• Өнөөдөр 2024-03-29

Т.Зориг: Дэлхийд алдартай брэндүүдийг төлөөлнө гэдэг бидний бахархал

2020-08-31,   441

Үйлчлүүлэгчид “Танай хувцас миний амжилттай байнга хамт явдаг” гэж хэлж байсан

Т.Зориг гэх энэ залууг “Premier tailor” компанийн үүсгэн байгуулагч, Италийн тансаг зэрэглэлийн “Isaia” брэндийг Монголд оруулж ирсэн гэдгээр нь загварынхан, хувцаслалтдаа анхаардаг хэн бүхэн андахгүй. Тэрбээр Монголд анх удаа цор ганц хувь, зөвхөн өөртөө зориулан урласан хувцсыг авах боломжийг бүрдүүлсэн, энэ бизнесийн эхлэлийг тавьсан нэгэн. Тус хамт олон мөн тухайн хүний ажил, нас, сонирхол, зан ааш зэрэгт тохируулан имиж  бүрдүүлдэг гэсэн.
 
АНУ-д сургуулиа төгсөж ирсэн залуу “MSC” компанид арван сар ажиллаад л өөрийнхөө хүсэл сонирхол, мөрөөдлөө биелүүлэхээр машинаа зарж, 22-хон насандаа бизнесээ эхлүүлжээ. Мөн саяхан дэлхийд алдартай томоохон “Gucci”, “Saint Laurent”, “Celine”, “Balenciag”, “Dior” брэндийг албан ёсны эрхтэйгээр монголчууддаа санал болгох “Аme” дэлгүүрээ нээсэн байна. “Ame” гэдэг нь Франц үг бөгөөд монголоор “Зүрх сэтгэл” гэсэн утгатай. Т.Зоригтой ярилцлаа.
Компаниас илүүтэйгээр “Isaia” брэндийг Монголд оруулж ирсэн нь аз сорьсон үйлдэл байсан. “Premier tailor” жижиг дэлгүүр байлаа. Дэлхийд алдартай энэ брэндийг оруулж ирэхэд, дотор заслыг нь л гэхэд Итали, Лондон, Нью-Йоркт ямар байдаг, яг тэр стандартын дагуу хийлээ. Маш үнэтэй тохижуулалтыг, байдаг юмаа тавиад хийсэн. Монголд энэ брэндийг маш цөөхөн хүн мэддэг. Тансаг зэрэглэлийн, жижиг зах зээлийн брэндийг оруулж ирсэн нь миний хувьд хамгийн том эрсдэл. Тухайн үед эргэн тойрны хүмүүсийн 99 хувь нь биднийг “Буруу зүйл хийж байна” гэж байсан.
-Долоон жилийн өмнөх яг өдийд та бизнесээ эхлүүлж байжээ. Одоо энэ өндөрлөгөөс харахад юу бодогдож байх юм?
-Тухайн үед манайхтай ижил төстэй, байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаагүй. Харин сүүлийн 2-3 жил ижил төстэй газрууд хэд хэд нээгдсэн. Ажил хэрэгч, өөрт тохирсон хослол өмсдөг соёл, зөв хувцаслалтыг Улаанбаатар хот, Монголд дэлгэрүүлэхэд бид тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан гэж бодож байна.
 
-Өрсөлдөгчид хэр байна вэ?
-Манай “Premier tailor” компанийн хувьд жил бүр шинэ содон бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд  хүргэхийг зорьдог. Бид хамгийн анх БНСУ-ын костюм пиджак хийдэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан. 
Манайтай төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч Солонгос үйлдвэртэй хамтран ажилладаг юм шиг байна лээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газраасаа манайх гар аргаар хослол хийдгээрээ онцлог. Мөн ирэх сараас “Premier tailor” компани маань хувцсаа Италийн Наполо хотод үйлдвэрлэдэг болж байгаа. Бид үйлчлүүлэгчдэд гурван төрлийн сонголт бий болгоно гэсэн үг. БНСУ-д үйлдвэрлэдэг нь дотроо хоёр хуваагддаг. “L’Uomo” брэнд нь илүү хямд материал дээр суурилсан, залуучууд болон төрийн албан хаагчдад зориулсан. “Premier tailor” нь Итали, Англи гэх мэт улсуудын арай үнэтэй материалаар хийгддэг. Мөн үүн дээр нэмэгдээд Итали үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа.
 
