• Өнөөдөр 2024-04-26

С.Тулга: Дасгалжуулагчаа шийтгэж, торгодог, эрхийг нь хасдаг ийм гажиг спортын салбартай улс манайхаас өөр байхгүй

2020-09-21,   1190

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,  МСБХ-ны Хөгжлийн бодлого хариуцсан захирал, С.Тулгатай ярилцлаа.

-Монголын  3х3 сагсан бөмбөгийн холбоо хэдэн байгуулагдсан юм бэ. Спортын шинэ төрөл үү?
-Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2016 онд байгуулагдаад 2017 оноос албан ёсны үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Дэлхийд чансаагаар манай баг  193 дугаар байрт явж байгаад одоо чансаагаар 13 дугаар байрт яваа. 3х3 спортын шинэ төрөл биш л дээ. Олимпын хөтөлбөрт ороогүй байсан болохоор хүмүүс төдийлөн сонирхдоггүй байлаа. Харин 2017 оноос олимпын хөтөлбөрт орсноо зарласан үеэс монголчууд сонирхож хардаг болсон. Бид энэ төрлийг олимпод орохыг нь судалж, мэдсэн болохоор Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоог 2016 онд байгуулж, мэргэжлийн багуудтай тоглоод эхэлсэн юм. Анх манай багийн амжилт 2016 онд  оюутны дэлхийн аваргаас  мөнгөн медаль хүртээд дараа нь  дэлхийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртээд эхэлсэн. 

-Үүнээс өмнө манай охидын баг Азийн наадмаас медаль хүртэж байсан байх аа?
-Тэр Дохагийн Азийн наадам. Холбоо байгуулагдахаас өмнө л дээ. Ганзул, Алтанзаяа, Жижигээ  нар явж медаль хүртэж байсан. Тэр үеийг бодвол одоо өсвөр үе, залуучууд насан хүрэгчид, мэргэжлийн гээд эрэгтэй, эмэгтэй бүх насны ангиллын багтай болсон. Мэргэжлийн  эмэгтэй “Улаанбаатар Амазонс” баг байна. Харин эрэгтэй баг  “Улаанбаатар MNC энержи” баг дэлхийн чансааны 13-т яваа. Дэлхийн чансааны 25-д “Сансар MNC энержи” баг явж байгаа. 

-Сагсан бөмбөгийн  холбооны учрыг олохгүй юм. Монголд сагсан бөмбөгийн бие даасан гурван холбоо үйл ажиллагаа явуулаад байна уу?
-Монголд сагсан бөмбөгийн 36 холбоо байгаа. 21 аймаг, ес дүүрэгт бий. Үүнд дэр 3х3, МСБХ, МҮСБХ, Оюутны сагсан бөмбөгийн холбоо, Сонирхогчдын сагсан бөмбөгийн холбоо, Хүүхдийн сагсан бөмбөгийн холбоо гэж байна.  Гэхдээ дээрээ нэг бодлого чиглэл, удирдлагтай явдаг.  Доороо салбар нэгжүүдтэй байгаа. Энэ зохион байгуулалт дэлхийн номер нэг хөгжлийн загвар, бүтэц байгаа юм. Гэтэл манайхан гурав байна. Хоёр болчихлоо. Нэг байх ёстой гээд талцал хуваагдлыг бий болгож, нийгмийг хамарсан хэрүүлийн бай болгохыг оролдох юм. 

-Олон холбоо ажиллаж байгаа нь чөлөөт өрсөлдөөнийг бий болгох сайн талтай гэж ойлгож болох уу. Эдгээр салбар холбоодоо бодлого, чиглэлээр удирдах ёстой, Монголын сагсан бөмбөгийн холбоо яагаад хоёр удирдлагатай яваад байна вэ. Б.Тамир, Ц.Цэвэрбал хоёрын аль нь ерөнхийлөгч юм бэ?
-Б.Тамир гэдэг хүнийг МСБХ-ны ерөнхийлөгч гэх албан ёсоор батлах, нотлох нэг ч баримт бичиг, тамга, тэмдэг байхгүй.  Тэр хүн өөрийгөө үүрэг, гүйцэтгэгч гэнэ үү, түр орлогч ч гэл үү. Нэг сонин юм яриад явдаг. Тийм албан тушаал гэх байх ёсгүй. Энэ бол гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд бусдыг хуурч мэхэлж байгаа үйлдэл.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичиг нь  Б.Дамба, Харин Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь С.Эрдэнэ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь Л.Мягмаржав гэж хүн бий. Өмнө нь нэг удирдлагатай, нэг холбоо байхад монголын сагсан бөмбөгийн хөгжил тааруу, хэн ч тоодоггүй байлаа. Гэтэл  одоо 36 холбоо байхад хөгжлийн түвшин эрс дээшилсэн. Зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн холбоонд Л.Мягмаржав, 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байна.

