• Өнөөдөр 2024-04-20

Ж.Сүххуяг: Хаан хэзээ дутуу амьдарч байлаа

2020-10-05,   1857

Монгол түмний хайртай хүү, авьяаслаг жүжигчин, Соёлын гавьяат Ж.Сүххуяг агсантай 10 жилийн өмнө ярилцаж байснаа дахин хүргэж байна. 

16 настай хүү кино ертөнцөд хөл тавьснаас хойш “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Эзэнгүй айл”, “Ацаг шүдний зөрүү”, “Хэцүү анги” зэрэг кино, жүжгийн 70 гаруй дүр бүтээсэн гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг урьж, ярилцлаа. Амьдралын нугачаанд алдаж, бүдэрсэн аар саар зүйлийн талаар шалгааж, түүний сэтгэлийг чилээхийг хүссэнгүй. Бидний яриа СУИС-ийн хичээлийн II байрны нэгэн уран зургийн “Урлан”-д ийнхүү өрнөлөө.  

-Та энд багшилж байгаа юм уу. Таныг тайлан тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэж дууллаа.  

-Багшлаагүй. Миний үгийг сонсоод сууж байх хэн байх вэ. Тэгээд ч би хүнд зааж чадахгүй. Харин юмны арга барил, ур дүйн тухай ярьж өгч чадах байх. Ирэх намар ард түмэндээ уран бүтээлийнхээ тайланг тавина. Одоо цаг нь болсон байх. 

-Та ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу. “Хувьсал” продакшнд харьяалагддаг хэвээрээ юү, эсвэл эргээд чөлөөт уран бүтээлч болсон уу? 

-“Тусгай салаа” кинонд тоглож байгаа. Ер нь санал их ирдэг болсон шүү. Дөнгөж сая кино, жүжгийн санал ирлээ. Тэр талаар ярилцаад сууж байлаа. 
Би өөрийгөө чөлөөт уран бүтээлч гэж боддоггүй. Уран бүтээлч өөрийгөө чөлөөлж болохгүй. Уран бүтээлч ч гэлтгүй аливаа хүн өөрийгөө чөлөөлж, чөлөөтэй сууж болохгүй. Өөрөө өөрийгөө чөлөөлнө гэдэг ертөнцийн төгсгөлийг өөртөө бэлэглэж байна гэсэн үг. Тийм учраас ах нь цаг, минут бүрийг чөлөө завгүй өнгөрүүлэхийг хичээдэг дээ. Тэгж ч амьдарлаа. Сүүлийн үед завгүй байхыг бүр их хичээдэг болсон. 

-Таны насан дээр хийж, бүтээх юм их байна. Таны насныхан л хамгийн оргил бүтээлээ туурвидаг гэдэг шүү дээ. 

-Ах нь одоо 53 настай. Монголдоо бол хөгшний тоонд орно. Миний бүтээж, туурвих, ард түмэндээ өгөх уран бүтээл их, цаг хугацаа бага  учраас л сүүлийн үед яардаг болоод байх шиг. Түүнээс биш би хөгширлөө гэж сэтгэлээр унаагүй шүү. 

-Түрүүн кино, жүжгийн санал ирсэн гэж байсан. Ж.Сүххуяг ямар шинэ бүтээл бэлэглэх гэж байгаа бол?

-Одоохондоо нууц. Хэсэг хугацааны дараа зарлана. 

-Гамлет бол миний мөрөөдөл. Энэ дүрд тоглох юмсан гэж байсныг мэднэ. Гамлетын дүрээс өөр мөрөөдөл тань юу вэ?

-Би залуудаа сонгодог зохиол бүрийн гол дүрийг бүтээх юмсан гэх хүсэл, мөрөөдлөөр буцалж, түүнийгээ сэтгэл дотроо ингэж амилуулна, тэгж ярина гэж боддог байлаа. Одоо өнгөрөө байлгүй. Ер нь тэгээд жүжигчин хүн  сонгодог дүр бүтээхийн хүслээр жигүүрлэж явдаг юм. Тэдний л байлаа даа, би.  Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай 42 настайдаа У.Шекспирийн Гамлетад тоглосон юм. Гэтэл би одоо 53-тай. Сэтгэлдээ бүтээж мөнхрүүлсэн дүр маань л юм даа. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ. Өөр сонгодог дүр бүтээх ч юм бил үү. 

-Таны бүтээсэн дүрүүд Гамлет зэрэг сонгодог дүрээс муу гэж үү. Хүмүүст таны бодож байгаа сонгодгоос илүүтэй Даян хаан, Чилүгэн гээд давтагдашгүй сайхан дүр байдаг шүү дээ.  

