• Өнөөдөр 2024-03-29

Б.Хулан: Өөрийгөө бусдаас дутуу гэж битгий бодоорой

2020-10-21,   1682

Хорвоо ертөнцөд бэлгийн цөөнх буюу лесбиян, гей, бисексуал, трансжендер эр, интерсекс хүмүүс байсаар ирсэн. Уг нь тэднийг ингэж ялгаж нэрлэх  шаардлагагүй. Тэд өөрсдийгөө нуух ч хэрэггүй. Учир нь, та яагаад гэдгээ мэдэхгүйгээр эсрэг хүйсийн хүндээ татагддаг шиг тэдний хувьд бэлгийн чиг баримжаа нь заяагдмал. ЛГБТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Хулантай ярилцлаа.

-ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежерийн хувьд уг төвийн тухай ярьж өгвөл?

-ЛГБТ Төв 2009 оноос нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай болж ажиллаж эхэлсэн. Манайх Монголын анхны бэлгийн болон хүйсийн цөөнхийн хүний эрхийн байгууллага. Дэлхий дахинаа хүний эрхийн хөдөлгөөн эрчимжиж, улс орны хөгжлийг эдийн засгаас илүү иргэн бүрийн аз жаргалтай байдал, хүний эрхийн хэрэгжилт тодорхойлдог болсон. Манай нийгэмд  бэлгийн цөөнх хүмүүсийг бусад хүнээс дор үзэх хандлага их. Энэ хандлага нь “чи гомо” гэж доромжлох, зодох, дээрэлхэх зэрэг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх гэмт хэрэг гарахгүй болтол бид ажиллана гэж боддог.

-ЛГБТ Төв ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

-ЛГБТ Төв олон улсын хүний эрхийн нөлөөллийн ажлаараа бахархдаг. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR-ийн тайланг НҮБ-ын гишүүн 192 улс орон дөрвөн жил тутам илгээх ёстой. Энэ нь улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дүгнэн хэлэлцдэг механизм юм. Өнгөрсөн онд ЛГБТ Төв гурав дахь удаагаа Монголд ЛГБТИК хүний эрхийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан илгээсэн. Одоогоор манай гүйцэтгэх захирал улс орон бүрийн төлөөлөгч нартай ярилцаад, ЛГБТИК хүний эрхийн нөхцөл байдлын тухай бодит ойлголт, мэдээлэл өгч байна. Удахгүй манай төрд бидний эрхийг хамгаалах тухай зөвлөмж өгнө гэж ойлгож болно.

-ЛГБТ гэж юу вэ. Ярилцлагыг маань төрөл бүрийн хүн уншиж байгаа болохоор үүнийг мэдэхгүй хүн байж мэдэх юм. Тэдэнд тайлбарлаж өгвөл? 

-ЛГБТ гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр гэсэн үгсийн товчлол. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааны хувьд цөөнх болсон хүмүүсийг хэлж байгаа нэр томьёо юм. 

-Та бэлгийн цөөнх хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэж, нийгэмд тогтсон буруу хандлагыг өөрчилж байгаа хүн. Манай нийгэмд энэ хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? 

-Нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж байна. Сайн талууд их гарч байна гэж боддог. Жишээ нь, эцэг, эх хүүхдээ лесбиян, гей гэдгийг ойлгож, дэмждэг, хүлээн зөвшөөрдөг болж байна. Гэхдээ зарим хүн цочирдож, юу хийхээ мэдэхгүй болохоор сэтгэл зүйч дээр очдог юм билээ. Сэтгэл зүйч, шинжлэх ухаанч нар зөв ойлголт өгдөг учраас хүүхэд нь хэн нэгэнд уруу татагдаагүй, олдмол биш гэдгийг сайн ойлгуулдаг санагдсан. Хэдэн жилийн дараа илүү сайхан түүхийг сонсоно гэж итгэдэг. Мэдээж, хэцүү бэрхшээлтэй зүйл их тулгарч байгаа. Бид одоо хүртэл гэр бүл, ажлынхаа хүмүүсээс өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг нууж, далдалж амьдардаг. Харин чин үнэнээрээ байхад гудамжинд зодуулчихдаг, хүмүүсийн амны зугаа болдог гунигтай, эмгэнэлтэй жишээ олон.

-Таныг уран зураач мэргэжилтэй гэж сонссон. Одоо энэ мэргэжлээрээ ажилладаг уу?

