• Өнөөдөр 2024-04-20

Явуугийн цэнхэр хязгаарт Янжинлхамын "өвөр" дээр эрхэлсэн минь

2020-10-10,   2467

Удиртгал хэсэг 

Улиастайн тухай төсөөлөлдөө умбан хэвтсээр нэг мэдэхнээ Хамарын хийдэд гороолж буй минь аян замдаа алжаан зүүд зөндөө хөтлөгдөн одсоны учир юм

Дөрвөн уулын өвөр сугаар намрын жиндүү салхи нэвт үлээсэн гэвч тэнгэр найрагчийн сэтгэл шиг аль эсвэл дотооддоо бясалгагч хуврагийн дүр мэт амгалан дүнхийсэн намрын адаг нохой сарын цагаан луу өдөр бүхнийг тэтгэгч алтан нар ажлаасаа хоцорч буй хүмүүн шиг яаран мандахтай зэрэгцэн гал дөл нь бадарч яваа хэсэг залуус, номын цагаан буянаар сэвлэгээ чимсэн хэдэн сайхан буурлуудтай Засагт Ханы нутгийг зорин хөдөлсөн юм.
Г.Мөнхцэцэг эгчийн яруу найргийн мөн чанар өөд мацахдаа дүү нартаа нууцхан тэмдэглэж үлдээсэн усны жим мэт замаар хүүхэд ахуйгаас нэгнээ мэдэх Хатанбулаг сумын хоёр залуу аз завшаандаа сүслэн талархаж басхүү бага зэргийн сандрал айдсыг өвөрлөөд алхалж буй нь энэ. “Юунаас айж сандрах нь тэр вэ” гэж уншигч та бодож буй бол бидний үеийн бага залууст Монголын зохиолчдын "Хурмаст тэнгэр" төв, нутгынхаа найрагчдыг төлөөлөн энэ сайхан аялалд багтаж, тэр сайхан наадамд шүлгээ хэлж орхисон шагай шиг уулсынхаа хаа нэгтээ одоо ч оршсоор буй Дорнын их найрагчийн абшигийг хүртэнэ гэдэг аугаа их хувь тохиол юм. Сүржигнэхийг урьтал болгомгүй цааш ийн өгүүлрүүн.
Нутаг нутгийн яруу найрагчид ганзага нийлэн дөрөө жийсэн автобусанд хамгийн түрүүнд Хурмаст тэнгэрийн хувь хишиг, аян замын өргөл хатуу дарсны үйсэн бөглөө загас үсчих шиг задрав. Бид дуу дуугаа аван сэтгэлээ уяртал хуурдаж, нулимсаа бөртөлзтөл шүлэглэсээр Хархоринд иржээ. Энэ хугацаанд хэн юун тухай дурсан мэлмэрч, хэн юунд баясан догдлолын гэгээнээр инээмсэглэхдээ үл мэдэг эрчис хөвөлзүүлж бусдыгаа жаргалд умбуулсаныг би одоо мартаж орхиж. Гэвчиг л гэгээн тунгалаг.
Холын замд цаг алдахгүй гэсэндээ үг унагалгүй бүхээгтээ цомбойн яваа жолооч аль хэдийн алсарч одсон нэгний хойноос үндэсээ мөлхүүлэх өвгөн заг мэт ажигдана.
Ард үлдсэн гэр бүл, ахуй болон ажил албаны тухай санааширсан бодол хэний ч толгойг гашилгаж хүслийг нь тушилгүй бид цааш явсаар л байлаа. Аз одоо үзэж ид хаваа гайхуулдаг сайн эрсийн заншилыг эвдэлгүй В.Нэргүй ах тэргүүтэй бидний хэдэн хүмүүс хэсэг зуур таван гарын муушиг тоглоодохлоо. Цонхон цаагуур жирэлзэх байгаль тэр чигтээ уран зураг мэт ажигдах нь автобусанд сэгсрэгдэж буй төсөөллөөс халин аль нэгэн галлерэйд үзэсгэлэн үзэж буй мэт санагдуулам.
Хонь хурганаас зулгаасан ноосоороо эсгий хийх тухай мөрөөдөгч алтан харганат говь нутаг минь холдох тусам уулс нь өндөрсөж гишгэгдэх бүртээ налж бөхөлзөх өвс нь мөчирт нь зүүгдэм мод болон ургаад хаанаас эхлэж басхүү хаана төгсөж буй нь үл мэдэгдэх гол горхи хадаг мэт сүлжилдэн цэнхэрлээд л ер өмнө огт үзээгүй мэт байгалийн өнгө үзэмж болоод уран тансагийг алмайран ширтэгч би бээр өнөө уулын сүрд дарагдана гэдэг шиг л мэл гайхан явав.
