• Өнөөдөр 2024-04-20

Томуугийн вакциныг энэ сарын сүүлчээр хийж эхэлнэ

2020-09-11,   909

Улирал солигдох үед бүх насныхан томуу, томуу төст өвчнөөр өвчилж эхэлдэг. Тус  өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга вакцин гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг. Тиймээс манай улсад томуугийн эсрэг вакцины хангамж ямар байгаа талаар ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т. Энхзаяагаас тодрууллаа. 
 
-Томуу, томуу төст өвчний эсрэг вакцины нөөц манай улсад хангалттай байгаа юу?
 
-Монгол Улсын Засгийн газар жил бүр хүсэлт гарган томуугийн вакциныг зорилтот бүлэг болох бага насны хүүхэд, архаг, хууч өвчтөн, ахмад настан, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг улирлын эхэнд томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулдаг. Засгийн газрын хөрөнгөөр энэ онд 120 мянган хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын “Clobal Alliance” байгууллагаас гэрээний хүрээнд 80 мянган хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжинд 200 мянга гаруй хүн/тун вакциныг энэ сарын 15 гэхэд хүлээж авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж өгдөг. Энэ жил Засгийн газраас захиалах вакцины тоо хэмжээг нэмэх чиглэл өгсөн. Юун түрүүнд  зорилтот бүлгийн буюу бага насны хүүхдүүдийг вакцинжуултад бүрэн хамруулах зорилго тавьж байна. Энэ сарын сүүлчээр орон даяар дархлаажуулалтын вакциныг хийж эхэлнэ.
 
-Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр тархлалттай  халдваруудаас сэргийлдэг шүү дээ. Тиймээс вакцины чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьдаг вэ?
 
-Манай улс дархлаажуулалтын ямар нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн тухай хууль зэрэг хууль тогтоомж, журмыг сахин биелүүлдэг. Эрүүл мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцдэг. Сайн дурын дархлаажуулалт буюу Дархлаажуулалтын хуульнд зааснаар иргэн төлбөрөө төлсөн тохиолдолд вакцин хийлгэх боломжтой. ДЭМБ шаардлага хангасан, чанарын баталгаатай, аюулгүй, үр дүнтэй вакциныг дэлхийн 120 гаруй оронд нийлүүлдэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд нь Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн төвүүд хяналт тавьдаг. 
 
-Вакцины найрлагыг тухайн орон бүсийн онцлогт тохируулан үйлдвэрлэдэг үү. Эсвэл ижил төрлийн вакциныг бүх оронд илгээдэг юм уу?
 
-Жил бүр томуугийн вирусийн хэв шинж, хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар төрлийн вирус өвчлөл их үүсэж буйг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа, шинжилгээний байгууллага болон ДЭМБ гаргаснаар  аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх хэрэгтэйг шийддэг. Манай улсын хувьд энэ удаад  Бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцин захиалсан.
 

Томуугийн вакциныг энэ сарын сүүлчээр хийж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188