• Өнөөдөр 2024-04-20

Н.Жадамба: Хатуу шалгууртай эрдэмтдийн өндөр шалгуурыг давж, Төрийн соёрхол хүртсэн

2020-09-03,   623

Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, гидрогеологич Н.Жадамбаатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээл гаргаж, Төрийн соёрхол хүртсэн. Мөн оны шилдэг эрдэмтэнд олгодог “Бидний бахархал” өргөмжлөлийг хүртээд байгаа юм.
 
-Та Говь-Алтай нутгийн хүн байхаа. Говь, хангай хосолсон газрын хүн гидрогеологич мэргэжлийг сонгох болсон нь уншигчдад сонин байх биз. Энэ мэргэжлийг сонгох болсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье?
-Би энэ мэргэжлийг хүчээр сонгож байсан. Гэхдээ үүндээ огт харамсаж байсангүй. Намайг аравдугаар анги төгсөх жил буюу 1961 онд манай аймагт Улаанбаатар хотоос Жадамба гэх хүн ирж, гадагшаа суралцах  хүүхдийг бүртгэсэн юм. Тухайн үед би сурлагаараа эхний арван хүүхдийн нэгээр шалгарч, гадагшаа суралцахаар боллоо. Жадамба гуай надад  шүдний эмчээр сурах санал тавихад нь “Би эмч болж чадахгүй” гэлээ. Тэгсэн намайг “Барилгын инженер бол” гэхээр нь бас л татгалзсан юм. Мөнөөх хүн нэлээн дургүйцсэн байдалтай “Тэгвэл чи гидрогеологийн сургуульд сур” гэв. Би нэрнийнх нь учрыг мэдэхгүй  энэ мэргэжлийг сонгоод Москва хотыг зорьсон доо. Тухайн үед монголоос гурван хүүхэд гидрогеологийн сургуульд явсан.
 
Бид Монгол Улсын гурван зүгээс буюу Н.Батсүх Өмнөговь, З.Нарангэрэл Хэнтий, би Говь-Алтай аймгаас ирж дөрөв дэх зүг рүү явж байлаа. Биднийг очиход манай сургуульд  монголоос Төмөртогоо, Ч.Хурц, Барсболд, Ж.Бямба, Ж.Лхамсүрэн зэрэг хүүхэд суралцдаг байлаа. Тэд сурлага сайтай, сургуульдаа нэр хүндтэй байсан юм. Ингээд суралцах явцдаа мэргэжилдээ дуртай болсон. Одоо би энэ мэргэжлийг санал болгосон хүнд талархаж явдаг. Манай аймаг усны нөөц сайтай ч, хатуулаг ихтэй устай. Иймд ихэвчлэн худгийн уснаас ундны хэрэгцээгээ хангадаг юм. Хүүхэд байхдаа байнга л худгаас усаа зөөдөг байлаа. Одоо бодохнээ худгаас ус зөөдөг хүүхдэд усны мэргэжлээр суралцах нь сонирхолтой санагдаж, энэ нь бас мэргэжилдээ дуртай болоход нөлөөлсөн юм шиг.
 
-Тухайн үед манайх гидрогеологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлага их байсан гэсэн үг үү. Таныг суралцахаас өмнө манайд энэ чиглэлийн судалгааны ажил хэр хийсэн юм бол?
-Монгол орны гидрогеологийн судалгааны түүх маш эртнээс уламжлалтай, мөстлөгийн дараах болон доод плейстоценээс хойших хугацаанд буюу 1.8 сая жилийн түүхтэй байх магадлалтай.  “Монголын нууц товчоо”-нд Өгөөдэй хаан “Хаан эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн минь: Алтан улсад аялж, Алтан улсыг мохоов, би. Нөгөө үйл минь бидний хооронд элч үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөх зам тавиулав.
 
