• Өнөөдөр 2024-04-16

Н.Энхбаяр: Гишүүдэд тойргийн сонирхол байгаа учраас Монгол Улс 76 Сангийн яамтай болчихоод байна

2020-10-19,   1168

- Засгийн газар, Сангийн яам эдийн засаг сайн байх үед оруулж байсан өндөр зардалтай төсвөө эдийн засаг хямарсан энэ жил дахиад оруулаад ирлээ-

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэнтэй холбоотой эдийн засагч Н.Энхбаяртай  ярилцлаа.

-УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ирэх онд  2.6 их наядын алдагдалтай төсөв батлахаар оруулж байна. 2021 оны төсвийн талаарх таны байр суурийг сонирхъё?

-Сүүлийн жилүүдэд янз бүрийн шалтгаанаас болоод манай улсын төсөв нэлээд алдагдалтай явж байна. Энэ жил “Ковид 19” цар тахалтай холбоотой төсвийн зардлыг тэлсэн. Гэхдээ гол асуудал нь сая өргөн барьсан 2021 оны төсвийг 2019 онд өргөн барьсан 2020 оны төсөвтэй харьцуулахад адилхан дүнтэй байна. Тодруулбал, өнгөрсөн жил тэнцвэржүүлсэн орлогыг 11.797 тэрбум төгрөг, төсвийн зарлага нь 13.872 тэрбум төгрөг гэж баталсан. 2021 онд  тэнцвэржүүлсэн орлогыг 11.797 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлагын хэмжээ нь 13.951 гэж өргөн барьсан байна. Үндсэндээ 2019 онд өргөн барьсан энэ төсвийн дүнгээ буцаагаад оруулж ирсэн байгаа юм. Эдийн засаг сайн байх үед Засгийн газар, Сангийн яам төсвөө тэлээд өндөр зардалтай оруулсан бол эдийн засаг хямарсан үед дахиад л ийм алдагдалтай төсөв оруулж ирлээ. Бодлогын хувьд маш ойлгомжгүй байна.

-Тэгэхээр энэ оны төсвийн төсөл тооцоо судалгаагүй төсөл байх нь ээ?

-2020 оны төсвийг 2019 оныхтой харьцуулахад хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тодруулбал, 2019 онд тэнцвэржүүлсэн орлого нь есөн тэрбум, зарлага нь 11 орчим тэрбум төгрөг байв.  Үүнийгээ тайлбарлахдаа бидэнд “Хөрөнгө, мөнгө хангалттай бий. Бүтээн байгуулалт явуулна гэж өндөр алдагдалтай баталсан” гэсэн. Гэтэл эдийн засаг хямраад дахиад өндөр зарлагатай төсөв оруулж ирэхдээ цар тахлын үед эдийн засгаа хумьж, “борцолж” болохгүй. Эдийн засгаа тэлэх ёстой гэж байна. Мөнгө байсан ч эдийн засгаа тэлж л байдаг, байхгүй ч тэлж л байна. Үүнийг мөчлөгийн эсрэг гэж онолоор тайлбарлаад байгаа. Тэгэхээр урьд нь онол нь тодорхойгүй байсан болж таарах нь.

Өнгөрсөн жил энэ оны төсвийг хэлэлцэх үеэр эдийн засагчид хэлж л байсан. Гэтэл үүнийг тоогоогүй баталчихсан. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд 2017, 2018, 2019 онд манай эдийн засаг өссөн нь үнэн. Эдийн засаг өсөж байгаа үед дагаад эдийн засгаа  өснө гэж өөдрөгөөр төсөөлж болно. Гэхдээ манай улсын эдийн засаг өнгөрсөн 30 жилд дөрвөн жил дараалан өссөн түүх байхгүй. Хэрвээ бодитой судалгаа хийсэн бол 2020 онд эдийн засаг сулрах нь тодорхой байсан. Тэгэхээр төсвийг боловсруулахад хийж байгаа судалгаа нь үндэслэлгүй, хангалтгүй байна. Судалгаанаас гадна төсвийн талаарх баримталж байгаа бодлого, арга зүй нь шаардлага хангахгүй байгаа юм.

