• Өнөөдөр 2024-04-24

Хэвтрийн хүн: Өнгөрсөн рүү хөврөх дүрс

2020-10-24,   947

“Хэвтрийн хүн” хэмээх бүтээлтэй хар хавтастай, бор цаастай номын хуудсаар л анх танилцаж байлаа. Түүнээс 18 жилийн дараа яг л дурсамж мэт, хуучин номын хуудас шигээ хар, цагаан “Хэвтрийн хүн” кино нээлтээ хийлээ.

Бидний дурсамж хэр үнэ цэнтэй вэ. Санахад л нүүрэнд нь инээмсэглэл тодордог, үгүй бол мартахыг хүсдэг энэ олон мэдрэмж агуулсан дурсамж гэгч зүйл угтаа биднийг өнгөрсөнд түгжиж, нэг л цагт гацаачихдаг юм биш байгаа?

Нэг л өглөө Хэвтрийн хүний цаг хугацаа зогссон байлаа. Аквариумтай загас ч хөдлөхөө больжээ. Цонхоор зөвхөн “хувь заяа” л түүнийг харна. Уг бүтээлд цаг хугацааны тухай санаа жигтэй байдлаар гарна. Нэг цагт бүх зүйл гацчихсан мэт боловч амьдрал үргэлжилсээр байна. Заримдаа бид бүхий л зүйл нэг цэгтээ зогсчих шиг мэдрэмжид автдаг шүү дээ. Цааш алхахаас илүү өөрийн тухтай орон зайдаа л үлдэж, түүндээ шигдэж, хэзээ ч босохгүй мэт өнгөрсөндөө гацчих шиг мэдрэмжийг кино дүрсээр илэрхийлжээ. Хэвтрийн хүн үргэлж л өнгөрсний тухай ярина. Тэрбээр хэвтрийн хүн болохоор шийдсэн нь өөрийгөө танихын тулд гэх ч угтаа өнгөрснөөс өөрийгөө хайна. “Аав аа, та намайг зоддог байсан шүү дээ”, “Ээж ээ, та яагаад ааваас салсан юм бэ” хэмээн өнгөрснөөс өөрийгөө хайна. Тэгсэн хэдий ч аав ээж хоёр нь нэгэндээ хайртай байгаагүй, ээж нь өөр хүнд хайртай байх нь түүний амьдралд огтхон ч нөлөөлсөнгүй. Цолмон түүнээс “Чи ээжтэйгээ байсан бол гэж бодож байсан уу” гэсэн асуултад “Мэдэхгүй л юм. Аав намайг хэзээ ч ээжид өгөхгүй байсан гэдгийг л мэднэ” хэмээн өөрийн амьдралтайгаа эвлэрсэн байна. Түүний бага насанд сонголт байгаагүй. Ээж, аав нь салахад тэрбээр юуг ч өөрчилж чадахгүй байсан. Кино дүрүүд бүгд өөр өөрийн хүсэлтэй. Аав нь үйлчлэгч эмэгтэйг өөртөө л тааруулан сонгож, ээж нь хайрыг сонгож, Цолмон зүгээр л хайрлаж, хайрлуулахыг хүснэ.

Гэхдээ Хэвтрийн хүнийг аав, ээж, эмээ, Цолмон, дүү нь гээд бүгд хайрлах ч түүнд номоо бичих нь л чухал байлаа. “Би хогийн ургамал шиг амьдармааргүй байна”, “Чи энэ хүмүүст тусалж чадсан гэж бодож байна уу” хэмээн ойр тойрны хүмүүстээ гомдом үгсийг хэлэх ч энэ бүхэн “Хэрэв би хүмүүст хүссэн зүйлийг нь өгч чадахгүй бол яах вэ” гэсэн айдсаас л өөрийгөө эрэлхийлж буй хэлбэр аж. Ингээд л тэр Хэвтрийн хүн болж өнгөрснөө чагнаснаар түүний хувь заяа өөрт нь биш бусдын гарт орно. Амьдрал нь түүний сонголтоос гадуур өрнөсөөр явна. “Төлбөрөө төлөөрэй. Сар бүрийн эхэнд төлбөрөө төлдөг юм шүү дээ” хэмээн ирээдүйн талаар ярихад л тэр бухимдана. Энэ яриа мөнгөний тухай бус, түүнд ирээдүй байдгийг сануулсан яриа юм. Угтаа тэрбээр бусдын өнгөрснийг онгичих ч өөрийнхийгөө дурсахыг хүсдэггүй. Анхны хайртай учирсан, дэлхийгээр аялахыг хүсдэг зурагчин залуугийн тухай дурсахыг хүсдэггүй. Киноны дуунууд дүрийн сэтгэл хөдлөл, дотоод байдлыг илтгэж дүрээ ойлгоход илүү нөлөөлж байлаа. 

Хувь заяаны дүр түүнийг байнга ажиглана. Галзуу хулганаар түүний амьдралыг зүйрлэж, “засвартай” хэмээх бичиг хадан, кино хэлийг ашигласнаар санаагаа улам тодотгожээ. 
Цаг нь зогссон амьдралд Цолмон түүнд эцэг болно гэж хэлэхэд л тэрбээр сэхээ авах шиг болно. Түүний амьдрал өнгөрсөнд бус, одоод л байсныг илэрхийлэх мэт.
Засварчин түүний компьютерыг засаж өгөхдөө өөрийнхөө анхны хайрыг түүхийг ярина. “Байдаг л нэг түүх байна” гэхэд “Тийм ээ, магадгүй байдаг л нэг түүх болохоор би дуртай байдаг байх” хэмээн хэлдэг. Магад Хэвтрийн хүн энэ эрэл хайгуулаараа өөрөөсөө, өөрийнхөө хайртай хүмүүсээс онцгой түүхийг хүлээж байсан байж мэднэ. Гэтэл өөрийнх нь дарж байсан зургуудыг үлдээснийг хараад “Бүгд л адилхан юм шив дээ” гэж хэлсэн нь хариулт болно. Бүгд л адилхан, магадгүй онцгой зүйл байхгүй. Тэрбээр өөрийн эргэн тойрноос хариулт хайсан ч өөрийн өнгөрснөөс хариулт эрээгүй. Ингээд Хэвтрийн хүн орноосоо өндийн босно. Тэрбээр аялж, зураг даран өөрийн хүслээ биелүүлнэ. Энэ зураглал түүнийг хувь заяагаа дагасныг илтгэсэн байх. Галзуу хулганын зураглал сүүлд дуусашгүй замын зураглалаар солигдоно. “Хэвтрийн хүн” кино нь зохиолч Г.Аюурзанын уг зохиолыг ахиад шинээр уншиж буй мэт мэдрэмжийг төрүүлж байсан юм. 
 


Хэвтрийн хүн: Өнгөрсөн рүү хөврөх дүрс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 12:43:25
    Ариунаа: Марал баярлалаа! Чи судасных нь цохилтыг мэдэрчээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-26 15:16:46
    zochin: woow yamar goy shuumj ve. zohiolig kinog n oilgohod tuslaj bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-25 03:14:00
    Зочин: Хүүхдийг хүүхдээр нь бодож болдоггүйг харуулсан жүжиг гэж ойлгосон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188