Бас нөгөө үйл нь усгүй газар худаг эрүүлж,гаргуулж, улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Бас зүг зүг хот балгадын иргэдэд алгинчин (толгойлогч), тамгачийг тавьж, улс иргэнийг хөл хөсөр,гар газар тавиулж агуулав,би. Хаан эцгээсээ хойш энэ дөрвөн үйлсийг нэмэв” гэжээ. Үүнээс ургуулан бодоход Өгөөдэй хааны үед Монголын төрийн  гол дөрвөн бодлогын нэг нь усгүй газар худаг эрүүлж,  улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэх үйл байжээ гэж үзэж болохоор байна. Монгол, Манж, Хятад, Төвийн эмч, домч, лам нарын сургаал, айлдлыг мөрдөн бурхны ном, сүсэг бишрэлтэй холбоотойгоор рашаан, хэт цэнгэг усыг эрт дээр үеэс эмчилгээ сувилгаа, архаг өвчин илааршуулахад ашиглаж ирснийг бид үргэлжлүүлэн хөгжүүлж байна.
 
-Хэзээнээс манайд усыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн юм бэ?
-Монгол орны  нутаг дэвсгэрт геологи, гидрогеологийн судалгааг 1940-өөд оноос эрчимтэй явуулж эхэлсэн. Тухайн үед яам, аж ахуйн газруудын захиалгаар Монголын дорнод хэсэгт олон уурхайд өрөмдсөн худаг гаргаж байжээ. Мөн тухайн үед Н.А.Маринов, А.Т.Бобрышев, А.В.Лебедев, В.Н.Попов нар Улаанбаатар орчмын гидрогеологийн нөхцөлийг судалж, Туул голын хөндийн аллювийн хурдсын усжилт, ус агуулагч хурдсын зузааныг Баян зүрхийн гүүр орчимд тодорхойлж, Үйлдвэр комбинатын орчимд нүүрсхүчилт, хүйтэн рашааныг өрөмдлөгөөр илрүүлж, тэнд сувиллын газар байгуулах анхдагч үндэслэлийг бий болгосон байдаг.
 
1960-1990 оны хооронд Монгол орны гидрогеологи, газрын доорх усны ашиглалтын талаар анхны томоохон суурь бүтээлийг Н.А.Маринов, Ж.Чогдон нар туурвиж, Монгол орны хээр, говь, цөл, тэдгээртэй зэргэлдээ зарим нутаг дэвсгэрийг хамруулан 340 мянган хавтгай дөрвөлжин км талбайд геологи-гидрогеологийн 1:500000 хураангуйлалтай иж бүрэн зураглал,110 гаруй мянган хавтгай дөрвөлжин км талбайд хийсэн 1:100000-1:200000 хураангуйлалтай зураглал ус хийсэн.  Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан  1:1500 000 ийн хэмжээтэй зураг зохион, хэвлүүлж 18 аймагт үйлдвэрлэлийн зохих бааз бүхий усны аж ахуйн удирдах газар, контор, трестийг, Баянхонгор аймагт Гидрогелогийн төрөлжсөн экспедицийг шинээр байгуулсан.
 
Түүнчлэн бэлчээрийн эдэлбэр газарт худаг гарган бэлчээр газрын 63.5 хувийг худаг усны гачигдлаас гаргасан. Мөн улсын чанартай томоохон хот, бүх аймгийн төв, уул уурхайн үйлдвэр, тэдгээрийг түшиглэсэн хот,  суурингийн ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэр болж чадахуйц  газрын доорх усны нөөцийг илрүүлэн тогтоосон, халуун, хүйтэн 10 гаруй рашаан дээр гидрогеологи, өрөмдлөг судалгааны ажил явуулж, нөөцийг үнэлсэн байдаг. 1965-1990  оны хооронд газрын  доорх  усны  ордуудын нөөцийг үйлдвэрийн зэргээр тогтоох хээрийн болон суурин боловсруулалтын ажилд Ч.Гомбосүрэн, Н.Жанлив, З.Нарангэрэл, С.Жамбалсүрэн, С.Адъяа, Д.Хатанбаатар, М.Жаргалсайхан, А.Түвдэндорж, У.Борчулуун, Ш.Чулуунбаатар, Н.Мөнхбаатар, У.Өнөдэлгэр, Г.Цэрэндондов, М.Чойсүрэн, Ж.Дашдондов, Н.Лхагва, Р.Баттөмөр, Н.Нарангэрэл зэрэг судлаач оролцож, 200 шахам газрын доорх усны ордын ашиглалтын нөөцийг тогтоосон байна.
 
