• Өнөөдөр 2024-03-29

14 настайдаа байгаль хамгаалагч болсон Б.Батлхагва:Амьтад хүнээс илүү бие биедээ тусалдаг

2020-10-23,   1274

Саяхан Дэлхийн байгаль хамгаалах сан цахим хуудсандаа 14 настайдаа ирвэс хамгаалж эхэлсэн Б.Батлхагвыг онцолж, түүний талаар нийтэлсэн юм. Тэрбээр сургуулийнхаа “Бөхөн” эко клубт элсэж, ирвэс хамгаалах зорилгоор хавхны хэрэглээг багасгаж чадсан Монголын үндэсний их сургуулийн Аялал жуулчлалын менежментийн III дамжааны оюутан Б.Батлхагватай ярилцлаа.

-14 настайдаа ирвэс харснаас хойш амьтан хамгаалах чиглэлээр ажиллах болсон гэсэн. Тухайн үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би Ховд аймгийн Манхан сумынх. Монголын үндэсний их сургуулийн Аялал жуулчлалын менежментийн III курсийн оюутан. Малчид араатан амьтадтай тааралдах нь элбэг. Тэр дундаа  баруун аймгийн малчидтай ховор болон нэн ховор амьтад таардаг. Жишээ нь би малаа хариулж  явахдаа 3-4 метрийн зайнаас анх ирвэс харж байсан юм. Тухайн үед би өөрийгөө их азтай гэж бодож байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй удаа ирвэс харсан. 

-Манхан сумын “Бөхөн” эко клубийн үйл ажиллагааны талаар ярьвал. Мөн гишүүн байхдаа ямар үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан бэ?

-Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр “Бөхөн” эко клуб үйл ажиллагаа явуулдаг. Тус аяны хүрээнд сумын иргэдийн  хавхны хэрэглээг багасгахаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  2015 оноос хойш 3000 гаруй хавх хураан авсан. Бидний хураасан хавх сумын хэмжээнд байгаа хавхны 15 хувь нь л байсан.  Хөдөөний нэг айлд 5-6 хавх байдаг.

-БОАЖ-ын сайдад хавхны хэрэглээг багасгаж өгөхийг хүссэн захидал бичсэн гэсэн. Захилдлын үр дүн гарсан уу?

-Сайд тус аяны хүрээнд миний захидлыг хүлээн аваад дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хавх хэрэглэхийг хязгаарласан шийдвэр гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар энэ шийдвэр орон нутагт бодитой хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Өнгөрсөн өвөл ирвэсийн хумс хавчуулагдсан хавх олсон. Тухайн үед зураг дүрсээр баримтжуулж аваад өөрийнхөө цахим хуудсанд оруулсан. Тийм бодит баримт олдсон болохоор хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа.

-3000 гаруй хавх хураан авч хөшөө босгосон. Хөшөө босгох санааг хэрхэн гаргасан бэ?

-Хураасан хавхаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгөх үү, төмрөөр эд хийдэг хүнд өгөх үү гэж ярилцсан. Клубийн хамт олонтойгоо ярилцаж байгаад Ховд аймгийн төвд  хавханд орсон ирвэсний дүрстэй хөшөө хийсэн. Дэлхийн хамгийн анхны хавхаар хийсэн хөшөө босгосон болохоор надад сайхан санагдсан.

-Зэрлэг амьтан ихтэй нутгийн иргэд хавх их хэрэглэдэг. Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой ю?

-Сүүлийн үед ирвэсийн амьдрах орчин шахагдаж ойр орчинд машин явж, хөл хөдөлгөөнтэй болсноор идэш болох амьтад дайжиж хоол тэжээлийн хомсдолд ордог. Тэгэхээр мал руу дайрахаас өөр аргагүй. Ирвэс хоолоо зохицуулах зорилгоор тодорхой хэмжээний ургамал иддэг. 

- "Бөхөн" эко клубээс гадна сурч байгаа мэргэжлийнхээ дагуу клубт элссэн үү?

