• Өнөөдөр 2024-04-20

Хорд үл ажрагч

2020-09-17,   802

Жилд дэлхий даяар 5.4сая хүн могойд хазуулдагаас 140 мянга нь хордож нас бардаг аж. Харин могойд олон хатгуулдаг, гэхдээ эсэн мэнд хэвээр үлдэж, олон хүний амь авардаг хүмүүс бий. 

Билл Хаастын түүх 

170 удаа могойд хатгуулсан ч 100 насалсан Билли Хаастын түүх нэн сонирхолтой. Долоон настай байхаасаа Билли могойн тухай ном, сонины нийтлэл, хачирхалтай баримтуудыг шимтэн уншдаг байлаа. Скаутын зуслангаас оргож, могой барих анхны оролдлогоо хийхдээ тэрбээр 12 настай байсан гэх. Гэвч барьж амжилгүй могойд хатгуулчихсан агаад тэр үедээ марганцын уусмалаар шархаа арчиж, хатгуулсан оромныхоо дээд талыг загалмай хэлбэрээр зүсчихээд долоон км алхан эсэн мэнд буцаж ирсэн аж. 

Итгэхэд бэрх ч, 1920-иод онд Америкт амьд могой шуудангаар захиалж болдог байв. Могой авахыг хүссэн хүмүүст зориулсан тусгай каталог хүртэл байсан гэж бод доо. Билли Хаастын цуглуулга ч ингэж л эхэлсэн түүхтэй. Сургуулиа төгсөж, “Pan American World Airways” компанид ажиллах болсон нь түүний цуглуулгаа баяжуулахад ч нөлөөлсөн. Өмнөд Америк, Африк, Энэтхэг гээд тив алгасан могой авчруулж тэжээдэг байсан Билли 35 настайдаа өөрийн гэсэн серпентар буюу могойн хүрээлэн(амьтны хүрээлэнтэй адил) байгуулжээ. 

Хаастын үзмэрүүдийг сонирхохоор жилдээ 50 мянган хүн ирдэг болж, тэрбээр өөрөө ч могойтой хамтран үзүүлбэр үзүүлдэг байв. Тэрбээр могойг гартаа барьж,хорыг шахаж гаргадаг. 
Могойн хор түүнд үйлчилдэггүй учир цуснаас нь антителийг нь ялган авч, хүмүүс эмчилдэг боллоо. “The New York Times” сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэлд өгүүлснээр Билли Хаастын цуснаас гаргаж авсан энэхүү “эм” могойд хатгуулсан 20 гаруй хүний амийг аварсан гэнэ. Мөн могойн хороор нугасны саажилт, үений үрэвсэл зэрэг өвчнийг эмчлэх судалгаа, туршилтад гар бие оролцсоны дүнд 6000 мянган хүний өвчнийг эдгээхэд тусалсан байна. 100 наслахдаа 173 удаа могойд хазуулсан ч  хуруугаа тайруулснаас өөрөөр гэмтээгүйн нууц нь тэрбээр өдөр бүр хорыг асар бага тунгаар уудаг байсанд оршино. 

Билли Хаастаас гадна Тим Фриде нэртэй америк эр 20 жилийн турш 700 тун хор биедээ шахаж, 200 гаруй удаа могойд хатгуулсан бөгөөд 2017 онд дархлаа судлаачидтай хамтран ажиллаж эхэлжээ. Хүний биед орсон могойн хорыг саармагжуулах ерөндөг гарган авах судалгаанд тэрбээр оролцож буй.

Ховор тохиол 

Могойн хорд үл ажрагч хүмүүс маш ховор. Токсикологч буюу хор, хордлого судлаачид, дархлаа судлаачдын үзэж буйгаар жирийн нэгний биед бага тунгаар тогтмол хор шахсан ч организм үүнд дасан зохицох магадлал тун бага. Хэдэн арван удаа могойд хатгуулж, азаар амьд гарсан ч хор биед нь орсон хүмүүсийг эв эрүүл гэж үзэх ч бас эргэлзээтэй гэнэ. Хураагуур судасны хана гэмтэх, элэг, бөөрний үйл ажиллагаа доголдох зэрэг асуудал гарч ирнэ. Гэвч Билл Хааст, ТимФриденар эмч, мэргэжилтнүүдийн тайлбарлаж чадахааргүй, ховор тохиол. Өөрөөр хэлбэл тэдний дархлааных нь тогтолцоо хүчтэй харшил үүсгэгчийг хүлээн авдаг, дасан зохицдог ер бусын “чадвартай”. 

Ташрамд, могойн хор янз янз. Загалмайт төрлийн могойн хор цусанд үйлчилдэг бол заримынх нь хор тархинд нөлөөлдөг. Ингэхдээ тархины дохио илгээх чадварыг үгүй болгодог тул хордсон хүн амьсгал нь боогдож нас барах нь ч бий. Ерөөс амьтан, ургамлын гаралтай хорд хүний бие махбодь өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлж болох бөгөөд энэ нь өвчин хууч, биеийн онцлог, дархлааны тогтолцооноос шалтгаалдаг. Махлаг хүмүүст хор удаан үйлчлэх магадлал өндөр гэнэ. Мөн судас дайрсан эрхтэндээ могойд хатгуулбал хор шууд тархи, зүрхэнд хүрч, амьсгал нь боогдох, улмаар нас барах эрсдэлтэй. 

Эх сурвалж: NYT 


Хорд үл ажрагч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188