• Өнөөдөр 2024-04-17

Н.Болор: Манай клубын залуус аврах ажиллагаанд донтчихсон

2020-10-21,   2961

“Баярлалаа” гэдэг үг бидний хувьд хамгийн үнэ цэнтэй шагнал

“Ах аа, бидэнд туслаач. 52-ын давааны ард машинтайгаа явж байгаад цасанд суучихлаа. Нялх хүүхэдтэйгээ яваа учраас машинаа асаалттай байлгасаар шатахуун дуусаж байна” гэх мэт дуудлага 99180608 утсанд бараг өдөр болгон ирдэг. Энэ бол “Монголын Пажеро клуб”-ын тэргүүн Н.Болорын утасны дугаар. Тэрбээр 2016 оноос клубын залуустайгаа нэгдэн, цасанд боогдож, усанд суусан, жалга руу унасан гээд тусламж хэрэгтэй хэн бүхэнд үнэ төлбөргүй туслахаар сэтгэл, зориг шулуудан ажиллаж яваа. Хамгийн сүүлд л гэхэд өнгөсөн есдүгээр сарын 30-нд болсон цасан шуурганаар 200 гаруй машиныг цасанд суусныг гаргаж, олон хүний амь, эд хөрөнгийг аварсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танай клубт аврах ажиллагаанд оролцдог 130 гаруй жолооч байдаг гэж сонссон. Анх клубээ хэрхэн байгуулж байв?

-Манай клуб Улаанбаатараас хааш хаашаа 50 километрт үнэ төлбөргүй аврах ажиллагаа явуулдаг. Ингэхдээ өдрийн цагаар биш, зөвхөн 22:00 цагаас хойш тусламж хайсан иргэдэд тусалдаг юм. Одоогийн байдлаар “Монголын Пажеро клуб” маань 600 гаруй гишүүнтэй ч сайн дураараа аврах ажиллагаанд тогтмол оролцдог 130 орчим жолооч бий. Тэд минь хэнд, хаана тусламж хэрэгтэй байна, түүнд хамгийн ойрхон байгаа цэгээсээ л дуу нэгтэйгээр тусалдаг. Мөн Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт сайн дураараа аврах ажиллагаа гүйцэтгэдэг хэд хэдэн гишүүн бий. Бид 21 аймаг болон есөн дүүрэгт гишүүнтэй болохыг хичээж, ажиллаж байна. Манай клубт элсэхийн тулд жолооч 20 аврах ажиллагаа гүйцэтгэсэн байхад л хангалттай. Анх 2012 онд залуусын автын мэдлэгийг дээшлүүлэх, авто спортыг хөгжүүлэх, “Пажеро” машиныг олонд таниулах зорилготойгоор л клубынхээ үйл ажиллагааг эхлүүлж байлаа. Тэгээд 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс Онцгой байдлын ерөнхий газрын 105 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын дагуу явах аврах ажиллагаанд оролцох хүсэлтээ сайн дураараа өгч байсан юм. Тухайн үед бид долоон машинтай бүртгүүлж байсан бол одоо аврах ажиллагаанд оролцдог жолооч 100 хол даваад байна. Манай жолооч нар “Сосчид” гэсэн дотоод чаттай. Миний утас руу тусламж хүсэж, залгасан хүнд хамгийн ойрхон яваа болон ойр чиглэлийн жолооч туслана. Би групп чат руу тухайлбал, “За манайхаан, Нисэхийн ойролцоо нэгэн аав, гурван хүүхэдтэйгээ явж байгаад жалга руу орчихжээ. Хүүхдүүд нь жаахан болохоор машинаа түрж гаргах боломжгүй байгаа юм байна. Хэн туслах вэ” гээд бичнэ. Ойрхон байгаа нэг нь заавал очиж тусалдаг юм. Манайхан чинь надад гэрийн хаягаа хэлэхгүй, зөвхөн “Ах аа би Нисэхэд, Улиастайд, Толгойтод байдаг шүү” гээд ойролцоогоор бүртгүүлчихдэг.

-Анх долоон машинтай аврах ажиллагаанд бүртгүүлж байсан танай клуб өдгөө маш олон гишүүнтэй болжээ. Залуус аврах ажиллагаанд сайн дураараа, хэнээр ч шаардуулалгүй оролцоход юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ?

