• Өнөөдөр 2024-04-25

Чиний жинхэнэ ялалт рингэнд бус зүрхэнд байлаа

2020-09-21,   1099

2008 онд гурван сая ч хүрээгүй байсан монголчууд дундаас олимпын аварга төрж, төрийн дуулал дэлхийн сонорт эгшиглэх үеийн мэдрэмж, баяр бахдал, хоёр хуваагдчихсан байсан төр, ард түмний гар барилцсан эвлэрэл одоо ч бидний сэтгэлд бий. Нэг хүн барилдаад түрүүлчихсэнд биш, Монгол гэж дэлхий нийтэд танилцуулсанд, нэгдэж чаддаг монгол гэдгийг бидэнд өөрсдөд минь мэдрүүлсэнд баярлаж, бахархсан хэрэг. Аливаа спортын жинхэнэ хүч нь чухам үүнд л оршдог биз ээ. 

Өнгөрөгч амралтын өдөр дэлхийн сонорт Монгол гэж чанга дуугаар цуурайтуулсан, басхүү бидэнд нэгийг бодогдуулсан бас нэгэн түүхэн үйл явдал боллоо. Энэ бол Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин,  “King tug” хочит Нямбаярын Төгсцогтын дэлхийн ринг дээрх 13 дахь тулааны “үнэтэй” ялалт байлаа. 

Тэр энэ тулаанаа “Монгол үндэстэн, Монгол хэл, бичиг үүрд” хэмээн Монгол бичгээр бичсэн өмсгөлтэй хийлээ. Тэр өөрийнхөө эсвэл холбооныхоо төлөө бус Монгол үндэстний төлөө, Монгол хэл бичгийн төлөө тулалдлаа. Н.Төгсцогт энэ ялалтаа үнэхээр итгэл төгс авлаа. Босоо монгол бичиг шигээ босоо байж яллаа. “Монгол хэл, бичиг үүрд” гэсэн нударга шигээ хүчтэй хэллээ. Монгол хэл бичгийг хамгаалахын төлөө чанга дуугарч чадсанд нь, Босоо Монгол бичиг шигээ ринг дээрээ босоо байсанд нь түүнд баяр хүргэх хэрэгтэй. 

Тулааны өмсгөлийнхөө зүрхэн тушаа “Монгол үндэстэн, Монгол хэл, бичиг үүрд” хэмээн бичсэн нь 28 настай боксчин залуугийн өнгөрсөн, одоо, ирээдүйн Монгол, Монгол хэл, бичгийг авч үлдэхийн төлөөх тэмцэл юм. Улсын тэргүүн нь ч хэлж чадаагүй үгийг тэр ингэж үйлдлээрээ хэллээ. Үйлдэл үгнээс мянга дахин хүчтэй байх ч үе бий. Энэ үйлдэл хэл, бичгийн төлөө тэмцэж буйд урам өгсөн, тэмцэж эхлээгүйд нь тэмцэх ёстойг санууллаа. 

Н.Төгсцогт “Алдар” спорт хороогоор овоглодог Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь болоод хоёр жил гаруйн дараа буюу 2008 оны Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль аваад ирэхдээ “Гадаадынханд биднээс илүү зүйл байдаггүй юм л байна” гэсэн гэдэг. Тиймээ, бидэнд, тэдэнд ч илүү зүйл гэж байхгүй. Гэхдээ дэлхий дээрх үндэстнүүд өөрт байгаа давтагдашгүй өөр зүйлээрээ бусдаасаа ялгарч байдаг. Өөр хэл бичиг, өөр соёл гэх мэт... Хэрвээ бусдаас өөр хэл бичиггүй бол Монгол гэх үндэстэн байхгүй. Тиймээс монголчууд бид бусдаас өөр хэл, соёлоо хамгаалж үлдэж гэмээнэ тусгаар оршин тогтнох учиртай. Яг л түүний өмсгөлийн зүрхэн тушаа бичээстэй байсан шиг.

Хэзээ ч, хэн ч устгаж болохгүй бусдаас өөр хэл, соёлтой Монгол үндэстэн оршин байсаар байгааг дэлхий нийтэд харуулсан, өөр хэл соёлоо одоо л хамгаалах ёстой гэдгийг өөрсдөд минь ойлгуулсан чамд баярлалаа, Н.Төгсцогтоо. 


Чиний жинхэнэ ялалт рингэнд бус зүрхэнд байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188