Түүнчлэн бусад байгууллагаас ялгарах өөр нэг давуу  тал бол манай хүний нөөц. Манай хамт олон бүгд мэргэжлийн дизайнер, загварын салбарт “дурлачихсан” залуус. Бид гурван жилийн өмнө Италийн Наполо хотоос 60 гаруй жилийн түүхтэй, тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны “Isaia” брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Тиймээс манайд жилд 5-6 удаа Италийн мастер хувцас урлаач хүрэлцэн ирж, үйлчлүүлэгчдийн биенээс хэмжээ авдаг. Энэ үед манай хамт олон мэргэжлийн сургалтад хамрагддаг. Энэ жилээс эхлээд буюу өнгөрсөн зургадугаар сард дэлхийн мастер хувцас урлаачдын холбооны уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон. Тэнд орон орны мастер хувцас урлаачидтай санал бодлоо солилцох, тэдний “Ноу хау”-г судлах байдлаар ажилладаг. 
 
Манай компани эрэгтэй хувцасны салбарт гурван дэлгүүрээр үйл ажиллагаа явуулдаг. Дундаж зах зээлд “L’Uomo” брэндээрээ, дунджаас дээгүүр “Premier tailor”, тансаг зэрэглэлийн зах зээлд “Isaya”-гаараа. Хоёр сарын өмнө бид “Shangri-la mall”-д “Ame” гэдэг нэртэй концепт дэлгүүр нээсэн. Ингэхдээ эмэгтэй хувцасны дэлхийн хамгийн алдартай “Gucci”, “Dior”, “Celine”, “Balenciaga”, “Saint Laurent” гэх таван брэндийн албан ёсны төлөөлөгч болсон. Манай компани Монголын загварын салбарт өөрсдийн чадах чинээгээрээ тодорхой хэмжээнд хөрөнгө оруулъя гэж зорьдог болохоор хэд хэдэн дэлгүүртэй хамтарч ажиллах гээд хэлэлцээр хийж байгаа. Энэ хүрээнд массын зах зээл рүү хандсан брэндүүдтэй одооноос холбоо тогтоогоод эхэлж байна. Энэ бол ирэх нэг, хоёр жилийн ажил. Яг одоо ийм, тийм гэж хэлэхэд эрт байна. 
 
-Танай эрэгтэй хувцасны дэлгүүрээр эрчүүд, эмэгтэйчүүдийн аль нь илүү үйлчлүүлдэг вэ?
-Эрэгтэйчүүд. Манай дэлгүүр биенээс хэмжээ авдаг, зөвхөн тухайн хүнд зориулж хувцас хийдэг гэдэг утгаараа үйлчлүүлэгчидтэй ах, дүүс шиг дотно харилцаатай. Тиймээс эмэгтэйчүүд гэхээсээ илүү эрчүүд өөрсдөө ирж, санаа оноо, яг юу хүсээд байгаагаа ярьж, өөрийгөө тодорхойлох хувцсаа сонгодог. 
 
-Танай бүтээгдэхүүнүүд дунджаар ямар үнэтэй байдаг вэ?
-Манай компанийн үнийн бодлого олон улсын буюу Европ стандарт баримталдаг. Монгол хэдийгээр Ази тивд оршдог боловч энэ брэндүүдтэй тохиролцохдоо Зүүн Европын бүсэд хамааруулах хүсэлт тавьсан. Европын зах зээлийн үнийн бодлогыг баримталдаг болохоор манай дээр зарагддаг бүх бүтээгдэхүүн Европын дэлгүүрт ямар үнэтэй байна, тэр үнээр зарагддаг. 
 