-Аврах ажиллагаанд оролцоод удаагүй байхад буюу 2016 оны гурав, дөрөвдүгээр сард Монгол Улс даяар цасан шуурга болсон юм. Улаанбаатарын эргэн тойронд байрлах давнууд цасанд боогдох үед бид долоон машинтайгаа аврах ажиллагаа гүйцэтгэж байлаа. Тухайн үед хэдэн ч машин цаснаас гаргаж, аюулгүй болгосноо сайн мэддэггүй. Харин энэ том аврах ажиллагааны дараа тухайн үеийн Зам, тээврийн сайд М.Зоригт биднийг хүлээн авч уулзаад, нэг гишүүнд минь “Онц тээвэрчин” цол олгоод, бидэнд талархал илэрхийлж, жуух бичиг олгосон. Тэр мөчөөс урам авч, одоог хүртэл зогсолтгүй аврах ажиллагаа гүйцэтгэж байна даа. Залуус минь урмын үгээр л тэтгэгдэж, эрч хүчээр дүүрч, магтаалын үг сонсохоороо амттай хоол ахиухан идчихсэн юм шиг мэдрэмж авсаар өнөөдрийг хүрсэн. “Баярлалаа” гэдэг үг чинь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй шагнал. Осгох шахсан, туйлдсан, арга ядсан хүмүүсд туслачихаад энэ үгийг сонсоод гэртээ харих хамгийн жаргалтай.

Иргэд цасанд боогдож, усанд живэх ч юмуу эрсдэлтэй нөхцөл байдалд орохоороо эд хөрөнгөө хаяж явж чаддаггүй. Тэтгэврийн хоёр хөгшин, нялх хүүхдүүдээ суулгасан жолооч нар өдөржин ус, цас ухаад, орой нь туйлдаад хонохоос өөр аргагүй байдалд хүрдэг юм. Яг л ийм тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, нэг ч гэсэн гэр бүлийг эрүүл энх, элэг бүтэн байлгах юм сан гэж зүтгэдэг. Залуус минь аврах ажиллагаанд бараг л донтчихсон. Хүнд туслахгүй л бол, дуудлага ирэхгүй л бол тайван байж чадахаа больсон гэсэн үг. Мөн залуусын аврах ажиллагаанд оролцох дуртай байдаг өөр нэг шалтгаан бий. Тэр нь бид машинаа бүрэн тоноглож, спорт загварын болгож, туулах чадварыг сайжруулах маш олон төрлийн нэмэлт ажлууд хийдэг юм. Тоноглосон машинаа шалгаж үзэхийн тулд хий дэмий бартаад зам туулахгүйгээр аврах ажиллагаа гүйцэтгэхэд л хангалттай.

-2016 оноос хойш хэдэн аврах ажиллагаанд оролцож, хэчнээн хүний амь, эд хөрөнгийг авраад байна вэ?

-Анх тоолдоггүй байлаа. Клуб маань өргөжихийн хэрээр залуусаа урамшуулж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь үнэлэх шаардлагатай болсон. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд бусдыгаа манлайлсан аварга гишүүнийг тодруулахад, бид нийт 7000 гаруй иргэний автомашин, эд хөрөнгийг аюулт нөхцөлөөс  аварсан байна лээ. Энэ жил цас, үер ихтэй жил байсан болохоор аврах ажиллагааг өмнөх жилүүдээс ч олон гүйцэтгэсэн. Харин чухам хэдэн хүний амь аварснаа гаргах боломжгүй. Зарим тохиолдолд зөвхөн жолоочид тусламж үзүүлэхээр очдог бол заримдаа 45 зорчигчтой автобус дээр ч дуудлагаар очно шүү дээ. Клубын аварга жолооч маань л гэхэд жилд 200 орчим аврах ажиллагаа гүйцэтгэсэн байдаг.

-Танай клубынхэн өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр болсон цасан шуурганаар олон хүний амь аварсан гэсэн үү?

-Цас шуурч эхэлсэн цагаас л тусламж хүссэн дуудлага тасраагүй. Бид 52-ын даваанд бүрэн тоноглосон 17 машинтайгаа ажилласан. Аврах ажиллагааны үеэр 45 хүний суудалтай есөн автобус, том оврын 18 машиныг татаж гаргасан. Харин суудлын тэрэг хэдийг гаргаснаа тоолоогүй. Эргээд харахад л жижиг тэрэг цасанд суучихсан байсан болохоор тоолох ч боломжгүй. Манай нэг жолооч хамгийн багадаа 14-15 машин татаж гаргасан гэхээр бид 200 гаруй машиныг аюулаас аварсан гэсэн үг. Гэхдээ хэтэрхий их тоо бичихээр хүмүүс “Худлаа хэллээ” гэх вий гээд л тоог нь багасгаад цахим орчинд нийтэлсэн. Залуусынхаа байгуулсан гавьяаг тунхаглаж л байхгүй бол тэдний минь эрч сулраад байдаг. Тийм том аврах ажиллагаанд оролцсон жолооч шатахуунаа дуусгана, машиндаа гэмтэл авна гээд зарлага их. Гэсэн хэдий ч аврах ажиллагаа гүйцэтгэж байж л аз жаргалтай болдог. Мөн аврах ажиллагаанд оролцсон жолооч хүний амь, эд хөрөнгө аврахаас гадна өөртөө асарт том туршлага олж авдаг.

 -Цаг агаарын нөхцөл байдлыг танай залуус андахгүй биз?

