• Өнөөдөр 2024-04-24

Угтаалцайдамын хөөрхөн дөрөв

2020-09-30,   2681

Уушги хайрханы ар бэлд амар тайван налайх суурин бол Төв аймгийн Угтаалцайдам сум. Намрын жихүүн салхинд жиндсэн болжморууд нарны дулаан илчийг тосож, хашааны банз даган бээвийн сууна. Төрийн дуулал эгшиглэхтэй зэрэгцэж Угтаалцайдамын дунд сургуулийн дотуур байрны сурагчид нойрноосоо сэрцгээнэ. Бусад хүүхдээсээ эртлэн босож, өрөөнийхөө усан цэнхэр хөшгийг нээж, салхивчаараа агаар сэлгэх охиныг Х.Итгэлтөгс гэдэг. Гурван дүү нь дотуур байранд байдаг нь түүний бусад хүүхдээс урьтаж сэрэх шалтгаан юм. Нойрмог хүүхдүүдийн хөгжилтэй төрх, дүрсгүй багачуудын инээд шуугиан цалгисан энэ л байранд тэрбээр 12 жил амьдарсан аж. “Дотуур байр бол миний хоёр дахь гэр. Удаан амьдарлаа даа. Энэ жил амьдраад дахиж ирэхгүй гэхээр заримдаа гунигтай байдаг” хэмээн ярихдаа хоолой нь зангирна. 

Х.Итгэлтөгс: Төгссөний дараа дүү нар маань яана даа гэж бодохоор уйлмаар болдог


Сэмжин үүлс тунарсан цэлмэг тэнгэрт гэгээ татаж, нар зүүнээс ургаж буй Угтаалцайдамын шинэ өглөө цаанаа л нэг уянгалаг. Хаа нэгтээ тахиа донгодож, үе үе нохой хуцахаас өөр чимээгүй эл хуль. Өнгөрсөн онд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ дотуур байр тохижилт сайтаагаас гадна дулаахан санагдав. Хүүхдүүд хичээл эхлэхээс өмнө нүүр гараа угаах, хичээлээ ялгах зэрэг хувийн бэлтгэлээ хангана. Харин Х.Итгэлтөгс энэ бүхнийг амжуулахаас гадна дүү нарыгаа ч хичээлд нь бэлдэнэ. Түүнд эмэгтэй дүүгийнхээ үсийг нь сүлжих, хичээлийнх нь хуваарийг хэлж өгөх, хувцсыг нь сонгох гээд ажил мундахгүй. Тэрбээр энэ бүхнийг нэг цаг гучин минутын дотор амжуулах бөгөөд 7:30 цагт ахлах ангийн сурагчид цайндаа орно. Энэ өглөө сурагчид сүүтэй цай, үнэр нь сэнхийсэн арвайн гурилаар цайлж байв. Х.Итгэлтөгс “Би зургаан настайгаасаа өдийг хүртэл дотуур байранд амьдарч байгаа. Төрсөн гэртэй минь ялгаагүй болохоор дотуур байр миний хоёр дахь гэр. Бага ангийн сурагч байхад хичээл орохыг тэсэн ядан хүлээж, байр руугаа, найз нөхөд рүүгээ их яардаг байсан. Харин одоо тэгж догдлохоо больсон. Зуны амралтаар хувцасныхаа мөнгийг олох гэж ажил хийдэг болохоор байр руугаа яарч, санахаа больсон ч байж магадгүй.  Ирэх жил оюутан болж, гурван дүүгээ орхиод явна. Төгсөөд явахаар дүү нар маань яана даа гэж бодохоор уйлмаар болдог” хэмээн ярив. Айлын том байх амаргүй гэдэг нь түүний ярианаас харагдаж байлаа. 

Х.Отгонбаяр: Аав, ээж хоёр эргэж ирээд явахдаа амттай чихэр, алим авч өгдөг


Талын-Уул багийн малчин Д.Хадбаатарынх Хадын даваагаар нутагладаг. Тэрбээр Хадын даваанаас 30 гаруй километр туулж, сумын төвд сурдаг хүүхдүүдээ эргэдэг гэнэ.  Сурагч болсон анхны жил нь учир Х.Отгонбаярт бүх зүйл сайхан санагдаж байгаа гэнэ. “Гэрийн даалгавраа өөрөө чадахгүй үедээ эгчээс асуугаад хамтдаа хийдэг” хэмээн ярихдаа хацар нь улаа бутран ичингүйрсэн түүнтэй ийн ярилцлаа. 
-Байранд суух ямар байна вэ. Гэрээ санаж байна уу? 
-Ах, эгч нартайгаа байгаа болохоор гоё. Гэрээ санахгүй байгаа. 
-Сургуульд сурах гоё байна уу. Гэрийнхэн нь эргэж ирсэн үү? 
-Аав, ээж хоёр гурван удаа эргэж ирсэн. Ирэх нь гоё, даанч буцаад явчихдаг. Хичээлд ороод олон найзтай болсон. Багш нь гоё, хүүхдүүд нь гоё болохоор сургуульд явах гоё. 
-Аав, ээж хоёр нь эргэж ирэхдээ дандаа дуртай зүйлсийг нь авчирч өгдөг үү? 
-Аав, ээж хоёр эргэж ирэхдээ амттан өгдөггүй.  Явахдаа л амттай чихэр, алим авч өгдөг
-Одоо ирвэл дагаад явах уу? 
-Явахгүй. Хичээл амрахаар хамт гэртээ очно. Аав ганцаараа цагаан “Портер”-тойгоо ирж, бид дөрвийг авдаг. 
-Гэрийн даалгавраа сайн хийж байгаа юу? 
-Ах орой болохоор “Гэрийн даалгавраа хий” гэдэг. Өөрөө хийж чадахгүй бол ахаасаа асуудаг. Агаа бид хоёр мэдэхгүй бол эгчээс асуугаад хамтдаа хийдэг.