-Би аялал жуулчлалын “Мазаалай” аялагч клубийн гишүүн. Тус клубт ихэвчлэн аялал жуулчлалын  хүмүүс байдаг. Мөн монгол мазаалайг дэлхийн нүүр царай болгож, тэднийг хамгаалах чиглэлээр байгаль хамгаалах болон аялал жуулчлалын үйл ажиллагааг давхар хэрэгжүүлдэг. 

-Амьтны гэрэл зураг дарах сонирхолтой юм билээ. Өөрийн дарсан зарим зургаа цахимд нийтэлсэн байна.  Амьтны гэрэл зураг дарахад юу нөлөөлсөн бэ?

-Монголын Баруун алтайд амьдардаг олон амьтадтай таарч байсан. Оюутан болоод Хустайн нуруу руу явж тахь, бугын зураг дарсан. Түүнээс хойш байгаль, амьтны гэрэл зураг дарах сонирхолтой болсон. Цаашдаа дан амьтдын  гэрэл зураг дарна гэж бодож байна.  

-Ховор болон нэн ховор амьтдын зураг дарсан байх. Өөрийн сэтгэлд нийцсэн ямар амьтны зургийг онцлох вэ?

-5-6 метрийн зайнаас авсан цоохор ирвэсийн зургийг нэрлэнэ. Гурван секундийн агшинд ганцхан л кадр дарж амжсан. Өнгөрсөн жил дэлхийн шилдэг гэрэл зургаар шалгарсан Хятадын гэрэл зурагчны зурагтай адил зураг авахаар хичээгээд чадаагүй. Гэхдээ Чингэлтэй ууланд хярс, тарвага хамт явааг гэрэл зурагт буулгаж чадсан. Энэ нь маш ховор тохиолдол. Мөн тахь, буга,усны шувуудын зураг байна.

-Амьтны гэрэл зураг авахад юу хамгийн чухал санагддаг вэ?

-Би ан, агнууртай холбоотой ном уншдаг. Анчин шиг бодож, сэтгэж амьтантай ойрхон байж л сайн зураг авдаг юм билээ. Энэ нь миний бусад гэрэл зурагчнаас ялгарах онцлог гэж боддог. Зөвхөн амьтны гэрэл зураг авахаас гадна тухайн амьтны талаар мэдлэгтэй байх ёстой. Ан агнах уламжлалыг гэрэл зурагтай хослуулах юм сан гэж боддог. Ихэвчлэн өндөр ууланд амьдардаг чоно, ирвэс, шилүүсийн зураг авах сонирхолтой. Ховор бөгөөд нууцлаг амьдралтай амьтдын зураг авах нь их ур чадвар шаарддаг. 

-Амьтдын мөрийг хараад таньж мэддэг үү. Амьтны зураг авах арга барилтай болсон уу?

-Цасан дээр гарсан амьтдын ул мөрийг хараад хэдэн цагийн, хэдэн хоногийн өмнө явсан гэдгийг тодорхойлдог. Эсвэл өөрийнх нь барьсан амьтад, малын сэг дээр очиж отож байгаад зураг авахыг хичээдэг. Нэг удаа дөрвөн цаг отож хүлээгээд бүтээгүй. Нимгэн хувцастай явсан болохоор шантраад удаан хүлээж чадаагүй. Яг цоохор ирвэсийн зураг авна гэж зориод явсан үе байхгүй. Хустайн нуруу руу тахь, бугын зураг авах гэж зорьж яваад сэтгэл хангалуун ирсэн. Зурагчин хүн камераа сайн ажиллуулаад, судалгаа сайн хийх хэрэгтэй.

-Оюутан учраас олон газраар аялах боломж хомс байдаг байх. Өөрөө аялал зохион байгуулж явах төлөвлөгөө бий юү?

-Ирэх өвөл Ховд аймаг руу ирвэсийн зураг авахаар зорьж явна. Гэрэл зураг дарах сонирхолтой таван зурагчинтай хамт явна. Монголд мал амьтны бэлчээрийн давхцал их учир зураг дарах боломжтой. Оюутан учраас олон газраар явах боломж, цаг зав хомс байдаг. 

-Манай оронд ойролцоогоор хэчнээн тооны ирвэс байна вэ?