Яруу найрагчид амны хишигтэй, нүүрний буянтай төдийгүй нэгнээ хаана ч үл мартах бөгөөд билэг ерөөл дүүрэн учирдагийг гэрчлэх мэт Архангай аймгийн утга зохиолын нэгдлийн хамт олон хайрсан тос нь тогоондоо царцаж амжаагүй гэлтэй хав халуун хуушуур, зочид угтах идээ ундлагыг ёсоор барьсаар биднийг угтсан юм. Халуун дотно үгсээ хөөрөг мэт зөрүүлж итгэл сэтгэл судас дүүртэл цохилсон халуун гараа атгалцаад бидний аялал үргэлжилж Архангай аймгийн Тариат суманд шөнийн ододтой хүрэв. Тэнгэрийн сүмдээ найргийн увидасаар мөнхөд завилж танихгүй цэцэгийн үрээр бидний оюун санаанд түмэн цэцэгс ургуулагч Г.Баяр /агсан/ найрагч андыгаа дурсан Н.Минжинсайхан, Г.Мөнхбаатар, Г.Лхагвадорж ах нар нулимс дуслуулан шүлгийг нь дуудаж, нутгийнх нь уулсад өргөл өргөх зуураа газар тосож дийлэмгүй хүндээр санаа алдан зогсохыг хараад үүнээс илүү эр хүний нөхөрлөл, андын жудаг гэж юусан билээ хэмээн цээж хөндүүрлэн гунигийн мананд хэсэг тушигдаж тэр нэгэн гэгээн хүмүүнийг дурсав.
Гэдэсний гижиг хүргэж огцом дугуйран эргэхдээ толгой эргүүлсэн хоёр ч том даваагаар давсаар сая нэг автобус зогсоход Завхан аймгийн хүндэтгэлийн цагаан хаалга үүр цүүрийн завсарт ёстой л зүйрмэглэгч хун мэт тодрон биднийг тосч буй нь тэр. Есөн хутагтын номын адис оршсон тэр нэгэн сүнслэг агаараар уужуу амьсгалаад Улиастай хотод ирж зочид буудлын өмнө зогсоход Б.Баяржавхалан эгч нутгынхаа яруу найрагч, уран бүтээлчдийн хамт эвийн билэгдэл хадаг, энхийн билэгдэл сүү, хайлмаг барин угтсан нь хачин сайхан санагдаж зүүдлээгүй биздээ гэж хацараа чимхэхэд хүрсэн шүү! өглөөний 7:00 цаг хүртэл унтаж ч чадалгүй биднийг хүлээсээр угтсан Завхан нутгийн найрагчдийг хараад замдаа хэсэг зүйрмэглэсэн өөрөөсөө ичих шиг болов. Жигүүр цуцалгүй дэвэн ирсэн шувуудаа долгис мяралзуулан нуур ийн тосч, нуурынхаа зөөлөн бүүвэйнд шувууд тийм эрхлэнхэн хөвдөг гэмээр л бидний учрал яруухан байсансан. Ингээд тус тусын өрөөндөө орж амархаар болов. Тас харанхуй байсан учир ирсэн газарт маань буудлын байшингаас өөр сонин содон зүйл харагдсангүй. Маргаашийг хүлээж тэсэлгүй Улиастайн тухай төсөөлөлдөө умбан хэвтсээр нэг мэдэхнээ хамрын хийдэд гороолж буй минь аян замдаа алжаан зүүд зөндөө хөтлөгдөн одсоны учир юм.
