• Өнөөдөр 2024-03-19

 “Хэвтрийн хүн” киноны нээлтийн үеэр хэлсэн эшлэлүүд

2020-10-20,   960

 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” кино наадмын нээлт боллоо.  Уг наадмын хүрээнд 11 орны 19 киног дэлгэцнээ толилуулж буй. Энэ жилийн кино наадмыг Г.Аюурзанын зохиол, С. Бямба найруулагчийн бүтээл “Хэвтрийн хүн” киногоор нээлээ. Нээлтийн үеэр кино уран бүтээлчдийн хэлсэн үгсээс эшлэж байна.

МУАЖ Г.Жигжидсүрэн: Хэвтрийн хүн” зохиол их адармаатай бүтээл

Өнөөдөр бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр тохиож байна. Намрын сүүл сарын шинийн гурван, Балжинням, Дашнямтай өдөр их ховор тохиолддог. Ийм  сайхан  өдөр кино наадмаа нээж байгаа нь тохиолдол байж болох ч сайн сайхныг мөрөөдөж бэлэгшээсэн үйл явдал  болж байна. Энэ жилийн кино наадам өргөн цар хүрээг хамарсан, сайн бүтээлүүд оролцсон. Манайхаар “Айрагдсан морьд” гэдэг шиг “А” зэрэглэлийн кино наадмуудад оролцсон шилдэг бүтээлүүдийг энэ хэдхэн хоногт тольдоно гэдэг аз завшаантай хэрэг. Энэ жилийн кино наадам маань залуу найруулагч С. Бямбын “Хэвтрийн хүн” киногоор нээж байна. “Хэвтрийн хүн” зохиол их адармаатай бүтээл. Гэхдээ эргээд харахад сонирхол татам сайхан бүтээл аж. Үзэгчид та бүхэн энэ бүтээлээс сэтгэлийн таашаал авна гэж найдаж байна.

 Кино найруулагч С. Бямба: Жүжигчид найруулагчийн яах аргагүй багаж, зэвсэг нь болдог

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Би их товчхон үг хэлэхийг оролдъё. Миний яриаг сонссоноос илүү киногоо үзэх гэж яарч байгаа байх. Энэ киног бүтээхэд тусалсан бүх албан байгууллага, хувь хүмүүс, кино бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлье. Та бүхэн байгаагүй бол энэ кино бүтэхгүй байлаа. Улаанбаатар кино наадмыг зохион байгуулж байгаа хүмүүс албан байгууллага, сайн дурын залуучууддаа баярлалаа. Мөн багийнхандаа баярлалаа. Та бүхэн маш сайн, гайхамшигтай баг байсан шүү. Жүжигчдэдээ онцгойлон баяр хүргэе. Жүжигчид хүссэн хүсээгүй найруулагч дээр тунаж үлддэг, хөдөлмөрийнх нь багаж, зэвсэг болдог юм. Камерын ард мэргэжлийн хүмүүс байдаг бол, жүжигчид найруулагчийн яах аргагүй багаж, зэвсэг нь болдог. Энэ хүмүүсийн итгэлийг олж ажиллана гэдэг хэцүү. Надад 100 хувь итгэж байсан жүжигчдэдээ баярлалаа.

Кино продюсер Ц. Ариунаа: 18 настай “Хэвтрийн хүн” кинотой танилцах гэж байна

Яг хоёр жилийн өмнөх энэ өдөр бид “Хэвтрийн хүн” киноны дотор зураг авалтаа хийж байлаа. Хоёр жилийн дараа та бүхэнтэй бүтээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. 2002 онд “Хэвтрийн хүн” зохиол хэвлэгдэн гарахад л С.Бямба найруулагч киноныхоо анхны нооргийг гаргаж байлаа. Тэгэхээр бид бараг 18 настай “Хэвтрийн хүн” кинотой танилцах гэж байгаа онцгой сайхан өдөр болж байна. Бид нээлтийнхээ өдрийг Дашням, Балжиннямтай өдөр гэж мэдээгүй. Ийм өдөр киногоо нээж байгаадаа бэлэгшээж, баярлаж байна.


 “Хэвтрийн хүн” киноны нээлтийн үеэр хэлсэн эшлэлүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188