С.Эрдэнэ Хандгайтад Спорт цогцолбор барьлаа. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд  дөрвөн тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтыг хийсэн. Ганц байсан холбоог  36 болгосны үр дүн энэ. Эдгээрийн хоёр холбоо нь гэхэд нийлээд 10-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн хөгжилд зарцуулсан байна. Тэгэхээр энэ ямар үр дүнтэй зөв менежемент вэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Гадаадын цуврал олон тэмцээнд тамирчдаа явуулж байгаа. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар, хөгжил, дэвшил өөр түвшинд гарлаа. 2019 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны таван жилд нэг удаа болдог тайлангийн хуралд 206 орны төлөөлөгчид оролцсон. Тэр тайлангийн хурал дээр сагсан бөмбөгийн  хөгжлийн түвшингөөр Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж яваа гэдгийг онцлон цохон дурдаж, цом гардуулан өгсөн нь бий. 

-Манай 3х3-ын хөгжил дэлхийн түвшинд гарсан ч эсрэгээр 5х5-ын хөгжил уначихсан юм биш үү?
-Монголын 5х5-ын хөгжлийг  Б.Тамир, Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс унагасан шүү дээ. Тэд 2013 оноос хойш олон улсын тэмцээн уралдаан оролцох эрхийг нь  хасуулчихсан. Харин аз болж олон тэмцээнд оролцох эрхээ хасуулсангүй. Ер  нь 5х5-ын залгамж халаа Монголд бий гэдгийг сая 17 насны хүүхдийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг харуулж, дэлхийн аварга боллоо. Энэ хүүхдүүд Монголын 5х5-ын ирээдүй үе. Харин одоо Б.Тамир тэргүүтэй хүмүүс ямар хор найруулж үүнийг унагахыг таашгүй. Монголын 5х5-ын олон улсын амжилт давгүй явж байсан.

Инчоны Азийн наадамд манай 5х5-ын баг шилдэг найманд шалгарч үлдэж байлаа. 2012 онд бид холбоог аваад 33 легонер тоглогч авчирсан. Түүний үр дүн 2014 онд харагдаж, Азийн наадмын шилдэг наймд шалгарсан. Тэгсэн бид сагсан бөмбөгтэй хайртай,  дуртай. Бид монголын сагсан бөмбөгийг хөгжүүлчихлээ гээд баахан хархнууд гараад ирсэн. Тэд биднээс 2016 онд холбоог аваад  2018 оны Жакартагийн Азийн наадамд яав гэдгийг ард түмэн харлаа. Монголын сагсан бөмбөгт гарсан хөгжлийн  тэсрэлт юунаас болсон бэ гэдэг нь тодорхой. Гэтэл  сайхан хөгжлийн түвшинг их мэдэмхий хүмүүс навс унагчихлаа. Харин тэд 3х3-ыг арай ч булааж аваад унагаж чадахгүй байх. Манай улсад босож өндийж байгаа нэгэндээ атаархдаг. Түүнийг хэл ам, хэрүүл тэмцэл хийж авчихаад нураадаг хүмүүс олширч байна. 

-Та дунд сургууль байхаасаа сагс тоглосон уу. Хэддүгээр сургуулийг төгссөн бэ. Лигийн ямар багт тоглож байв. Лигийн шагнал гэвэл?
-Би Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургуульд анх элссэн ч 79 дүгээр сургуулийг төгссөн. Дээд лигийн гурван удаагийн аварга “Монгол даатгалын “ Лидер”  багт тоглож байлаа. Би хоёр удаа лигийн аварга болж байсан. Лигээс авч болох бүх л шагналыг хүртсэн. Өсвөр үе, оюутны лиг, залуучуудын улсын аварга, дээд лигийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга гээд л үргэлжилнэ. 

