• Өнөөдөр 2024-04-16

Нийслэлд нийтийн зогсоол нэмье

2020-09-24,   711

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Гэвч нийслэлийн автозам дөнгөж 300 мянгагаруй тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан гэдэг. Тээврийн хэрэгслийн тоог автозамтай харьцуулахад хоёр дахин их гэсэн үг. Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагууд хотын төвд төвлөрч нэг газар бөөгнөрсөн нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдгийг хэн хэнгүй мэднэ. Ажлын таван өдөр өглөө эрт ажилдаа ирж, орой эрт гэртээ харихгүй бол автомашины зогсоолд машинаа тавьж чадахгүй, зам дээр орхихоос өөр сонголтгүй болдог.

Төрийн алба хаагчдын оочер дугаараас болж иргэд өдөржин үүдийг нь сахиж удаа дараа ирдэг. Гэвч иргэдэд үйлчлэх үйлчилгээ тааруу дээрээс нь автомашины зогсоол байдаггүй гээд зовлон их. Зогсоолтой гэх цөөн газар нь төлбөртэй хэмээн “таахалзана”. Бид авто зогсоолын талаар  сурвалжилахаар төрийн байгууллага олноор төвлөрсөн Чингэлтэй дүүргийг зорив. “Улаанбаатар” шилэн банкнаас “Тэнгис” кино театр хүртэл зам дагуу урт цуваа үүсгэн автомашинаа тавьсан байлаа. Энэхүү дүр зураг нийтлэг үзэгдэл болсон гэдгийг тэр хэсэгт зорчдог хүн бүр мэднэ. Тус хэсгийн зам дагуу автомашин цуваа үүсгэн зогссон харагдана. Гэвч нийтийн зогсоолтой төрийн болон хувийн хэвшлийн байгууллага өдрийн од шиг цөөхөн байлаа. Зогсоолтой гэх газар нь ойролцоогоор 30-40 орчим машин зогсох боломжтой. Энэ нь тухайн байгууллагын ажилчдад ч хангалттай хүрдэггүй болохоор үлдсэн хүмүүс нь автозам дээр машинаа байрлуулдаг. Энэ нь тэр хэсэгт түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байна.

Чингилтэй дүүрэгт байх төлбөртэй зогсоолын манаачаас хэдэн төгрөг авдаг талаар нь лавлахад “Энэ газрыг харж хамгаалсны төлөө компаниас надад сардаа 180 мянган төгрөгийн цалин өгдөг. Би энэ хавийн таньдаг хүмүүсийнхээ машиныг зогсоолд оруулдаг. Машиныг нь харж өгдөг юм” хэмээн ярив. Манаач өөрөө юу, эсвэл дарга нь уу нийтийн эзэмшлийн гээд байгаа газрыг хашиад, төлбөртэй зогсоол болгожээ. Яам болон бусад төрийн байгууллагад ажлын шаардлагаар ирэхэд үнэгүй зогсоол байдаггүй. Энэхүү асуудлыг албаны хүмүүс шийдэхгүй байгаа нь харамсалтай.

Харин бидний дараагийн очсон газар бол III, IV хороолол. Бум бужигнаж, түм түжигнэсэн хорооллын дэлгүүрүүдэд авто зогсоол гээд байх юм алга. Хаашаа л харна үйлчлүүлэгчийн машин нь автозам дээр дурайна. Нийтийн зогсоолтой гэх боловч тухайн байгууллагын ажилчид, бизнес эрхлэгчийн машиныг байршуулах зайтай. Зарин үйлчилгээ авах иргэд автомашин тавих газаргүй. Тухайн үйлчилгээ эрхэлж буй газраас худалдан авалт хийх хэрнээ давхар зогсоолын мөнгө төлнө гэдэг иргэдэд хүндрэлтэй.Арга буюу төлбөртэй зогсоолд машинаа байрлуулах гээд ч зай байхгүй. Төлбөртэй зогсоолд 30 минут тутамд 1000-1500 төгрөг төлдөг. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлдөг гэнэ.

Нэгдүгээр эгнээнд байршуулж машинаа ачуулахаас өөр сонголт байхгүй

Улаанбаатарт нийтийн эзэмшлийн зогсоолбайхгүй гэж хэлэхэд болно.Байгаа хэдэн зогсоолд ньзай талбай бага. Зоогийн газар орж хоол идэх, дэлгүүрээс хэрэгцээт зүйлээ худалдаж авахдаа машинтай явбал зогсох газар тун хомс. Ийнхүү эцсийн ганц арга нь нэгдүгээр эгнээнд машинаа тавих болж байна. Улаанбаатар хотод хоёроос гурван  мянган машин зогсох зогсоолын талбай байхгүй. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголтгүй болж байна. 

Нийтийн эзэмшилд үйл ажиллагаа явуулж байгаа бол авто зогсоолоо нэмэгдүүлмээр байна. Машин битгий хэл хүн ч зөрөх газаргүй шахам бөөр бөөрөндөө хэдэн барилга барихаа зогсоомоор байна. Нийслэлд нийтийн зогсоол нэн даруй хэрэгтэй байна. 


Нийслэлд нийтийн зогсоол нэмье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188