Аль 2014, 2015 онд ОУВС “Монгол Улсын эдийн засаг түүхий эдээс шууд хамааралтай, эдийн эдийн засаг нь хэлбэлзэлтэй. Иймд  эдийн засаг өссөн үед орж ирсэн орлогоо хуримтлуул. Хуримтлалын сантай бол” гэж зөвлөсөн үндсэн дээр манайх хуримтлалын сантай болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа боловсруулан баталсан. Ингээд төсвийн алдагдлаа багасгах талаар ОУВС-аас зөвлөсөн ч түүнийгээ баримтлаагүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн зарчмууд гэж бий. Тухайлбал, төсвийн алдагдлаа бодитоор төлөвлөх, төсвийн зарлагыг хэт тэлж болохгүй гэхчилэн. Гэтэл одоо үүнийгээ огт баримтлахгүй байна. Сүүлдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад төсвийн алдагдлаа бууруулж байсан хязгаарлалттай заалтаа хойшлуулчихсан. Ингээд тавьсан зорилтоосоо ухраад байна.

-Төсвийн зарлагаа нэмж байгаа ч чухал шаардлагатай арга хэмжээг авч чадаж байгаа юу?

-Чадахгүй байна. Чухал зүйл хийж байна уу гээд хөрөнгө оруулалтын задаргааг нь үзэхээр тийм зүйл байхгүй. Судлаачид хүртэл оновчтой биш байна гэж удаа дараа хэлж байгаа. Наад зах нь бид өртөй улс. Ирэх гурван жилд гэхэд л гурван тэрбум ам.долларын өр төлнө. Тэгж байхад ямар ч эдийн засгийн үр ашиггүй төсөлд мөнгө зарах гээд төсөвт суулгачихсан байгаа юм. Тухайлбал, 360 гаруй сумын 60-70 хувьд нь шинэ соёлын төв барихаар оруулж ирсэн. Төсвийг боловсруулахдаа баримталж байгаа суурь зарчим, онол арга зүй нь бүгд худлаа, тогтсон зүйлгүй байна. Заримдаа мөчлөгийн бодлого баримталж байна гэж байгаа бол нөгөө талдаа мөчлөгийн эсрэг бодлого гэж тайлбарлана. Агуулга нь төсвөө тэлж, алдагдлаа нэмж байгаа. Ер нь дунд хугацаа, алс хэтийн бодлого гэж байхаа больсон. Сүүлийн хоёр жил дараалан сул төсөв орж ирлээ.

-Ингэж өндөр алдагдалтай төсөв баталж байгаа нь эдийн засагт цаашид ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Засгийн газар их хэмжээний өртэй болоод байгаа нь төсвийн бодлоготой шууд холбоотой. Олон улсын байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж нь эхлээд “Төсвийн зарчим, шаардлагаа мөрд” гэж байгаа юм. Боловсруулах шатандаа хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй бол бид хүссэн тоогоо тавиад байна. Жишээ нь, энэ жил бид 13 их наяд төгрөг зармаар байна гэхчилэн. Ингээд үүнтэй нийцүүлээд орлогоо хэт өндөр төлөвлөж, эдийн засгаа маш өөдрөг төсөөлчихдөг. ДНБ-ийг өндөр төлөвлөчихлөөр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх харьцаа боломжийн гарчихдаг. Тэгэхээр төсвийн сахилга бат алдагдаад байна.

ОУВС-аас өгсөн зөвлөмжийг бид дагаж мөрдөх хэрэгтэй байна. Үүнээс Чили, Норвег Улсын жишээ хамгийн сонгодог жишээ. 1990 онд эдгээр улс төсвийн сахилга батыг мөрдөж эхэлсэн. Сүүлдээ зарчмаа сайжруулахын тулд эдийн засгийн төсөөллийг Сангийн яамаараа биш хараат бус шинжээчдээр тооцооллуудаа хийлгэж байна. Ингэж байж хуримтлал бий болгосон. Гэтэл манайд хуримтлал бий болгох нь битгий хэл өрөө нэмэгдүүлсээр байгаа нь харамсалтай. Цаашдаа өрийн гинжин хэлхээгээ таслахгүй бол өр нэмэгдээд л байна.

-Сонгуулийн жилүүдэд төсөв нэмэгддэг уламжлал тогтчихсон. Гэтэл энэ жил ийм өндөр алдагдалтай төсөв баталж байгааг эдийн засагчийн хувьд юу гэж харж байна вэ?

