• Өнөөдөр 2020-10-21

Гадаадын иргэд монголд газар өмчлөх боломжтой юу

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь хэсэгт “төрийн нийтийн өмч” гэж заасан нь гаднын иргэдэд газар, түүний хэвлийн баялгаа өмчлүүлэх боломж олгосон” гэж зарим хуульчид тайлбарласан. Түүнчлэн БНХАУ-ын Аlibaba.com цахим хуудаст Монголын газар нутгаас хэсэгчлэн худалдах тухай зар нийтэлсэн нь дээрх хуулийн заалттай холбоотой гэх мэдээлэл бий.  Энэ талаар УИХ-ын гишүүн болон хуульчдын байр суурийг сонслоо.
 
Д.Цогтбаатар: Монголын газар нутгийг гаднын иргэнд зарах боломжгүй
/УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар/
 
-Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар Монгол Улсын газар нутгийг гаднын иргэдэд өмчлөх боломжтой гэх мэдээлэл гарчээ. Энэ үнэн үү?
-Тийм боломж байхгүй шүү дээ.
 
-БНХАУ-ын Аlibaba.com цахим хуудаст Монголын газар нутгийг зарна гэх агуулгатай зар орсон байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Цахим орчинд хэн ч, ямар ч зар тавьж болно. Тэнд ямар нэг  хяналт байхгүй. Монголын газар нутгийг гаднын иргэнд зарах боломжгүй.
 
-Монгол Улс төвийг сахих статусгүй болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манайх хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Хүмүүс андуураад байна. 2015 онд төвийг сахих статустай болгох гэж оролдсон. Гадаадын ихэнх экспертүүд  манайхтай түншлэлийн харилцаатай улсууд төвийг сахих статустай болгох асуудлыг ойлгохгүй байна гэж байсан. Тиймээс үүнийг зогсоосон. Монгол Улс өнөөдөр байж байгаа гадаад бодлогын үзэл баримтлалаар төвийг сахисан статусгүй хэвээр байгаа.
 
-Цаашид төвийг сахих статустай болох талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс өөрийн гэсэн гадаад бодлоготой. Энэ гадаад бодлогын үзэл баримтлал амжилттай явж ирсэн. Монгол Улсыг төвийг сахих статустай болохыг би дэмждэггүй. Бид байр сууриа хэрэгтэй үедээ илэрхийлж, хадгалж үлдэх ёстой. Өөрийгөө хүлэх шаардлагагүй. Тухайлбал, терроризмтой тэмцэх асуудал бий. Терроризмтой дайн зарлавал бид төвийг сахиж байна гэх үү. Тэгвэл манайхаас энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэргүүдээ яах болж байна. Дэлхийн зургаа, долоон улс л төвийг сахих албан ёсны байр суурьтай. Үүнээс Төв Азиас зөвхөн Туркестан Улс ийм статустай.
 
О.Баасанхүү: Монгол Улсын газар нутгийг гаднын иргэнд өмчлүүлэх нөхцөл бүрдсэн
/УИХ-ын гишүүн асан, хуульч/
 
-Үндсэн хуулийн 6.2-т зааснаар Монгол Улсын газар нутгийг гаднын иргэдэд зарах боломж үүслээ гэх маргаан гарч байна. Үндсэн хуулийг батлахад та оролцсон. Ийм боломж бүрдсэн үү?
-Энэ маш ноцтой заалт. Үндсэн хууль батлах үйл явц өөрөө луйвар байсан. Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэх заалт бий. 1996 оны Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “Нийтийн эзэмшлийн өмчийн худалдан борлуулах ашиглах эрхтэй” гэж заасан.
 