-Манай оронд мянга орчим ирвэс байна. Ирвэс уул хооронд гүйх гүйдлээрээ тал, уулын хөндийд ихэвчлэн харагддаг. Тухайлбал, Ховд аймгийн Цэцэг суманд засмал зам дээр дайруулсан тохиолдол байдаг. Мөн Ховд аймгийн Дарви суманд айлын гэр дээр гарсан жишээ байдаг. Энэ  нь ирвэсийн  идэш, тэжээл болох амьтад хомсодсон гэсэн үг. 

-Ан амьтантай холбоотой ном уншдаг гэсэн. Ан агнах талаар юу гэж боддог вэ?

-Бага байхад анчин хүн гоё харагддаг байсан. Ан агнах нь  эрчүүдийн хобби гэж боддог. Хэрвээ амьтанг зүй зохистой агнаад, ямар нэгэн байдлаар ашиг олж түүнийгээ амьтан хамгаалах үйлсэд зориулж чадвал амьтны нөөцтэй орон.Тухайн амьтнаа таньж мэддэг, ямар цаг үед яаж агнах ёстой вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Залуусын дунд эрт дээр үеэс монголчууд амьтан агнаж ирсэн. Одоо бид яагаад амьтан агнаж болдоггүй юм гэсэн хандлага их ажиглагддаг. Монгол бөхөн 5000 гаруй үлдсэн. 2016 онд 13 мянга хүрч байсан боловч мялзан өвчнөөр хорогдсон. Энэ жил өнтэй зун болсон гэсэн тийм болохоор өссөн байх гэж бодож байна. 

-Дэлхийн хамгийн анхны улаан номыг бичсэн Д.Дидро “Байгаль бол хувцас хунараа сольж гангалах дуртай эмэгтэйтэй адил” гэж хэлсэн байдаг. Тэгвэл амьтныг цөөн үгээр тодорхойлбол юу гэж хэлэх вэ?

-Амьтад хүнээс илүү бие биедээ тусалдаг. Хоорондоо холбоотой байдаг. Жишээ нь огтоно гэхэд шувуу дээгүүр нь нисэхэд нэгэндээ мэдээлэл өгдөг. Амьтан бол мэдээлэгч, сайн цаг уурч. Уулын энгэр, ар хормойд байгаа тарваганы нүхийг ажиглахад нүхээ тойруулаад чулуу, шороо овоолсон байдаг. Маргааш нь ирэхэд бороо ороод үерлэсэн байдаг. Мөн өвлийн улиралд нар жаргахаас өмнө уулын орой дээр байгаа амьтад уулын хормой руу бууж ирвэл тухайн шөнө хүйтрэхийг зөгнөдөг. Энэ жил аялал жуулчлалын салбарынхан “Байгаль нэн тэргүүнд” уриа гаргасан. Би энэ үгийг хэлэх дуртай. 

-Ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө талаар яриач?

-Байгальд ээлтэй аялал зохион байгуулна гэж боддог. Ууланд явган аялал зохион байгууллаа гэхэд тухайн уул орчмынхоо эко системийн үйл ажиллагаанд зориулна. Дан ирвэсийн зураг авлаа гэж бодоход олсон орлогынхоо тодорхой хувийг цоохор ирвэс хамгаалах санд нэмэрлэнэ гэж мөрөөддөг. Эсвэл малчдад амьтан агнах талаар мэдээлэл өгч экологийн боловсрол олгоход тусалж ажиллана. 

-Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу хамгийн чухал байна вэ?

-Байгалийн онгон дагшин газар жуулчны бааз барих нь байгальд сөрөг нөлөөтэй. Монголчууд аяллын боловсрол муу учир хог хаяхаас эхлээд олон асуудал гардаг. Тухайн орчинд байгаа амьтдын амгалан тайван байдал алдагддаг. Эко аялал жуулчлал бий болгоход байгалийн онгон дагшин газраас 40 км-ийн зайд бааз барих хэрэгтэй гэж боддог. 


14 настайдаа байгаль хамгаалагч болсон Б.Батлхагва:Амьтад хүнээс илүү бие биедээ тусалдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188