• Өнөөдөр 2024-03-29

Дэлхий сөнөхөд Монгол үлдэнэ

2020-09-18,   7719

2012 оны сүүлчээр “Мояачуудын зөгнөлөөр дэлхий сөнөнө, Монголчууд л амьд үлдэнэ” гэх цуу яриа айхтар хурдацтай тарж билээ. Үздэг хардаг, чулуу татдаг мэргэн түргэн хүмүүсийн төлгөнд “Эсгий гэртэй хүн л амьд үлдэнэ” гэж буусан учраас нэг хэсэгтээ л эсгий гэрний үнэ тэнгэрт хадсан. Мэдээж дэлхий сөнөх үед тог цахилгаангүй болох учир монголчууд лаа, шүдэнзийг хайрцаг хайрцгаар нь авч байлаа. Тэр үед хоёр өрөө байраа таван ханат эсгий гэр, нэмээд хоёр хайрцаг лаа шүдэнзээр шууд тулахад бэлэн хүмүүс ч байсан гэлцдэг. Хөдөөд бол энэ цуу яриа жолоогоо алдсан. Эсгий гэрээ дулаалж, аргал хөрзөн, түлээ мод, гурил будаагаа ахиухан базааж, хотоос оюутан хүүхдүүдээ дуудаж, халуун бүлээрээ цуглацгаасан гэж одоо ярьдаг юм. 

Галт уулнуудаас халуун хайлмал ундарч, галав юүлж байхад уулын оройд эсгий гэр барьсан монголчууд амьд үлдэнэ гэж итгэж байсан нь ичмээр зүйл л дээ. Хамгийн инээдэмтэй нь энэ айхтар түүх холын түүх биш. Ердөө найман жилийн өмнө л бидний сэтгэхүй, амьд үлдэх гэсэн муйхар зөн ийм гэнэн байж. Одоо ч нээх ухаажиж, ондоошсон юм байхгүйг дор өгүүлнэ. 

Бид ер нь өөрсдийгөө бусад үндэстнүүдээс тэс ондоо, онцгой, хүн төрлийн эх гэж бодож явдаг юм шиг байгаа юм. Магадгүй Монголын нууц товчооноос эхлээд бүхий л ном судраас “Монголчууд бол тэнгэрт тэтгэгдсэн, тэнгэр заяатай” гэж уншсаар байгаад тэгж сэтгэдэг болсон ч байх. Шинжлэх ухаанчид маань ч үүнийг үгүйсгэдэггүй нь бүр ч хачин. 

“Дэлхий сөнөхөд монголчууд үлдэнэ” гэх сэтгэхүй одоо ч бидэнд байна. Юу гэвэл дэлхий нийтээр шинэ коронавирусийн цар тахал “хиаруулж” байхад “Монгол хүнд халдварладаггүй” гэх цуу яриа тарсан нь ердөө хэдхэн сарын өмнө. Ичмээр шүү. Өнгөрсөн гуравдугаар сард анхны монгол хүн коронавирусийн халдвар авах хүртэл бүгд л тэгж сэтгэж явсан байх. Адууны мах, ааруул хурууд иддэг болохоор хэзээ ч халдвар авахгүй гэх яриа ч дуусч амжаагүй байна. Бас бид тэнгэрт тэтгэгдсэн онцгүй үндэстэн шүү дээ. 

Өдгөө манай улсад зөөвөрлөгдөж орж ирсэн “КОВИД-19”-ийн халдвар 311 хүрч, нийт 62 758 хүнд шинжилгээ хийгээд байна. Гэсэн ч нас барсан хүн байхгүй нь хэсэг бүлгийн “Монголчууд бид бусдаас өөр” гэж итгэл үнэмшлийг улам баталгаажуулж байх шиг. Тиймдээ ч тэр үү өдгөө Монголд маск моодноос гарчихсан байна. Хөл хорио үнэндээ ёс төдий болж. “Маскаа зүү, нэг метрийн зай барь” гэдэг үгс, зурагт самбарууд байдаг л нэг лоозон болоод удаж байна. Ураад хаяж болно. Сурагчдыг гурван өдөр масктай хичээллүүлж байгаа хэрнээ томчууд нь гудамжинд, автобусанд, хоолны газарт ер нь хаана ч амны хаалтгүй. Автобус, гудамж талбайн ариутгал, гарын ариун цэвэр сахиж бээлий өмсөх тухай бүр ярихад ч ичмээр. Дэлхий сөнөсөн ч монголчууд үлдэнэ гэж итгэдэг хэвээрээ. 

Гэтэл дэлхий нийт “КОВИД-19”-өөс айсан хэвээрээ. Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге “Бид маш хүнд нөхцөл байдалтай тулгараад байна” хэмээгээд дэлхий нийтээр анхаарлаа сарниулахгүй байхыг уриалсан. Бид “өөр” болохоор бидэнд энэ хамаагүй байх л даа. 

Түүнчлэн дэлхий нийтээр цар тахалын хоёр дахь том давалгааны оргил үе ноёрхож эхэлсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 300 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн гуравдугаар сар буюу цар тахлын эхний давалгааны оргил үеийнхээс хэд дахин их тоо ажээ. Улс орон бүр вакцин бүтээхээр чармайж, төсвийнхөө тодорхой хувийг шинжлэх ухааны салбартаа хувиарлаж байна гэнэ. Харин манайхан юун вакцинд санаа зовох.  Эмчилгээнд зориулж цугларсан хандив тусламжийн мөнгийг хэрхэн хумслах вэ гэдэг төлөвлөгөөг өдөр шөнөгүй боловсруулаад манай дарга нар “завгүй”. 

Эцэст нь, нэг санал байна. Мэргэн түргэн хүмүүсээр “Масктай хүн хэзээ ч корона тусахгүй”, “Хандивын мөнгө хумсласан дарга шууд корона тусна” гэж хэвлэлийн хурал хийлгэмээр байгаа юм. Тэгвэл харин бүх нийтээр маскжиж, магадгүй дарга нар маань ч хандивын мөнгө хумслахаа болих байх. Тэрнээс нааш “Корона устаагүй байгаа шүү” гэж хэчнээн орилоод “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрнэ” гэдэг л болж байна.


Дэлхий сөнөхөд Монгол үлдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:34:24
    Бандага: Элбэг Дорж хөдөө зугатаад оччихсон байсан гэл үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 00:29:24
    Мийгаа: Дэлхий сөнөхөд Монгол үлдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 11:39:34
    nigga: buren unshaach nohoi min
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 16:32:26
    lalariin ongolchuud : ******** sdakuud haa saigvi baih ymaa delhii sonhod yaahleeerei mongol vlddeg ym iim tvle2 ymuud mongloor olon baihad odoo yaaltai ch ble ******** sdakuud******** hytadiin gar hol n mongolchuud ymda
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188