• Өнөөдөр 2024-04-25

Икей Серикбол: Эхнэр маань чононы духан дундуур ганц л удаа цохиж, ухаан алдуулсан

2020-10-12,   1474

Баян-Өлгий аймгийн малчин Икей Серикболын гэр рүү чоно дайрсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан юм. Түүний эхнэр Мүкремхан Нургүл чоныг гурилын элдүүр болон сүхээр цохиж алсан тухай мэдээлэл сошиалаар цацагдсан билээ. Болсон үйл явдлын талаар малчин Икей Серикболтой утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу та. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу. Манайх Баян-Өлгий аймгийн Ногуурнуур сумын Улаанчулуу багийн малчин айл.  Намайг Икей Серикбол, эхнэрийг маань Мүкремхан Нургүл гэдэг. Бид гурван хүүхэдтэй, хоёр нь сумын төвд сургуульд, бага маань одоо зургаан настай бидэнтэй хамт хөдөө амьдардаг. Манайх сүүлийн 20 орчим жил мал маллаж амьдарч байна. Манай өвөлжөө сумын төвөөс хойш 30 километрийн зайд байдаг.

-Хотонд нь чоно орж ирж, тань руу дайрахад эхнэр тань гурилын элдүүр, сүхээр цохиж таныг аварсан гэсэн. Тэр талаар та ярихгүй юу?

-Нэгдүгээр 24-ний үүрээр 06:00 цагийн үед нохой маань тасралтгүй боргосон. Эхнэр бид хоёр гайхаж, яарч сандарч гэрийнхээ гадаа гарахад хотны хажууд нохойноос маань өөр амьтан зогсож байсан. Гэгээ арай ороогүй байсан болохоор эхлээд нохойгоо байна гэж бодсон чинь чоно байсан. Хот руу дайрах гэж байсан чоно намайг гэрийн хаалгаар гарч ирээд, хашгирч, дуугарахад зүгээ өөрчилж над руу давхиж дайрсан. Тухайн үед би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан болохоор газар самардаж, шороо, чулуу авч чоно руу шидэж, биеэ хамгаалсан. Тэгсэн чоно гэнэт зогсож, буцаад шогшиж байснаа буцаж над руу дайрсан. Би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан болохоор чиглээд ирэхээр нь тэвэрч аваад боож унагаагаад хашгирч, эхнэрээсээ тусламж хүссэн. Угаасаа эхнэр бид хоёр цуг гарах гэж байгаад манай хүн хувцсаа өмсөөд үлдсэн юм. Эхнэр миний араас бараг 4-5 минутын дараа гарч ирэхдээ гурилын элдүүр барьж, гарч ирээд чононы духан дундуур нэг л удаа цохисон. Ганц цохиод л гурилын элдүүр маань хугарч, би эхнэрээ “Сүх аваад ир” гэж хэлсэн. Тэгээд л дарж авсан даа.

-Тухайн үед та хоёр маш их сандарсан байх даа?

-Би маш тайван байсан. Харин эхнэр маань жаахан сандарсан байх. Тухайн үед би чоныг хүзүүгээр нь тэвэрч газар унагаана л гэж бодсон болохоор унагаасны дараа их тайван болсон. Харин эхнэртээ духан дундуур, хоншоор луу нь цохиорой гэж хэлж зааварчилгаа өгч багийн ажиллагаа хийсэн (инээв). Хоншоор руу нь сүхээр ганц хоёр удаа цохисны дараа чоно муужраад унаад өгсөн. Тэгээд тэвэрч байснаа болиод босоод өөрөө бас хэд хэдэн удаа толгойн дундуур нь үхээгүй байж магадгүй гээд цохиж гүйцээсэн. Хүмүүс чоныг худлаа үхсэн дүр үзүүлдэг амьтан гэж ярьдаг болохоор гүйцээж цохисон нь тэр юм.

-Эхнэр тань таны араас гарж ирэх таван минутын хугацаа урт байсан уу. Юу бодогдож байв?

-Их юм бодох ч зав байгаагүй. Ямар ч гэсэн би байдгаасаа илүү тайван байсан (инээв). Эхнэр маань чоно үхсэний дараа багийн эмч рүү залгаж, дуудлага өгсөн.

-Одоо таны биеийн байдал зүгээр үү?

-Би сумын төвийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Чоно ноцолдож байх хооронд миний зүүн гарын эрхийн хуруунаас хазаж амжсан байна лээ. Бас доод уруул руу хальт самардсан байна. Зэрлэг ан амьтанд хазуулсан учраас галзуу өвчний эсрэг вакцин тариулж, гарандаа боолт хийлгэсэн. Манай эхнэрийн биеийн байдал зүгээр. Сэтгэл санаа нь жаахан тогтворгүй айсан гээд байсан.

-Өнгөрсөн намраас хойш зэрлэг ан амьтад идэш тэжээлийн дутагдалд орсноос болж, айлын хоттой болон бэлчээрт яваа мал руу дайрах нь элбэг болсон. Өмнө нь танай хотонд чоно орж ирж байв уу?

-Манайх руу болон саахалт айлуудын хотонд чоно дайрч, орж ирж байсан тохиолдол ойрын хэдэн жил гараагүй. Ойр хавьд олон айл байдаг ч тэр өдөр зөвхөн манайх руу л чоно дайрсан юм билээ. Идэш тэжээлийн дутагдалд орсон, ядарсан чоно байсан. Тийм болохоор л бид амархан дарж авсан байх. Тэрнээс залуу, азарган, цатгалан чоно байсан бол манай гэр бүл идүүлж, балрах байсан. Өлсгөлөн чоно учраас л айлын хоттой малаар эргэлдэж, явсан байх. Би бас адуу, малтай ноцолддог, бага зэргийн бяртай болохоор хурдан хугацаанд боож, газарт унагаасан байх. Тэрнээс биш манай эхнэр гэрээс түрүүлээд гарсан бол балрахгүй юу.


Икей Серикбол: Эхнэр маань чононы духан дундуур ганц л удаа цохиж, ухаан алдуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188