Одоо харин хэрэглээний усыг хангах судалгаа хийдэг болсон байна. Түүнчлэн сумын төвийг төвлөрсөн усны эх үүсвэртэй болгохоор судлах болжээ.  Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол орчимд судлаачид газар дээр нь ажиллаж, улаан лооль тариалах судалгааны ажил хийсэн юм. Одоо тэнд улаан лооль тариалдаг болоод нэлээд хугацааг үдлээ. Гагцхүү худалдан авалт талаас нь дэмжих нь дутагдаад байгаа юм.
 
-Та ихэвчлэн газар доорх усны чиглэлээр судалгааны ажлаа хийжээ. Анхны судалгааны ажил тань хаанаас эхэлж байв?
- Газрын доорх усыг гидрогеологи хэмээх салбар хэрэглээний шинжлэх ухаан судалдаг. Газрын доорх ус бол ашигт малтмалын нэгэн төрөл.  Гидрогеологийн ажлын гараагаа 1967 онд дээд сургууль төгссөн жилээсээ эхэлж, тухайн үеийн Геологийн Яамны (дараа нь Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн Яам гэдэг болсон) орлогч сайдаар ажиллаж байсан Ч.Хурцын баталсан геологийн даалгаврын хүрээнд Дорноговь аймгийн Мандах суманд ажиллахаар болсон.
 
Ингээт тус сумын Дуутын тойром,  Цагаан цав  гэдэг хоёр хэсэгт газрын доорх ус илрүүлэхээр боллоо. Заасан газарт нь гурван цооног өрөмдөхөд , Дуутын тойромд өндөр даралттай, өөрөө оргилдог,  ус гарав. Гэтэл тухайн газар нь ус нөөц багатай байсан юм. Ингээд  Цагаан цавд нэг цооногт  өндөр ундаргатай, цэнгэг ус гарсан. Цагаан цавд гидрогеологийн дараагийн  үе шатны ажлыг гидрогеологич Ч.Гомбосүрэн, ОХУ-ын мэргэжилтэн Д.С.Жевагин нар явуулж, Цагаан цавын 800 л/с хүртэл ашиглах боломжит нөөцтэй газрын усны орд болгож судалсан. Өөрөөр хэлбэл, би цэгийг нь олж, тэд нөөцийг нь гаргасан гэсэн үг.
 
Бор хөөвөр-Сайн усны газрын доорх усны ордын нарийвчилсан хайгуулыг бусад судлаачдын хамт 2012-2013 онд нөөцтэй, том хэмжээний ордын судалгааг явуулж байсан. Одоо Цагаан цавын орд хүнсний нарийн ногоо талбайн усалгаанд  ашиглаж байна.  Дуутын тойрмын өөрөө оргилдог устай цооногийг тэмээ мал, зэрлэг ан амьтны  усалгаанд өргөн ашиглаж байна лээ. Бор хөөвөр-Сайн усны газрын доорх усны орд ашиглалтад бэлтгэгдэж байгаа удахгүй нэлээн том ус хэрэглэгчийн ус хангамжийн эх үүсвэр болон ашиглагдаж эхлэх байхаа. Миний бусад судлаачидтай хамтран зохиосон гидрогеологийн нэлээн олон зураг монголд, ганц нэг зураг гадаадад хэвлэгдсэн байгаа. Энэ л миний зүгээс монголын гидрогеологийн хөгжилд оруулж буй хувь нэмэр байхдаа.
 
-Манай улсын газар доорх усны нөөц хэр байдаг вэ. Бид усны нөөцөө зүй зохистой ашиглаж чадаж байна уу?
-Монгол Улсын хот суурин газрууд усны 90 хувиа газар доорх усаар хангадаг. Тухайлбал, Улаанбаатар хотын бүх цахилгаан станцууд гүний ус ашигладаг. Гадаргын ус ашиглах боломжгүй. Учир нь, өвлийн улиралд хөлдчихдөг. Манай улсын газар доорх ашиглаж болох усны нөөц 10864 сая м3/жил байдаг. Энэ нь нэг ам.метр талбайгаас 0.2-0.3 литр ус хэрэглэх боломжтой гэсэн үг. Төвлөрсөн шинжтэй усан хангамжийг уул уурхайн компаниуд ашигладаг болжээ. Ус бол дахин сэргэдэг ашигт малтмал. Гэхдээ бүрэн хэмжээгээр нөхөн сэргээгдэнэ гэж байхгүй.
 
