• Өнөөдөр 2024-04-18

Холливудын кинонд тоглосон Б.Хандсүрэн: Мэргэжлийн жүжигчинд том, жижиг дүр гэж байхгүй

2020-10-01,   1166

Түүнийг Бямбадоржийн Хандсүрэн гэдэг. Тэр бол холливудын кино ертөнцөд хөл тавьсан цөөн монгол жүжигчний нэг. Уншигч та өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн “Монгол бүсгүй холливудын “Сувилагч Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ” хэмээх бахархам мэдээллийг уншсан биз ээ. Хэн хүнд амархан олдоод байдаггүй ховор боломжийн эзэн Б.Хандсүрэнг Эргэлт.мн сайтын “Түүчээ” буландаа урилаа. 

Тэрбээр 1987 онд эх орноосоо мордож, алс холын Украины Харьков хотод жүжигчний мэргэжил эзэмшжээ. Энэ талаараа тэр “Би Улаанбаатар хотод төрж өссөн. Ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Ахлах сургуулиа төгсдөг жил Хүүхэд, залуучуудын театрын нэр дээрээс жүжигчний мэргэжлээр гаднын оронд суралцаж байлаа.

Тухайн үед хуучнаар Зөвлөлт холбоот Улсад 20 жүжигчин бэлтгэх шалгаруулалт Монгол орон даяар явагдсан юм. Монголыг төлөөлж суралцах 20 хүүхдийн нэг болсноор жүжигчний мэргэжил эзэмшсэн. Харин эх орондоо ирээд СИУС-д цөөн жил ажиллаад, АНУ-д ажиллаж, амьдархаар ирсэн” гэлээ. 

Мөн тэрбээр сурагч байхдаа Монголын волейболын идэрчүүдийн шигшээ багийн тамирчин байжээ. 1980-аад оныхон “23 дугаар сургуулийн Хандаа” гэхээр анддаггүй юм билээ. Тэр үүнээс гадна уран уншилгыг яруу тодоор уншдаг нэгэн.

Сургуулийн сурагч, их сургуулийн оюутан байхдаа уран уншилгын олон ч тэмцээнд оролцож байж. Харин жүжигчин болсон анхны дүрийнхээ талаар тэр “1991 онд Н.Наранцэцэг гэж маш агуу жүжигчин, найруулагчийн найруулсан “Шинэ байшин” жүжигт тоглож байлаа.

Н.Наранцэцэг эгч тухайн үед Ленинград хотын театрын Академид найруулагчийн ангийн төгсөх дамжааны оюутан байсан юм. Тэгээд тухайн үед жүжигчнээр суралцаж байгаа хүүхдүүдтэй холбогдож, өөрийнхөө диплом хамгаалалтын "Шинэ байшин" жүжигтээ тоглох хүүхдүүдийг сонгож авсан. Шалгаруултад нь би тэнцэж,  “Шинэ байшин” жүжигт гол дүр бүтээсэн түүхтэй. Н.Наранцэцэг эгч "Шинэ байшин" жүжгээрээ” хэмээн хуучиллаа. 

Б.Хандсүрэн одоо АНУ-д өөрийн гэсэн агентлагтай гэнэ. Мөн тэрбээр АНУ-ын “Sag-Аftra” мэргэжлийн жүжигчний холбооны гишүүн аж. Энэ талаараа Б.Хандсүрэн ““Sag-Аftra” холбооны гишүүн болох маш хэцүү. Олон жил уйгүй хичээж, зүтгэж, кредиттэй байх хэрэгтэй. Гэхдээ хичээсэн хүн бүрийг бурхан шагнадаг шүү дээ” гэлээ. 

Тэрбээр “Сувилагч Рэйтчед” олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд тоглосон юм. Холливудын ертөнцөд дүр бүтээсэн талаараа тэрбээр “Агентлаг минь цуврал кинонд тоглох санал анх тавьсан.

“Ийм дүр байна. Энэ уран бүтээлд хамтарч ажиллах уу” гэсэн. Би ч дуртай хүлээж авсан. Мэдээж Холливудын ертөнцөд өрсөлдөөн маш их. Надад оногдсон дүрийг өөрийнхөө хэмжээнд сайн гаргах юм сан гэж хичээсэн. Харин бүтээсэн дүрээ англи хэлээр гаргаж чадсанаа мэдээгүй байж байтал FOX21 центрээс холбогдож мэдэгдсэн.

Мэргэжлийн жүжигчинд том, жүжиг дүр гэж байхгүй. Яаж тэр дүрээ амилуулсан, хэрхэн гаргасан бэ л гэдэг чухал. Манай киног үзсэн маш олон мэргэжлийн найруулагч, уран бүтээлч сэтгэгдэл өндөр байна лээ. Одоогийн байдлаар кино маань дэлхийн номер нэг шоунд үнэлэгдэж байгаа юм билээ” хэмээн яриагаа өндөрлөв. 

“Сувилагч Рэйтчед” цуврал нэг бүлэг найман ангитай. Цувралын гол дүрд алдартай жүжигчин Сара Полсон тоглосон байна. Шинэхэн цувралын эхний бүлэг есдүгээр сарын 13-наас англи хэлээр “Netflix”-ээр гарч эхэлжээ.


Холливудын кинонд тоглосон Б.Хандсүрэн: Мэргэжлийн жүжигчинд том, жижиг дүр гэж байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 18:40:11
    Н.Борхүү: Б.Хандсүрэн дүүд баяр хүргие. 23-р сургуульд сурч байхдаа манай хүүг дагуулаад явдаг байж билээ. Манайхан нэг байранд амьдарч байсан. Одоо ийм сайхан мэргэжилтэй мундаг жүжигчин болсоныг сая л уншлаа. Уранбүтээлийн амжилт хүсэн ерөөе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188