-Хэдий үеэс дасгалжуулагчийн албанд шилжиж ажиллав?
-Тамирчин байхдаа, шоу үзүүлбэр хийдэг “TLG-13”  баг байгуулж 2004 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Одоо 16 жил болчихжээ. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрөх юм. Дасгалжуулагчаар ажилласан хугацаагаа тоолж үзээгүй юм байна. Өөрийг тань хэлэхээр тоолж үзлээ.

-“TLG-13” баг тань одоогийн 3х3 багийн үндсэн суурь мөн үү?
-Тийм  шүү. Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, А.Гансүх нар “TLG-13”-т явдаг байлаа. Шоу үзүүлбэр хийх болохоор жижиг тоглогчдыг оруулдаг байсан. Жижиг биетэй хүүхдүүд шоу үзүүлбэрийг ур гоё эвсэлтэй хийдэг юм. Харин өндрүүд нь тэднийхээ  самбар, цагариг, үсрэлтийн тавцан, матрасыг өргөж зөөгөөд явна. Тэр үед манай хүүхдүүд 170 см орчим өндөртэй байсан байх. Гэтэл одоо хоёр метр өндөртэй сайхан залуучууд болчихсон байна. Өөрийн гараар бэлдсэн тэр хүүхдүүдтэйгээ Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзлээ. Үнэхээр сайхан байдаг шүү. Ази, далай орнуудын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа финалдаж байв.  

Ази тивийн аварга баг болж үзлээ. Харин одоо бүх аймгийг хамарсан тэмцээн явуулаад түүнээс авьяас, чадвартай, ирээдүйтэй хүүхдүүдийг  сонгон авч баг бүрдүүлж байгаа. Ирээдүй, залгамж үе гэрэл гэгээтэй харагдаж байна. Сая 17 насны ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хүүхдүүд түрүүлчихлээ. Ер нь Америк, Европын орнууд хоорондоо ур чадварын зөрүүний талаар байнга маргалддаг. Тэд ярилцаж байгаад  хорио зээрийн үед онлайнаар ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулж маргаанаа шийдъе гэсэн юм билээ. Тэр тэмцээнд монголын хүүхдүүд түрүүлсэн. 

-Монголчуудад ур чадвартай гэдгээ харуулчихлаа. Одоо бидэнд дутагдаж байгаа зүйл нь юу байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар,  Спортын салбар өндийж хөгжиж байгаа спортоо өөрсдөө татаж унагаад байгаа. Энэ бүхэнд Монгол биш гаралтай хүмүүс саад болоод байна уу гэж харддаг. Монголд спорт хөгжүүлэхгүй байх бүх зүйлийг тэд хийж байна. Өөрийн улсын тамирчнаа хорлодог, тэмцээнд орох эрхийг нь хасуулдаг. Дасгалжуулагч нараа шийтгэж, торгодог, эрхийг нь хасдаг ийм гажиг спортын салбартай улс манайхаас өөр байхгүй. 

-Манай 3х3-ын эрэгтэй баг дэлхиййн шилдэг найман багийн нэг болчихлоо. Эмэгтэй баг олимпын эрх авсан.  Тэдэнд төвийн тоглогч дутуу байна уу?
-Уг нь эмэгтэй багт Монголын хамгийн өндөр хоёр сагсчин байгаа л даа. Өөр өндөр тоглогч авья гэвч байхгүй. Тийм болохоор өөрсдийн нуруу, биеийн онцлогт тааруулж систем зохионо. Ямар ч зүйлд эрсдлийг давуу тал болгож ажиллах ёстой. Бид намхан гээд хожигдолтой биш. Хожил авахын төлөө хамаг байдаг бүхнээ дайчлан тэмцэнэ. Манай эрэгтэй баг ч гэсэн нуруу намхан. Дундаж өндөр нь 190-192 см, гэтэл эсрэг багуудын дундаж өндөр нь хоёр метр байгаа.  Эмэгтэй баг дээр нь нурууны нам гэдэг асуудал байгаа юм шиг харагдаж байгаа ч эрэгтэй багт ялгаагүй адилхан. 