Харин зүй зохистой ашиглах нь чухал. Энэ тал дээр  Оюутолгой компани сайн ажиллаж байгаа. Тэд усны түвшин нь буураад эхэлбэл ашиглаж байсан цооногоо ашиглахаа зогсоох зэргээр зохицуулалт хийдэг. Уурхайн компаниуд усны нөөцөө хадгалах чиглэлээр ажиллаж сурч байгаа нь ажиглагдаж байна. Одоогоор манай орны газар доорх усны нөөц ширгээд, дуусчихсан зүйл байхгүй. Нөөц ихсэж, багасаж байгаа нь ажиглагдаж байгаа ч, хүрэлцээтэй. Харин жигд биш тархалттай байгаад асуудал нь байна.  Манайд ашиглагдаж байгаа усны нөхөн сэргээлт тодорхой хэмжээгээр явагдаж байгаа. Тиймээс бид усны нөөцгүй болно гэх эрсдэл бага. Харин дэлхийн дулаарал ,байгалийн нөлөөлөл усны нөөцөд нөлөөлж байгаа нь ажиглагдаж байна
 
-Таны судалгаа бүтээлийг тань төр үнэлж, өнгөрсөн жил Төрийн дээд шагналаар  шагнасан. Найман боть ном гаргасан байх аа?
-“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлийг нөхдийн хамт гаргаж, Төрийн соёрхол хүртсэн. Бид  бүтээлээ гаргачихаад шагнал хүртэнэ гэж мэдээгүй байлаа. Энд ихэвчлэн Орос, Герман хэл дээрх Монгол орны газарзүйн талаарх судалгааны материалыг ашигласан. Бидэнд энэ шагналыг зүгээр нэг өгөөгүй болов уу гэж бодож байна.
 
Нэлээд хатуу шалгууртай эрдэмтдийн өндөр шалгуурыг давж энэ шагналыг хүртсэн тул гайгүй бүтээл болжээ гэж бодож байна. Мэдээж дутуу үлдээсэн алдаа оноотой зүйл байсан биз.  Мөн би 2003 онд хийсэн судалгааны ажлаа эмхтгэн Монголын гидрогеологийн зургийн тайлбар бичгийг Англи хэл дээр гарсан юм. Гидрогеологийн чиглэлээр манайд англи хэлнээ хэвлэгдсэн бүтээл төдийлөн байхгүй. Энэ бүхний минь үнэлж, ШУА-ны академаас энэ жил “Бидний бахархал” өргөмжиллөөр шагнасан юм.
 
-Өнгөрсөн жил Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, усны асуудал хариуцсан агентлаг байгуулахаар болсон. Ингэж усны газрыг байгуулснаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадах болов уу?
-Ерөнхийдөө би газрын доорх усны судалгаа улам өргөжинө, сайжирна гэж бүрэн итгэж байгаа. Одоогийн БОАЖЯ-ны Ус, газар зохион байгуулалтын асуудал хариуцсан газарт миний мэдэхээр 15 хүн ажиллаж байгаа. Тэд усны асуудал, түүний дотор газрын доорх устай холбоотой асуудлыг боломжийн шийдэж байгаа гэж харж байна. Тиймээс Усны газар байгуулж байна гээд одоогийн яамныхаа усны салбарын хүчийг сулруулж болохгүй. Харин миний бодлоор усны газраа яамныхаа бүтэц дотор байгуулаад, одоогийн байгаа орон тооны албан хаагчдаа дэмжээд ажиллах хэрэгтэй болов уу.

Н.Жадамба: Хатуу шалгууртай эрдэмтдийн өндөр шалгуурыг давж, Төрийн соёрхол хүртсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188