Улиастай хот 2018.10.22-23 шөнө

'Дэд хэсэг'

Тэртээ алсаас бидэн өөд баясан ширтэгч мөнх цаст оргил бол Отгонтэнгэр хайрхан юм

Эр цэргийн алба хаах хугацаанд 'Сэрээд, Сэрээд орноос бос' гэдэг команд миний хамгийн дургүй команд байлаа. Яг л тэр цаг мөчийг санагдуулам яруу найрагч В.Нэргүй ах Сэрээд Сэрээд гэж дуу хадаасаар бас болоогүй ээ юу ч болоогүй мэт инээмсэглэсээр орж ирэв. /үе тэнгийн байсан бол уурандаа углаашаа шидчихмээр/ Урд шөнө угтахдаа сэмхэн атал даруухан инээмсэглэсэн Б.Баяржавхлан эгчийн тэр дүр төрх сэтгэлээс гардаггүй. Усаар булхавал энэ их бодрол урсах болов уу гэхдээ өнөөх л цэргийн амьдралд буй мэт яааруу сандруухан гар нүүрээ угааж, үсээ янзалчихаад ахын аягалсан сайхан сүүтэй цайг ууж, жимсний чанамалтай талх идсэнээр өглөөний цайллага дуусав. Тэр цайг харахад манай нутгийн нар аяганд хүртэл мандаж хүүгээ дагана уу гэмээр яг л говь зүгийн үүр зүсэн хөөрөх шаргал туяа тунаран байв. Завхан нутгаас төрсөн алдарт генералуудын дурсгалыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөнд бид хүрэв. Учир сайн мэдэхгүй хүн бол аймгийнхаа алдарыг мандуулах гэж худлаа баахан генерал оруулчихаж гэж хэлмээр. Гэвчиг л яалт ч үгүй энэ л хөрсөнд хээрийн чулуугаар наадаж, үлэг гүрвэлийн сэрвээ мэт уул хадандаа цэрэг болон дайтаж өссөн нутгийн уугуул хүмүүс мөн байх нь гайхалтай. Хэдий дүрэмт хувцасгүй ч нэг сайхан ёсолчихлоо. Эр цэрэг болоод эх орноороо бахархах сэтгэлийн галыг баруун хязгаарт аялахдаа сэтгэлдээ ахинтай нэг бадраагаад авсан минь энэ. Баруун хязгаар гэснээс Тансан лам баруун этгээдэд зорчихдоо яг л над шиг бүх зүйлийг ажин сонжиж, гайхан биширч явсан болов уу хэмээх бүдэгхэн санаа цухалзаад улиастайн тэнгэрт шувуудтай нисээд алга болчихов.
Аль нэгэн хүмүүний хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зурагтаар харж байснаас өөрөө оролцоно чинээ төсөөлөө ч үгүй явсан хорин таван нас минь Б.Явуухулан танаа гэсэн улаан тууз гунигтайхан зүүсэн цэцгэн мандалын өмнө хатаасан шавьж мэт хөдөлж ч чадахгүй зогсоно. Гэнэтхэн л бөмбөр нүргэлж, Бүрээ бишгүүрийн аль нэгэн хангинаж бидний нөхөд Дорнын их найрагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр цуваа болон алхаж байв. Би өөрийгөө баяр ёслолд ирсэн гэж инээмсэглэн дэгдэхдээ найрагчдийнхаа дүр төрхийг харвал тэд бүгд юу юугүй л хураа асгах гэж буй тэнгэр мэт баргар царайлж тэргүүнээ үл мэдэг бөхийн алхацгаана. Тэр л үест өнөөх гэнэн залуугийн инээд минь хөгжмийн эгшигтэй хаа ч юм одож би гэдэг хүн аавынхаа алсыг ажаад санаа алддаг шиг дүнсийж орхив. Торгон цэргүүдээр удирдуулсан манай цуваа явсаар 'Номын сан'-гийн гаднах хүрэл хөшөөнд хүрэв. Хөшөө хэдий хүйтэн болоод хиймэл байвч Явуугийн инээмсэглэл үнэн болоод тэнд чуулсан хүмүүсийн амьсгальтай сүлэлдэн бүлээн байсныг би хожим хэзээд мартахгүй биз.
Цас ханзалж ургасан хөх яргуй мэт дүрэмт хувцасаар жигдэрч алган дээрээ тэнгэрээ тосох мэт хадаг өргөн эгнэн жагссан сурагчид 'Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би...' хэмээн нэгэн жигд, уран яруу унших нь уралдаж тэмцэх биш эв эеийг хичээн алс тэртээд нүүдэллэх шувуудын цувааг санагдуулна.
Аймгийн номын санд оруутаа Н.Энхтулга бид хоёр Монголын зохиолчдын 'Хурмаст тэнгэр' төвийн тэргүүн Ш.Энхбаяр ахынхаа болон яруу найрагч Э.Эрдэнэдалай, П.Баярчимэг нарын баринтаглаж мордуулсан бүтээлийн дээдээс гардуулж энэ хүртэл зорин ирсэн ачааны татлага суллаж номын нөхдийн захиасыг биелүүлсэн юм.
Яруу найрагчид нутгийн зон олон мэргэн уншигчидтай уулзсан уулзалтанд Н.Пүрэв, Г.Ишхүү нараас зочид нэлээдгүй асуулт асууж үр өгөөжтэй сайхан үйл ажиллагаа болов. Тайзан дээр дуудагдан ах нартай хамт зочны суудалд суусан ч шүлгээ уншиж амжаагүйдээ бага зэрэг гомдосхийв. Тэр олны өмнө дандаа буурал санчигаар чимсэн арван зүгтээ алдар нэр болоод шүлэг найраг нь түгсэн сайхан ах эгч нартай сууна гэдэг их эвгүй юм билээ. Ээжийн эзгүйд бурхантай бор авдар дээрээ гараад суучихсан мэт.