-Цас, бороо ихтэй өдрүүдэд манай хэд ажлаа тараад өөрсдөө клубынхээ гараашинд хүрээд ирдэг юм. Харуй бүрий тасрахаар л бүгд аврах ажиллагаа гүйцэтгэхэд бэлдчихсэн, “Дуудлага ирсэн үү” гэсээр л ороод ирдэг. Хүний амь, эд хөрөнгийг аврахын тулд бид эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж, ажиллах ёстой.

-Онцгой байдлын байгууллагын дугаараас илүү таны дугаарыг мэддэг хүн олон юм билээ. Нэг үгээр тэд таны дугаарыг аврагч гээд хадгалчихдаг бололтой?

-99180608 дугаараа зарах ч эрхгүй болсон шүү дээ. Утсаа огт унтраадаггүй болсон.

-Таны сэтгэлээс гардаггүй, хамгийн ээдрээтэй аврах ажиллагаа юу байв?

-Аврах ажиллагаа бүрийн ард л дандаа “Энэ хүнийг авраагүй бол үнэхээр болохгүй байж дээ” гэж боддог. “Ямар азаар бидэнд мэдээлэл ирж, энэ хүнийг олж ирэв ээ. Тэгээгүй бол ёстой балрах байж” гэсээр л бид гэртээ ирдэг юм. Мартагдахгүй олон аврах ажиллагаа бий. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сард Туул голд хоёр машин живсэн тухай дуудлага ирсэн. Тэр хүмүүсийг аврахаар бид хоёр машинтай очсон юм. Онцгой байдлын аврагчид завиар очоод иргэдийг нь аварчихсан байсан. Бид хоёр машинтайгаа “хөвж, хөвж” голын нөгөө талд гараад, нөгөө хоёр машиныг аюулгүй хамгийн өндөрлөг газарт гаргасан. Буцаад өөрсдөө гол гатлахдаа живээд, балрангаа алдсан юм. Тэгээд клубынхээ залуус руу “Бид баларч явна. Гачууртын ойролцоогоос биднийг ирээд авраарай” гэж бичсэн. Төд удалгүй манайхан бөөнөөрөө уул бүсэлж ирээд биднийг аварсан. Тэр үед олон хүнийг нэгтгэж чадсан гэдгээ ойлгож, их баярласан. Хүний амь аварч явсан хэдий ч өөрөө тийм эрсдэлд орж үзээгүй юм билээ. Харин хүнийг аварсан ажиллагаа олон болохоор тэр, энэ гэж хэлэхэд хэцүү байна.


Н.Болор: Манай клубын залуус аврах ажиллагаанд донтчихсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-08 19:20:21
    Bataa: Za bvr ogshchihloo mundag yumaa pooh paah geseer unshlaa ene hvmvvs chin bas ger bvl vr hvvheddee hvmvvs ted nariinh ni setgel ni zovindog l bhdaa mundag yumoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-25 08:43:38
    Ариунаа: Ямар сайхан мундаг залуус вэ. Эерэг сайхан мэдээ байна. Залуучууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан санааны үзүүрт шар тос гэдэг байхаа....Бүгдэд нь амжилт...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 22:27:25
    Боогий: Үнэхээр л мундаг хүмүүс шүү бүрр бахархмаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 21:22:26
    gerel: yamar goy eyreg medee ve? iim mundag zaluustaa bayr hurgie. shan buhniig husen eruuj tsaashdiin ajild ni amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 20:05:17
    chuka: воав ёстой мундаг залуучууд юм аа та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 17:13:29
    irgen: pooh, iim saihan yariltslaga unshdag baijee, hamgiin best ni bailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 17:06:47
    Bb: Муу муухай нь дүүрчихсэн өнөөгийн цагт энэ сайхан залуусын хийж байгааг харж баясах юм үнэхээр сайхан залуус Пажеро клуб мандан бадар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:45:38
    Сайхнаа: Нүүрэндээ галтай харваас мундаг залуу бна тэньд ард олныхоо өмнөөс талархаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:26:50
    Д . Мөнхзул: Аврах багын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье сэтгэл сайтай мундаг залуус юм аа үйлс бүхэн нь дэлгэрч байг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:02:04
    П,Энхбаяр: Ёстой сайхан сэтгэлтэй аврах клуб бна томхон машинтай залуухан байсан бол нэгдэх л байлаа залуустаа сайн сайханг хүсэж улам их хүн авраарай гэж ерөөе жинхэн эх орончид та нар л бна даа баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 13:16:34
    зочин : Гайхалтай сэтгэл сайтай залуучууд юм да,үйлс бүхэн нь өөдрөг байг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 10:51:30
    Монгол: Халуун дулаан хүн сэтгэлтнүүдэд ИНЭЭМСЭГЛЭЛ, ХАЙР БЭЛЭГЛЭЕ ЭЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188