• Өнөөдөр 2024-04-24

Баяртай ээж ээ, хүү нь цэрэгт явлаа

2020-10-23,   1700

Цэргийн албанд мордохоор зэхэж буй хүү Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн үүдэнд дугаарлан зогсоно. Харин түүний ээж сургуулийн төмөр хашааны гадна талд, хүүгийнхээ харалдаа зогсож байлаа. “Ээж ээ, миний шүд зүгээр байгаа. Тэнцэхгүй гээд хасвал яана аа. Би уг нь янзлуулсан даа” гээд хаа нэг айдастай дуугарах. Тэр хүү цэрэгт явах гэж их л догдолж байгаа бололтой. Хамт яваа найзаасаа “Урд талын хүмүүс үзлэгээр ороод ямар удаж байна аа. Тэнцвэл үсийг нь шууд хусаж байгаа болов уу. Биднийг аль анги руу явуулах бол” гээд зогсоо зайгүй асууна. Хүүгийн ээж бололтой 50 орчим насны эмэгтэй “Шүдийг чинь эмчилсэн эмч “Зүгээр” гэсэн шүү дээ. Харин хатуу зүйл идэж байгаад ломбоо унагаах вий, болгоомжтой байгаарай. Миний хүү цэргийн албаа сайн хаах юм бол тэндээ ахлагч болоод үлдэж болдог гэсэн шүү. Анхнаасаа л сайн байвал ажилтай болно гэсэн үг. Ээжийн хүү угаасаа цэргийн хүн болох сонирхолтой биз дээ” хэмээнэ.  

18 жил өсгөсөн хүүгээ цэргийн албаа хаагаад, ажилд орчихоосой гэх ээжийн хүсэл царайнаас нь тодорхой харагдаж байлаа. Сүүлийн хэдэн сар тэр хүүгээ  цэргийн албанд тэнцүүлэх гэж их л хичээсэн бололтой. Шүдийг нь янзлуулж, эход харуулж, нүдний харааг нь хүртэл шалгуулсан гэнэ. Ингээд хүүгээ үзлэгт орох өдөр ажлаасаа чөлөө аваад, хүүгийнхээ өмнөөс сандарч, хашааны гадна талд зогсож байгаа нь энэ. Хүү ээж рүүгээ хараад “Санаа зоволтгүй дээ. Таныг сандрхаар би зүгээр болчих юм. Намайг сандрхаар та зүгээр болох юм” гэсээр сургуулийн хаалга руу улам дөхөв.

Цэрэг татлагын зохион байгуулагч бололтой ногоон эрээн хувцастай залуу дугаарлан байгаа залуусыг “Амны хаалтаа зүү. Урагшаа шахаад яваарай. Хоёр хоёроороо орно шүү” гээд л тойроод байв. Сургуулийн нэг захаас нөгөө зах хүртэл цэргийн үзлэгт орж байгаа залуусын ийм нэг яриа тасрахгүй. Өчигдрөөс улс орон даяар 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж эхэлсэн энэ үед сурвалжилга хийж яваа минь энэ. Сүүлийн үед залуус эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас хасагдаж, зарим нь бүүр зугтаадаг болсон гэх яриа бий. Гэтэл харин энэ жил цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгджээ. Өглөөний 05:00 цагаас дугаарлаж, цэргийн үүрэгтний үнэмлэхээ мартсан гэх шалтгаанаар гэр рүүгээ буцаж, үнэмлэхээ авч ирээд дахин дугаарлаж байгаа залуу ч байв. Мөн “Би өглөө гурван литр ус уусан болохоор жиндээ санаа зовохгүй байна” хэмээн ахдаа итгэл муутайхан хэлж байгаа ч хүү байлаа. Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй, зузаан гэгчин дээл өмсөж, таяг тулсан буурал, өөрөөс нь дөнгөж нэг ах бололтой найзыгаа үдэж өгөхөөр ирсэн сургуулийн сурагч, өөрөөсөө илүү хайртай “нялх” хүүгээ цэргийн албанд мордуулах гэж буй аав, ээж намрын жиндүүхэн өдөр бахархалтай бас гунигтайхан ийн зогссоор. Цэргийн алба хаах, цэрэгт явах гэсэн залуусын харц догдлолоор дүүрэн.

Эмчийн үзлэгт орж, төмөр хашааны хаалгаар мишээн гарч ирсэн залууг Э.Баяржаргал гэдэг. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд амьдардаг гэнэ. Өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, цэрэгт явахаар болоод байгаа нь энэ аж. Тэрбээр “Их сургуульд сурахгүйгээр цэрэгт явах бодолтой байсан. Харин цэргийн албанаас ирээд ямар мэргэжилтэй хүн болохоо шийднэ. Өнгөрсөн хавар сургуулиа төгсөж амжаагүй байсан учраас намрын цэрэг татлагыг сургуулиа төгсөөд дөрвөн сар хүлээлээ. Хаашаа явах эсэхээ сайн мэдэхгүй байна. Цэрэг татлага дөнгөж эхэлж байгаа учраас тэр нь тодорхой болоогүй. Манай арван жилийн найзуудаас дөрөв нь цэргийн албанд мордохоор зэхээд байна. Харин бусад нь их сургуулийн оюутнууд болсон. Бид хаашаа ч хуваарилагдсан бай жилийн дараа анх хаанаас салсан тэндээ уулзана гэхээр гоё байна. Эмчийн үзлэгт тэнцсэн чинь их сургуулийн хувиар авах гэж байгаа, эсвэл сугалаанд оролцоод аз таарсан юм шиг догдоллоо” гэв. “Эх орон дуудаж байна, ээж ээ, би цэрэгт явлаа” гэж тэр хүү хэлээгүй ч харцнаас тодхон харагдана. Эгэл жирийн ээжийн хүү эх орны хүү болохоор ийн догдолсоор ээж, эгчтэйгээ хамт гэрийн зүг одов. Цэрэг татлагын хугацаа гурав хоног үргэлжлэх учраас тэр гэрийнхэнтэйгээ хамт байна байх. Магад тэр “Хүслээс гажуу тавиланд төөрч будилж явахад минь, хүүгээ яаж явааг ижий минь зөнгөөрөө тааж мэднэ” хэмээн аялсаар алхсан байх.

Цэргийн албанд мордох гэж байгаа залуусын аав, ээж, ар гэрийнхэн нүдээ бүлтэгнүүлсээр зарим нь “Албандаа тэнцчихээсэй” гэж байгаа бол нөгөө нь “Энэ жилдээ өнжөөсэй” гэсээр өчигдрийн үзлэгийг өндөрлөв.


Баяртай ээж ээ, хүү нь цэрэгт явлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 10:37:36
    цэрэг : эр цэргүүд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188