• Өнөөдөр 2024-04-26

“Мулан” киноны орлон тоглогч Б.Мягмарсүрэн: Хоббитын дараагийн ангийн зураг авалтыг Баянхонгор, Ховд эсвэл Завханд хийгээсэй

2020-09-17,   2810

Холливудын гал тогоонд асар их шүүмжлэл, алга ташилт, магтаал дунд нээлтээ хийсэн кино бол Мулан. Түүхэн, уран сайхны тус кинонд Монголын 50 гаруй орлон тоглогч ажилласан юм. Тэдний нэг бол Бэгзсүрэнгийн Мягмарсүрэн. Тэрбээр 2015 онд Кино урлагийн дээд сургуулийн Найруулагч, жүжигчний ангийг Ардын жүжигчин Б.Сарантуяагийн удирдлага дор төгсчээ. 2018 оны 9-10 сард хийгдсэн “Мулан” киноны зураг авалтын тухай түүнтэй ярилцлаа. 

-Том компанитай хамтарч ажиллах амаргүй байх. Ажлын нөхцөл ямар байсан бэ? 
-Дэлхийн компани гэдэг өөр юм билээ. Хувцас, өмсгөлөөс эхлээд аюулгүй байдал, хангамж бүгд сайн байсан. Өөрөөр хэлбэл, олны хэсгийн орлон тоглогч гээд биднийг хойш тавиагүй. Бүх хүнд хүрч чаддаг, тогтмол уялдаа холбоотой гэж болно. Хаана, юу хэрэгтэй байна бүгдийг судалж, хэрэгцээгээр нь хангаж чаддаг нь таалагдсан. 

-“Мулан” кинонд орлон тоглогчоор ажиллах саналыг танд хэрхэн тавьж байв. Та хэрхэн хүлээж авсан бэ? 
-“Action crew” орлон тоглогчдын багийн захирал Наранбаатар ах над руу фэйсбүүк чатаар “Утас чинь болохгүй байна. Ах руугаа яаралтай залгаарай” гэж бичсэн байсан. Тэгээд залгасан чинь “Шинэ-Зеланд руу явах кино төсөл байна. Ахын дүү орох уу” гэсэн.  Өмнө нь “Зүрхний хилэн” кинонд жижиг хэрэглэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн түүхэн кинонд морины эмээл, хазаар зэрэг жижиг хэрэглэлээс эхлээд морьтой холбоотой ажил хийсэн. Тэгээд Наранбаатар ах маань намайг моринд дуртай, морьтой ажиллах эвтэй гээд санал тавьсан юм билээ. Анх сонсоод холливудын кинонд ажиллана, Шинэ-Зеланд руу явна гэхээр итгэж өгдөггүй, их л гайхсан даа. Ерөөсөө ийм амар юм гэж байдаг юм болов уу гэсэн бодол толгойноос гараагүй. 

-Шинэ-Зеланд Улс руу явахаасаа өмнө бэлтгэл сайн хангасан уу? 
-Тэнд очоод миний, бидний нэр биш Монгол Улсын нэр гарах болохоор бэлтгэлдээ их ач холбогдол өгсөн. Арав гаруй хоног хээрийн бэлтгэлд гарсан. Мөн хорь гаруй хоног заалны бэлтгэл хийсэн. Морьноос унах, морьтойгоо унах зэрэг хүнд зураг авалтын үеэр бэртэхгүйн тулд бие чанга байх ёстой. Түүний тулд бэлтгэлээ маш сайн хийсэн. Гэхдээ яг тэнд очоод цоо шинээр морь унаж сурсан гэж болно. 

-Морь шинээр унаж сурна гэдэг нь тухайн улсын морь унах соёлын тухай ярьж байна уу? 
-Бид нутагтаа бол нэг гараараа жолоогоо бариад, дөрөө жийж эмээл дээрээ босоод сайхан исгэрч давхидаг. Гэтэл Шинэ-Зеландад “Евро стиль”-ийн морь уналт гэж байна. Жишээлбэл, жолоогоо заавал хоёр гараараа барина, давхиж байхдаа дөрөөн дээрээ босох ёсгүй зэрэг дүрэмтэй. Морьдоо сургасан нь манайхаас өөр. Тухайлбал, хоёр хөлөө хавчвал тухайн морь давхина, харин хоёр хөлөө сул тавиад жолоогоо хоёр талаас нь жигд татвал ухарна. Баруун хөлөөрөө зөөлөн хүрэхэд хондол хэсгээрээ нөгөө тийш эргэх зэрэг өөр уналттай болохоор шинээр морь унаж сурлаа гэж байгаа юм. 