-Гадны багийн тамирчид өндөр, том биетэй, хүчний тоглолтоор тэд давамгайлдаг уу?
-Дэлхийн 3х3-ын номер нэг хүчтэй баг гэж манайхыг нэрлээд байгаа. Тийм болохоор бидний давуу тал хүч. Хүчээр л тэднийг хождог. Д.Дэлгэрням шиг хүчтэй, бяртай тоглогч бусад багт ховор. 

-Монгол хувилбар гэдэг нь энэ систем манай багийн давуу тал уу?
-Дэлхийн шилдэг систем, тактикаар тоглодог багуудын гуравдугаарт манай багийг оруулсан байна лээ. Европын орнууд хуучин Югославыг бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Латви, Монгол гэж жагсаасан байсан.  Бид гадны багуудаас дутуу, сул.  Тэр сул талаа нөхөхийн тулд олон хувилбар, тактик ашигладаг. Бид өөрсдөө монгол хувилбар гэж нэрлээгүй юм шүү. Гадны сагсны мэргэжилтнүүд бидний тоглолтын тактикийг бусад орны багт байдаггүй, өвөрмөц онцлогтой монгол хувилбар байна гээд байгаа. Бид эдгээр хувилбарыг  өөрийн багт тааруулж зохиохдоо дэлхийн шилдэг багуудын хувилбараас санаа авч, өөрчилж, засаж сайжруулахыг хичээдэг. Гадны багуудын хувилбарууд тэмцээн болгон дээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Бид тэднээс хоцрох ёсгүй. Зэрэгцээд хувилбар, тактикаа улам боловсронгүй болгохын төлөө  зүтгэж, хөдөлмөрлөж байна.

-3х3-ын өсвөр үеийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон  манай хөвгүүд нуруулаг байсан. Тэднийг хэрхэн сонгосон бэ?
-Бид 10-аад жилийн өмнөөс 7-8 настай өсвөрийн хүүхдийн дунд тэмцээн зохиож эхэлсэн. Тэр тэмцээнд тогтмол оролцож явсан хүүхдүүдээс судалж үзээд сонгосон. Арван жилийн судалгааны үр дүн гэж хэлж болно. Тэр хүүхдүүд маань бидэнд их л өндөр юм шиг санагдаж байсан. Гэтэл эсрэг багийн хүүхдүүд тэднээс өндөр байсан. Гадны багийн хүүхдийн ихэнх нь  206-212 см өндөртэй байлаа. Би Завхан, Төв аймгийн хоёр хүүхдийг авсан юм. Тэгсэн “Миний сайн хүүхдийг авсангүй. Хөдөөний хоёр юу ч чадахгүй хүүхдийг авчихлаа гээд шүүмжлээд эхэлсэн. Яг үнэндээ хөдөөний хүүхдүүд бие бялдрын хөгжил сайтай. Зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл зүй сайтай байх нь бий. Хаанахын хэний хүүхэд байх нь хамаагүй. Гол нь нуугдмал авьяастаныг олж, нээж хөгжүүлэх чухал байдаг.

-Тэмцээний өмнө охидын багт Э.Энэрмаа гэдэг хэний ч танихгүй хүүхдийг сонголоо гэж нэлээн шүүмжлэлд өртсөн байх аа?
-Э.Энэрмаа дэлхийн аваргын эхний өдөр оноо авалтаараа тэргүүлж явсан. Тэгэхээр сонголт буруу байгаагүй байгаа биз. Дасгалжуулагч нэртэй шүгэлтэй манаач нараас гарсан үг. Яагаад тэдний шүгэлтэй манаач гэж байна вэ гэхээр хүүхдүүдэд бөмбөг хаяж өгөөд хоёр цаг харж суудаг хүмүүс. Сүүлийн үеийн хүүхдүүд сошиалаар дэлхийн шилдэг сагсчдын тоглолтыг үзэж, тэднээс суралцаж, мэдлэг, ур чадвар нь гайхалтай хөгжиж байгаа. Гэтэл шүгэлтэй манаач болсон багш нар хүнийг битгий хэл өөрийгөө хөгжүүлэхгүй бахь байдгаараа л байна.  Би Э.Дөлгөөнийг Казаны оюутны их наадамд авч явахад маш их хэл ам гарсан. “Энэ Тулгаа, их хогийн зантай.  Өөрийнхөө шавь, хэн ч танихгүй, хэнийг ч мэдэхгүй хүүхэд авч явлаа” гээд шуугилдсан. Гэтэл одоо Э.Дөлгөөнийг хар. 

