• Өнөөдөр 2024-04-20

Ж.Амарбаясгалан: Цагдаа өдөр бүр чимээгүйхэн гавьяа байгуулсаар л байдаг

2020-09-30,   1450

Галын аюулаас таван хүний амь аварсан цагдаагийн дэд ахлагч Ж.Амарбаясгаланг бид редакцдаа урьж, ярилцлаа.

-Та Баянгол дүүргийн V хороо, X хорооллын 45 дугаар байрны подвальд ахуйн хий дэлбэрсний улмаас гарсан галын аюулаас таван хүний амь аварсан шүү дээ. Энэ баатарлаг үйлсэд тань уншигч олныхоо өмнөөс талархал
илэрхийлье. Тухайн үед чухам юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тухайн үед би гэртээ амарч байсан. Дэлбэрэлт болоод хүчтэй дуу чимээ гарсан учир босоод яав ийв гээд харсан. Гэмтсэн хоёр хүн гараад гүйж байсан. Тэгээд хувцас хунараа өмсөөд доошоо буугаад очтол манай нэгдүгээр орцны подвальд юм дэлбэрсэн байсан. Дотор нь ороход гурван хүн бэртэж гэмтсэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байсан тул тэдгээр хүмүүсийг машинаар ГССҮТ-д хүргэсэн. 

Хоёр хүний биеийн байдал нөгөө гурвыгаа бодвол арай гайгүй байсан учир юун түрүүнд тэр гурван иргэнд анхан шатны тусламж үзүүлсэн. Дэлбэрэлтийн улмаас шоконд орж, өөрсдөө аюулаас гарах, нэгэндээ тусламж үзүүлэх боломж, бололцоогүй байсан. 

-Дэлбэрэлт болж байгаа газарт галын аюул руу хэр баргийн хүн зориг шулуудаж орохгүй болов уу. Таны хувьд тухайн үед юу бодогдож байв? 
-Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасан анхны тусламжийг үзүүлэх үүднээс ГССҮТ рүү хүргэсэн. 
Хүргэх үед нэг иргэний биеийн байдал маш хүнд, хоёр иргэн тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатайгаар үлдсэн. 

-Галын аюулд өртсөн иргэд хэдэн настай, ар гэрийн байдал нь ямар хүмүүс байсан бэ?
-Гэмтэж, бэртсэн иргэд 26-43 насныхан байсан. Бүгд гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс. 

-Яг ямар шалтгааны улмаас дэлбэрэлт үүссэн юм бол?
-Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учраас чухам юунаас болж дэлбэрэлт үүссэнийг одоогоор мэдээгүй байна.  

-Таны хувьд цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? 
-Цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байна. Би эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэл эрэлзэлтэй байсан. Миний аав Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журам хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Цагдаагийн бэлтгэл, хошууч цолтой хүн байдаг. Бага байхын л аавыгаа дагаж, заавар зөвлөгөөг нь авч ирсэн болохоор энэ салбарт ажиллах чин хүсэлтэй болсон гэж боддог. 

-Хүний амь нас аврах гэх мэт баатарлаг үйлсээс эхлээд энэ мэргэжлээр ажиллахын сайхан нь юунд байдаг вэ? 
-Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг бүхий л сүүдэртэй талуудад цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал гэх мэт байгууллагууд ажиллаж байгаа. Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархдаг. Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхмийн эрхлэгч Ч.Аюурзана гэж миний багш байгаа.

Мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн багшдаа их талархаж байна. Дээрээс нь цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуучуудыгаа би их хүндэлдэг.  Яагаад гэвэл өдөр тутмын ажлуудаас ил гараад явж байгаа нь л энэ болохоос албан хаагчид өдөр бүр чимээгүйхэн гавьяа байгуулсаар л байдаг. Цагдаагийн алба хаагч хүн үхэх гэж байхад зүгээр хараад байж болохгүй шүү дээ.  

-Галын аюул руу хүн аврахаар ороход тань таны гэргий яаж хүлээж авсан бэ? 
-Миний эхнэр мөн л цагдаагийн албан хаагч. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүлжүүлэх, түр саатуулах байрны эмч хийдэг. Нэг системд ажилладаг, нэг байгууллагын хүмүүс учир сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан. Хүний амь авраад үндсэн үүргээ биелүүлээд гараад ирэхэд эхнэр маань баяртай байсан.


Ж.Амарбаясгалан: Цагдаа өдөр бүр чимээгүйхэн гавьяа байгуулсаар л байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188