Харин хэн ч харсан бөх гэмээр харагдах махлаг хүүг Х.Дөлбадрах гэдэг. Түүний харц амар амгаланг илтгэм дөлгөөн. Өдгөө наймдугаар ангийн сурагч, том эр болохоор хоёр дүүгээ халамжлах ажилд нь эгчдээ үргэлж тусладаг тусархуу нэгэн. Тус байранд эгчтэйгээ хамт есөн жил сууж байгаа тэрбээр “Анх байранд сууж эхлээд гэрээ их санадаг байсан. Одоо хоёр дүү минь байгаа болохоор гэрээ санахгүй байгаа. Миний хамгийн сайн найзыг Төгссаруул гэдэг. Наймдугаар сар өнгөрөөд л найзуудаа, байраа санадаг. Хурдан хичээл ороосой, найзуудтайгаа хөл бөмбөг тоглох юм сан гээд байр руугаа яардаг. Нээрээ, бага дүү минь хааяа, хааяа “Гэрээ санаж байна” гэдэг. Тэгэхээр нь тав дахь өдөр явна гээд л аргаддаг. Миний дүү хичээлээсээ ирэх үедээ надад хөөрхөн харагддаг” гэв. 


Эгчийн тусгал 


Сургууль, дотуур байр хоёр хоорондоо хорин алхмын зайтай ч бага ангийн сурагчдыг байрны жижүүр сургуульд нь заавал хүргэж өгнө. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихэссэн энэ цаг үед буйдхан сумын сургуулийн багш, ажилчид сурагчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг мартаагүйд нь баярлаж байв. Х.Цэнд-Аюуш эгчтэйгээ тунчиг адилхан. Том нүдний шил зүүсэн нь хотын охид мэт харагдах ч, хацар нь үл мэдэг яагаарах нь эгээ сумын төвийн охин болохыг нь илтгэнэ. Тэрбээр дөрөв дэх жилдээ дотуур байранд сууж байгаа бөгөөд эгчтэйгээ нэг тасагт амьдарна.  Эгчтэйгээ хамт байгаа болохоор хувцсаа угаах, хичээлээ хийх, үсээ самнах зэрэгт амар байдаг гэнэ. Ээж, аав хоёр нь түүнийг цагдаа болгохыг хүсдэг бол Х.Цэнд-Аюуш эмч болох мөрөөдөлтэй. Математик, монгол хэлний хичээлдээ сайнаас гадна дуу дуулах дуртай тэрбээр “Хичээл орох дөхөхөөр бид гэр бүлээрээ хот руу орж хувцас, хичээллийн хэрэгслээ бэлддэг. Аав, ээж хоёр бидэнд онц сураарай гэж дандаа захидаг” хэмээн ярьсан юм. 