Өдрийн хоолны цаг болж бид буудалдаа буцав. Нутгийн найрагчид болон удирдлагууд тэдний сэтгэлийн сүжрэл, хүндэтгэлийн дээдийг үгээр хэлж баршгүй мэт санагдах дор уншигч тантай хуваалцамгүй сэтгэлийнхээ нэгэн мөчлөгт гээв.
Таван булгийн хяр өөд машин цуваа аядуухан хөдөлсөн ч хаа нэгтээ нэгнээ гүйцэж түрүүлэх нь ёс алдаж буй биш оргилд яаран байсны учир буй за. Хүүхэд насандаа уулын орой булаацалдаж тоголдог байсан аа дурсахад машинтай оргил булаалдана гэдэг их сонихон санагдсан шүү.
Хярын оройд гарвал хөрстөд шинэхэн мэндэлсэн үр ямархан ч хар бараан нүгэл үгүй гэгээхэн байдагтай адил тэнгэр цэв цэлмэг бөртийх үйлгүй байлаа. Тэртээ алсаас бидэн өөд баясан ширтэгч мөнх цаст оргил бол Отгонтэнгэр хайрхан юм. Үүлсээр хөшиг татаж эсвэл манан будангаар гивлүүр хийж олон түмэнд дүрээ ажуулах дургүй энэ сайхан хайрхан биднийг тэсэн ядан хүлээсэн мэт л гэгээн дүрээрээ ханхайн байсан даа.
Хаа газар явсан хар хэл дагуулагч мууг ёрлогч гэж адалдаг хон хэрээ энд сүргээрээ тосов. Үнэн учигтаа тэд лусын эздийн зараал бөгөөд ямархан хүмүүн заларч, ямархан идээ ундлагийг өргөлийн дээдэд тунгаан өргөж мөнхүү итгэл сэтгэлээ сүлэн залбирсаныг тандаж биднийг мордсоны цаана лус эзнэдээ хүүрнэдэг ч юм билүү.
Сүрэг адуу хярын оройд баруун урд зүгээс хөрс цавчилан гарч ирсэн нь хойт зүг ажсан бидний дээлийн өвөрт хишиг буян, олз омог орох гэгээн зөнг билэгдэх мэт. Амьд бүхнийг тэтгэгч тэр л буурал хайрханд өнөө маргааш, өөрийн сайн сайхныг бус хөх толботой монгол гүрний чандланн сахих учиртай гал голомтыг захин даатгаж өргөл өргөчхөөд бид суурин зүг буцав. В.Нэргүй ахын хэлсэн үг, уншсан шүлэгнээс болоод ч тэр үү! яг одоо л уйлчихвал таван булгын хяраас хүрхээ цутгах юм шиг санагдаад тас залгиад тэвчив. Сайхан ахаас нэвт үнэртсэн сэтгэлийг би өөрөөсөө хайсаар нэг мэдэхнээ улиастайд ирэв.
хоёр өдөр зүгээр байсан зүрх гэнэт савчаад дэлсээд нэг л бишээ. Өвчин биш л дээ угаас яруу найргийн наадам бүхний өмнө бий ийн түгшиж догдолдог юм.
Яруу найрагчдийг алсаас ажих нэгэн шоргоолж мэт шавлаа гэж хэлэх ч үнэндээ тэд шувууд мэт жиргэмүй!
Нээх айхтар өргөж магтаж, тахин шүтэж пялдагдах зан надад нэгээхэн үгүй ч учир Ванганы нэрэмжит гэрэлт сүмийн тайзнаа дандаа гэгээн шүлэг хэлэгдэж би л лав тэдний оюуныг шүүн тунгаах тухайд ер бодол болсонгүй. Залуухан бидэнд мэдэж сураагүй зүйл олон байгаад тэр байж ч магад. Ямартай ч яруу найргийн наадам тунчиг сайхан болж өнгөрөв. Миний хувьд Дорж Палам дүүг Өсөх ирээдүйтэй залуу яруу найрагчаар тодорч, А.Бөхням андыгаа авшиг хүртэхэд өөрийн мэт баярлав. Бид чинь л залуучууд нэг нэгнээ ирлэхдээ ирлэж, зөөллөхдөө зөөллөж цаашид монголын яруу найргийн их айлыг авч явна хэмээх том том зүйлийг бодсоор зочид буудалдаа хүрэв.