-Танай хамт олны хамгийн том зорилго юу вэ?
-Бид энэ жил тансаг зэрэглэлийн зах зээл дээр өөрсдийнхөө хамгийн том мөрөөдлийг биелүүлсэн. Монгол Улсад долоохон жил үйл ажиллагаа явуулж байгаа  start-up компани дэлхийн томоохон таван брэндийг Монголд оруулж ирээд, төлөөлж байна гэдэг бол хамгийн том амжилт. Манай компани “Олон улсын загварын чиг хандлагыг Монголдоо” гэсэн уриатай. Бид алсын хараандаа тулгуурлаж, энэ жил, ирэх жил ямар брэнд, бүтээгдэхүүн дэлхийд трэнд болж байна, тэр болгоныг монголчууддаа хүргэх боломжийг олгож ажилладаг, ажилласаар байх болно. 
 
-Та бүхний зүгээс үйлчлүүлэгчдэд юу амлаж чадах вэ?
-Бидний зорилго тансаг зэрэглэлийн үйлчилгээг мэргэжлийн загварын зөвлөхийн үйлчилгээтэй хамт хүргэх. Тэгэхээр үйлчлүүлэгч зөвхөн худалдагчтай биш, мэргэжлийн дизайнеруудтай харилцаж, өөрийнхөө стиль имижийг тодорхойлуулж, тухайн хувцсыг яаж зөв зохистой өмсөх, цаашлаад хэрхэн арчлах талаарх бүхий л зөвлөгөөг өгдөг. Мөн үйлчлүүлэгчдийн хүсэж байгаа мэдээлэл, мэдлэгийг өгнө гэж амлаж чадна. Дэлхийн, холливудын оддын өмсөж байгаа брэндийг бид албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа болохоор брэндүүд маань өөрсдөө баталгаа юм. 
 
-Үйлчлүүлэгчдээсээ сонссон хамгийн сайхан үг юу вэ?
-Тухайн хүний имижийг өөрчилсний дараа, мөн хослол, яг өөртөө тохирсон, таарсан хувцас өмсөхөөрөө хүн өөртөө маш их итгэлтэй болдог. Хэд хэдэн үйлчлүүлэгч “Танай хувцас миний амжилттай байнга хамт явдаг” гэж хэлж байсан. Учир нь, томоохон хэлэлцээрт гарын үсэг зурах, гадаад, дотоодын байгууллагатай уулзалт хийхдээ манай хослолыг өмсөж, өөртөө итгэлтэй алхдаг болохоор ингэж хэлдэг.
 
-Хүнтэй анх уулзаад юуг нь хардаг вэ. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хувцас харчих гээд байдаг уу?
-Хүнийг хувцсаар нь угтаад, ухаанаар нь үднэ гэдэг дээ. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хувцсыг нь харна. Гэхдээ хувцсаар нь 100 хувь дүгнэдэг гэж ойлгож болохгүй. 
 
-Хувцас таны хувьд юу вэ? 
-Хувцас хамгийн энгийнээр өөрийгөө илэрхийлэх боломжийг хүнд олгодог. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүний анхны сэтгэгдэл эхний 30 секундэд төрдөг. Үүнд, ямар хувцас өмссөн байна, гадаад өнгө үзэмж, алхаа гишгээ, гар атгалт багтдаг. Хувцас гэдэг бол хүнд өөрийгөө илэрхийлэх анхдагч хэрэгсэл.
 
-Танай компанийн хувьд зөвхөн тухайн хүнд зориулсан цор ганц хувцсыг бүтээдэг. Цор ганц байна гэдэг өөрөө ямар ойлголт вэ?
-Хүн өөрөө ганц хувь. Тэгэхээр цор ганц гэдэг өөрийгөө илэрхийлж байна гэсэн үг. 
 
-Тэгвэл Зоригийг бусад хүнээс юу илүү тодотгодог вэ?
-Би гоё сайхан зүйлд дуртай. Гоё сайхан зүйлсээс таашаал авдаг. 
 
-Зарим хүн хувцсанд ач холбогдол өгөх шаардлагагүй гэдэг. Та юу гэж боддог вэ?
-Би тэгж боддоггүй. 
 
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Амласандаа хүрч, аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж, түүндээ орохыг хичээдэг. 
 
