• Өнөөдөр 2024-03-29

У.Хүрэлсүхийн унах, босох шалтгаан нь утаа

2020-10-23,   760

Утаа түүнийг алдар нэрд хөтөлсөн шиг угаарын хий түүний унах шалтгаан ч болж мэдэх юм

“Утаа уушгины хатгалгааны гол эх үүсвэр болж байна”, “Утаа жилд 1000 ургийн амийг авч байна”, “Утаанаас болж таван алхмын цаадах зам харагдахгүй байна”... Хэдхэн жилийн өмнө ийм гарчигтай нийтлэл, сурвалжилгуудыг бид өдөр тутам хэвлэлийн нүүрээс уншдаг, телевизийн мэдээнээс үздэг байв. Хүүхэд бүү хэл томчууд ч утааг мангастай зүйрлэдэг байлаа. Уушгины хатгалгаагаар хүүхдээ алдсан эхчүүдийн уй гашууны шалтгаан, улстөрчдийн попролын яндашгүй өгөгдөл, эрх баригч намын “алуулдаг” ганц сэдэв нь утаа байсан. Бас хэн нэгэн эрх мэдэлтний халаасаа түнтийлгэх ундарга нь ч утаа л байсан байх.

Утаагүй зуух тараах, шөнийн тарифыг тэглэх, гэр байшинд дулаалга хийх гээд бүтэлгүй, бүтэлгүй олон арга туршсан. Тухай бүрд нь тэрбум тэрбумыг зарлагаддаг байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, түүхий нүүрсийг хориглосон нь тодорхой үр дүнд хүрч, түүнд алдар нэрийг авчирсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улс төрд гарыг нь ганзганд хүргэсэн, тэр тусмаа “Монголын төрөөс зайл” гэж бусдыг загнах эрх мэдлийн сэнтийд залсан зүйл бол яах аргагүй сайжруулсан шахмал түлш. Түүний ярих дуртай сэлэмтэй нь зүйрлэвэл амжилтынх нь сэлэмийг ирлэсэн билүү нь шахмал түлш юм уу даа.

Гэхдээ утаа бууруулж гавьяа байгуулсан уу, угаарын хий нэмж гай тарьсан уу, одоогоор хариултгүй асуулт хэвээрээ байна. Өнгөрсөн өвлөөс сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээрээ гэр хорооллын айл тооноороо од харах боломжтой болсон нь мэдээж үр дүн. Ажлаа тараад гэр хорооллын гудамжаар алхахад нүд аргаж, хоолой хорсохооргүй болсон нь ч үр дүн.  Гэвч утааг бууруулсан гэж дандаа гавьяа өгөөд угаарын хийнд хордож хорвоог орхисон хэдэн арван иргэнийхээ амийг үнэгүйдүүлэх эрх өгч болохгүй. Өөрөөр хэлбэл, утаа гудамжинд заналхийлдэг байсан бол одоо угаарын хий болоод гэрт орчихсон заналхийлж буй. Өнгөрсөн өвөл 20 гаруй хүн, есдүгээр сараас хойш дөрвөн хүн угаарын хийнд хордоод хорвоогоос одчихлоо. Тэднийг яндангаа салгасан, өрхөө битүүлсэн байсан гэж буруутгаад, галаа түлж чадаагүй өөрсдийнх нь хохь гээд үхлийг нь үнэгүйдүүлж орхилоо. Нэг өвөл утаагүй агаараар амьсгалахын тулд 10,20 амийг золих ёстой юм бол сайжруулсан түлш хамгийн хэрцгий арга юм байна. Тиймээс У.Хүрэлсүх утааг бууруулсан гавьяаг цаашид ч дааж явъя гэвэл хортой, хоргүйг нь батлаад, нотлоод, нийгмийг айдсаас нь нэг мөр салгах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр сайжруулсан шахмал түлш бол утаатай тэмцэх төгс хувилбар биш. Утаанаас бүрэн салсан гэж бардам дуугарах ч эрт. Утааг бууруулахын тулд туршсан өмнөх бүтэлгүй аргуудынхаа дэргэд арай бодитой, дөнгүүр нь учраас л утааг бууруулсан гэж бахархаж, бардахыг нь бид хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Түүнээс биш түүхий түлшийг хориглож, сайжруулсан түлш нэвтрүүлэх аргыг 1960-аад онд Лондонд ашиглаж байсан гэдэг. Гэхдээ энэ аргыг дангаар нь биш, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг бодлогоор дэмжих, том үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү нүүлгэх замаар утаанаасаа бүрэн салж чадсан байдаг. Гэтэл манай У.Хүрэлсүх сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлмэгцээ утааг бууруулсан гэх гавьяа хүртээд, түүндээ ханаад, газар буухгүй нисэж явна. Уг нь бол сайжруулсан шахмал түлштэйгээ хавсраад энэ өвөл өөр бусад үр дүнтэй аргуудыг туршиж, ашиглаж эхлэх ёстой байлаа. Цахилгаан халаалт, хийн түлш, орон сууцны дэмжлэг үзүүлэх, хүн амын төвлөрөлийг сааруулж, станцууд, том үйлдвэрүүдээ хотоос гаргах гээд бодлогын шинжтэй гарц, шийдлүүд өнөө ч алга. Сайжруулсан түлш нь үйлдвэрлэгдээд, гэр хороололд тараагдаад, иргэд нь угаартаж үхчихэлгүй галаа түлж л байвал утаа бууруулах арга хэмжээ авч байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Өөрөөр бол огт хангалтгүй юм. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт осол, гэмтэл гарч, ажиллагаагүй боллоо гэж бодоход л иргэд хөлдөж үхэхгүйн тулд буцаад л түүхий нүүрс оруулж ирж эхэлнэ. Тэгвэл өнөөх утаа дахиад л гараад ирнэ гэсэн үг. Товчхондоо, бид утааны харагдах байдлыг нь үгүй хийсэн болохоос биш үндсээр нь устгаагүй юм. Тиймээс дан ганц сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн, тодорхой үр дүн үзүүлсэнд ханаад, утаа гэх сэдвийг хааж болохгүй.

Хожим Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтарын гай, гавьяаных нь эхэнд “Сайжруулсан түлш нэвтрүүлсэн” гэх өгүүлбэр заавал бичигдэнэ. Товчхондоо түүний унах, босох шалтгаан нь утаа буюу сайжруулсан шахмал түлш юм. Утаа түүнийг алдар нэрд хөтөлсөн шиг угаарын хий түүний унах шалтгаан ч болж мэдэх юм. 


У.Хүрэлсүхийн унах, босох шалтгаан нь утаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188