• Өнөөдөр 2024-03-29

Эргэлтийн тойм: Т.Мотэги айлчилж, нобельтнууд тодрон, гавьяатууд мэндэлсэн долоо хоног

2020-10-11,   602

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдрал, дэлхий дахинд  олон чухал үйл явдал өрнөлөө. Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги манайд айлчилж,  орон нутгийн сонгуульд оролцох эрхээ ХҮН нам авч, угаарын хийд дахин хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Шинжлэх ухаан, утга зохиолын салбар,  энх тайвны үйлст энэ жил гарамгай гавьяа байгуулсан эрхмүүд Нобелийн шагналтнаар тодорч, Кыргыз Улсад эсэргүүцлийн жагсаал өрнөн, хувьсгал болов. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн эдгээр үйл явдлыг Ergelt.mn сайт тоймлон, уншигч танд эргэн сануулж байна.


Тахлын үеийн айлчлал 
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги айлчиллаа. Энэхүү айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн. 
Уулзалт, хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан билээ. 
Дэлхий дахин дэгдээд буй цар тахлын үеэр улс орнууд хөл хорио тогтоосон энэ үед Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги  айлчлал хийж буй нь хоёр улсын Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болов. 


ХҮН-тэй сонгууль 


Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН намыг оролцуулах сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн юм. Харин өнгөрч буй долоо хоногт Захиргааны хэргийн шүүхийн шүүгч захирамжаа хүчингүй болгож, Хүн нам сонгуульд оролцох эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН намаас 27 нэр дэвшигч оролцохоор болсныг ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр мэдээлсэн билээ. 


Нобелийн долоо хоног


Хими, физик, анагаах ухаан, утга зохиолын салбарт амжилт гаргаж, хүн төрөлхтний түүхэнд гавьяа байгуулсан эрхмүүдэд Нобелийн шагнал олгох долоо хоног болж өнгөрлөө. Тодруулбал, даваа гарагт анагаах ухаан, физиологийн, мягмар гарагт физикийн, лхагва гарагт хими, пүрэв гарагт утга зохиол, баасан гарагт энхтайвны шагналтны  нэрсийг зарласан. 
Энэ онд анагаах ухаан, физиологийн салбарт британи эрдэмтэн Майкл Хоутон, Харви Альтер, Чарльз Райс нар, физикийн салбарт Рожер Пенроуз, Рейнхард Генцель,  Андреа Гез нар, химийн салбарт Эммануэль Шарпантье, Женнифер Дудна,  утга зохиолын салбарын салбарт Лүиз Глюк, энхтайвны үйлст НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийг онцлон Нобелийн шагнал гардуулахаар боллоо. 


Угаарын хийн авч одсон хоёр амь 


Түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан түлш хэрэглээд бид хоёр дахь намартайгаа золгож байна. Өнгөрсөн жилийн өдийд бид дөнгөж сайжруулсан түлш түлж эхлээд яах ийхийн зуургүй зургаан хүнээ угаарын хийд хордлогоор алдчихсан гашуун түүхтэй. Түүнээс хойш угаартаж амиа алдсан хүний тоо гар, хөлийн хураанаас хэдийнэ давсан. Хүйтний эрч чангарч ч амжаагүй байтал угаарын хийд хордон нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд улирч буй долоо хоногт сайжруулсан түлшинд угаартсан гэх хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 


Шилдэг бүтээлийн төсөл 


Сэтгүүл зүйн салбарын шилдгийн шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулдаг "Балдорж" сангийн нэрэмжит  ёслол 12 дахь жилдээ боллоо. Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны энэ онд редакц, сэтгүүлчдийн дунд 30 сая төгрөгийн санхүүжилт олгох шилдэг төслийг шалгаруулснаараа онцлог. Тодруулбал, "Ковид 19" халдвараас үүдэн Монголын нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлан баримтжуулж, гарц шийдэл хайсан, шинэлэг санаа бүхий төслийн уралдаан зарласан бөгөөд энэхүү уралдаан “Эргэлт” мэдээллийн сайтын “Ковид-19 ба монголчуудын амьдрал” төсөл шилдгээр шалгарч, 30 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болоо. 


Шинэ гавьяатууд 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс, эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа олон жил манлайлан ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, цол тэмдэг гардууллаа. Тухайлбал, МУГЖ цол тэмдгээр гурав, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр хоёр, Монгол Улсын ардын эмч цолоор нэг, Монгол улсын ардын багш цолоор нэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор дөрөв, гавьяат багш цолоор 17 гэх зэрэг нийт 61 эрхэм төрийн дээд цол, одон медаль цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд мөн Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Бат-Очирын Цэрэнбалтав шагнуулсан юм.
 


Эргэлтийн тойм: Т.Мотэги айлчилж, нобельтнууд тодрон, гавьяатууд мэндэлсэн долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188