-Дэлхийн алдартай брэндүүдийн албан ёсны борлуулагч болох хэр хүндрэлтэй байсан бэ?
-Хэцүү шүү дээ. Дэлхийн алдартай брэндүүдийг Монголд төлөөлж байгаа компаниудыг харвал кока кола-г “MSC” компани, “Toyota”, “KFC”, “Pizza hut” зэргийг “Таван богд”, “Бургер кинг”-ийг “Макс” групп төлөөлж байна. Энэ байгууллагуудтай ижил, заримаас нь илүү брэндийг байгуулагдаад удаагүй залуу хамт олон төлөөлж байна гэдэг бидний бахархал. Гэхдээ үүнийг хийхэд сүүлийн хоёр, гурван жил олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн. Манай хамт олон ажилдаа дурлачихсан хүмүүс. Мөн “Isaia” брэндээ Монголдоо тодорхой хэмжээнд таниулчихсан. Энэ брэндүүдийн төлөө ажиллах сэтгэл зүрхийг манай хамт олноос дээрх газрууд харсан болов уу гэж боддог. Тэрнээс манай компанийн үнэлгээ, хөрөнгө оруулалт том компанитай харьцуулашгүй бага. Загварын салбарт ажиллах үнэхээр сэтгэл зүрхтэй залуус гэдгийг мэдэрсэн болов уу.
 
-Компаниа байгуулснаас хойших хамгийн хэцүү үе хэзээ байв. Энэ үедээ хэрхэн, яаж урам зориг авдаг байсан бэ?
-Борлуулалтын компани, мөн загварын салбарт маш их мөнгө эргэлддэг учраас санхүүгийн хүндрэлтэй байнга тулгарна. Хамгийн хүндрэлтэй зүйл борлуулалт, санхүүгийн асуудал. Гэхдээ үйлчлүүлэгч нар маань биднийг маш их дэмждэг. Үйлчлүүлэгч нарын дэмжлэгтэйгээр бид энэ бүхний ард гардаг. 
 
-Таны амьдралдаа аз сорьсон хамгийн том үйлдэл юу вэ. Магадгүй 22-хон насандаа машинаа зарж, энэ компанийг байгуулах байсан уу?
-Компаниас илүүтэйгээр “Isaia” брэндийг Монголд оруулж ирсэн нь аз сорьсон үйлдэл байсан. “Premier tailor” жижиг дэлгүүр байлаа. Дэлхийд алдартай энэ брэндийг оруулж ирэхэд, дотор заслыг нь л гэхэд Итали, Лондон, Нью-Йоркт ямар байдаг, яг тэр стандартын дагуу хийлээ. Маш үнэтэй тохижуулалтыг байдаг юмаа тавиад хийсэн. Монголд энэ брэндийг маш цөөхөн хүн мэддэг. Тансаг зэрэглэлийн, жижиг зах зээлийн брэндийг оруулж ирсэн нь миний хувьд хамгийн том эрсдэл. Тухайн үед эргэн тойрны хүмүүсийн 99 хувь нь биднийг “Буруу зүйл хийж байна” гэж байсан. Гэр бүлийнхэн маань л намайг дэмжиж, зоригжуулж байсан.
 
-Тэр хүмүүст хариуг нь хэрхэн барьсан бэ?
-Дэлгүүрийн маань үйл ажиллагаа өөрөө хариулт. Энэ бол ганц би биш, олон хүний хүч, хөдөлмөрөөр бий болсон амжилт. Манай дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө энэ брэнддээ дуртай. Би хүн өөрийнхөө дуртай зүйлийг зарж чадна гэж боддог.  Мөн дэлгүүрийг маань нээхээс эхлээд өдийг хүртэл үйлчлүүлж байсан анхны үйлчлүүлэгчид, одоо ч гэсэн үйлчлүүлж байгаа хүмүүс бол амжилтын маань үндэс.
 
-Та телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Гольф тоглож сурахыг хүсдэг” гэж байсан, сурсан уу?
-Сураагүй, сурах хүсэл бол хэвээрээ байгаа. Долоон жил долоо хоногийн өдөр бүр ажиллаж байна. Үйлчилгээний байгууллага учраас би өөрийнхөө цагаар ажиллах боломжгүй. Амралтын өдөр төдийгүй бүх нийтийн амралтаар ч ажиллах шаардлагатай болдог. 

 


Т.Зориг: Дэлхийд алдартай брэндүүдийг төлөөлнө гэдэг бидний бахархал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188