• Өнөөдөр 2024-04-20

Н.Намуу: Авто замын хөдөлгөөнийг сааруулах зорилгоор явган зорчигчийн гэрлэн дохионд зохицуулалт хийдэг

2020-09-20,   530

Авто замын ачаалал нэмэгдэж, түгжрэл ихэссэн үед  авто замын хөдөлгөөн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөний  ачаалал нэмэгдсэн үед ямар зохицуулалт хийж, түгжрэлийг сааруулдаг юм бэ?
-Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Багшийн их сургууль, Бөхийн өргөө чиглэлд ачаалал их байдаг. Нийслэлд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын автозам 300 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан. Тиймээс тээврийн хэрэгслийн тоог автозамтай харьцуулахад хоёр дахин их. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны зам, Олимпын гудамжны гүүр гэх гурван уулзвараар урагш, хойш урсах хөдөлгөөнийг зохицуулдаг. Тодорхой шаардлагын хүрээнд явган зорчигчдын гэрлэн дохионд хязгаарлалт хийдэг. Тиймээс заримдаа гэрлэн дохио удаан асдаг юм. Тухайлбал, төв шуудангийн урд талын явган хүний гарцтай ойролцоо автобусны буудалд 12 чиглэлийн 90-100 нийтийн тээвэр байнга зогсдог. Харин явган зорчигчийн хувьд өдөрт 9800 хүн автобуснаас бууж суудаг. Мөн  явган хүний гарцан дээр цагт хоёр талдаа 700-900 хүн зорчдог.

-Явган зорчигч гарцаар гарахын тулд хэдэн секунд зарцуулдаг вэ?
-Явган зорчигч гарцаар гарахын тулд 24-30 секунд зарцуулдаг. Судалгаанаас харахад явган хүний секундэд алхах хурд 1.2 байдаг. Бид Улаанбаатар хотын  түгжрэлийг гэрлэн дохионы дүрмээр зохицуулдаг. Манайд гэрэл, дохионы дотоод журам бий. Хамгийн удаан асах гэрэл 240 секунд байдаг. Тус гэрлийн дараа дараагийн гэрлийг асаах ёстой гэдэг зарчим баримталдаг. Тусгай үүргийн онгоцоор ирсэн А зэргийн хамгаалалттай авто машин, галт тэрэг, 103 дуудлага, түргэн тусламжийн авто машин гэх мэт тодорхой шалтгаантай үед гэрлэн дохиог зогсоодог. Иргэд тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй учир замын хөдөлгөөн зохицуулж буй цагдааг буруутгадаг. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд 2018 оноос хойш гүүрэн гарц хийх талаар одоог хүртэл судалгаа хийж байна.

-Гэрлэн дохио асах хугацаа цагийн бүсчлэлээс хамаарч өөрчлөгддөг үү?
-Цагт дунджаар хэдэн тээврийн хэрэгсэл ямар чиглэлд ачаалалтай байгааг харж гэрлэн дохиог өгдөг. Гэрлэн дохио асах хугацааг таван цагийн бүсчлэлд хуваадаг. 00-06 цагийн хооронд тээврийн хэрэгсэл 56 секунд, явган зорчигч 24 секунд, 06:00-16:00 цаг, 16:00-22:00 цагийн хооронд тээврийн хэрэгсэл тус бүр 106 секунд 22:00-00:00 цагийн хооронд 76 секунд явдаг. Харин явган зорчигч цагийн бүс хамаарахгүй гэрлэн дохио ассан үед 24 секундэд зорчдог. Энэ сараас хойш замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, 21:00-23:00 цагийн хооронд хөдөлгөөн сийрдэг болсон. Тухайн цагт явган зорчигчийг удаан хүлээлгэхгүй журмын дагуу асаадаг.


Н.Намуу: Авто замын хөдөлгөөнийг сааруулах зорилгоор явган зорчигчийн гэрлэн дохионд зохицуулалт хийдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188