-Батмөнх даян хаан, Чилүгэний дүрүүддээ би хайртай. Сайн дүр шүү дээ. Би өөрийгөө том жүжигчин гэж боддоггүй. Би зүгээр л мөрөөрөө явж байгаа амьдралын туслах дүр. Монголын урлагт, ард түмнийхээ сэтгэл, зүрхэнд сайхан дүр, мөнхрөх бүтээл үлдээхийг эрмэлздэг тийм л хүн. Гэхдээ одоо хэр нь тэгж чадаа болов уу, үгүй болов уу гэх эргэлзээ төрдөг л юм. Харин миний багш Д.Сэдэд бол номер нэг жүжигчин шүү. Миний ингээд чамтай жүжигчин мөн биш гээд сууж байгаа нь тэр хүний ач гавьяа. Магадгүй би Д.Сэдэд багшийнхаа хүчээр, хэлсэн үгийнх нь захиасаар өнөөдрийг хүртэл урлагт зүтгэж байж мэднэ. Миний урлаг бол арзгай Сэдэд багш минь. 

-Таны хамгийн хайртай бас чамладаг дүр...

-Урлаг гэдэг ганц жүжигчний дүрээс бүтдэггүй. Урлаг жорлон биш, шорлог биш. Хамт олны бүтээл. Тайзны засалч, нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч гээд арын албыг хашиж байгаа тэр олон хүний хамтын бүтээлээр уран бүтээл амилдаг. Тийм болохоор дүр бүхэнд олон хүний хөлс, хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг юм. Дүр бүхэн жүжигчнийг шаналгаж, зовоож, тарчлааж, жаргаадаг. Тиймээс бүх дүрээ бусдаас харамлаж, хайрлаж, хиртээхгүйг жүжигчин бүр хичээдэг байх. Сүхээ ах нь 16 настай байхдаа Ж.Бунтар найруулагчийн “Давааны цаана даваа” кинонд Догшин хар Жавын хүүгийн дүрд тоглохоор Архангай аймгийн Хөнжлийн даваа руу явсан. Тэнд хамгийн анх урлаг, уран бүтээлч гэдгийг ойлгож, мэдэрсэн. Бас Монголын кино урлагийн бүх цаг үеийн агуу хүмүүстэй тэнд таарч, айж чичирч явсан тэр мэдрэмж одоо ч мэдрэгдэх шиг болдог. Зураг авалтын дараа Л.Нямсүрэн ах намайг “Миний хүү” гээд үнсэж байсан, уулын оройгоор алхаад үгээ цээжлэх гэж зовж байсан үе маань өчигдөр мэт гэрэлтэж, үргэлж дурсаж, түүгээрээ бахархаж явдаг юм. Магадгүй хамгийн анхны кино маань болоод ч тэр үү балчир байсан үе маань л бодогдоод байдаг юм. 

-Та жүжиглэхээс гадна кинонд дуу оруулдаг байсан. Хэчнээн кинонд дуу оруулсан бэ?

-Тоолж үзээгүй. Тэр үед би оюутан байлаа. Т.Карма эгч, Д.Элбэгсайхан ах нартайгаа дуу оруулдаг байлаа. Энэ миний амьдралд, урлагийг шүтэх, түүнд уусах, ээнэгшин дасахад их хэрэг болсон шүү. Би кинонд дуу оруулснаараа урлагийг ойлгож, жүжигчний ур чадвар гээч юу болохыг ойлгосон доо. 

-Та түрүүн Сэдэд багш маань намайг урлагийн хүн болгосон гээд байсан.  Гэтэл одоо кинонд дуу оруулсан маань л гээд...

-(инээв ) Д.Сэдэд багш намайг урлагийн өндөр босгоор хөтлөн оруулж, хүн болох замыг маань тэгшилж өгсөн. Харин кинонд дуу оруулснаараа би урлагийг ойлгож, дүрд  шунан дурласан. Энэ бүгд нийлж намайг жүжигчин болгосон. 

-Жүжигчин гэж чухам хэн юм бэ. Амь зуулгынхаа төлөө жүжиглэж буй хүн үү, аль эсвэл  уран бүтээл үү?

-Аль аль нь. Гэхдээ жинхэнэ уран бүтээлч хүн хөлс, мөнгөний төлөө дүр бүтээдэггүй юм. Мөнгө хэрэгтэй ч дүр бүтээх явцад  мөнгөний тухай бүх зүйл мартагддаг юм даа. Ер нь надад мөнгө бодож бүтээсэн дүр байхгүй шүү. Залуу сайн жүжигчин олон байна. Заримдаа хийж байгаа зүйл нь үлбэгэр, амьгүй санагддаг л юм. Хүн болгон алддаг ч алдаатай уран бүтээлийг үзэгчдэд толилуулж болохгүй. Бидний үзүүлж байгаа бүтээл, дүрээр ард түмэн тэжээгдэж амьдардаг юм шүү дээ. Өөдрөг, сайхан дүртэй кино үзсэн хүн өөдрөг сайхан юм л хүсэж, мөрөөддөг юм. 

