• Өнөөдөр 2024-03-28

Нүүдлийн шувуунд үгээ дайгаад, нүүж буусан намаржаагаа товхинуулаад их л завгүй байх байсан даа

2020-09-19,   967

Тэмээн жингийн цуваан дунд хэрсүү бор охин болгож өвөө, эмээ минь намайг хүн болгосон. Өдийд тэр хоёр минь, нүүдлийн шувуунд үгээ дайгаад, нүүж буусан намаржаагаа товхинуулаад их л завгүй байх байсан даа. Одоо тэд минь эзгүй ч, тэдний минь бүтээсэн дурсамж л дүүрэн байна. Би Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн унаган хүүхэд ээ. Тэр дундаа хамгийн үзэсгэлэнтэй гэгддэг Биндэр сумынх. Төрсөн цагаасаа хойш намайг найман нас өнгөртлөө сумынхаа төв рүү ганц хоёрхон удаа орж үзсэн гэвэл уншигч та итгэх үү. 1994 оны өвөл ээж минь гэнэт л өвдөж намайг гэртээ төрүүлсэн гэдэг. Эмээ намайг эх барьж, хүйг минь боосон юм гэнэ лээ.

Энэ цагаас эхлэн би гэдэг хүн ээжийн биш, эмээгийн эрх танхил охин болсон. Хүйг минь боосон эмээтэйгээ, хүй цөглөсөн нутгаасаа алхам ч холдолгүй тойрон амьдарсан дурсамжаа одоо ч тодхон санаж байна. Энэ бүгдийг бичихийн учир уншигч таныг хүй цөглөсөн нутаг руугаа хөтлөхөөр зорив.Нутгийн зүг чих тавилаа. Налгар намрын навчис гэрийн минь үүдэнд хураасан юм шиг цугласан байна гэнээ. Тэд намайг хүлээгээд байгаа юм болов уу. Улаанбаатар хотоос 400 орчим километрийн цаана миний төрж, өссөн нутаг бий. Гэхдээ хотоос гараад 400 биш, 178 километр яваад л нутгийн минь үнэртэй салхи намайг илбэдэг.

Сум ойртох тусам жиндүү салхи сэвэлзэн сэвэлзсээр намайг хараад уярах шиг зөөлөн бүлээн болох шиг санагддаг. Өдийд ч нутаг минь гунигтай ч юм шиг намдуухан байгаа даа. Саяхан ногоон байсан навчис хүртэл шаргалтаад, хаашаа ч харсан эзэнгүй тал зэллээд, хаа хүрэхээ үл мэдэх шувууд ганганалдаад, Цагаан нуур минь хүртэл эзэнгүй байгаа болов уу. Эсвэл... энд тэндхийн зочдын хөлд дарагдаж бөхөлзөө болов уу.

Гэхдээ манай сум хүн болгоны очдог сум биш ээ. Хүний хүрээгүй замын эхлэл, хөдөө талд би хүн болсон.Манайх Арангатын голын хөвөө, Билүүт, Майнт хайрханы бэлд зусаж, намарждаг байлаа. Өнгө, өнгийн цэцэгсээр толгойн гоёл сүлжиж, үеийн найзуудтайгаа чулуугаар айл гэр болон тоглодог байв. Голын эрэг дээр элс, шавраар байшин барьж өнжинө. Эмээгийн бор авдраас нарийхан хатуу чихэр, шивээстэй бохь гарч ирдэг гэдгийг л мэддэг байв. Өвөлдөө зуслангаасаа хойшоо даваад л Онон голын бургасан дунд өвөлждөг.

Тал дүүрэн модон дунд гурван биенээсээ өөр хүний бараа харалгүй шахам цагаан сартай золгож, аав, ээжтэйгээ уулздаг байлаа. Эргэн тойрон цав цагаан цасаар хучигдаж, ороод гараад ирэхэд л хацар, чих хайрагддаг хүйтэн өвөл миний хүүхэд насанд мөн ч олон байсан мэт санагддаг. Одоо санахнээ би тав, зургаан настайгаасаа үнээ сааж, морь унаж сурсан. Үүрийн таван жингээр босож, үнээ, тугал эргүүлж, сүүний манаач хийх хүндтэй, хариуцлагатай үүргийг лав гурван жил биелүүлсэн. Түүний дараа үнээ саах албанд томилогдож, “тушаал дэвшсэн”. Миний эмээ Улсын хошой аварга мянгат саальчин Д.Сүрэн гэж буурай байсан болохоор манайх үүрийн 03:00-07:00 цаг хүртэл үнээ саадаг, Арангатын хөндийд зусдаг айлуудын хамгийн эртэч айл нь байж билээ. Өвөө, эмээгийн, аав, ээж, ах эгч нарын их ажлын сүүлийг мушгиж, дөнгөж л ажлын захтай хальт танилцаад би сургуульд орсон. Өдийгөөс 18 жилийн өмнө сургуулийн сурагч болж хөдөөгөө, өвөө, эмээгээ орхиж сумын төв орсон. Өвөө, эмээгийн гэрээс явсан 2002 оны наймдугаар сарын 31-ны өдөр одоог ч хүртэл нүдэнд харагддаг.