-Г.Минжинг нуруу намтай гэдэг биз?
-Г.Минжин, О.Хулан хоёрыг багт авлаа гээд хэл ам их гарсан. Жакартагийн Азийн наадмын багт О.Хуланг сагсчин биш гээд дуудаагүй. О.Хуланг ямар ч эвсэлгүй, робат шиг  болхи хөдөлгөөнтэй гээд аль муухайгаар хэлсэн. Гэтэл одоо дэлхийн шилдэг тоглогч болчихсон явна. Ер нь манай багш нар хүүхдийг гадаад байдлаар шууд дүгнэх гээд байдаг. Судалгаа, дүгнэлтийг огт хийдэггүй. Ирээдүйн хөгжих байдал, авьяас чадварыг нь олж харахыг хүсдэггүй юм. Гэхдээ манай хүүхдүүд дандаа магтуулаад байж болохгүй. Хүнд муу хэлүүлж,  хатуу үг сонсож сурч байж л хурцлагдана. Тэр бүхнийг хүндээр тусгаж авдаггүй. Муу хүмүүст муулуулах мундаг сайн гэж хэлбэл арай дэгсдүүлсэн болох байх. Хүн өөрөө л зөв байх ёстой. 

-Охидын багт өөрчлөлт орсон гэв үү?
-М.Цэрэнлхам 24 нас хүрч залуучуудын ангиллаас дээш дэвшиж насанд хүрэгчид рүү орж байгаа. Үүнээс хамаарч багт ямар ч өөрчлөлт орохгүй. Өмнөх тоглолтын систем, тактик, хувилбар байдгаарай байх болно. Хүнээс хамаарсан сагсан бөмбөг гэж байж болохгүй. Манай ахмад үеийн зарим нэг багш нар “Би байхгүй бол монголын сагсан бөмбөг хөгжихгүй шүү” гэж цээжээ дэлдэх нь бий. Ийм хачин үзэл бодол байх ёсгүй. Манай баг гэхэд Э.Дөлгөөнийг бэртэл авахад багийн амжилт хэвээрээ л байсан. Г.Цэнгүүнбаярыг гэмтэл авахад багийн амжилт урьдын хэвээр л байв. Гол нь багийн систем хэвийн байх нь чухал. Энэ системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж авч явах ёстой. Хүнээс хамаарсан багийн тоглолт байж болохгүй. 

-А.Ананд, Г.Цэнгүүнбаярыг маш сайн нөхөж тоглож байсан байх аа?
-Г.Цэнгүүнбаяр Азийн аваргад явахаас гурав хоногийн өмнө шагайндаа хүнд бэртэл авч хагалгаанд орсон. А. Ананд миний төрж өссөн микро район, XV хорооллын хүүхэд. Миний хийсэн сагсны самбарт бөмбөг шидэж өссөн байдаг. Тэндээс “TLG-13”-т байж байгаад Япон Улс руу явсан. Японоос ирээд Г.Цэнгүүнбаярыг нөхөж сайн тоглосон. А.Ананд Азийн нэг номерын тоглогчоор шалгарсан. Хүүхэд байхдаа их дуулгын тэмцээнд финалдаж дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлсэн.

-“Азийн циркчид” нуруу намтай болохоос биш үнэхээр сайн тоглож байна шүү?
- “Азийн циркчид”  гэдэг нэрийг ФИБА-гийнхан өгсөн юм. Бидний боловсруулсан системийг тэр хэд үнэхээр сайн хийдэг. Ах нар нь тийм сайн хийж чадахгүй байхад тэд л хийж байна. “Азийн циркчид” маань  үзэгчдийн баясгасан уран гоё, үзүүштэй тоглолтыг үзүүлдэг. Тэднийг Япончууд багаар нь авч тоглуулах хүртэл санал тавьж байгаа. Манай насанд хүрэгчдийн шилдэг багийг биш, харин залуучуудын баг “Азийн циркчид”-ийг сонирхоод байдаг юм. 

