• Өнөөдөр 2024-04-24

Улаанбаатар кино наадмаар толилуулах 19 киноны танилцуулга 

2020-10-19,   866

Улаанбаатар кино наадам энэ сарын 19-өөс буюу өнөөдрөөс эхэлж байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмын хүрээнд хүүхдийн кино хэсэг, үзэхийн хязгаар кино хэсэг, онцлох орон Бүгд найрамдах Франц Улсын кино үзвэр, Монгол кино, Олон улсын үзвэр зэрэг таван хэсэгт  11 орны 19 киног Тэнгис кино театрын дэлгэцнээ толилуулах гэж байна.  Тус наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой билээ. “Улаанбаатар” кино наадмын хүрээнд толилуулах 19 киноны танилцуулгыг хүргэж байна.

  1. Хэвтрийн хүн /Монгол/

Зохиолч Г.Аюурзанын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийх гэж байна. Уг кино зохиол 2017 оны Каннын кино наадмын “Le Atelier”хөтөлбөрт шалгаран бүтсэн билээ. 27 настай зохиолч залуу нэг л өглөө хэвтрийн хүн болохоор шийдсэнээр кино эхэлнэ.

  1. 85 оны зун /Франц/

16 настай Алексис далайн эргээс ус руу унахад 18 настай Дэвид түүнийг аврана. Тэрбээр өөрийн мөрөөдлийн найзуудтайгаа учрах ч, энэ нөхөрлөл зөвхөн зуны турш л үргэлжлэх болов уу?

  1. Салхи зогсох аваас /Франц, Армень, Бельги/

Өнөөгийн Кавказ. Аудитор Алэйн Кавказын нэг жижиг улсын нисэх онгоцны буудлыг дахин нээх эсэхийг шалгахаар ирнэ. Нисэх онгоцны буудалд ээлжийн ажил хийдэг нутгийн хүү Эдгараас болж Алэйн энэ алслагдсан газрын нээлтийг эрсдэлд оруулна.

  1. “Гэргий”

“Гучин долларын цаг зүүсэн ч гурван зуун долларын цаг зүүсэн ч цаг хугацаа нэг л тоог заадаг гэдгийг яагаад мэдсэнгүй вэ” хэмээн бичих хорт хавдартай тэмцэж буй Энхээгийн тэмдэглэлүүд хүний амьдралын мөн чанар, өнөөдөр харагдаж байгаа бүх зүйл хоосон гэдгийг бидэнд ойлгуулна. Энхээ эхнэр хүүгийн хамт амьдардаг бизнес эрхлэгч залуу. Тэрээр нэгэн өдөр ходоодны хорт хавдар нь хоёр дугаар шатанд байгааг мэднэ. Гэр бүлээрээ Монголд болон Солонгос улсад эмчлүүлсэн ч эцэст нь эмчилгээгүй болно. Кино Энхээгийн үхлээр төгсөж байгаа нь энэхүү өвчин хожуу үедээ оношлогдвол айл гэрт эдийн засгийн болон сэтгэл санааны, бие бялдрын ямар их хохирол авч ирдгийг өгүүлнэ.

  1.  “Хөхөө”/Монгол/

Бидний дунд хайр гэдэг зүйл үнэгүйдэж байгаа юу гэсэн асуултад хариулт эрсэн, эх үрийн хайрыг хөндсөн бүтээл юм.

  1. Эмэгтэй /Монгол/

Нүүдэл бол байгалийн аминд шүтэлцэх хөдөлгөөн юм. Хүн ч мөн дотоод сэтгэлдээ аргадаж, ачлаж, хатуу бүхнийг туулж сэтгэлдээ нүүдэлсээр амьдарна. Нэгэн бороотой үдэшээр Дагийна бүсгүйн гэрийг урилгагүй зочин зорин ирсэн нь Солонгос жуулчин Пак Тэ Сү байлаа. Тэрээр монголын зэлүүд хөдөөд Ахууна хэмээх шувуу хайн эрэлдээ цөхөж яваа ажээ. Хөгшин эхээ асрах, малаа маллах, үр хүүхэдээ өсгөх дундрашгүй ажилд дарагдсан монгол бүсгүйг хараад Тэ Сү өөрийн амьдралыг эрхгүй эрэгцүүлэн бодно.