Ааруул, өрөм, боорцог, ээзгийг шар өнгийн даавуунд баадагнаж, түүхий үрэл жимсийг хонины гүзээнд хийж, олгойтой шар тостой, богц дүүрэн ачаагаа ганзагалаад, хээр морио унаад өвөөтэйгөө хамт сумын төв рүү цогиулж байлаа. Эмээ бид хоёрын араас бор тагштай сүүгээ өргөөд л нулимстай үлдсэн сэн. Өдийгөөс 18 жилийн өмнө би гэдэг хүн ингэж нэг юм төрсөн гэртээ ирж, аав, ээж амин хайртай ганц эгч, ганц дүүтэйгээ амьдарч эхэлсэн юм. Сургуульд орсон эхний жилийн тав дахь өдөр болгон хээр морь минь өвөөтэй хамт сургуулийн гадаа эзнээ хүлээж зогсдогсон.

Салаа хоёр гэзэгнийхээ туузыг, сурагчийн форм, цүнхээ хааш нь ч хамаагүй шидчихээд би хөдөө рүүгээ давхидаг байлаа. Сумын төвийн баруун талын давааг даваад л нулимс минь яагаад ч юм урсчихдаг байсан. Тэгж их өссөн гэрээ санадаг байсан гэсэн үг. Одоо ч бас мөн ч их санаж байна. Тэр цагаас хойш би Арангатын хөндийдөө бүтэн жил амьдраагүй ээ.Зуны эхэн сар, зургадугаар сарын 1-нийг зүүдэлж хоносон өдрүүд олон ч, миний мөрөөдөл гурван сарын хугацаатай. Айдаа мөн ч их санах юм, Арангатын хөндийгөө.

Дунд ангийн сурагч болоход өвөө, эмээ минь сумын төвийн айл болсон. Үүнээс хойш би өссөн газартаа бараг л очоогүй. Зуны дэлгэр цагт л тохиолдлоор ганц хоёр удаа ах, эгчийндээ очих болсноор миний хүүхэд насны дурсамж бүдгэрсэн юм. Дурсамж бүдгэрнэ үү гэхээс хэзээ ч арилдаггүй. Оюутан болсноосоо хойш өвөө, эмээгийндээ тухтай ч гурав хонож амжилгүй тэднийгээ энэ хорвоогоос бүр мөсөн явуулсан даа. Хэзээ ч билээ, сүүлд нэг очиход өвөө намайг “миний хүү багадаа их ажил хийгээд нуруугаа авчихсан юм уу, ажилгүй болжээ” гэж их л зэмлэнгүй дуугарч билээ.Саяхан хэзээд тунгалагаар урсаж хүлээдэг Арангатын голынхоо хөндийдөө очлоо. Айл гэртэж тоглож байсан найзуудын минь чулуун гэр алга. Тэнд зусдаг айл ховорджээ. Эздээ хүлээсэн хөндий минь нэг л гунигтай, тунисан янзтай салхи нь сэвэлзэнэ.Тэмээн жингийн цуваагаар ирдэг байсан айлын их нүүдэл тасарч, андгай тангараг өргөсөн найзуудын минь сураг ч тасарчээ.

Нэг, хоёрын, гурав аа гээд л эрэг дээрээс үсрэхэд чулуу нь тулдаггүй байсан Арангатын голын хайрга нь цухайжээ. Хөндий дүүрэн ургадаг хадлан бордоо ч тачирхан болсон байна. Харин хамаг бүхнээ шивнэсэн өвөөгийн минь Билүүтийн энгэрт залсан хүслийн овоо бууриндаа, яг л хэвээрээ намайг хүлээн харагдана. Манай сум хойд талаараа нарсан ойгоор хүрээлүүлж, зүүн талаараа Онон голын  бургасаар хашигдаж, урд талаараа Цэн тогоруутай хөшөө, цагаан нуур мэлтэлзүүлж, Их Чингис хааны хөшөө сүндэрлэж, баруун талаараа Өвгөн сансар уул данхайсан эрх чөлөөт бүсийн голд бий. Зун зочилбол гишгэхээс ч хайран зүлгэн дээр л бууна даа. Сумын төвөөсөө хойш 10-аад километр орчимд Яргуй хавцал, Усан аяллын бааз, Нарсан коридор гээд үзэх юм олон. Та боддоо, зах нь үл харагдах зассан юм шиг замтай, нарсан модны жимээр алхаж байна гээд.

Чимээ аниргүйхэн Онон голын эрэг дээр буудаллаж, олон төрлийн жимс түүж, ил түүдэг асааж хээрийн хоол хийж байна гээд. Хэний ч очих дуртай үзэсгэлэнт байгаль дунд миний хүүхэд нас өнгөрсөн. Дэндүү их азтай хувь заяагаар энд төрсөн ч  ажил амьдралын эрхээр үргэлж байж чадахгүй юм даа. Үдэш болж алс хол ширтэхэд түмэн од газарт хотолсон шиг үзэгдээд, зүүд мэт балчир насны ой санамжаар дүүрэн, тийм нэг гунигт хийгээд хүсэмжит цаг хугацаа руу эргэн нэг очих юмсан. Наран ургах газрын наахан талд нутаг минь буй. Тэрхэн нутгийн хөрс шороонд өвөө, эмээ минь, хүй дарсан чулуутай хамт намайг хүлээж байгаа. Сэм сэмхэн санаа алдах бодол минь нутгаа зорихыг сануулах шиг.
Нутгаа зорьё. Биндэртээ очъё. Билүүт хайрхандаа хүрье.


Нүүдлийн шувуунд үгээ дайгаад, нүүж буусан намаржаагаа товхинуулаад их л завгүй байх байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 18:19:40
    Амгаланбат : Аав ээжийн минь нутагийн тухай сайхан бичжээ амжилт хүсье дүү минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188