Өдөржин Улиастайн гудмыг гучин есөн размераар тамгалсандаа хөл минь надад тунирхаж хэсэг янгинам аядав. Тэр цагт л эврээ даахгүй болсон хөгшин янгирын биеийн тэнцвэрийг бодон өөрийгөө шоолов.
Маргааш хүүшийн өвөлжөө, Алдархаан орно эр хүн шиг уруй дорой унжийж гудахгүй явая гэвэл яг одоо амар гэж дотроос хэн нэгэн зэмлэх зандрахын завсарт хатуухан хүүрнэчихэв. Торгон зөөлөн элсээр хучуулж, хөх дэрсний исгэрээгээр бүүвэйлүүлэн унтдаг говийн хүү намайг эрхлүүлсэндээ энэ нутгийн тэнгэрт шувууд намайг зүйрмэглэтэл үлгэр хэлэн нисэцгээж, энэ нутгийн модод намайг зүүднээ золготол навчисаа ч гүвэлгүй намрыг мартан миний төлөө цэрэг мэт зогсном.
Улиастай хот  2018.10.16-17

'Төгсгөл хэсэг'

Аавын минь хайчилсан эсгий үнэг шиг үүлс найрагчдийг манаж улиастайн тэнгэрт дэглий цагаан сар хөөрнө

Аавын минь хайчилсан эсгий үнэг шиг үүлс найрагчдийг манаж улиастайн тэнгэрт дэглий цагаан сар хөөрсөнөөс хойш зүүдээ ч үл санах бөгөөд нэг мэдэхнээ нутгийн найрагч анд Тулгаа минь 'Хөөе босох бодол байна уу? шалавхан босоод гоймон идчих' гээд гарч одсон нь аль хэдийн нойрноосоо сэрж Алдархаан сумруу хүлгийн жолоо залах цаг болсны илрэл юм.
Үргэлжид зүүдээ манаж ирээдүйг төсөөлөгч би бээр зүүд үзэлгүй унтсандаа ер гайхсангүй. Аль нэг хөгжмийн чавхадас эсвэл элсний ширхэг шиг сэтгэлийн дуудлагаар чуулж нэгнээ амар амгаланд дагуулагч найрагчдынхаа бүүвэй мэт шүлэгт уясч улиастайн зочид буудалд биш Отгонтэнгэр хайрханы бэлд тэнгэрийн хаяанд хоноглосон мэт сэтгэл уужуу бие зовиургүй байх нь түүний тайлал юм.
Хуучны пазз автобус гэмээр 20 гаран хүний суудалтай бага оврын автобусанд Д.Гансүрэн баавай, Хэнтийн Батхүү ах, Ховдын н.Жаргалсайхан ах, Сүхбаатар аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн Амартайван ах, Эрдэнэбаатар ах, бага залуу төрхтэй боловчиг оюуны сүмийнх нь орой үл харагдам Цогбадрах ах гэргийн хамт, Архангай нутгийн саваагүйхэн боловчиг сайн шүлэгтээ Ч.Бямбадолгор, Өмнийн цэнхэр говийн нийслэл хүү н.Батхүрэл зэрэг бидний хүмүүс учиран золгов. Бид дуулж хуурдаж буурал баавайнхаа сайхан дурсамж, хоржин наргианд цаг болоод туулах замыг анзааралгүй нэг мэдэх нь ээ Ар амны тасархайн бууцанд хүрэв. Улаанбаатраас эхлээд л баруун зүг довтолгох тусам уул хайрхад номин, хөх, саарал зэрэг завсарын хөнгөхөн өнгөтэй байсан бол Хүүшийн уулс эгээ л хүмүүний элэг,зүрх мэт хурц ухаа улаанаар тосох нь залхуурсан зураач эндүүрээд нэг хэсэг газар бийрээ нялсан мэт содхон харагдана.
