• Өнөөдөр 2024-03-28

Чихэртэй өдөр

2020-10-20,   917


... Тэр хүнийг би магадгүй хамгийн сайн мэднэ. Инээмсэглэх нь, гомдох нь, аливаад заримдаа яардаг нь, ерөөс сайн хийгээд муугийн тухай төсөөллүүд минь адилхан учраас. Бас түүний гуниглах нь миний уярахтай, миний уярах түүний гунихтай төстэй болохоор. Тоочин тоймлох шалтгаан байхгүй ч бид үргэлжид л ойлголцох байсан болов уу гэж итгэдэг тийм хүн. 
Сэрүү унасан өдрүүдийн гуниглуу дүр төрхийг тэр хотоос л жинхэнэ утгаар нь харж болдог гэж бодогдсон намрын орой. Жихүүн, харьж яваа цагийн аясыг мэдрүүлсэн, ямар ч шалтгаангүйгээр сэтгэл бүүдийсэн, урьд урьдынхаас үүгээрээ л ялгаатай тийм нэг өдөр ямар нэгэн шалтаг олоод намайг инээлгэчих санаатай яваа, тэр. Ялимгүй томдсон хар хүрэмнийхээ халаасыг эв хавгүйгээр ухах ч гарт нь торох зүйл тэнд үгүй бололтой... Хэн нэгний гунигийн шалтгаан болж байгаагүй гэмээр зөөлөн, даруу түүний гэмшсэн харцтай нүдийг хараад улам ч гунигтай болчих шиг. 
Халааснаасаа юу ч юм олсны эцэст тэр гэнэт инээмсэглэв. Олсон зүйлээ гартаа атгаад над руу сарвайх нь өөр ямар нэгэн зүйлээр тайтгаруулж чадахгүйгээ мэдээд арга барагдсан байх гэмээр. Хайж олоод өгсөн зүйл нь цаас нь үнгэгдсэн чихэр! Бүүдийсэн, онхи шалтгаангүй гунигласан, ерөөс надаас хамааралгүй зүйлд дэмий шаналсан би гэнэт инээмсэглэчихлээ. Гэнэт л цэлмэж, амьдралыг, өөрийгөө, өмнө минь зогсоо тэр хүнийг огт өөрөөр олж харсан... 
-Дандаа чихэр халааслаж явдаг юм уу гэх асуултад түгдрэх ч үгүй “Тийм” гэв. Яагаад гэж лавлаагүй ч тэр орой, маргааш нь, одоо ч хааяа гуниглуу харцтай яваа нэгнийг хараад хэн нэгний халаасанд яваа чихрийн  ид шидийг мэдрэх шиг болдог. Түүн шиг, түүний өгсөн чихэр шиг баяр жаргалыг, цэлсхийсэн тайтгарал, инээмсэглэлийг өгдөг хүн олон байгаасай. Бас хэн нэгний минь амьдралд цөөнгүй л таардаг бүүдгэр, уйтай сар жилүүдэд  чихэртэй өдрүүд олон байгаасай. 
 


Чихэртэй өдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188