• Өнөөдөр 2024-03-29

Тэтгэвэрт гарсан спортын мастерууд

2020-10-19,   826

Хотын төвийн гудамж, байрнуудын дунд шатар тоглон суух өндөр настан олон бий. Бүх анхаарал нь шатартаа төвлөрсөн тэднийг өнгөц харсан ч хүндлэх сэтгэл эрхгүй төрнө. МУИС, ШУТИС, МУБИС зэрэг Монголдоо томд тооцогдох их сургуулиудын дунд болзсон мэт өөрсдөө шатраа авчран өрөг нүүн, шатрын соёлыг нийгэм, залуу үедээ таниулан, сурталчилж буй тэднийг шатар сонирхогчдоос өөр хүмүүс тоодоггүй. Тэд ихэвчлэн 1000-5000 төгрөгийн бооцоотой тоглоно. Шатрын спортын дүрмийг чанд сахих ахмадууд нүүдлээ буцаахад ясны дургүй.

Шатарчин ахмадуудын хамгийн танил зочин нь ОУХМ, шатрын спортын их мастер Д.Баяндалай. Тэрбээр зав л гарвал ирэх бөгөөд ахмадууд ч түүнийг найрсгаар хүлээж авна. Бүдэг шар өнгийн куртик өмссөн, туранхай өндөр буурай бидэнтэй ихэвчлэн хөөрөлдөнө. Бусдаасаа илүү яриа хөөрөөтэй тэрбээр спортын мастер цолтой гэнэ. Хажуудаа суугаа хоёр өвөөг спортын мастер болон спортын дэд мастер цолтой хэмээн танилцуулав. Тэдний талаар Д.Баяндалай “Хэдий олон улсын тэмцээнд оролцож, чадварлаг сайн хүмүүстэй тоглодог ч ах нартайгаа тоглох хамгийн сайн бэлтгэл болдог. Залуу, хойч үедээ энэ спортын соёлыг таниулсаар ирсэн ах нартаа их талархаж явдаг” хэмээн яриа дэлгэсэн юм.

Шатар тоглох хүмүүсийг ажиглаж суусан өвөө “Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгч байхдаа одоогоос таван жилийн өмнө Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн шатрын ордон барьж, байгуулахаар болсон юм. Харин тэр үеийн төрийн удирдлага ордонг барих газрыг шийдэж өгөөгүй учраас одоог хүртэл бариагүй” гэв. Хэрэв тус ордонг барьсан бол тэтгэврийн хөгшид гадаа гудамжинд даарч, хөөрч суухгүй байсан тухай ч тэд дурдсан юм. Ордон барьсан сан бол залуу хойч үедээ мэддэг, чаддагаа ч хуваалцаж, сургах байсан тухайгаа ч хуучлав. Шатрын спортоор хичээллэдэг, түүнд хоббитой бүхий л насны хүмүүсийн мөрөөдөл өнөөг хүртэл биелээгүй юм.

Өндөр настнуудын яриа цааш үргэлжилнэ. “Бид өөрийн хүслээрээ гадаа гудманд тоглоод байдаг юм биш шүү дээ. Шатрын клубт очиж, дулаан газар тоглоё гэсэн ч тэтгэврийн насны мань шиг улс төлбөрийг нь дийлэхгүй учир тав тухтай, тохилог орчинд шатар нүүх боломжгүй. Тиймээс зуны халуун, өвлийн хүйтнийг үл хайхран гадаа гудамжинд шатар нүүж байна” гэв. Манай улсад тэтгэврийн насныханд хийх ажил, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй. Нас дээр гарч, тэтгэвэрт гарахаараа гэрийн харуул, хорио, хүүхэд асрагчийн ажилд хүчээр шахуу томилогдоно. Тэдний хүсэл сонирхлыг нь үл харгалзаж “Тэгэх ёстой” гэдэг байдлаар хандах бөгөөд энэ хандлагыг ихэвчлэн үр хүүхдүүд нь гаргах аж. “Хүүхдэд ээлгүй хот” гэх гуншин зүүгээд буй Улаанбаатар маань “Ахмадууддаа ч ээлгүй хот” болон хувирчээ.


Тэтгэвэрт гарсан спортын мастерууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188