Тэнгэр өнөө л үүлгүй хэвээр тэврэх шахам ойр цэнхэрлэх нь уналага ачлагад хөлөлдөг ганц шар атны маань нүд шиг тийм нэг тунгалагхан. Намар цагийн ихэмсэг занд орчлон ертөнц, байгаль даяхан тэр чигтээ үг дуугүй бөхөлзөх мэт оршихыг өндөлзөх өвс бүр толгой гудайлган шарлаж уулынхаа өнгөнд сүлрэн ганц цул өнгө үүсгэснээс ажиж болох. Тэнд ногоон болоод амьд өнгө цэгийн төдийд ч үл тодорном. Гэнэтхэн цээнийн яагаан цэцэгс өнгө гундаагүй салхины эгшигт зүйрмэглэхийг анзаарч сэртхийн харвал тэд өвс биш өвөр дээрээ морин хуур барьсан хүүхдүүд байх нь тэр. Найрагчийн бууц өнгөрсөн зууны түүхийг өгүүлэх шиг нам гүм угтсан боловч удалгүй санаж бэтгэрсэн сэтгэлээ бидэнд дэлгэж хуурын татлага чимчирхэд хаанаас ч юм шувууд элин хальж, намуун салхи үл мэдэг сэвэлзэх нь байгаль эхийн найруулсан сонгодог дуурь мэт санагдах нь гайхам. Явуугийн хөх бууц ингэж л биднийг хуурын төвөргөөн, өвсний хүүрнэл, уулсын гуниг, тэнгэрийн амгалантай угтсан юм. Хүслээр минь болдог бол энэ уулсыг өвөртлөж хариад та минь хүрэн зандан хүнгэрваандаа залж шүтээрэй гээд санааны үзүүр ижийдээ бэлэглэчихмээр санагдсаныг нуух юун.
Яруу найрагчид тэр хад асга, уулын өвөр суга, жалга судагаар зээрийн сүрэг шиг тааваараа бэлчиж хэд хэдээрээ сууж шүлэг дуудахыг сүрлэг хайрхантай бүхэлд нь алсаас харах хүмүүн түмэн үрсээ эрхлүүлсэн Энх-Амгалан хаан хэмээн эндүүрэм. найрагчид гэдэг тийм нэгэн байгалийн хэлмэрч болоод чимэгюмсанж. Найрагчдаас өөр хэн өвсний хэлийг ойлгож, шувуудын зовлонг өрөвдөж, уулсын анирыг чагнах билээ дээ. Энэ бүхэнд илбэдүүлсэн мэт уусч харц салган бодол зөрүүлж чадалгүй элдэвийг тунгаах зуур надаас бусад хүмүүс уулын энгэрт цуглацгаажээ.
Завхан нутгийн найрагчид тэнд гал бадрааж хорхог боодог зэхэж байсан болхоор сайхан хээрийн зоог таалах санаатай дөхөж очвол тэнд үдийн зоог биш үндэсний бахархалын үйл ажиллагаа өрнөж байв. Нарийн хүрэн торгоор эмжсэн цагаан монгол цамцтай харцандаа уулсаа аргадаж гартаа монголоо атгасан тэр хүн Хонгор адуут Мо ах байлаа. Усны асгарт адуу гишгэлээд үргэн одох шиг бийрээ бэхэнд нэгэнтээ дүрэн аваад цав цагаахан цаасанд мутар залгахуйд тэнд миний үл харж чадах дээд зөнгийн, далдын нэг хүч үүсч нэг л мэдэх нь сайхан сайхан бүтээлүүд гарсан байв. Удалгүй хүн бүр бийр бэх, бичвэрийн цаас авч зураг зурах нь зурж, шүлэг бичих нь бичиж, монгол бичгийн уран бичлэгээр бичих нь бичиж байв. Саваагүйтсэн хэдэн хүүхэд ахынхаа унтах хооронд өнгийн будгаар тоглох мэт харагдах боловч бүхний сэтгэл нэгэн цэгт төвлөрөн өөр өөрсдийн бүтээлд шамдан байлаа. Энэ үест хэн нэгэн надад зориулж хайр гэдэг үг бичсэнийг дээр хөхрөгч уудамд цэг төдий алсрах элээ ч харсан гэдэгт би итгэнэм.
Энхтулга минь их л олз омогтой тухлаж онгод нь цалгив болтой дэвтэр балнаас салсангүй. Энэ ертөнцөд бичэглэн амжаагүй бүхнээ бичихийг хүссэн их найрагчийн санаашрал чулуудын судалд үсэг болон тодрохыг ажаад би тэр бууцанд алтан хээтэй төмөр үзгээ булж орхисон юм. Хэн нэгэн намайг буруутгахгүй бөгөөд миний оронд байсан бол бас л ийн үйлдэнэ хэмээн өөртөө үнэмшив.
Бид үдлэж Завханы утга зохиолын нэгдэл, нутгийн удирдлагуудын бидэнд зориулж барьсан гэр, хөх бууцны туурим дунд зоог хүртэж цайлав. Ерөөл ерөөлийн дээдийг өргөж ном оо бэлэглэн нэг нэгнээ хүндэтгэх тэр үес яг л цагаан сар мэт санагдаад гэнэтхэн инээж орхилоо. Чухам тэр мөчид Уулс хангай, урсгал гол, ан амьтан, агаар долгис хүртэл цөм жаргалын дээдээр инээмсэглэсэн буй заа. Ийм сайхан тайтгарал, утга уянгын анирыг талын монголоос өөр хаанаас сонссон болдоо дэлхий та.