-Сайн жүжигчин байхын тулд яах ёстой вэ?

-Урд бүтээсэн дүрээсээ зугтаж тоглох хэрэгтэй. Өмнөх бүгдээсээ өөр байх эрэл хайгуул чухал. Бас нэг чухал нь ширээний цаадах жүжигчин байхгүйгээр амьдрал дундах  жүжигчин болох. Энэ нь ухааны жүжигчин болоорой гэсэн үг. Амьдралд хайртай шигээ дүр бүртээ хайртай байж, үнэн голоосоо бүтээх. Миний заах гэж юу байх вэ. Гэхдээ миний баримталдаг зарчим энэ юм. 

-Хэрвээ гавьяат жүжигчин цол өгвөл би багшийнхаа шарилын өлмийд булна гэж хэлсэн гэдэг юм билээ. 

- Чи надаас гавьяатын тэмдэгээ яагаад газар булаагүй юм бэ гэж асуух гээд л байна уу. Би тэр тэмдгийг өдөр болгон зүүхгүй. Тэглээ ч би соёлын тэргүүний ажилтан цолондоо л хайртай. Гавьяат гэж хэлүүлэхээсээ ч ичдэг. Миний багш соёлын тэргүүний ажилтан цолтой тэнгэрийн орныг зорьсон. Чиний асуугаад байгаа үгийг би “Хүн чулууны нулимс” кинонд тоглосны дараахан хэлсэн юм. Найзынхаа шарил дээр очоод цусан гавьяаныхаа одонг үзүүлээд “Энэ чиний одон шүү” гээд булдаг юм. Тэр сэтгэлгээ, залуу насны ааг омог, бардам зан, багшаа гэх сэтгэл минь намайг тийм бардамналд хүргэсэн л дээ. Тэр агуу хүн үр бүтээлээ үнэлүүлээгүй байхад шавь нь том шагнал авна гэдэг зүйд нийцэхгүй санагдсан. 

-Мэргэжлээсээ шантрах үе байсан уу? 

-Найзуудтайгаа хоккей, хөлбөмбөг тоглож, “Чиний зураач болох, миний жүжигчин болох гэж юу байх вэ” гээд тоглож явдаг л байлаа. Гэхдээ урлагаас нэг ч удаа урваж байсангүй. 

-Аав, ээжийнхээ талаар сайхан дурсамж дэлгээч. Хэр эрх хүүхэд байв?

-Одоо ч эрхэлнэ. Уйлна, хайлна. Миний аав Төв аймгийн Баян сумын хүн. Эдийн засагч мэргэжилтэй. Жирийн л нэг аав байсан. Харин би хоёр ээжтэй хүн. Төрүүлсэн ээж минь Увс аймгийн Өндөрхангай сумын хүн. Өсгөж, хүн болгосон ээжийгээ би “Миний жаахан ээж” гэдэг юм. Монгол Улсын гавьяат багш хүн бий. Ээжтэйгээ хоёулаа гавьяат болчихоод байна. Миний бага нас Маахуур толгойд өнгөрсөн. Одоогийн ахмад уран бүтээлч бүхнийг ивээсэн тэр хишигтэй газар тоглож өссөн дөө. 16 хүрснээсээ хойш кино үйлдвэрийн хашаа руу зангиагүй орж чаддаггүй болсон. Тайз, дэлгэцийн од, бахархал болсон Д.Сэдэд, Б.Дамдинсүрэн, Ч.Дагийраз, Р.Дамдинбазар, Д.Чимэд-Осор, Ц.Зандраа, Х.Ойдов, П.Цэрэндагва, Л.Лувсан, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж  гээд агуу хүмүүсийн хажуугаар зангиагүй гарч зүрхэлдэггүй байж. Зангиа зүүж, цагаан цамцаа толийтол индүүдсэн хэрнээ л хэцүү. Хувцасны гоё сайхан, муухай тэдэнд огт хамаагүй. Тэднийг хүндэлж байгаа царай минь тэр байхгүй юу. Тэр алдартнуудын хормойноос зүүгдээд авсан азтай хүн дээ, би. Намайг загнаж, зөвлөж, урамшуулдаг байсан тэр сайхан бүтээлчдийн тоглосон киног үзэхээр өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч, нулимс тогтдоггүй юм. Тэд бол жинхэнэ од. Би хажууд нь жижигхэн өт. Ах нь Монголынхоо кино урлагт хайлдаг. Хамгаа дэлгэдэг. 

- Уучлаарай, та өмнө нь хоёр охинтой байсан. Одоо дөрвөн хүүхэдтэй болсон гэсэн. Хүүхдүүд тань кино урлагт багагүй амжилттай яваа. Хүүхдүүдийнхээ талаар яриач?

