• Өнөөдөр 2024-04-26

Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ

2020-10-21,   625

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхины хурд 16-24 метр секунд, зарим үед түр зуур секундэд 28 метр хүртэл ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. 

 Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм, Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 метр секунд хүртэл ширүүсжээ.

Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 метр секунд, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 метр секунд хүртэл хүчтэй салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Мөн 20-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гурван иргэн самар түүж яваад нэг иргэн нь төөрч сураггүй болсон тухай дуудлагаар онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулж байх үед тухайн иргэн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдэж, эрлийн ажиллагааг зогсоосон.

Авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгслээр зорчиход аюултай нөхцөл байдал бий болсон тул Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188