Өдөржин найрагчидийн магтаал шүлэг, хайр энэрэлд аргамжуулж бялхасан нар уулсын цаагуур шураглахаар ичимхий хүүхэн шиг алгуур дөтлөх үест бид Алдархаан сумыг зорив.
Араатан амьтадын соёо мэт хурц сүмбэр уулсын даваа нугачаагаар эзнийхээ гараас алдуурсан агаарын бөмбөлөг мэт хөвөлзсөөр бид сумын төвд ирлээ. Эмээгийн жигд сүлжсэн дээс шиг тэв тэгшхэн гудамжууд өнгөрсөөр бид соёлын төвийн гадна ирэв. Алдархаан сумынхан дорнын их найрагчтайгаа хүмүүн биеийн хүй нэгтэй биш ч найраг билгийн онгод нэгтэйг энэ үдэш би мэдэрсэн юм. Догшин хутагтынхаа сургааль номлолоос хэдийг нь мэдэх билээ гэж өөрийгөө зэмлэснээс сумын иргэд Явуухулангаа хэрхэн хүндлэн уран бүтээлд нь цэцгэнд шунах зөгий мэт ямархан ихээр шимтдэгийг та ойлгосон бизээ.
Дуу хуур эгшиглэж шүлэг найраг хөвөрсөний цаана вальсийн зөөлөн ая эгшиглэв. Тэнд бүжин наадаагүй хүн ховорхон тул гоцолсон нэгнийг л онцгойлон хүүрнэсэн нь дээр ч байж мэднэ. Ер би найрагчдийг үзгээр эсвэл өдөөр төсөөлөх дуртай байсанчиг бүжгийн тансагт өөрийн санаанаас урваж цэцгийн дэлбээ болоод дэлгэсэн шүхрийн аль нэгээр зүйрлэх болов. Буурал баавай минь аргагүй л их түүдэг тойрон бүжигч, алтан эгшиг тасраагүй Буриад зон олны хүү гэдэгээ харуулж тэр жижигхэн танхимийг хэдэнтээ эргэв. Хэдэн бүсгүй урьж бүжиглэснийг хана чимэглэсэн найрагчийн хөрөг л сайтар ажсан байх. Би ч санаа зовсондоо зүрхээ бод, даралтаа бод гэж хэлж үзвэл харин баавай төлөв инээмсэглэж ахиад хэдэн төөрөг бүжиглэх нас байна аа гээд маг маг инээх нь огт худал үг биш бөгөөд тэр хүмүүний нас сэтгэлгээ хоёр тэмээ ямаа шиг зөрүүтэйг надад хүүрнэнэм.
Гэрэлтүүлэг муутай жижигхэн танхимыг олны нүд түм буман очис мэт солонгоруулан гялбалзуулж байсныг тэнд байсан нутгийн олноос бусад нь яаж мэдэх. Эргэн эргэн эхээ хөхөж ногтоо тасалчихдаг тугал шиг энэ бүжгээс, энэ үдшээс буцмааргүй байсан минь залуу насны ид жавхаа нөгөөтэйгүүр дэвэрсэн сэтгэлийн бардамнал байсан мэт.
Эхэлсэн хур татарч, эргүүлсэн хүрд зогсдог шиг бидний сайхан үдэш цаг хугацаанд чөдөрлүүлж улиастайн зүг хөдөлсөнөөр өндөрлөсөн юм. Тэнд гээсэн сэтгэлийг бүжгэнд урьсан бүсгүй минь олоогүй бол үйлчлэгч эгч хогтойгоо хамт шүүрдчихнэ гэж бодохоор харамсмаар сэтгэл өвдөнө. Д.Гансүрэн ах анир чимээгүйг цожроож
'Тээр тэнд үүлсийн доогуур
Тэнгэр хээлэн тогоруу дэвлээ' хэмээн цахиртсан хоолойгоор гунигтайхан аялахад өнөө их аз жаргал минь ард үлдэх тоостой хоцорч нэгэн сайхан найрагч ахынхаа тухай дурсан санахдаа би тэсгэлгүй дотооддоо мэлмэрсэнсэн. Эргээд л өнөө зочид буудлын өрөө, ор хоёр хаа нэг гаслах хүдэр шиг минь намайг тослоо.