  1. Мартин Иден /Франц, Итали/

Боловсрол муутай, хар ажилчин Мартин Иден бэлтэй айлын охин Эленатай уулзаж анхны харцаар дурлана. Эрдэм номтой, залуухан царайлаг бүсгүй Элена, Мартины өдрийн бодол шөнийн зүүд болж, зохиолч болон хар бор амьдралаасаа салж хайртай бүсгүйтэйгээ гэрлэнэ гэж мөрөөднө. Шантралгүй, тууштай тэмцсээр, түүн шиг доорд гаралтай хүн хэзээ ч авах боломжгүй байсан боловсролын мөрийг хөөх үүд нээгдэнэ. Түүнд нь ахимаг настай, зүүний үзэлтэй анд Расс Бриссендэн дэмжлэг үзүүлнэ. Найзыгаа даган соц үзэлтэй хүмүүстэй танилцаж улс төрийн үзэл баримтлалыг хуваалцах болсон нь хайртай бүсгүй Элена болон түүний хөрөнгөтний хүрээлэлтэй харшлах болно.

  1. Ундина /Герман/

Ундина Берлин хотын түүхийг танилцуулдаг хөтөч хийдэг. Тэр түүхийн ухааны магистрын дипломтой, Александрын талбай дээр нэг жижиг орон сууцтай, цагийн гэрээт ажилтан. Орчин үеийн хотын эмэгтэйн дүрийн цаана “Хайртай хүн нь Ундинаг хуурах юм бол тэр эрэгтэйг алж ус руугаа буцаж орох ёстой” гэсэн Грекийн домгийн нууц хадгалаастай байдаг. Ундинагийн хайрт залуу Иоханнес түүнийг орхин өөр бүсгүйд сэтгэл алдарна. Ундина түүнд сонголт байхгүй гэж бодож байтал үйлдвэрийн жолооч Кристофтой танилцан, түүнд дурлана. Энэ бол шинэ, ариун, сониучхан, итгэл даасан хайрын эхлэл. Гэвч түүний хайртай бүсгүй ямар нэгэн зүйлээс зугтаад байх шиг Кристофт санагдана. Ундина хайрынхаа төлөө өөрийн хараалтай нүүр тулах хэрэгтэй болно.

  1. Хар санаа үгүй /Иран, Герман, Чех/

Цаазын ялтай нийгэм нь хүнийг хүнээр алуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Дөрвөн залуу маш энгийн боловч, хүний санаанд оромгүй сонголтыг хийх хэрэгтэй болно. Ямар ч сонголт хийсэн эдгээр залуусын амьдрал, харилцаанд шууд болон дам хэлбэрээр насан туршийн зэврэлт явагдах болно. Сэдвээр холбогдох эдгээр дөрвөн үзэгдлээр дамжуулан Мохаммад Расулоф тэдний болон ойр тойрны хүмүүсийн амьдралаас өгүүлэх юм.

  1. Говийн зэрэглээ /Монгол/

Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн хүнлэг сайхан сэтгэл, ёс суртахууны өндөр түвшинг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр харуулжээ.

  1. Жинхэнэ эхчүүд /Япон/

Үр тогтоолгох удаан хугацааны, үр дүнгүй эмчилгээний дараа Сатоко бүсгүй хань Киёказутайгаа хамт хүүхэд үрчлэхээр шийддэг. Асато хүүг үрчлэн аваад нөхөр хүүдээ бүрэн анхаарахын тулд Сатоко ажлаасаа гарна. Гэр бүлийн өв тэгш амьдрал бий болно. Гэвч нэг өдөр Хикари гэх эмэгтэй утсаар залган: “Би хүүгээ авъя, болохгүй бол мөнгө авъя” гэх нь тэр. Хикари бол 14 настайдаа Асатог төрүүлсэн эх. 20 нас хүрээд залгаж байгаа нь энэ болохоор өнгөрсөн 6 жил хэл сураггүй байжээ. Хүүг сургуульдаа явсан хойгуур Хикари Сатокогийнд ирнэ. Гэвч ирсэн туранхай эмэгтэйд хүүтэй нь төстэй зүйл огт байхгүй, Хикари биш ч юм шиг санагдана. Энэ эмэгтэй хэн бэ. Хикаригийн өнгөрсөн амьдралын нууц дэлгэгдэхэд Сатоко яах бол?

  1. Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх /Франц, Итали/

Өвлийн ичээндээ орохоос өмнө бас алга болсон бамбарууш хүүгээ олох гээд хаан баавгай сүргээ дагуулан уулнаасаа бууж хүний ертөнц рүү орно. Аюулт мангасаас зугтан, муу санаат гүнг дарсны дараа хүн баавгай нар хэсэг хугацаанд амар сайхан амьдрах болно.

  1. А бол Аз жаргал /Австрали/

Дэлхий ертөнцийг өөрийн өвөрмөц, өнгөт, өөдрөг өнцгөөс хардаг 12 настай охин нэгэн сонирхолтой хүүтэй танилцаж урам авснаар өөрийн гэр бүлийн элэгдсэн харилцааг ямар ч үнээр хамаагүй засахаар санаа шулуудна.

