• Өнөөдөр 2024-03-29

Дургүйд хүчгүй даргатай боллоо, нийслэлчүүд

2020-10-23,   484

“Олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ” хэмээн томорч байсан Д.Сумъяабазар “Хотын дарга болохгүй” гэсэн амнаасаа буцлаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хотын дарга болно гэдэг тийм ч амар гаргах шийдвэр биш. Ардын намын генсек Д.Амарбаясгалан түүний улс төрийн туршлага, мэдлэг чадварыг ашиглах гэж өөрөөр нь ийм шийдвэр гаргуулсан гэдгийг хэлсэн. Тэгвэл хотын дарга болох сонирхолгүй хүнийг гишүүний бүрэн эрхээс нь татгалзтал “шахалт” үзүүлсэн үү гэх хардлага ч олны дунд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ татгалзвал нэг л өдөр “гудамжинд” гарах нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Намын удирдлагуудын тоглолтод орохгүй бол хотын дарга асан Су.Батболдыг улс төрөөс явуулсан шиг Д.Сумъяабазарыг явуулж мэдэх л байх. Учир нь түүнийг хамгаалах гишүүний бүрэн эрх гэж байхгүй. Мөн намын дарга У.Хүрэлсүхтэйгээ түнжин муудсан, нударга зөрүүлсэн гэх албан бус мэдээлэл ч байдаг.  Хэрвээ тэдний харилцаа бодсоноос илүү гүнзгийрсэн бол У.Хүрэлсүх ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хот гэдэг том статусыг ашиглаж орохоор Д.Сумъяабазарыг сонгосон байж болох юм. Д.Сумъяабазарын дүү Асашёорюү Д.Дагвадорж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Тиймээс хотын даргын томилгоо нийслэлийн иргэдийг бодсон сонголт биш, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тооцоолсон томилгоо болж байх шиг.

Тэгвэл Д.Сумъяабазар нийслэлийг удирдаж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Сонгинохайрхан дүүргээс гурван ч удаа УИХ-д сонгогдсон. Түүний сонгогдсон тойрог өнөөдрийг хүртэл нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн хөгжил муутай нь гэж хэлж болно. Хүн ам ихтэй, хөдөөнөөс шилжин ирэгсэд олонтой энэ дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтаас нэрлэ гэвэл УИХ-ын 2016 оны сонгуулийн жил эхэлж баригдсан Толгойт чиглэлийн авто зам, жишиг нэгдсэн эмнэлгийн нэг барилгаас өөр нэрлэх зүйл бараг л үгүй. Үндэсний бөхийн аварга цолтой, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар хоёр жил ажилласныг эс тооцвол Д.Сумъяабазарт онцлоод хэлэх хийсэн ажил байхгүй. Тэрбээр, хотын дарга болох хүндээ хэд хэдэн шалгуур тавьж байгаагаа мэдэгдэж байсан. Тухайлбал, “Нийслэлийн Засаг дарга нь мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллах чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Бүх зүйл нэг хүний үйлдлээр бус багаар ажиллах чадварыг суурь болгоно. Эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа хотын тулгамдаж буй асуудалд гар бие оролцож байсан, ажлын дадлага туршлагатай, сэтгэлтэй, мэдлэгтэй байх, хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллах ёс суртахуунтай байх гэсэн үндсэн шалгуур тавина. Өнөөдөр хэт их улстөржихгүйгээр, Улаанбаатарт нэн тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл гээд ажил их байгаа учраас богино хугацаанд ажил руугаа орно” гэдгээ хэлж байсан. Тэгвэл өөрийнхөө шалгуурт өөрөө тэнцэх эсэхийг нь нийслэлийн иргэд дүгнэх үлдэж байна. Харин өнөөдөр НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Д.Сумъяабазарыг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гарган, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм.


Дургүйд хүчгүй даргатай боллоо, нийслэлчүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 08:23:52
    нийслэлийн иргэн: түгжрэлийн асуудлыг л шийдэж өгөөрэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188