• Өнөөдөр 2024-03-29

Нийтийн байрны сарын түрээс 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

2020-09-15,   1451

Их, дээд сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэхээр болов. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа энэ улиралд нийтийн байр, түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ ихэсдэг. Иймд нийтийн байрны үнэ ханш хаана, хэдтэй байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүрэг XI хороо, 32-ын тойргийг зорилоо. 

Автобусны зүүн талын буудлаас дээш 200 орчим метр яваад гүний худагтайгаа хаяа залган байх хоёр давхар тоосгон нийтийн байранд очив. Үүдний хаалга нь төмөр хийцтэй бөгөөд түрээслэгчид нь хаалгаакодоор онгойлгож ордог юм байна. Хаалгыг нь тогшин түрээслүүлэгчийг нь асуутал “Эзэн нь түр гарсан, байхгүй” хэмээн хэлэх 20 орчим насны эмэгтэй хаалга тайлан, биднийг угтав. Тэрбээр энэ жил нэгдүгээр дамжаанд элсэн суралцаж байгаа шинэхэн оюутан аж. Түүнээс түрээсийн байрных нь ханш болон бусад зүйлийн талаар тодруулахад “Нэг сарын түрээсийн төлбөр нь 180 мянган төгрөг. Барьцаа болгож мөн нэг сарын түрээс төлсөн. Төлбөрөө гурван сараар авдаг юм билээ. Дотроо халаалттай. Дээрээс нь автобусны буудал, худагтайгаа их ойрхон болохоор амар санагдсан. Харин тог, хогны мөнгө нь тусдаа. Байрны төлбөртэйгөө нийлээд 200 орчим мянга дөхөх байх. Барагцаагаар арав гаруй айл бий” гэв. Хашаанд нь гурван нүхэн жорлон зэрэгцэж харагдах бөгөөд зай бага учир үүднийхээ хаалгатай тулгах шахам байрлуулжээ.Биднийг уг нийтийн байртай танилцаж байх хооронд эзэн нь ирэв. Түүнийг н.Мөнхтуяа гэдэг бөгөөд нийтийн байр түрээслүүлээд цөөнгүй хэдэн жилийг ардаа үдэж байгаа аж.

Энэ хугацаанд архидан согтуурч, зодоон хийн, найз нөхдөө цуглуулж, хөршүүдийнхээ амар тайвныг үзүүлдэггүй олон хүнтэй таарсан нь түүнийг хэр баргийн хүнд итгэх итгэлгүй болгожээ. Учир нь, сайны хажуугаар саар гэгчээр түрээсийн байраа өөрийн төрсөн гэр мэт арчилж, торддог нэгэн байхад хамаг тавилга, ханын обойг нь урж, бохир болгож орхидог хүмүүс ч байдаг аж. Тиймээс сүүлийн үед нийтийн байр, орон сууц түрээслүүлэгчид байрандаа хамгийн ихдээ гурваас дээш хүн суулгахаа больсон талаар хэлэв. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд зэргэлдээ орших нийтийн гурван байрыг түрээслүүлдэг аж. Уг байруудын эзэд нь гадаад руу явсан гэх бөгөөд өөрөө сарын 800 мянган төгрөгийг түрээсэнд өгдөг гэнэ. Тэр хэлэхдээ “Нэг сарын төлбөр 180 мянга гэдэг бага үнэ. Иргэдийн амьжиргааны түвшинд тааруулсан гэж бодож байгаа. Нэг өрөөнд 2-3 хүн бий. Зургаан цагийн зайтай галлагаа хийдэг. Долоо хоногт нэг тонн түлш авдаг. Сард 600 мянгаар түлш авдаг гэсэн үг. Нүхэн жорлонгоо сард хоёр удаа соруулдаг. Нэг удаагийнх нь 150 мянга. Дээрээс нь энэ байрны эзэнд түрээсийн мөнгө гэж сард 800 мянган төгрөг өгдөг. Нөхөр, охин хоёр ажил хийдэг тулдаа л амьжиргаагаа болгож байна” гэв. Үргэлжлүүлээд “Би энд долоон жил ажиллаж байна. Аятайхан газар ажил хийе гэхээр настай гээд авдаггүй. Эхний хоёр жил түрээслэгчид зодоон, цохион хийгээд цагдаа сэргийлэх салдаггүй байлаа. Сүүлийн таван жил асуудал гаргах нь бага болсон.