  1. Өдрүүд /Тайвань/

Өөрийн өвчин шаналал, эмчилгээнээс болоод Каны амьдрал нэгэн ижил урсгалд оржээ. Гадаадад явж байхдаа тэрээр Нонтой танилцдаг. Зам мөр нь салж өөр өөрийн өдрүүдийг өнгөрүүлэх хүртэл тэд хамтдаа харилцан тайтгарлыг олно.

  1. Шат богино хэмжээний кино /Монгол/

2019 онд МУЗ хэрэгжүүлсэн “Бид чадна-Бид авьяастай” төслийн хүрээнд Австралийн “Bus Stop Films” Монголын кино уран бүтээлчид хамтран “Шат” богино хэмжээний киног бүтээсэн юм. Уг киног хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээсэн онцлогтой.

  1. Баяртай, хүү минь /БНХАУ/

Хятадын нийгэм, улс төр, хүний хөгжлийн давлагааг дагасан, сөрсөн хоёр гэр бүлийн гурван үеийн амьдралын түүх. Нэг хүүгийн амь осолдсоноос болж тэдгээрийн зам мөр сална. Хувь заяаны зураг төөрөг, улс орны нийгмийн байдлаас болж тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөх хэдий ч үнэнийг хайсан эрэлхийлэл, уй гашуудлыг ээрсэн зовнил адилхан үлджээ. Баяртай гэж хэлэхэд бүхэл амьдралаа зориулах үе байдаг. Хүний амьдрал, нийгэм үндэсний өөрчлөлт нь хоорондоо нягт уялдаатай байдаг.

  1. Куржетт хүүгийн амьдрал/ Швейцар/

Куржжет хэмээн есөн настай хүүгийн ээж гэнэт нас барж, хүүг асрамжийн газар өгөх болно. Харин хүүг хүргэж буй сайн сэтгэлт цагдаагийн ахмад Рэймонд хүүтэй сайн найзууд болно. Асрамжийн газар хүүтэй нас чацуу өнчин хүүхдүүд байх ажээ. Танихгүй орчинд ирсэн хүүгийн хувьд асрамжийн газар хүйтэн хөндий заримдаа ч бүр хэрцгий мэт санагдана. Гэвч Рэймондын ачаар шинэ найзуудтай болж, жинхэнэ хайрыг мэдэрч, хүнд итгэх итгэл нь сэргэж, тэр ч бүү хэл өөрийн гэсэн шинэ гэр бүлтэй болно.

  1. Эүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал /Бразил, Герман/

Рио Де Жанейро 1950. Хуучинсаг үзэлтэй эцэг эхтэйгээ амьдардаг Эүридисий, Гуида хоёр ямагт хамт явдаг эгч дүүс. Эүридисий алдарт төгөлдөр хуурч болох, Гуида жинхэнэ хайртайгаа учрах гэсэн өөр өөрийн мөрөөдлийг эгч дүүс тээнэ. Эцгийн шийдвэрээр эгч дүү хоёр тус тусдаа амьдрах болжээ. Хувь заяагаа даган өөрсдийн зам мөрийг хөөвч эгч дүүс хэзээ нэгэн цагт уулзана гэсэн нууцхан мөрөөдлөө тээсээр...

  1. Хар сүү /Герман, Монгол/

Багадаа хагацсан эгч дүү хоёр арав гаруй жилийн дараа уулзана. Дүү Уэсси нь багадаа Герман руу явж, эгч Осси нь Монголдоо үлддэг. Уэсси говьд эргэн ирснээр тэдний ертөнц орвонгоороо эргэнэ. Олон жил өнгөрсөн ч эгч дүүсийн сэтгэлийн холбоос тасраагүй.Гэвч соёлын ялгаа нь тэдний хооронд тээг үүсгэнэ. Хилийн чанадаас ирсэн дүү нь ирэнгүүтээ л эгчийнхээ өдөр тутмын малчны амьдралд оролцохыг хүснэ. Харин дүүгийнх нь барууны соёл эгч Оссид төвөгтэй санагдахаас гадна дүү нь тэдний хөршид сэтгэл алдрахыг анзаарах тусам түгшүүртэй. Уэссигийн хувьд нутгийн дэг жаягаас хол хөндий өссөн болоод тэр үү, гэр бүлийн эсрэг босож, хайрынхаа төлөө тууштай явна. Хайр болон байр суурийн тэмцэл ийнхүү эхэлнэ.


Улаанбаатар кино наадмаар толилуулах 19 киноны танилцуулга 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188