-Богино хугацаанд асар их зүйл хийсэн болж харагдах гэж байгаа юм. Улс орон бүрт урт болон дунд хугацааны бодлого гэж байдаг. УИХ-ын хаврын чуулганаар Алсын хараа 2050 урт хугацааны баримт бичгийг, ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын ирэх таван жилийн төлөвлөгөөгөө баталчихсан. Тэгэхээр энэ дунд хугацааны бодлоготойгоо уялдуулаад аль ажлыг хэзээ хийх гэдэг төлөвлөгөөгөө гаргах ёстой. Үүнийгээ баримтлахгүйгээр бүх зүйлийг өнөөдөр хийх гэж оролдоод байна. Нэгэнт өртэй байгаа бол байгаа мөнгөндөө тааруулж хийх зүйлээ тооцоолох ёстой. Дээр нь бонд гаргаж, хүүтэй зээлсэн мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх гээд байгаа нь буруу. Бондыг үр ашигтай төсөлд зарцуулах ёстой. Үр ашиггүй зарцуулж болох суваг нь нээлттэй байгаа учраас нэмж үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд байна. Эцсийн дүндээ улс нь өртэй үлдэнэ. Тухайн үедээ эрх барьж байсан Засгийн газар нь бид их зүйл хийсэн гэж сонгогчдоо таалагдахын тулд ийм зүйл хийж байгаа.

-УИХ-ын гишүүдийн төсөвт оролцдог байдлыг нь Үндсэн хуулиар хязгаарласан гэж байгаа шүү дээ. Гэтэл энэ оны төсөвт үр ашиггүй төсөл урьдын адил хэвээрээ гэлээ?

-Хэлбэр нь өөрчлөгдсөн боловч энэ байдал хэвээр байгаа. Уг нь төсвийг Сангийн яам боловсруулж, бүх тооцооллоо хийж оруулж ирэх ёстой. Гэтэл гишүүдийн тойрогтоо зарцуулдаг мөнгө орж ирдэг байдал хэвээр байна. Хэрвээ Сангийн яам бодитойгоор үүнийг хянасан бол ийм төсөв боловсруулахгүй. Гишүүдийн тойргийн сонирхол байгаа учраас 76 Сангийн яамтай байна. Үндсэн хуульд хоёрхон хязгаар зааж өгсөн. Зарлагын нэмэгдүүлэхгүй, алдагдал нэмэхгүй гэж. Энэ нь хангалттай биш. Хэлэлцэн боловсруулах явцдаа санал оруулдаг байсныг болиулж, Засгийн газар хэлэлцэхэд гишүүд саналаа оруулчихаад байгаа юм. Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр долоо тэрбум ам.долларыг давлаа.

-Өрийг өрөөр дарсаар байна гэсэн үг үү?

-Ойрын жилүүдэд эдийн засгийн томоохон орлого оруулахаар төсөл манайд байхгүй. Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр, Оюу толгойн далд уурхай, Таван толгойн дулааны цахилгаан гэх мэт төслүүд 2022, 2023 онд хэрэгжинэ. Тэр хүртэл бидэнд өр төлөх бодитой орлого олох боломж байхгүй. Тэр тусмаа цар тахлаас хамаарч дэлхийн эдийн засаг саарчихсан үед ирэх онд 42 тонн нүүрс экспортолно гэж байхгүй. Нэгдүгээрт, манайх төмөр замын ажлаа дуусгахгүй бол энэ хэмжээний нүүрс гаргаж чадахгүй. Хоёрдугаарт, Хятад Улсын нүүрсний хэрэглээ багасаж, гангын үйлдвэрлэл нь буурч байгаа. Энэ бүхнийг судалж, тооцоолж, тоогоо гаргах ёстой.

Зэсийн баяжмал, нүүрс нь манай нийт экспортын 50 хувийг бүрдүүлдэг. Үүнийг нөхөхүйц хэмжээний оролго бидэнд байхгүй. Ирэх жилүүдэд цар тахлаас хамаараад бусад төрлийн түүхий эдийн экспорт ямар байх нь тодорхойгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлэх нь дараагийн асуудал болсон. ОУВС-гийн дэлхий эдийн засгийн тойм өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнээс харахад ирэх онд дэлхий эдийн засаг 5.2 хувь өснө гэж төсөөлсөн. Ирэх хавар таван хувь болж буурна. Дунд хугацааны төсөөллийг 3.5 гэж үзсэн байна лээ. Нэг удаа өсөөд буцаад буурна. 2022, 2023 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувьтай болно гэж байгаа. Учир нь, дэлхий даяараа худалдааны сүлжээ доголдчихсон, агаарын тээвэр, аялал жуучлалын салбар уналтад орчихсон. Энэ байдал буцаад сэргэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс нөхцөл байдал дахиад хүндэрчихгүй бол 2023 оноос дэлхийн эдийн засаг өсөж магадгүй гэх тооцоолол бий.
 


Н.Энхбаяр: Гишүүдэд тойргийн сонирхол байгаа учраас Монгол Улс 76 Сангийн яамтай болчихоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188