Х.Итгэлтөгс: Дүү нараа сайн хүн болоосой л гэж боддог


Х.Итгэлтөгсийн хичээл 14:00 цагт таржээ. Тэр үеийн хүүхдүүдийн хамт төмс хураахаар тариан талбай руу явах бэлтгэлээ базааж байв. Хүүхдүүдийг тариан талбай руу хүргэх унааг хүлээх зуур бид цөөн хором ярилцлаа.  
-Дотуур байранд ганцаараа байх, дүү нартайгаа байх хэр их ялгаатай вэ? 
-Анх орж байхад дээд ангийн ах, эгч нар байсан болохоор хариуцлага бага байсан. Харин дүү нар байранд суух тусам шалгуур өндөр болж эхэлсэн. Өөрийнхөө гурван дүүгээс гадна бусад дүүдээ ч анхаарал, халамж тавих хэрэгтэй. Дүүгийнхээ хичээлийг хийлгэх, хувцсыг нь янзлахаас эхлээд ажил их. Төгсөх анги болохоор элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэнэ гээд зав чөлөө муу байдаг. Өдрийн цагаар дүү нарынхаа хичээлийг хийлгэнэ. Гурван дүүгээ гэсээр орой өнгөрдөг. Тэгээд 01:00 цаг өнгөртөл өөрийнхөө хичээлийг хийдэг. 
-Айлын том байх амаргүй байх. Бага дүү нь чихнээс нь хонх уяж байна уу? 
-Өө, манай дүү чинь тогтож суухгүй. Маш их үймүүлнэ, аргадна, загнана. Гэрээ санаж байгаа дээр нь загнаад байвал уйлчих байх гэж хайрлаад, зэмлэсэн болоод л өнгөрдөг. 
-Нэгдүгээр ангиасаа эхлээд дотуур байранд сурна гэдэг нэг талаараа дурсамжтай зүйл. Эрт биеэ даахаас эхлээд цөөнгүй зүйл сурсан байх? 
-Байранд суудаг хүүхдүүд дээд ангийн ах, эгч нараас их зүйл сурдаг. Одоо сурч мэдсэн бүхнээ дүү нартаа зааж өгч байна. Сурсан бүхнээ тоочих нь өөрийгөө магтсан болох байх. Цэвэрч, нямбай байх зан чанарыг л хамгийн их сурсан. Мөн багаар ажиллах чадвар эзэмшиж, нийтэч болсон. 
-Дүү нарыгаа ямар хүн болоосой гэж боддог вэ? 
-Гурван дүүгээ ямар мэргэжилтэй болохыг нь би хэлж мэдэхгүй байна. Дүү нараа сайн хүн болоосой л гэж боддог. Хүн чанартай, ажилдаа чадвартай, сайн сайхан явахыг нь харахыг хүсдэг. 
-Дүү нартаа гомдож, шантарч байсан цаг үе бий юү? 
-Заримдаа “Яагаад заавал энэ бүхнийг би хийх ёстой юм. Би яагаад том эгч нь болоод төрчихсөн юм бэ” гэж боддог. Гэхдээ удалгүй инээлдэж, хөхрөлдөөд л түүнийгээ мартдаг.  
-Гурван дүүдээ ялгаагүй л хайртай байх. Аль нь илүү хөөрхөн санагддаг вэ? 
-Мэдээж хамгийн бага дүү минь. Дүүгээ харахаар л эгдүү хүрээд, хацрыг нь чимхмээр санагдана. Хичээлээ ойлгохгүй хоёр талд гараад л “Эгээ энийг яах вэ, яаж хийх вэ”, “Энэ юу гэсэн үг вэ” гээд л шулганаж гардаг.  
-Мэргэжлээ сонгосон уу? 
-Би бүүр багаасаа цагдаа болохыг хүсдэг байсан. Одоо ч энэ бодолдоо эргэлздэггүй. Цагдаагийн академид сурах зорилготой. Тийм ч учраас математик, англи хэлний хичээлээрээ элсэлтийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа. 

Шинэхэн баригдсан дотуур байрны гадна талбайд хөвгүүд хөл бөмбөг тоглож, охид нь гүйлтийн дасгал хийж буй харагдана. Бага ангийнхан хичээлдээ явсан тэр хэсэгхэн хугацаанд дотуур байр нам гүм байх аж. Төмс хураалтад явж буй эгчийгээ машинд суутал нь харуулдах Х.Отгонбаяр гомдлын нулимс унагаж зогсох нь уярал хөндөнө. Ямартай ч Х.Итгэлтөгс охин аав, ээжийнхээ захиасыг сайн биелүүлж, гурван дүүгээ хүний дайтай авч яваа нь энэ.


Угтаалцайдамын хөөрхөн дөрөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 13:44:50
    Батжаргал: Амжилт хүсэе зорисон зорилгодо заавал хүрээрэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 13:44:48
    Батжаргал: Амжилт хүсэе зорисон зорилгодо заавал хүрээрэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 21:28:18
    Bumaa: Hoorhon dorovd amjilt husi mundag bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 21:28:07
    Bumaa: Hoorhon dorovd amjilt husi mundag bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 16:29:38
    Дагва Өнөржаргал: Мундаг дүү шүү улам их амжилт гаргаж хүссэн сургуульдаа элсэн орохыг хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 16:01:07
    Purevjav Suragchnyam: хѳѳрхѳн 4 дүүдээ хичээлийн амжилт хүсэе бас Тѳгсѳѳдѳѳ санасан сургуульдаа орохыг хүсэж гэж бна эмээ Цэвээнбадам дамжуулж хэлж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:47:53
    Undraa: Estoi mundag uhaantai ajilsag ohun shvv. Svvliin 2 jil zuniihaa amraltaar manai buuznii tsehd irj ajilldg yum. Yamrch baisn hicheelii heregsel, huvtsasaa dvv nartaa bas yum beldeed l uguud bdg ajilsag sn ohin shvv. Dvvdee ulam ih amjilt hvsie. Zorison zorilgdoo zaaval jvrch chadnaa chi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:40:15
    bolormaa: suraad bjdee huurhun 4 mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:40:00
    bolormaa: suraad bjdee huurhun 4 mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:38:48
    olzwoi: dvv nar amjilt ...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188