Түрээслэгчидтэй чангахан шиг хандаж, дэг журамтай байхгүй л бол тэд цэвэрхэн байж чаддаггүй. Янз бүрийн асуудал гаргадаг. Нэг хүн жорлонд тамхи татаж байгаад гал гаргаад зугтаачихсан. Хүмүүс танайх л төлбөрөө сар сард нь авч байна гээд ирдэг. Түрээсийн төлбөрөө нэмэх бодолгүй байгаа” хэмээн ярилаа. Ийн жаргал зовлонг нь ярилцах зуураа ойр хавьцаа өөр нийтийн байр хаана байгааг асуун дараагийн байр луу явлаа. Энд түрээсийн нийтийн байр цөөнгүй байдаг аж. Автобусны буудал, худагтайгаа хэр хол мөн халаалттай эсэхээсээ хамаарч үнийн хувьд өөр өөр байдаг гэнэ. Голцуу 150-300 мянган төгрөг байдаг аж. 32-ын тойргийн зүүн буудлаас урагш 57 дугаар сургуулийн ойролцоох нэгэн нийтийн байранд очив. Тоос тортгонд дарагдаж, дотор муухайрам эвгүй үнэр ханхлах нь тэр. Иймдээ ч хүмүүс нийтийн байр гэхээр харц буруулдаг аж. Нөгөөтэйгүүр ахадсан үнэтэй орон сууцны төлбөрийг даах чадал хүн бүхэнд байдаггүй нь аргагүйн эрхэнд тав тухгүй байр луу зүглүүлдэг гэхэд буруудахгүй болов уу. Тус байрлуу орвол харанхуй хонгил угтана. Тоос тортог их, эвгүй үнэртэй, дээрээс нь чийг ихтэй учир угаасан хувцсаа хэрхэн хатаадаг, хүүхдүүдээ хаана яаж тоглуулдаг нь сэтгэл эмзэглүүлэм санагдах аж. Энд нийт 13 айл байх бөгөөд хамгийн наад захын өрөөний хаалгыг тогштол залуухан эмэгтэй гарч ирэв. Тэр Баянхонгор аймгийнх бөгөөд ажил хийх зорилгоор нийслэлд ирсэн гэнэ. Ингээд түрээслэгч Т.Мөнхцэцэгээс зарим зүйлийг асуулаа. Тэрбээр “Өмнө нь нөхрийнхөө найзынд байдаг байсан. Айлд удаан сууна гэдэг хэн хэндээ хэцүү. Тийм болохоор яалт ч үгүй түрээсийн байр хайхаар болсон. Нэлээд удаан хайж явсан. Тэгээд энд иртэл ганцхан өрөө үлдсэн, сарын түрээсийн төлбөр 150 мянган төгрөг гэсэн.

Цахилгаан, хогны мөнгөтэйгөө нийлээд нийт төлбөр нь 180 мянган төгрөг болдог. Халаалттай, гаднаа жорлонтой, худагтайгаа ойрхон. Энд нийтийн байр замбараагүй олон. Нэг сарын түрээс нь голдуу 150-230 юм билээ” гэв. Мөн “Өмнө нь Кино үйлдвэрт байрлалтай нийтийн байранд хоёр, гурван сар амьдардаг байсан. Ялгаа байхгүй 3х4 хэмжээтэй хэрнээ дотроо ариун цэврийн өрөөтэй бол үнэ нь өсчихдөг. Тухайн үед сарын түрээс нь 250 мянга байсан. Орой үдэш зодоон, шуугиан тасрахгүй хэцүү. Одоо бол нам гүм, амар байна” хэмээн ярилаа. Шинэхэн хосууд орон сууц худалдаад авъя гэхээр чадал нь хүрэхгүй, түрээсэлье гэхээр цалин мөнгө нь хүрэхгүй, аргагүйн эрхэнд хямд төсрөөр нь нийтийн байрыг сонгосон нь энэ. Эднийх гадна, дотроо камертай. Өрөө хөлсөлдөг иргэдээс ямар хүмүүс байдаг тухай асуувал залуу гэр бүл олноор байдаг тухай учирлав.

ЗАСВАРЫНХАА МӨНГИЙГ НӨХӨХИЙН ТУЛД ТӨЛБӨРӨӨ 10-12 САРААР АВНА ГЭВ

Түрээсийн орон сууц, хажуу өрөө, нийтийн бүр подваль гээд өөрсдийн бололцоонд тохируулан аль болох боломжийн үнэтэй байр олчих юмсан гэж хэн бүхэн л бодно. Гэсэнч  санаснаар болдог нь ховор аж. Дийлэнх түрээслүүлэгч төлбөрөө хамгийн багадаа гурван сараар дээд тал нь нэг жилээр авдаг гэнэ. Цахим сүлжээнд нийтэлсэн “Нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар холбогдоход “Нэг сарын түрээс нь 650 мянган төгрөг. Төлбөрөө 10 сараар авна. Барьцаа төлбөр төлөх шаардлагагүй” гэв. Төлбөрөө гурван сараар өгч болох эсэх талаар асуухад “Эгч нь зун засвар хийсэн юм. Тэрнийхээ мөнгийг гаргаж аваад хэрэглээний хэдэн төгрөгтэй үлдэх гээд байгаа юм” гэж хээв нэг хэлэв. Энэ мэтээр түрээсийн орон сууцны төлбөрийг хэн дуртай нь тогтоодог жишиг тогтоод нэлээд уджээ. 


Нийтийн байрны сарын түрээс 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 19:44:16
    hi :
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188