Монгол орны баруун хязгаарт одод яаж түгдэгийг харах гэж ирсэн мэт тэнгэр өөд харц бэлчээвэл тэнгэр надруу үл мэдэгхэн анивчих мичдээрээ ирмэсхийн байнам. Тэртээ огторгуйгаас хэн нэгэн, бүр олон хүмүүс намайг ширтэн буй мэт. Магадгүй тэдний нүдээрээ хэлсэнийг би сонссож чаддагсан бол битгий яваа ч гэсэн байх л даа. Өдөржин дэргэд минь өнжсөн шувууд өнөө биднийг үдэж өгөхдөө дуулах найрал дуугаа сургуулилж буй мэт өөр өөрийн хоолойгоор жиргэцгээнэ. Өнчин ботго толгодын цаадах анирыг чагнаж гадсаа эргэх шиг тэр чулуун шалан дээр жиндэхээ мэдэхгүй хэдэн ч цаг зогссон юм бүү мэд. Яруу найрагт хөлчүүрэн Улиастайн гудманд ганхах моддын навч бүхэн дээр шүлэг бичмээр санагдлаа. Элсний нүүдэл шиг бодол үймчиж хаврын угалз шиг сэтгэл тогтворгүй. Чухам би есөн хутагтын ариун дагшин хөрснөөс юу атгаж, номын их агаараас хэрхэн амьсагласнаа тунгаах ч сөхөө гарсангүй.
Хэдэн цаг хүргэж өрөөндөө орсоноо үл санана. Нэг л мэдэхэд зүүд зөн минь хөтлөж намхан бор толгодын дунд номхон бор хөөж гүйцэгдэхгүй болуут нь хонын гүрвэл сүүлдэхээр гүйж байнам. Эвий эх сайхан говь минь уулсын нутагт зүрх унаган хөл алдаж үр минь үлдчихвий гэж санаашрахдаа гэгээн дүрээ хүүхэд настай минь харуулж намайг даллаа ч юм уудаа. Нутгынхаа тухай зүүдэлсээр сэрсэн өглөө тэмээний зогдор шиг дулаахан байлаа. Шувууд шөнжин бэлдсэн найрал дуугаа дуулхаа азнасан мэт огт чимээ үл гаргах нь үдэгч болоод алс замд мордогчдын сэтгэлийн илрэл юм. Үүлс багширсан тэнгэр дуншиж хаа нэг дусагнах хураа нэг мөсөн асгахгүй асар тэвчээртэй барих мэт зураглалыг би найрагч олны нүднээс олж харав. Гэвч тэд сэтгэлдээ алин хэдийн хатны булгийн минь дайтай мэлмэрчихсэн бий.
Бадархундага цэлэлзэх шиг гуулин тагшинд сүү мэлтэлзүүлж бидэнд барьсаар нутгийн найрагчид хоцорч бид аян замдаа мордов. Оюутан ахуй цагтаа ижийгээ л энэ мэт торойлгон үлдээж байснаас ийм олон бөртөлзсөн харцаар үдүүлж үзээгүй надад олон ээжтэй болсон мэт дотно сэтгэл төрөв.
Би гэдэг хүн явуу цагаан үүлстэй, яруугийн таринт урсгалтай, ялгуусан хутагтийн нутгаас Дорнын их найрагчийн болон завхан нутгийн түмнийхээ мэндийг өвөртлөөд гүйгүүл морь шиг буцаж буй минь энэ. Салхины мөр нь элсэн дээр хээ урлаж түүнээ хар хорхой жирийлгэн гүйхдээ шүлэг болдог, алаг тарлан шувууд нь амьсгалд нь багтдаг амар амгалан говийнхоо зүг өвгөн шувуу шиг жигүүр дэлгэн сэтгэл дэвэн нисэж буй минь энэ.
Ай Улиастайн хөх үдшүүд минь чи аманд багтамгүй яруу, мэлмийд торомгүй тунгалаг байсан юм шүү. Би олон сайхан найрагчдынхаа халамж гэгээнд хөх хомоол мэт уугиж тийм нэг гэгээрлийн үнэр татуулаад тандаа эргэж ирэх болно Отгон- тэнгэр хайрхан минь ээ.
Ар амны тасархайн бууцын хүрэн улаан чулуудад залуу насаа гээчихээд буцах замдаа хөгшин хүн мэт бодолд дараатай явсан учир энэ хүрээд төгсгөв.
Улаанбаатар хот 2018.10.22-23 шөнө


Явуугийн цэнхэр хязгаарт Янжинлхамын "өвөр" дээр эрхэлсэн минь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188