-Монгол адуунаас өөр моринд мордох мэдрэмж ямар байв? 
-Анх очоод хөгжилтэй зүйл олон болсон. Бэлтгэл хийхийн тулд сэрвээ өндөр, эрлийз моринд мордох боллоо. Юу юугүй очоод мордох гэтэл “За байж байгаарай. Та үүн дээр гарч мориндоо мордох ёстой” гээд нэг шат тавиад өгдөг юм байна. Хэсэг гайхасхийгээд мориндоо мордлоо. Хар багаасаа хүрэхгүй байсан ч хад асган дээр гараад мордоод сурчихсан учир нэг л эвгүй санагдаад болдоггүй. Тэгээд нөгөө хүмүүст нь “Дараа надад шат хэрэггүй шүү. Би өөрөө мордчихно” гэсэн чинь “Энэ бол танд биш моринд зориулсан шат” гэдэг байгаа. Би хэлэх үггүй болохоос гадна гайхаж хоцорсон. Гэтэл дөрөөлөөд мордоход морины арьс зулгарч, гэмтэх магадлалтай гээд шат тавьж өгдөг юм байна. Энэ жишээнээс амьтны эрхийг дээд зэргээр эрхэмлэж, хамгаалдаг нь харагдсан. Манайд бол яах вэ дээ нэг агсам морь байлаа гэхэд нудраад л авна. Гэтэл тэнд тэгж болохгүй. Хэрэв ямар нэгэн буруу үйлдэл гаргавал “Морины эрх зөрчсөн” гээд торгоно, эсвэл шууд нутаг буцаана.

-Монгол, гадаад кино хийцийн хувь эрс тэс ялгаатай байсан уу? 
-Камераа зооно, найруулагч зөвлөнө, техникчид ажлаа хийнэ гээд зураг авалт, киноны үйл явц адилхан шүү дээ. Манай кино урлаг хөгжлийнхөө шатанд явж байгаа. Мэдээж хэрэг дэлхийн кино урлагтай зүйрлэшгүй. Мөн цаашдаа дэлхийн түвшинд хүрэхийг ч үгүйсгэхгүй.  Миний анзаарсан гэдэг юм уу, ойлгосноор нэг том ялгаа бий. Холливудын кинонд маш том баг ажилладаг. Наад зах нь гэхэд миний ажилласан олны хэсгийн зураг авалтын багт 800 орчим хүн ажиллаж байх жишээтэй. Хүн бүхэнд хүрч ажиллахын тулд маш олон туслах найруулагч ажиллана. Тухайлбал, морь хариуцсан ажилчид гэхэд морио эмээллэнэ, хазаарлана. Өөрөөр хэлбэл, биднийг моринд мордохоос бусдыг нь тэд бэлэн болгодог. Тухайн өдрийн зураг дуусаад ирэхэд биднээс морио аваад хооллоно, амраана. Зөвхөн олны хэсэгт ийм тооны хүн хүч ажилладаг гэхээр бусад хэсэгт ямар байх нь тодорхой шүү дээ. 

-Танай хамт олныг хэрхэн хүлээж авсан бэ? 
-Дэлхий дахин Чингисийн Монгол гэж ойлгодог болохоор ч тэр үү маш сайхан хүлээж авсан. Бид ч очоод маш сайн сахилга баттай байна гэж ярилцсан. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн намайг алдлаа гэхэд “Мягмарсүрэн алдлаа” гэж хэн ч хэлэхгүй, “Монголчууд алдлаа” хэмээн ярьж, тэр чинээгээрээ монгол хүнийг үнэлэх болохоор биеэ зөв авч явах тал дээр бүгд хичээсэн. Зан чанараас гадна манай орлон тоглогчдын чадвар тэнд үнэхээр гайхагдсан. Бид чөлөөт цагаараа ч бэлтгэлээ хийж л байсан. Биднийг сүүлд эх орондоо буцах болоход тухайн багийнхан бүгдээрээ гаргаж өгсөн. Хамт дуулцгааж, бидэнд зориулж алгаа ташиж, чин сэтгэлээсээ нэгнийгээ тэвэрсэн. Яг тэр үед бид хэрхэн ажилласны хариулт шиг санагдсан.