Тэгэхээр “төрийн” “нийтийн” гэхээр тийм боломж байна гэсэн үг. Бид 2016 онд газраа алдах гэж байснаа мартаж болохгүй. Одоо дахиад алдах гэж байна. Манайх хоёр тэрбум гаруй ам.долларын өрөнд орчихсон. Дээр нь коронавирусийн халдвартай холбоотой төсөв хасах руу орчихсон, Парисын клубээс өч, дөчнөөн ам.доллар биднээс нэхэж байна. Монгол Улс хэрвээ дампуурвал Парисын клубээс нийтийн эзэмшлийн гэж хэлэх газар нутгийг авах эрх үүснэ.
 
-Та гишүүн байхдаа энэ заалтыг өөрчлөх гэж байхад нь байр сууриа илэрхийлсэн юм уу?
-Би эсэргүүцсэн. Тухайн үед намайг АН-д орчихлоо гээд шоолж байсан. Ганц хүний дуу хүрдэггүй юм. 62 гишүүний боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх явцдаа Ажлын хэсэг шинэ заалтууд оруулаад хүчээр кнопдоод явчихсан шүү дээ.
 
-УИХ-ын гишүүд “нийтийн” гэдэг нь ард түмний өмч гэсэн утгаар орсон гэж тайлбарласан байна. Тийм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Өмчийн гурван хэлбэр бий. Хувийн, төрийн, олон нийтийн гэж. Олон нийтийнх гэхээр гадна дотнынхон авна гэсэн үг. Харин Аlibaba.com цахим хуудаст гарсан мэдээлэлд эмзэглэх шаардлагагүй.
 
А.Бямбажаргал: Үндсэн хуульд орсон “нийтийн” гэдэг үгийг  дангаар нь тайлбарлаж болохгүй
/МУИС-ын Хууль зүйн сургуулийн нийтийн эрхзүйн тэнхимийн дэд проффесор А.Бямбажаргал/
 
-Үндсэн хуулийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэсэн нэр томьёо орсноор гаднын, манай улсад харьяалалгүй иргэн Монгол Улсын газар, түүний хэвлийн баялгийг өмчлөх боломжтой боллоо гэж зарим хүн тайлбарлаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ийм боломж байхгүй. Тодруулбал, энэ заалт Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгтэй холбогдож байгаа юм. Үүнд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Хууль зүйн хувьд одоо ч, өмнө нь ч гаднын иргэнд өмчлүүлэх зохицуулалт байгаагүй. Харин Үндсэн хуулийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж Үндсэн хуулийн 2.2 дахь заалтад бий. Үндсэн хууль нь өөрөө нэгдмэл шинж чанартай учраас зөвхөн 6.2-ын “нийтийн” гэдэг үгийг авч тайлбарлаж болохгүй.
 
-Тэгэхээр 6.2-ын “төрийн нийтийн өмч” гэх ойлголт ямар учиртай юм бэ?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өмчийн зориулалтыг зааж өгсөн. Нэгдүгээрт, төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн зориулалттай өмчийн хэлбэр бий. Төрийн нийтийн зориулалттай өмчид Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг зэрэг зүйлс орно. Харин төрийн өөрийн зориулалттай өмчид барилга байгууламж, техник хэрэгсэл зэрэг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өмч орно.
 
Тэгэхээр “төрийн нийтийн өмч” гэдэг нь Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэргийг өөрийн өмчөөс нь тусдаа байдлаар нь захиран зарцуулна гэсэн санааг агуулж байгаа. Нийтийн гэдэг үг орсноор гадаад, дотоодын бүх хүнд хамааралтай гэсэн үг биш. Хоёрдугаарт, УИХ-аар  “төрийн нийтийн өмч” гэдэг нь юу вэ, яаж ашиглах вэ гэдгийг Үндсэн хуульд суурь зарчим болгож хэд хэдэн зүйл оруулсан. Түүний нэг нь байгалийн баялгийг ашиглах бодлогын тухай зохицуулалт. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь өнөө ба ирээдүйн иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах гэсэн санаа бий.

Гадаадын иргэд монголд газар өмчлөх боломжтой юу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com