-Тийм, би СУИС-ийн харьяа ДДУС-ийг төгссөн. Зураач мэргэжилдээ их хайртай. Гэр бүлийнхнээсээ зөрсөөр байгаад сургуульдаа орж байсан. Цаашдаа өөрийн гэсэн ертөнцтэй уран бүтээлч болно гэж мөрөөддөг.

-Та ямар төрлийн зураг зурах дуртай вэ?

-Би бүх өнгөнд дуртай. Тод, гоё өнгөтэй зураг харахаараа догдолдог. Тэгээд л үсээ тод өнгөөр буддаг. Тийм болохоор миний зургууд их тод өнгөтэй, хурц санагддаг. Юу зурах вэ гэхээсээ өмнө ямар өнгөтэй зураг зурахаа төсөөлж, боддог. Хэлбэр талаасаа бол бодитой зураг зурдаггүй ээ. Одоогоор өөрийн стилиэ олоогүй байна.

-Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө талаар ярьвал?

-Би мөрөөдөмтгий хүн. Сүүлийн үед мөрөөдөх минь багасаад л байна. Би дүрслэх урлагийн галерейтай болохыг хүсдэг. Монгол хүн бие биеээ ялгаварлан гадуурхахгүй харин ойлгодог, хүндэлдэг болох хүртэл чадах бүхнээ хийнэ гэж боддог. Мөн усанд сэлэх, тогтмол бясалгал хийх, сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, эрүүл амьдрах чухал гэдгийг ойлгож, түүнд суралцахыг хичээж байна. 

-ЛГБТ хүмүүсийг ойлгодоггүй хүн олон байдаг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Ойлгохгүй байлаа ч бид оршиж, амьдарч байна. Өнгөрсөнд, ирээдүйд ч байх болно. Энэ бол маргахын аргагүй үнэн. Түүхэнд Чайковский, Микеланжело, Ленардо да Винчи гэх мэт олны танил хүмүүс гей байсан. Эсэргүүцлээ гээд бусдын амьдралыг дарамттай хэцүү болгож байгаа болохоос биш, хүмүүсийг соён гэгээрүүлж, улс орноо аварч чадахгүй шүү дээ. 

-ЛГБТ хүнийг төрөлхийн, олдмол гэж хоёр хуваадаг. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

-Тийм ойлголт байхгүй. Шинжлэх ухаанаар төрөлхийн, өөрчлөгдөшгүй хүний мөн чанар  батлагдчихсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1990, европ хүн хэдий өөр ч гэсэн, адилхан л  хүн. 

-Амьдрал олон өнгөтэй. Тэр бүгдийг хэрхэн даван туулдаг вэ? 

-Хүн бүр өөрсдийнхөө зовлон, жаргалыг үүрээд явж байгаа. Хамгийн гол нь эрүүл байх ёстой гэж боддог. Багаасаа бие султай байсан болохоор өвдөхөөс их айдаг. Сэтгэл санаагаа тогтвортой байлгах гэж хичээдэг.  Өмнөх жил сэтгэл гутралд ороод арай гэж даван туулсан. Өмнө нь өөдрөг үзэл бодолтой, инээгээд л явдаг байсан болохоор өөрийгөө тэгж их гутарна гэж огт төсөөлөөгүй. Харин одоо хүнд, хэцүү санагдсан үедээ сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Таны амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ? 

-Би өөрөө өөрийнхөө хувьд хамгийн үнэ цэнтэй. Хүнд тустай, төвөг удахгүй байх юм сан гэж боддог. 

-Өөрийгөө таньж мэдэж, нээж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Өөрийгөө бусдаас дутуу гэж битгий бодоорой. Чи ЛГБТ эсвэл биш гэдгээ мэдээд  гэнэт хувираад өөр болчихгүй. Өөрийн үнэн мөн чанараа олж нээж байгаа учир илүү эрх чөлөөтэй, нээлттэй, тайвширсан мэдрэмж авах байх.

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

 -Би өөртөө үнэнч амьдрах юм сан гэж боддог. Зарим үед бусдын үзэл бодол, дарамт шахалтыг тоохгүй байхаар  амьдрал хөнгөрдөг мэт санагддаг.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа уран зургийн үзэсгэлэн үзэх дуртай. Хааяа ном уншиж, кино үздэг. Гэхдээ ихэвчлэн найзуудтайгаа уулзаж хоол иддэг.


Б.Хулан: Өөрийгөө бусдаас дутуу гэж битгий бодоорой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 16:45:59
    Zochin: Ямарч хүнийг бурхан голохгүй хаан болгодог
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188