-Монгол хүн дэлхийд танигдахад жүжигчний уран чадвар, бие бялдараас гадна хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай. Танд хэлний бэрхшээл тулгарч байв уу? 
-Манайхаас морь унаач буюу (horse rider) 15, орлон тоглогч 35, дөрвөн орчуулагчтай явсан. Бидэн дунд англи хэлтэй хүн олон байсан. Наад зах нь мэндэлчихдэг, өөрийгөө ойлгуулчихдаг гэх мэт. “Мулан”-ы зураг авалтын үеэр бидэнд ямар ч хэлний бэрхшээл тулгарч байгаагүй. Яагаад гэвэл би ямар ч хэлний мэдлэгтэй бай хамаагүй зөвхөн орчуулагчаараа дамжуулж харилцах ёстой. Өөрөөр хэлбэл, 50 хүн ганц хүн дээр очоод “Би одоо яах вэ, юу хийх вэ” гээд байж болохгүй зүйл. Тэр хүн ч залхана. Тийм болохоор эхний ээлжинд орчуулагчдаа уламжилна, орчуулагч нар маань цааш нь дамжуулна. Жишээлбэл, “За одоо дөрвөн морьтон давхиулаарай, үргэлжлүүлээд найман хүн тулалдуул” гэх мэт бүх юм дэс дараатай, зохион байгуулалттай байдаг.  

-“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэдэг. Та холливудын киноноос юу сурч мэдэв, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? 
-Миний хувьд манай орлон тоглогчдын холбоо намайг урьж, дэлхийн хэмжээний уран бүтээлд холбож өгсөн гүүр юм. Хамт олондоо болон Наранбаатар ахдаа маш их баярлаж байна. Том компанитай ажиллаад ирсэн юм чинь цаашид ч дэлхийн хэмжээний том төслүүдэд ажиллах хүсэлтэй байгаа. Жишээлбэл, энэ удаад “Walt Disney” компанитай хамтарсан бол үргэлжлээд “Universal Pictures”, “Warner Bros”-той хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй.

Яагаад гэвэл Монголын орлон тоглогчид дараа дараачийн томоохон төслүүдэд ажиллах боломж, бололцоо үүссэн. Тэгэхээр надад ч гэсэн дагаад том боломжууд нээлттэй байгаа гэсэн үг. Харин тэндээс тээж ирсэн нэг хүсэл бий. Тэр нь Холливудын кино баг Монголд ирж зураг авалтаа хийгээсэй гэсэн бодол. Шинэ-Зеланд бол манайхтай адилхан цаг ууртай, байгальтай. Тэнд байхдаа би багийнхандаа “Монголдоо, аль нэг аймагт ирчихсэн ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх юм” гэж хэлж байсан.

Яг адилхан Шинэ-Зеландад зураг авч болж байгаа юм чинь манайд яагаад болохгүй гэж. Тэнд байгаа хүмүүс манай улс руу ирдэг болбол түүнийгээ дагаад валют орж ирнэ, монголчуудад ч ажиллах боломж бүрдэнэ. Үүгээр зогсохгүй Монголын кино урлагийн хөгжилд ч нөлөөлнө. Ийм л бодолтой ирсэн. Хоббитын дараагийн ангийн зураг авалтыг Баянхонгор, Ховд, Завханд хийгээсэй. Бүхлээрээ биш юм аа гэхэд аль нэг баг нь ирээсэй (инээв). 


“Мулан” киноны орлон тоглогч Б.Мягмарсүрэн: Хоббитын дараагийн ангийн зураг авалтыг Баянхонгор, Ховд эсвэл Завханд хийгээсэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 21:37:47
    Нэр: 00-н асуудалтай байдаг учир гадны гийчид нээх зүглэх сонирхол байдаггүй юм байна лээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188