• Өнөөдөр 2024-03-29

Б. Мөнхтөгөлдөр: Эрх чөлөөтэй байна гэдэг нь дур зоргоороо бай гэсэн үг биш

2020-09-08,   1423

Бусад арга хэмжээг бодвол тийм том бус ч, оролцогч залуусыг сайн сайханд уриалах, одоо буйгаасаа илүү том зүйл рүү хамт тэмүүлэх дуу хөгжимд дуртай залуусын нэгддэг “OPEN MIC” арга хэмжээ зохион байгуулагддаг. “OPEN MIC”-ийн тайзан дээр дуулахыг нь сонсоод танилцсан Б.Мөнхтөгөлдөртэй ярилцлаа.

-Сайн байна уу. Миний хувьд таныг “OPEN MIC” гэх арга хэмжээний үеэр цөөнгүй харж байлаа. Харин уншигчдад маань та шинэ танил байх болов уу?

-Сайн байна уу. Намайг Батмөнхийн Мөнхтөгөлдөр  гэдэг. Би СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийн V курст сурдаг. “OPEN MIC” арга хэмжээг Д.Энхтайван ах маань арван жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн. Зохиогдсон цагаасаа хойш согтууруулах ундаагүй, тамхигүй, хараалын үггүй гэсэн дотоод дүрэм журмыг мөрдөж ирснээрээ бусад арга хэмжээнээс ялгардаг.

Хүнд эх оронч үзэл байх ёстой гэж боддог болохоор бусад залуусыг “энэ арга хэмжээгээр дамжуулан” Хорт муу зуршилгүй байя гэж уриалж байгаа нь маш их таалагдсан. Мөн би дуулах, бусдад дуугаа сонсгох дуртай болохоор энэ арга хэмжээнд идэвхтэй очдог болсон. Одоо бол би нэг хэсэг нь болж чадсан.

-“OPEN MIC” дээр анх удаа очиж байгаа залуусын сэтгэгдэл ямар байдаг, дүрмийг хэрхэн хүлээж авдаг вэ. Эсэргүүцэх ч юм уу, санал зөрөлдөх тохиолдол гардаг уу?

-Гаралгүй яах вэ. Шинээр ирж байгаа залуусаас тайзан дээр гараад хараалын үгтэй дуу дуулдаг хүн цөөнгүй. Зарим нь тухайн дууныхаа хараалын үгийг өөр үгээр солих ч юм уу, зөөлрүүлж дуулна. Харин ёс бус, хараалын үг ашигласан тохиолдолд сануулах эсвэл дууг нь шууд зогсоодог. Санал зөрөлдөх хүмүүс арга хэмжээнд хэд хэд удаа оролцоод бодол нь өөрчлөгддөг.

Жишээ нь, бусад газар дүрмүүдийг зөрчиж болох  ч арга хэмжээний үеэр хорт зуршлуудаасаа татгалзах ёстой. Улмаар бага багаар татгалзаж буруу зүйлсээс холдож эхэлдэг. Энэ утгаараа “OPEN MIC” Монгол Улсад хэрэгтэй арга хэмжээ гэж боддог. Зарим тохиолдолд дүрэм, журмаасаа болоод арга хэмжээгээ зохион байгуулж чадахгүй үе бий. Согтууруулах ундаагүй болохоор байгууллага, ресторанууд ихэнхдээ түрээслүүлдэггүй.

“OPEN MIC”-д хөрөнгө санхүүгийн дэмжлэг байдаггүй. Дэмжлэг авъя гэхээр л ямар нэгэн нам, эвсэлтэй хамааралтай болчих гээд байдаг. Д.Энхтайван ах болон найзууд нь гэх мэт хэдхэн хүн тусласаар ирсэн. Хөрөнгө санхүү хэрэгтэй болоод ирэхээр нь арга хэмжээгээ тасалбартай болгосон.

-Та хувийн уран бүтээлийнхээ амжилтын талаар ярихгүй юу. Анх хэзээнээс урлагт дуртай болсон бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л тэмцээн уралдаанд оролцож, дуулж өссөн. Гэхдээ надад өөрийн гэсэн бүрэн дүүрэн болсон уран бүтээл байхгүй. Дутуу орхисон шүлгүүд, оролдож байгаад тэгсгээд л хаячихсан ая бол байгаа/инээв/.

