасан мундаг хөдөлмөрч юмбээ? Улам их амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:32:24
    М. Мөнхзаяа: Миний дүү сайн байна. Дүүдээ түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйл хэрэгтээ улам их амжилт гаргаж, төр түмэнд хүндлэгдсэн маш сайн багш байхыг хүсэн ерөөе. Мөн өөрийн авьяас ур ухаанаа дайчлан эко гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад туйлын их баярлаж байна. Аргагүй л МУ-н Хөдөлмөрийн баатар өвөөгийн зээ охиндоо. Амжилт хүсье. Хайртай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:28:49
    Eenee: Mundag nzuudiinhaa tsaashdiin ajild amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 11:24:36
    Nyamdavaa: Nutgiin duudee tsaashdiin ajild ni amjilt mundag busgui shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 10:53:57
    Цээгий: Мундаг бүсгүй шүү амжилт хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 10:53:06
    Отгонсүрэн : Нутгийн дүүд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 10:51:13
    Мундаг дүүдээ амжилт хүсье. :
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 10:38:19
    Маралмаа: мундаг амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188