-Манай 3х3-ын дасгалжуулагчид хэр олон байна вэ. Гадны орноос танд дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан гэдэг үнэн үү?
-Дасгалжуулагчийн асуудалд анхаарал тавьж, 10 багшийг бэлтгэж байгаа. Хүнээс хамаарсан сагсан бөмбөг байж болохгүй болохоор дараа үеэ бэлтгэн гаргах нь зайлшгүй. С.Тулга гэсэн ганцхан хүнээс хамааралтай 3х3 байж болохгүй. Тийм болохоор Дундговь аймгаас мөн “Ирээдүй цогцолбор” сургуулиас гэх мэтчилэн хүүхэдтэй сайн ажилладаг, өсвөрийн хамгийн сайн багш нарыг сонгон авч бэлтгэж байна. Надад гадны орноос  дасгалжуулагчаар ажиллах, хагас тэрбум төгрөг амласан нь бий.  Би Монголын энэ тогтсон системийг бусад оронд алдахгүйг хичээж байна.

Монголчууд өөрийн багаар бахархах бахархалтай байж яагаад болохгүй гэж, тэрийг нь бүтээхийн тулд хөдөлмөрлөж байна. Хүнд хэцүү байгаа хэдий ч өөрсдийн бахархлаа идэж амьдармааргүй байна. Сайхан сэтгэлтэй ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүст баярлаж явдаг. Хувийн хөрөнгө оруулалтаар энэ сайхан хөгжлийн түвшинд хүрчихсэн сагсан бөмбөгийг одоо улс авна гээд байх юм. Төр бол хамгийн муу менежер.  Төр чадахгүй, дийлэхгүй  байж, олон зүйл рүү гар дүрж ордог. Даахгүй нохой булуу цуглуулна гэгчээр эрх мэдлээрээ далайлган бүгдийг удирдах гэдэг нь буруу.

-Эрэгтэй багийн олимпын эрх авах тэмцээн хэзээ болох вэ?
-Ирэх оны тавдугаар сард  Австрийн Градсик хотод олимпын эрх олгох тэмцээн бий.  Эрхийн төлөө 20 шилдэг баг өрсөлдөнө.  Манай баг “А” зоогоо тэргүүлж тоглоно. Америк, Литвын баг хүртэл олимпын эрхээ авч чадаагүй л яваа. 

-Эмэгтэй баг олимпын эрхээ авчихсан. Багийн бүрэлдэхүүнийг зарлах болсон уу. Д.Ганзулын хувьд төвийн тоглогч гэхээр арай нуруу намдаад байх юм аа?
-Зарлах болоогүй байгаа. Найман тамирчин бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Тэднээс л сонгож авна. Олимп болохоос сарын өмнө нэрсийг нь зарлана. Манай эмэгтэй багт олимп хойшилсон нь ашигтай. Дутуугаа нөхөж ажиллах цаг гарч байна. Манай Д.Ганзул хүч, бяртай, зоригтой. Нас жаахан явсан болохоос биш бүх чадвар нь үнэхээр гайхалтай. Биологийн нас нь 18 настайхүүхэд шиг мундаг шүү дээ.  

-Та бүхний амжилтын үр дүн ивээн тэтгэгч байгууллагуудтай салшгүй холбоотой биз?
- Тэгэлгүй яах вэ. Манайхыг дэмжиж, ивээн тэтгэж ажилладаг байгууллагуудад нийт сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс  баярласан талархсанаа илэрхийлье. Ивээн тэтгэгч байхгүй бол энэ спортын хөгжил зогсоно, цааш явахгүй. Ивээн тэтгэгч Энержи Ресурсийн хамт олон, Г.Батцэнгэл захиралд,  “ММС энержи” клуб Монголын 3х3 холбооны захирал Л.Мягмаржав,  МСБХ-ын ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, нарийн бичгийн дарга Б. Дамба багшдаа, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны С.Эрдэнэ ерөнхийлөгчид  баярлалаа. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод хайртай, биднийг дэмждэг хүмүүст маш их баярлалаа. 


С.Тулга: Дасгалжуулагчаа шийтгэж, торгодог, эрхийг нь хасдаг ийм гажиг спортын салбартай улс манайхаас өөр байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188