-Тиймээ би дөрвөн хүүхэд, нэг зээтэй баян хүн. Том хүү маань жүжигчин. Том охин маань долоо, бага нь таван кинонд тоглочихсон. Тэр ч бүү хэл манай зээ Есүй өлгийтэй байхдаа кинонд дүрээ үлдээсэн. Тийм болохоор ах нь мэргэжил маань тасрахгүй нь гэж бардам байгаа шүү. Мартын 8-нд таван хүүхэнд бэлэг авч шатах гээд хэцүүхэн байгаа. (инээв)

-Та хэр сайн хань вэ?

-Намайг мэдэх хүмүүс л хэлэх байх. Би хүн бүхэнд хань нь байхыг хичээдэг. Тэр тусмаа жаргал, зовлонг хуваалцаж яваа ханьдаа түшиг болох сон гэж боддог юм. Нэг их юмаар биш л дээ. Ядаж ажилдаа явах болгонд нь үнсээд гаргахыг хичээдэг. 

-Хэцүүхэн гэснээс та уран бүтээлээс гадна өөр ямар нэг бизнес хийж байна уу?

-Амьдрал болдог юм. Сэтгэл байгаа цагт хүн амьдраад, болгоод байдаг юм. Ах нь группийн хэдэн төгрөг авдаг ч дутуу юм алга. Хэнээс ч гуйж, царайчлахгүй амьдарна гэдэг чинь л хүний амьдрал. Тэглээ ч би Даян хаан шүү дээ. Хаан хэзээ дутуу амьдарч байлаа даа. Амьдрал дээр ч би хаан, нууц ноёнтон. 

-Амьдралын үнэ цэнэ юунд байдаг вэ? 

-Бусдынхыг мэдэхгүй. Амьдралын маань үнэ цэнэ миний Есүй, үр удам, газар шороо.  Энэ л миний үнэ цэнэ. 

-Та гарын шавьтай болно гэж ярьж байсан. 

-Одоогоор надад шавь байхгүй. Гэхдээ багшийнхаа хэлсэн үгийг сонсгох хүнтэй болох хүсэл бий шүү. Багш маань “Би хүнд юм зааж өгч чадахгүй” гэж хэлдэг байсан юм. Үнэхээр хэн ч байсан хүнд юм зааж өгч чадахгүй. Гагцхүү арга, эв, аливааг ойлгох ойлголтын тухай л хэлж өгч чаддаг байх. Гэхдээ миний үгийг сонсох хүн байхгүй байх. Намайг хүн тоох биш. Манай багш намайг Батмөнх даян хаанд тоглож байхад “Арай ч ийм хаан байдаггүй юм аа” гэчихээд явчихаж билээ. Сүүлд Чилүгэнд тоглож байхад “Одоо л жүжигчний дөртэй болох гэж байна” гэж байсан юм. Тэгж л намайг дарж, хурцалдаг байлаа. 

-Хэн таныг тоохгүй гэж. Таныг хүндэлж, хайрладаг ард түмэн байна шүү дээ. Хоёулаа И.Нямгаваа найруулагчид юунаас болж хөөгдсөн тухай яриагаар ярилцлагаа өндөрлье? 

-Би И.Нямгаваатай одоо заргалдаад яах вэ. 1987 онд “Хайрыг хайрла” жүжгийн тоглолтын үеэр тайз нурж, би хүнд гэмтсэн. Жил гаруй эмнэлэгт байж, дөрвөн хагалгаанд орсон. Дотор гэдэс маань язарч, хэзээ хэзээгүй нөгөө ертөнцөд очих дээрээ тулсан. Тэр үед би “Эргээд тайзан дээрээ гарахгүй нь дээ” гэж  гутарч байсан. Тийм хувь тавилангаас алтан гартай эмч нар намайг аварч, хөл дээр минь босгосон. “Хайрыг хайрла” жүжиг дахин тавигдахаар болсон. Тоглолтын дараа Батмөнх даргад өгөх цэцгийг нь эмчдээ өгснөөс болж би хөөгдсөн. Амийг минь аварсан хүндээ цэцэг өглөө, даргад өгсөнгүй гэж найруулагч уурлаж, хашгичиж, намайг хөөсөн. Цэцэг өгсөн эмчийнхээ буянд би өнөөдрийг хүртэл амьд сэрүүн яваа. Тийм болохоор тэндээс хөөгдөж, тэр даргад цэцэг өгөөгүйнхээ төлөө огтхон ч харамсаж байгаагүй. Харамсахгүй. 

Даян хааны дүрээрээ үеийн үед мөнхөрсөн “хаан” Ж.Сүххуяг та тэнгэрийн оронд тайван нойрс доо.
 


Ж.Сүххуяг: Хаан хэзээ дутуу амьдарч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188