-Өнөө үеийн уран бүтээлүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ. Манай улсын хөгжмийн урлагт юу дутагддаг гэж боддог вэ?

-Орчин үед дуу хөгжмийн төрлүүд ихэсч байна. Trap, Hip-Hop, R&B маягийн Hip-Hop ч гэх юм уу. Гэхдээ амьд хөгжим сонирхдог залуус нь бусдаа бодвол арай бага байгаа нь ажиглагддаг. Хамгийн түрүүнд энэ салбарт маркетинг хэрэгтэй, дутагдалтай байна гэж боддог. Манай улсын ихэнх уран бүтээлч маркетингаа өөрсдөө хийдэг. Гаднын орныхныг ажихад маркетингийг нь хариуцсан тусдаа хүн, бүр баг хүртэл байдаг.

Харин манайд тийм зүйл байдаггүй. Тоглолт хийхээр боллоо гэж бодоход  бараг л уран бүтээлч нь тасалбараа өөрөө таслаад явж байдаг. Харин уран бүтээлийнх нь талаас дүгнэнэ гэвэл эсрэг тэсрэг ойлголт төрөх болов уу. Хамгийн дөхөм санагдаж байгаагаар нь дууны шүлгүүдийг авч үзвэл нэг үеэ бодоход илүү амархан болсон шиг санагддаг. Өдөр тутамд ашигладаг энгийн үгстэй болсон. Дууны шүлгүүдэд уран зохиолд ихээр ашиглагддаг уран үгс оруулбал тааламжтай байдаг болохоор үүнийг цохож дурдлаа. Харин дуучдын хувьд хоолойны техникүүдийг тэр болгон ашиглаад байдаггүй.

-Дутуу орхисон шүлгүүд, хаясан аянуудынхаа талаар дээр дурдсан. Яагаад тэднийгээ дуусгасангүй вэ. Эсвэл энэ тал дээр өөртөө ялагдахад хүрэв үү?

-Өөртөө ялагдах үе байна аа. Бусад хүмүүс надаас илүү дуулбал тэр хоолойгоор дуулах гэж оролдоод чадахгүй. Тэгээд “Миний хоолой ийм муу юм байна аа” гэж бодож, урам хугардаг. Иймэрхүү байдлаар өөртөө ялагдаж байсан үе олон. Уг нь өөрийгөө чамлалгүй, бууж өгөлгүй, тууштай байж хичээвэл амжилт гарна. Гэхдээ би их залхуу хүн л дээ/инээв/. Тийм болохоор аль болох хичээнгүй, тууштай байж, өөрийгөө ялан дийлэхийг л хүсдэг дээ.

-Өөрийгөө чамлах үе залуу уран бүтээлчдэд их байдаг. Харин залуу хүний хувьд өөртөө таалагдсан чөлөөт хувцсаа өмсөх, үсээ ургуулах зэрэгт бусад хүн тааламжтай хандаад байдаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хүнийг хэзээ ч гаднаас нь дүгнэж болохгүй. Мэдээж энэ эрх чөлөөт нийгэмд бүх хүн хүссэн хувцсаа өмсөж болно. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг нь дур зоргоороо бай гэсэн үг биш. Гол нь ёс зүйгээ алдахгүй байх ёстой гэж боддог.

-Таны ирээдүйд гаргахаар төлөвлөж буй уран бүтээл юу вэ?

-Нэг найз маань БНСУ-д хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж байгаа. Хөрөнгө, санхүүгээ шийдчихвэл найзыгаа ирэхээр хамтдаа уран бүтээл рүү ханцуй шамлан орно гэж бодож байна даа. Анх чадахаараа л гоё дуулахыг хичээгээд явж байсан бол одоо амьсгалын, хоолойн техникүүддээ анхаарч, бэлтгэж байна. Идэвхтэй хийж байгаа.

-Таны дуртай, өөрийгөө хурцалж байдаг афоризм ч юм уу, зүйр үгийг сонирхвол?

-Хүнд гай болохгүй амьдрах. Бусдад гай болохгүй амьдрах нь маш чухал гэж боддог. Харин бусдадаа хандаж “Зөв хүн байгаарай” л гэж уриалъя даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.


Б. Мөнхтөгөлдөр: Эрх чөлөөтэй байна гэдэг нь дур зоргоороо бай гэсэн үг биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188